Нийтлэл 06 сарын 22, 2018

УУЛ УУРХАЙН ЯАМ: Тавантолгойг эрчимжүүлэх тогтоолын төсөлд юу багтсан бэ?

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тодруулбал “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолд: 

 Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж,

Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгажээ.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай

Үүнд:

1. Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их ХурлаасТавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар (У.Хүрэлсүх)-т даалгасугай:

1.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

2.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

4.Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

5.Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгасан арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.4.2 дахь дэд заалтын “Ухаа худаг” гэснийг “Тавантолгой” гэж, Улсын Их Хурлын 2007 oны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтын “Дайцуки ХХК-ийн” гэснийг “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн” гэж тус тус өөрчилж, Улсын Их Хурлын 2010 оны   39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1, 3, 5 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. 

Түүнчлэн Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх юм. Тиймээс Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon