Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн 84 хувийг эзэмшигч Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг Ардчилсан намын бүлгээс гаргасан ч тогтоолын төсөл дэмжигдсэнгүй.
Тиймээс ардчилсан намын зүгээс дахин гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч завсарлага өгөх боломжгүй гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Энэ асуудлаар зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эрдэнэс Монгол компанийн 49 хувийг иргэдийн эзэмшилд шилжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргаж оруулж ирсэн ч УИХ дээр унасан учраас 34 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж, оруулж ирээч ээ гэж санал гаргаж байна. Хэрвээ Эрдэнэс Монгол компанийн 34 хувийг иргэд эзэмшиж байвал хяналт тавих боломж бүрдэнэ"
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй байна. Засгийн газрын санаачилж оруулж ирээгүй зүйлийг цөөнх улстөрийн зөвшилцөл нэрээр оруулж ирж байна. Гуя дагаж хүзүү гэдэг байсан бол сөрөг хүчин хүзүү дагуулж гуя оруулж ирж байна. Энэ саналыг нь дэмжвэл дараа нь ард түмний өмнө буруудна шүү гишүүдээ" .
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Өнөөдөр тавантолгойн төслийг том утгаар нь хөдөлгөх хариуцлагатай өдөр. Цөөнхийн бүлгийн том компанийн нээлттэй байдлыг бий болгох, засаглалыг сайжруулах чиглэлд гаргасан саналыг хүндэтгэж байна. Гэхдээ үүнийг ингэж яаруу сандруу биш дараа нухацтай хэлэлцэж болно. Маш олон асуудлыг харгалзаж үзээд энэ саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлье. Энэ төслийг дэмжээгүйгээс болж Тавантолгойн төслийг хойш нь татахгүй байхыг хүсье.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Эрдэнэс Монгол компанийн 34 хувь гэдэг тоог ямар үндэслэлээр гаргаж ирээд байгаа юм бэ?. Тооцоо судалгаа гэж байна уу. Гэнэтхэн хэн нэгэн нэг тоо гаргаж ирээд хэлэх юм. Тэгвэл би үүнийг 20 хувийг хувьчилна гээд ярьж болох юм уу. Ер нь энэ улсад төрийн бодлого гэж байна уу. Аливаа асуудлыг шийдэхийн тулд аль нэг байнгын хороон дээр бодлогын хэмжээтэй томоохон асуудлыг ЗГ цогцоор нь авч оруулж ирэх хэрэгтэй шүү.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дотор чинь Эрдэнэс Монгол компанийг байхгүй болгох заалт ороод ирсэн байна. Тогтоолыг нь сайжруулъя гээд санал гаргахаар хадуураад явчих юм. 10 жилийн өмнө хачин сүртэй байгуулсан компани чинь өнөөдөр зам арчлалтын компани болчихоод байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "Уул уурхайн баялгийг жинхэнэ эздэд өгөхөөр эрх баригчидтай зөвшилцөх гэсэн ч бүтсэнгүй
. Энэ асуудалд манай намын бүлэг маш хүлээцтэй хандсан. Намын бүлгээс хоногийн завсарлага авъя"
УИХ-ын дарга М.Энхболд: Нямдорж гишүүн Захиргааны шүүхийг байгуулсан учир энэ шүүхийн асуудлыг би мэднэ гэж байгаа шиг Эрдэнэс Монгол компанийг 2007 онд байгуулсан учир би энэ асуудалд саналаа хэлэх эрхтэй гэж бодож байна.
Сая зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжсэнгүй. Үүнийг би харин ч их зөв шийдвэр гэж бодож байна. Энэ шийдвэр магадгүй З.Нарантуяа гишүүн болон Д.Эрдэнэбат нарын гишүүд дараа асуудалд орооцолдохоос сэргийлсэн гэж бодож байна. Арчилсан намын зүгээс завсарлага хүсэж өөрийн байр сууриа илэрхийллээ. Гэвч хаврын чуулган хуулийн дагуу долоодугаар сарын 1-нд завсарлах ёстой. Мөн "Дэгийн тухай хуулийн дагуу энэ асуудлаар завсарлага авах боломжгүй байна
Сэтгэгдэл бичих