Нийтлэл 06 сарын 14, 2018

Зуун түүнийг элээхгүй: Михаил Булгаков

Дэлхийн уран зохиолыг жин дээр тавивал тэр дунд Оросын утга зохиол нэлээд жин дарна. Тэр дунд Лев Толстой, Федор Михайлович Достоевский, Антон Чехов, Иван Бунин, Николай Гоголь, Михаил Афанасьевич Булгаков гээд алт эрдэнэс шиг гялтганасан сартваахиуд бий. Энэ дундаас монгол хэлнээ хамгийн бага танигдсан, цөөн бүтээл орчуулагдсан, тэр тусмаа таних хэрэгтэй, этгээд бичлэгийн хэлбэр, содон дүрүүдээрээ ямагт уншигчдыг ховсдож байдаг хүн бол алдарт “Мастер, Маргарита хоёр” романы зохиолч Михаил Булгаковын амьдрал уран бүтээлийн намтрыг хүргэе. 

Оросын зохиолч Михаил Афанасьевич Булгаков 1891 онд Киев хотноо профессор эцэг, багш ээжийн хүү болон мэндэлжээ. Долоон хүүхэдтэй өнөр айлын ууган нь болж төрсөн ч бага нас нь ямар ч дутагдах гачигдах зүйлгүй, амар амгалан, аз жаргалтай өнгөрсөн талаар дурсамждаа бичсэн нь бий. Түүний дурсамждаа өгүүлснээр ээж нь хүүхдүүдээ хатуу гараар өсгөж, сайн мууг ялган заадаг байсан бол эцэг нь хөдөлмөрч хичээнгүй, эрдэм мэдлэгт дурладаг зангаа өвлүүлсэн ажээ.

Зохиолчийг 16 нас хүрэхэд аав нь бөөрний архаг хуучаар нас эцэслэжээ. Хожмоо энэ өвчин өөрийнх нь шаналгаа болсон гэдэг. Анхныхаа зохиолыг долоон настайдаа бичсэн ч түүнээсээ илүү сонирхлыг нь татдаг хүний биеийн бүтэц судлал, эмчийн мэргэжлээр Киевийн их сургуулийн анагаах ухааны ангид элсжээ. Дөнгөж хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ээжтэйгээ зөрөн байж сургуулиа дөнгөж төгсөөд байсан Татьяна Лаппатай гэрлэлээ.

Дэлхийн I дайн эхэлснээр их сургуулиа төгсөж амжилгүй, 1916 оноос Киевийн цэргийн эмнэлэгт сайн дураар ажиллахаар явав. Цэргийн эмчийн хувьд ихэд туршлагатай, дайны утаа ч үнэрлэсэн тул тэр жилийнхээ намар Смоленскийн эмнэлэгт эмчийн албан тушаад томилолт авчээ. 1917 оны гуравдугаар сард тэр амралтаа аваад төрөлх тосгондоо ирлээ. Хаана ч очсон тэмбүүтэй хүмүүс таарах тул амралт гэхээсээ зүрхээ зүсүүлсэн өдрүүд байв.  Нэг удаа хүнд өвчтэй хүүхэд эмчлэх явцдаа халдвар авч морфин тарьснаар хэд хоноод эдгэрчээ. Эдгэрсэн хойноо ч үргэлжлүүлэн тарьсаар өдөрт хоёр удаа хэрэглэдэг болж сүүлдээ морфиноос хараат болсон байна. Энэ үед эхнэр нь хар тамхины хамаарлаас нь татаж авсан гэдэг. 1919 онд Булгаков Улаан армид алба хааж, Хойд Кавказад казах хороонд байлдаж явжээ.

Түүнийг яагаад Орост үлдсэн, яагаад цагаачлаагүй гэх хүмүүс бий. Үнэндээ нөхцөл нь тэгээд таарчихсан хэрэг. Цагаантнууд Оросыг орхиж байх үед Булгаков хүнд өвдөөд ухаангүй хэвтэж байжээ. Эхнэр нь “Булгаков хүнд өвчтэй байсан ч гэсэн Оросоос аваад гарахгүй яав гэж олон удаа уурласан” хэмээн дурссан байдаг. Улстөрчид, уран зохиолын ертөнцийнхөнтэй нэг л учраа олохгүй байсан тул эх орноосоо явахыг хүсжээ. Энэ үед л түүний уран бүтээлийн оргил үе таарч хожим нь “Би зохиол бичих ажлаа дөрвөн жил хоцорч эхэлжээ” хэмээн халаглахад хүрчээ.  

Өвчнөө эдгээгээд Булгаков сонин хэвлэлд ажиллах болж, анхны нийтлэлдээ Орос орон Баруунаас хөгжлөөрөө олон жил хоцрохыг зөгнөн бичжээ. 1925 онд эхнэрээсээ салж,  Любовь Белозерскаятай гэрлэв. Тэд зохиолч Алексей Толстойн гэр дэх хүлээн авалт дээр танилцжээ. Харин гурав дахь эхнэр Елена Шиловскаятайгаа Булгаков 1932 онд гэрлэсэн билээ.

1926 онд зохиолчийн гэрийг нэгжиж “Нохойн зүрх” туужийнх нь гар бичмэлийг өдрийн тэмдэглэлийнх нь хамт хураан авчээ. Хэдэн жилийн хойно эргүүлж өгсөн ч өөрийн гараар шатаасан гэдэг. Тэр жил “Турбиныхны өдөр хоног” жүжиг Москвагийн уран сайхны театрт маш амжилттай тавигдсаныг мөн хорив.  Сталин тус жүжгийг “Зөвлөлтийн эсрэг үзэл санаатай” гэж шүүмжлээд Булгаковыг “Манай хүн биш” гэж цохсон ч жүжгийг хаахад дахин тоглуулах тушаал өөрийн гараар үйлдсэн гэлцдэг. Ингээд “Турбиныхны өдөр хоног” дэлхийн II дайн эхлэх хүртэл тайзнаас буугаагүй дайн эхлэхтэй зэрэгцэн түүнийг буруутгах ажил хэвлэл мэдээллээс эхлэн дүрэлзэв. Арван жилийн дотор 298 шүүмж гарсныг зохиолч өөрөө тэмдэглэсэн байдаг. Шүүмжлэгчдийн дунд Маяковский, Безыменский, Авербах, Шкловский, Керженцев, Киршон зэрэг уран зохиол, улс төрийн томчууд байжээ. Хувьсгалын дууч Маяковский үзэгчдийг Булгаковын жүжгийг шүгэлдэн хүлээж авцгаая гэж уриалж байсан удаатай.

1929-1930 онд Булгаковын нэг ч жүжиг театрт тавигдаж, нэг ч өгүүллэг хэвлэгдсэнгүй. Тэр Сталинд хандан захидал бичиж, гадаадад гарах эсвэл ажил хийх боломж олгохыг хүслээ. 1930 онд Сталин өөрийн биеэр түүнд утасдаж,  Москвагийн уран сайхны театр, Их театрт ажиллах боломж олгосон байдаг. Ер нь Их удирдагч болон зохиолчийн харилцаа тун ээдрээтэй. Булгаковоос өөр хүн бол баривчлагдах зүйл дээр Сталин түүнийг өмгөөлөх тохиолдол ч байв. Гэвч тэдний дундуур шургалсан хов хөөгчдийн гайгаар Булгаков золигт гарсан түүхтэй.

Тэрбээр театрт найруулагчаар ажиллахын зэрэгцээ өөрөө ч дүр бүтээж амжжээ. 1936 онд тавьсан “Мольер” жүжиг нь их амжилт олсон ч “Правда” сонинд шүүмжлүүлснээр Москвагийн уран сайхны театраас гарч, Их театрт орчуулагчаар ажиллаж эхлэв. Гадаадад гарах хүсэлт дахин хэд хэдэн удаа гаргасан ч зөвшөөрсөнгүй. Аргаа бараад Сталины залуу насны тухай “Батум” жүжиг бичиж Гүржид тавихаар бэлтгэсэн ч Сталины таалалд нийцсэнгүй. Энэ үеэс түүний бие муудаж, Булгаков хүчтэй өвчин намдаагч дахин хэрэглэж эхэлжээ. Бараг сохорсон тул гэргийдээ “Мастер, Маргарита хоёр” романыхаа эцсийн хувилбарыг хэлж бичүүлсээр дуусгав. Олон жилийн дараа эл романы гар бичмэлээс морфины ул мөр илэрсэн гэдэг. Эмч хүний хувьд тэр өөрөө үхэл ойрхон байгааг мэдэрч байв. Түүний бичсэн сүүлийн өгүүлбэр нь “Мастер, Маргарита хоёр” романы Маргаритагийн “Зохиолчид авс руугаа явж буй нь энэ үү” гэсэн мөр байлаа. “Үхэл гэдэг амьдралын үргэлжлэл мэт надад санагддаг. Харин яаж энэ үйл явц болдгийг бид мэдэхгүй. Гэхдээ л явах ёстой...” байжээ.

Дөчин оны хоёрдугаар сараас үхэл ойрхон байгааг мэдсэн найз нөхөд нь түүнийг ээлжлэн сахидаг болов. Ингээд гуравдугаар сарын 10-нд Оросын хамгийн агуу ч эмгэнэлтэй хувь заяатай зохиолчдын нэг Булгаков бөөрний өвчнөөр сүүлчийн амьсгалаа хураажээ. “Намайг чулуун хучлагаар хучаарай” гэсэн гэрээслэл ёсоор нь эхнэр Елена Шиловская шарил дээр нь Николай Гоголийн булшин дээр 100 жил байсан том чулууг авч тавьсан гэдэг. Гоголийн булшин дээр хөшөө босгохоор болж чулууг нь хаях гэж байхад Елена худалдан авсан гэсэн яриа ч бий.

Михаил Булгаковын олон зохиол түүнийг амьд сэрүүнд хэвлэгдэж байгаагүй ч “Нохойн зүрх”, “Залуу эмчийн тэмдэглэл”, “Цагаан гварди”, “Мастер, Маргарита хоёр” зохиолууд нь дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан билээ. Хэн ч тоохгүй, ад үзэж байсан он жилүүдээс хариугаа авах мэт дэлхий даяараа Булгаковын намтар, уран бүтээлийг нь дахин сонирхож эхлэлээ. Сонин хэвлэлээр гарч байсан газар доор ортол нь доромжилсон нийтлэлүүд магтсан, сайшаасан, бахархсан нийтлэлээр солигджээ. Михаил Булгаков бол бидэнд зохиолчийн хувьд үнэ цэнтэй, хүнийхээ хувьд сонирхолтой. Бүхэл бүтэн системийг сөрөн зогссон агуу зохиолчийн эр зоригийг авьяас чадвартай нь магтан дуулсуу.

М.А.Булгаковын зохиол бүтээлүүд тухайн үеийнхээ толь болохоос гадна хүний сэтгэлийн тайлбар толь болдог гайхалтай чанартай. “Мастер, Маргарита хоёр” бол түүний сүүлчийн бүтээл. Булгаков энэ романаа сүүлчийн зохиол гэдгээ мэдэрсэн мэт өөрийн бүх авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, бодол санаагаа нэг ч дусал үлдээлгүй шингээжээ. “Мастер,  Маргарита хоёр” бол Гоголийн егөөдөл, Дантегийн яруу найраг, хошин шог, уянгын хослол, Оросын уран зохиолд урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл билээ. Энэ бол нэг талаас түүхэн, нөгөө талаас зөгнөлт төдийгүй ирээдүйд хандсан гүн гүнзгий зохиол билээ. 1920-иод онд бичиж эхэлсэн энэ зохиолоо тэр нас барах хүртлээ бичжээ.

Бидний эх хэлнээ анх удаа буулгасан “Нохойн зүрх” тууж бол Булгаковын хамгийн дуулиантай, маргаантай, этгээд бүтээлүүдийн нэг. Профессор Филипп Филиппович Преображенскийгийн нохойд хүний өнчин тархи суулгах туршилт хийж ямар үр дүнд хүрсэн тухай эл туужийг Булгаков 1925 онд бичжээ. 1926 оны тавдугаар сарын 7-нд түүний гэрт нэгжлэг хийж, туужийн гар бичмэлийг хураан авсан байдаг. Нийт гурван янзын хувилбар үлдэж, ЗХУ-д хүмүүс нууцаар гар дамжуулан уншдаг байлаа. 1967 онд зохиолчийн бэлэвсэн гэргий Е.С.Булгаковагийн зөвшөөрөлгүйгээр “Нохойн зүрх” тууж Барууны орнуудад гарчээ. Гэвч үнэн зөв хувилбар нь биш алдаа мадагтай хуулбар байсан гэдэг. 1968 онд Англи, Германд “Нохойн зүрх” хэвлэгдэж шуугиан тарив. ЗХУ-д 1987 онд “Знамя” сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн ч бас л гадаадад хэвлэгдсэн хувилбарын нэг нь байжээ. Харин 1989 онд утга зохиол судлаач Лидия Яновскаягийн хэвлүүлсэн “Булгаковын түүвэр зохиол” хоёр боть номд багтсан хувилбар нь хамгийн бодитой нь байлаа. “Нохойн зүрх” зохиолд гарч байгаа 1920-иод оны Москва хотын барилга, гудамжны нэр бодит төдийгүй тэр үед Москвад гарч байсан театр, циркийн үзүүлбэрүүд ч жинхэнэ. Этгээд бичлэг, зохиолчийн ур чадварыг шавхсан энэхүү бүтээл танд егөөдөл, зүйрлэл гээч ямар хүчтэй илэрхийлэмж болохыг мэдрүүлэх биз ээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon