Нийтлэл 06 сарын 19, 2018

Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага

 Монголын хуульчдын холбоо хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор зохион байгуулж буй Хуульчдын форум-2018 хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” сэдвээр явуулж энэ хүрээнд  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барьсан тухай асуудлыг хэлэлцсэн юм.  Энэ талаар Хуульчдын форумд оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: “Өнөөдөр нийгмийн бодлого, хууль тогтоомжууд нь тогтвортой байж, тодорхой эерэг үр дагавруудыг авчирч байж нийгэм хөгжинө.  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь иргэдийн шүүхээр хамгаалуулах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна гэж харагдаж байна.

Засгийн газрын шийдвэр олон төрөл бий. Улс төрийн шийдвэр нь шүүхийн хяналтад хамаарахгүй. Харин хүний эрхийг зөрчиж буй Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын шийдвэрүүд хянагдах ёстой. Ингэж байж иргэдийн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох нөхцөл боломж нь бий болно”.

Өмгөөлөгч Л.Нинжбат: “Анх энэ дагнасан шүүхийг байгуулахдаа иргэн хүнийг төртэй, төрийн байгууллагуудын шийдвэрүүдийн эсрэг эрхээ хамгаалуулах зорилгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуультай хамт бүхэл бүтэн шүүхийн институцийг бий болгосон. Харамсалтай нь иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болох нь. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн өмнө хүчин мөхөс болж байна” 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор , хууль шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа: "Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээ төдийлэн өргөн цар хүрээтэй байж чадахгүй байгаа учраас иргэд өргөдөл өгч, өөрийнхөө эрхийг хамгаалуулах боломж сул байна. Мөн өргөдөл өгөхийн сацуу Цэцэд хандаж мэдээлэл гаргадаг. Энэ мэдээлэл нь хуулийн чанарыг сайжруулах эерэг үр дүнтэй байгаа боловч заримдаа Үндсэн хуулийн цэцэд улс төрийн үүднээс, захиалгаар хандах зэрэг хандлага байдаг.

Ийм учраас ирээдүйд Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг тэлэхтэй уялдуулаад мэдээлэл гэдэг институцийг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанаас халж болох юм гэсэн санаануудыг ярилаа. Өөр улсад Үндсэн хуулийн цэцүүд нь ямар эрх хэмжээтэйгээр иргэдээ хамгаалж чадаж байна вэ, харин манай улсын Үндсэн хуулийн шүүхэд юу нь дутуу болоод иргэдээ хамгаалж чадахгүй байгаа вэ, Үндсэн хуулийн цэц болон Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээг хэрхэн яаж зааглаж, уялдуулах вэ гэдэг асуудал чухал байна”.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор , хууль зүйн доктор О.Мөнхсайхан: “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь хууль дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход маш том ухралт болох шийдвэр юм.

Засгийн газар бол 2005 онд Цэцийн шийдвэр гарсан гэдгээр өөрсдийгөө зөвтгөж байгаа. Гэтэл тухайн үеийн хуулиар Засгийн газрын бүх үйл ажиллагааг хянаж болох мэт зохицуулалт байсныг л Цэц хүчингүй болгосон. Харин 2015, 2016 оны хууль тогтоомжоор Үндсэн хуулийн энэ зөрчил нь байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх Засгийн газрын зөвхөн захиргааны үйл ажиллагааг л хууль зөрчсөн эсэхийг хянахаар болсон бөгөөд улс төрийн үйл ажиллагаа, эсвэл Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Захиргааны шүүх хянахгүй гэдгийг маш тодорхой заасан. 

Мөн Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдгээрээ өөрийгөө зөвтгөж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдэг бол өөрөө хуулийн дээр байдаг байгууллага гэсэн үг биш. Энэ бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн биелэлтийг хангахдаа  өөрийнхөө доод шатны байгууллага, албан тушаалтныг л  захирах гэсэн агуулгатай. 

Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой. Засгийн газрын үйл ажиллагааг Захиргааны шүүх хянадаг болсноос хойш олон маргаан явж байгаагийн дотор унаач хүүхдийн эрх зөрчсөн асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан ч байна. Мөн Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субьект нь Захиргааны хэргийн шүүх юм.

Одоо явж байгаа маргаан төдийгүй ирээдүйд үүсэх өмч хувьчлалтай холбоотой маш том маргааныг шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь улстөрчид дур зоргоороо асуудлыг шийдэх боломжийг бий болгож, тэр нь иргэн ямар ч газар хандаад эрхээ хамгаалуулах боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Цэц энэ маргааныг шийднэ гэдэг боловч Цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг л авч хэлэлцдэг.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд ч заасан байдаг. Харин Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц хүлээн авдаггүй.  Дээрээс нь Цэцийн сүүлийн томилгоог харах юм бол улстөрчид Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх гэдэг асуудлаар нь хөгжүүлэхээс цааргалдаг. Шүүхэд ажиллах шаардлага хангаагүй, хууль зүй, улс төрийн өндөр мэдлэггүй маш олон хүнийг томилсон учраас Цэц дээр ямар нэгэн байдлаар маргаан очлоо гэхэд үнэнч шударгаар шийдэх ямар ч итгэл төрүүлэхгүй байгаа юм. 

Тиймээс эцсийн дүндээ Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг, дур зоргоороо авирладаг байдал газар авах ноцтой ухралт хийх гэж байна. Одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилсон шиг маш богино хугацаанд, нууц далд аргаар ийм хууль батлах гэж байна.  Яагаад гэвэл энэ хуулийн төслөө нээлттэй хэлэлцүүлээгүй. Маргааш гэнэт Байнгын хороогоор оруулаад батлах гэж байгаа ийм аюул учирсан байна. Энэ талаар маш олон хуульч Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороонд санал зөвлөмжөө хэлээд явж байна”.

 Хуульч Д.Оросоо: “Манай хууль тогтоомжоор Засгийн газрын улс төрийн шийдвэрийг нь шүүх хянахгүй, харин захиргааны шийдвэрийг шүүх хянадаг хуулийн зохицуулалт маш тодорхой бий. Гэтэл Засгийн газрын улс төрийн шийдвэрийг шүүх хянаж болохгүй гэдгээр Засгийн газрын гаргаж байгаа улс төрийн болон захиргааны гээд бүх шийдвэрийг нэг дээвэр дор оруулж, Захиргааны хэргийн хяналтаас Засгийн газар бүхэлдээ гарах гэж байна.

Энэ бол бүхэлдээ хуулийг буруу тайлбарлаж, Үндсэн хууль зөрчиж буй хэрэг. 2000 оны Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдээс бүрддэг буюу давхар дээлтэй болох боломжийг олгосон. Энэ давхар дээлтэй гишүүд одоо шүүхэд хянагдмааргүй байна гэж ярьж байна. Энэ нь бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байгаа хэрэг. 

Засгийн газрын шийдвэр шүүхэд хянагдахгүй байна гэдэг нь зүгээр л дур зоргоороо авирлаж байгаа үйлдэл. Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Энэ шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй бөгөөд Монгол Улс Үндсэн хуульт ёсноосоо ухарч байгаа зүйл юм”

.

.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon