Зам харилцаа сайжирч, иргэдийн амьдралын боломж нэмэгдэхийн хэрээр дотоодын аялал жуулчлал нэмэгдэж, хөдөөгөөр аялал зугаалгаар явах нь ч ихэссэн. Мөн түүнээс гадна саяхнаас hiking, trekking зэрэг явган аяллын шинэ төрлүүд эрчимтэй дэлгэрч, иргэд ихээр хамрагдах болж. Хүмүүс ч байгальд аялах ойлголт, туршлага, бэлтгэл муугаас болж төөрөх цаашлаад эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа эрсдэлд оруулж байдаг. Иймд бид хээр хөдөө аялагч хэн бүхэнд хэрэг болохуйц дараах багахан зөвлөгөөг эмхтгэн хүргэж байна. Мөн бид энэ нийтлэлээр байгальд чиглүүлэх тухай ойлголт буюу байгальд зүг чигээ яаж баримжаалах, тал хээр, ой, ууланд төөрвөл хэрэгжүүлэх боломжтой зарим аргын талаар дурдахыг хүслээ.
Чиглүүлэгч
Хүн аливаа хэцүү нөхцөл байдалтай тулгарахад бэлэн байх ёстой. Яг тийм зүйл тохиолдвол та өөрийгөө, гэр бүлийнхнээ, найз нөхдөө болзошгүй эрсдэлээс хамгаалах чадвартай байх нь чухал. Тэгвэл байгальд аялахдаа бид хамгийн түрүүн дараах дөрвөн ойлголтыг мэдэж байвал зохимжтой.
Аяллын үндсэн ойлголт – Энд аяллаа хэрхэн төлөвлөх, аяллын бэлтгэлээ яаж хангах, хүнс, хувцас, машин, хэрэгслээ бэлтгэх гэх мэт бүх зүйл орно.
Байгальд аялах ойлголт - Энд байгальд аялахад мэдэж байвал зохих ойлголтууд хамаарна, хэрхэн ул мөргүй аялах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, анхны тусламж үзүүлэх чадвар, хоол тэжээл, бие физиологийн чадавх зэргийг мэдсэн байвал зохино.
Байгалийг таних - Байгаль, цаг агаар, байгалийн үзэгдэл, хүрээлэн буй орчноо мэддэг байх. Аюулаас сэрэмжлэх, орчиндоо сөрөг нөлөөгүй бөгөөд өөртөө ая тухтай аялах ойлголттой байх.
Чиглүүлэгч - Хаанаас хаа хүрэх, яаж буцахаа мэдэх, чиглүүлэгч хэрэгслүүдийг (газрын зураг, луужин ...) ашиглаж сурах, төөрвөл юу хийхээ мэддэг байх.
Та таньж мэдэхгүй газар оронд зорьсон газартаа яаж хүрэх вэ, хаагуур явах вэ, буцах замаа яаж олох вэ? Мэдээж луужин, газрын зураг, GPS төхөөрөмжийн тусламжтайгаар саадгүй яваад ирж болох ч эдгээр хэрэгслийн аль нь ч байхгүй үед яах вэ. Байхгүй бол эргэн тойрны зүйлсээр чиг баримжаа авах боломжтой тул аяллын маршрут, зам зуур орчноо сайтар ажиглаж явах хэрэгтэй.
Хүн дасал болоогүй, таньж мэдэхгүй шинэ орчин, тогтмол явдаггүй газраар явахдаа төөрөх эрсдэлтэй, мэдээж харанхуй буюу шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл төөрөх магадлалыг улам нэмэгдүүлнэ. Иймд хамгийн эхэнд аялах, зорчих газар Олон улсын хэмжээнд цэрэг, хүчний байгууллагаас эхлээд скаутад хүртэл төөрсөн үед STOP аргачлалыг нэн тэргүүнд зөвлөдөг. Энэ нь Stop. Think. Observe. Plan гэх үгсийн товчлол бөгөөд төөрсөн үед Зогс, Бод, Ажигла, Төлөвлө гэсэн үйлдлийн дарааллыг зааж өгдөг
юм.
Зогс – Аялагч төөрсөн, эрсдэлд орсон үед зогсоод, суугаад ч юм уу тайвширч, айдсаа дарах, нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргах боломжтой болгодог.
Бод – Нөхцөл байдлыг ойлгож дүн шинжилгээ хийх, хүрэх ба төөрсөн цэг, цаг хугацаа, онцгой тэмдэгтэй газар зэргийг эргэцүүлж, туулж ирсэн зарчмын дагуу маршрут зураглал гаргах гэж оролд, цаашид юу хийх тухай төлөвлөх боломжтой болно.
Ажигла – Аялж ирсэн зам, газар орон, хүрээлэн буй орчноо сайтар ажиглаж цаашдын төлөвлөгөөнд хэрэг болох мэдээлэл цуглуулах, үүнд зам, мод ургамал, амьтан, цаг агаар, үүлс гээд бүгдийг ажигла.
Төлөвлө – Сайтар тайвшраад, өнгөрсөн замаа зураглаж, орчноо таньж мэдсэнээр цаашид юу хийх хэрэгтэй талаар төлөвлөгөө гаргах боломжтой болдог, ямар ч байсан орчин, нөхцөлөө сайтар ойлгож төлөвлөсөн байхад хаана ч төөрсөн та санаа зоволтгүй.
Ойд төөрвөл
STOP аргачлалыг хэрэгжүүлэх– Тайвширч нөхцөл байдлаа ойлгосны үндсэн дээр хаана байгаагаа, хаа хүрэхээ тодорхойлох гэж хичээх хэрэгтэй, толгой эргэсэн, баримжаа алдагдсан бол доор дурдсан аргуудаар байршил, зүг баримжаа авах хэрэгтэй
Хөдлөшгүй цэг, отог цэг сонгож бэлтгэх– Багаасаа тасарч төөрсөн бол байрандаа байж байсан нь хамгийн зөв сонголт, тэд ирж авна. Цаашид үзэгдэц сайтай, харагдац, тэмдэгтэй хоргодох боломжтой газар сонгож тэмдэглэх, отоглох. Гал түлэх хуурай гишүү цуглуулах, мөчир гишүүгээр хоргодох байр бэлтгэх, түүдэг, найдаа түлж болно.
Зөвхөн уруудах– Их хөвч, тайгад та модноос гарах нь хамгийн гол тул та өгсөж бус уруудаж явсан нь зөв, таарвал уулын жижиг горхи дагаж уруудвал явсаар ойн захад гарах, уулын хөндийн гол хүрэх боломжтой болох юм. Ойн зах хөндийд гараад ирэхэд цаашаа хүн, айл, суурин олох, эсвэл таныг хэн нэгэн олох магадлал улам нэмэгдэнэ. Ойд байгалийн дуу ихтэй, үзэгдэх орчин муу тул чимээ 50 метрээс цааш сонсогдох магадлал багасдаг тул аль болох тод хувцаслаж, чанга дуу гаргаж явах хэрэгтэй. Явах зуур модонд тэмдэг тавьж болно.
Дохио өгөх– Бэртэж гэмтсэн, отогоос хөдлөх шаардлагагүй бол утаа зэргээр дохио өгч болно. Ассан гал дээр нойтон мөчир навч тавивал өтгөн цагаан утаа бургилж холоос хүн харах боломжтой болно. Шүглийн дуу чанга, хол сонсогддог тул мөн биедээ авч явахад илүүдэхгүй. Төрөл бүрийн гэрэл үүсгэгч зайлшгүй хэрэгтэй.
Бүү бууж өг– Бүү сандар, бүү хашхир, бүү гүй, бүү санаа зов, тайван нухацтайгаар бууж өгөлгүй тэмцээд байх хэрэгтэй. Төөрсөн хүмүүс явсаар эргээд байрандаа ирдэг гэдэг нь оргүй яриа биш ээ. Ихэвчлэн нэг янзын давтагдсан тогтоцтой ил харааны лавлахгүй газар аялагчдад тохиолддог аж. Энэ нь хөлийн урт богино, биеийн онцлог зэргээс огт шалтгаалдаггүй бөгөөд ой мод юм уу элсэн цөлд яваа хүмүүсийн тархины тэнцвэр хадгалах, хөдөлгөөн зохицуулах хэсэгт зүг чигийн баримжаа болох ил харааны лавлахуудын дүрс очдоггүй, үргэлжилсэн модод, элс гэх мэт дүрс илгээгдэж байдгаас болдог аж. Иймд чиглэлээ алдахгүй явахын тулд луужин, gps г.м чиглүүлэгч ашиглах уул хад, од, нар сар гэх мэт баримжаа авах тэмдэгтэй зүйлсийг байнга ажиглаж явах нь зүйтэй
.
Ууланд төөрвөл
Мэдээж дээр зөвлөсөн арга хэмжээг авах хэрэгтэй боловч заримыг эсрэгээр нь хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төөрсөн бол буцаж оргил дээрээ гарч ирсэн зам, уулын байцыг харах хэрэгтэй. Цас, мөс, ангал, байцыг дээрээс харж, хэрхэн ямар замаар аюулгүй буух талаар сайтар тунгаах хэрэгтэй. Том уулс бараа ихтэй, ойр харагдавч явалт ихтэй уудам зайтай байдаг. Хүч, боломжоо тооцож явах хэрэгтэй. Ууланд авирагчдын хувьд цасан нуранги, мөсөн ангал гээд аюул болгоомж бүр их шаардах бөгөөд туршлагатай мэргэжлийн уулчин, хөтөч зааварлагчдаас зөвлөгөө авах нь зохимжтой тул ингээд алгасъя. Хээр тал, хөдөө төөрвөл та дараах арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй Мөн адил дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн сацуу дараах зөвлөмжийг анхаарах хэрэгтэй.
Хэрвээ тал хээр, говь цөлд төөрвөл өдөр нь аль болох биеийн чийг, энергээ алдалгүй хөдөлгөөнгүй байж байгаад шөнийн сэрүүнд алхах хэрэгтэй. Өдөр нь мэдээж машины эсвэл бусад байдлаар сүүдэр бараадаж явсан нь зөв, энэ нь шингэний зарцуулалтыг багасгана. Алхах үедээ ааруул, чулуу зэргийг хүлхэж явбал цангах нь бага байдаг.
Зүг чиг олох аргууд:
Нараар зүг чиг олох
Нар бол дэлхийн хувьд цор ганц хөдөлшгүй цаг тооны эх юм. Иймд нар зүг чиг, цаг минутыг тогтоох найдвартай чиг баримжаа болно. Нар мэдээж зүүн зүгээс мандаж, баруун зүгт шингэдэг. Дэлхийн тэнхлэг хазгай байдгаас болоод өвөл ба зуны улиралд нарны хөөрөх өндөр мандах шингэх цэг харилцан адилгүй байдаг. Монгол орны хувьд зуны улиралд нар зүүн зүгээс арай дээгүүр мандах ба өвлийн улиралд харин доогуур манддаг, нарны хөөрөх өндөр ч өвөл зун адилгүй байна. Гэвч үд дунд биетийн сүүдэр эгц болоод хамгийн богино тусахад үд дунд болж, тухайн сүүдэрний цэг чанх хойд зүгийг заах юм.
Сараар зүг чиг олох
Сарыг ч мөн адил ашиглаж болох бөгөөд шөнийн цагт нарны тусгалын гэрэлтэлтээр зүг баримжаа авах боломжтой, ингэхдээ оройн цагт гэрэлтэж байгаа тал нь нар шингэх баруун зүг, шөнө дундаас хойш гэрэлтэж буй тал нь нар мандах зүүн зүгийг заадаг. Сарны гэрэл сүүдрийн заагийн хоёр цэгийг холбож шулуун татаад өмнө зүгийг баримжаалж болно.
Оддоор зүг чиг олох
Алтангадас од- Нар дэлхийг тойрч буй мэт, шөнө одод туйлаа тойрон эргэлдэж буй мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ нь дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэдэгтэй холбоотой билээ. Энэ эргэлтийн тэнхлэгийн хойд тул нь үзэгдэх тэнгэрт Алтангадас одны байрлалтай давхцдаг тул Алтангадас од хөдөлгөөнгүйгээр дэлхийн тэнхлэгийн дагуу хойд зүгийг зааж байдаг юм. Иймд уг одны тусламжтайгаар ямар ч луужингаас илүү, алдаа мадаггүйгээр хойд зүгийг хялбархан олж болно.
Гэвч туршлагагүй хүн одот тэнгэрээс шууд Алтангадас одыг заагаад олоход хүндрэлтэй байдаг тул тодорхой хэлбэр үүсгэн байдаг оддын ордыг ашиглан Алтангадас одыг олж болдог. Үүнээс хамгийн тэмдэгтэй Долоон бурхан од, Хүн таван оддоор хэрхэн Алтангадас одыг тодорхойлж болохыг үзэцгээе. Үзэгдэх тэнгэрт 7 бурхан одны бусдаас тод харагддаг.
7 бурхан оддын шанага талын захын 2 одыг холбосон шулуун татлаа гэж дүрслээд уг 2 одны хоорондох зайг баримжаалан 5 дахин ихэсгэж авахад уг шулуун дагуу байх хамгийн тод од нь Алтан гадас од юм.
Үүнтэй адилаар үзэгдэх тэнгэрээс хүн таван одыг ялгаж таньж чадвал түүний захын хоёр оддыг холбосон шулуунд ойролцоогоор перпендикуляр шулуун татаж тус зайг хоёр дахин ихэсгэж аваад Алтангадас одыг тодорхойлж болдог.
Бусад одны орд, тод оддыг ашиглах нь
Нэг ёсондоо үзэгдэх тэнгэр дэх оддын проекц дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс үүдээд эргэлдэж буй мэт харагдавч үнэндээ нэг байрандаа байж л байгаа юм. Иймээс тэдний аль ч одыг ашиглан зүг чиг, цагийг хүртэл төвөггүй тодорхойлж болно. Мэдээж хамгийн тэмдэгтэй нь Алтан гадас од болоод Долоон бурхан од билээ. Үзэгдэх тэнгэрийн оддын зургийг сайтар ажиглаж чадвал ямар од ямар үед хаана байх,хэрхэн хөдлөх хамаарлыг хялбархан ойлгож чадна. Жишээ нь: Маралын одны орд дахь Гурван марал одны доор орших М42 буюу Маралын мананцарыг ажиглавал өмнө зүгийг байнга зааж байдаг нь ажиглагдана.
Дараагийн дугаарт уул болон модны өндрийг тооцоолон зүг чиг олох зөвлөгөөг хүргэх болно.
Эх сурвалж: Umshigc
Сэтгэгдэл бичих