Нийтлэл 06 сарын 15, 2018

Л.Болд: Өмч хувьчлал бол өнөөгийн бидний нийгмийн хөгжлийн бодлого

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төсөл санаачлагчийн илтгэлд дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуух үеэр  УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар  иргэний агаарын тээвэр, мэдээлэл холбоо, зам тээвэр бол бүгд стратегийн томоохон салбарууд тул яаран хэлэлцэх нь буруу гэсэн саналыг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Би нэг зарчмын шаардлага тавимаар байна. Энэ стартегийн чухал салбаруудын өмч хувьчлалыг цайны цагаар иргэд чуулган үздэггүй цагаар ярьж байгаа нь маш буруу. Энэ  28 том компанийн 10 гаруй салбарын хувьчлалын асуудлыг нухацтай авч хэлэлцэж чадсангүй.  Гэтэл энэ асуудалд маргаантай хэлэлцэх ёстой олон асуудал байна шүү дээ. Өнөөдрийг хүртэл бил өмч хувьчлалын гуравдахь том давалгааг ярьж байна.

Эхний удаа 100 хувь төрийн өмчид байхад нийт ард түмэндээ байгаа зүйлээ тасалбар хэлбэрээр тарааж анхны хувьчлал хийсэн. Эн яах ч аргагүй гарааны нөхцөл байсан. Дараа нь энэ хувьчлалын хэлбэр үр ашиггүй юм байна үүнд алдаа их гардаг гэж үзээд бэлэн мөнгөөр хувьчилдаг болсон. Ингээд мөнгөтэй хүмүүсийн хувьчлал хоёрдахь үе шатанд явсан.

Одоо гуравдахь үе шат аль алинд нь хамаарч болохгүй. Яагаад гэвэл энэ бол дандаа стратегийн чухал салбарууд. Гэтэл бүгдийг нэг дор цайн завсаргаанаар кноплоод шийдвэр гаргачих юм уу?

Гэтэл энд чинь Монголын иргэний агаарын тээвэр, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, харилцаа холбооны салбар, бүх зам засварын сүлжээг хувьчлах асуудал ярьж байна. Энэ салбарууд бол Монголын хувь заяаг шийдэх чухал салбарууд. Зөвхөн МИАТ компанийг хувьчлах гээд байгаа юм биш.

Монголын гадаад харилцаа, аялал жуулчлал тусгаар тогтнолыг хамгаалах гэх мэт чухал асуудал яригдаж байна. Хэрвээ энэ асуудлыг маш нухацтай ярилцаж шийдэхгүй бол хуулийн болон бодлогын зөрчил үүснэ. Ер нь өмч хувьчлалын бодлого гэдэг чинь өнөөгийн бидний нийгмийн хөгжлийн бодлого. Түүнээс  биш ямар нэг өмчийг хэн нэгэн хүний эрх мэдэлд өгөх гэсэн бодлого биш.

Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаж, 15.00 цагт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуулгын хариуг сонссоны дараагаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болов.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon