Нийтлэл 07 сарын 03, 2018

Л.Энх-Амгалан: Хаврын чуулганаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын томоохон шийдвэрүүд гарсан

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулж энэ удаагийн чуулганы хэлэлцсэн онцлох асуудлуудыг нэрлэлээ.

2018 оны хаврын чуулганаар 181 асуудал хэлэлцжээ. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан байна. Эдгээрээс онцлох хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталсан төдийгүй энэ удаагийн ээлжит  чуулганы хугацаанд   бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх  дараах шийдвэрүүдийг  гаргажээ.

Тухайлбал:

Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталсан

Энэ хүрээнд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх бололцоо бүрдсэн. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөц, төсвийн орлого нэмэгдэх ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Олон жил улс төрийн үл ойлголцлоос үүдэн гацаж байсан энэхүү шийдвэрийг энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, холбогдох тогтоолыг баталснаар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Тавантолгойн төсөл энэ намраас эхлэх боломж бүрдсэн.

  Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор Улсын Их Хурлаас шийдвэр гаргасан

Уг тогтоолын хүрээнд манай улсын нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлээд байгаа. Цаашид төсвийн алдагдал багасан, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хэрээр төсвийн орлого нэмэгдэх юм бол хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэн хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бий.

 Банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, банкинд байршиж буй иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох хууль эрх зүйн орчныг өөрчилсөн

Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, зөвхөн банк санхүүгийн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, ард иргэдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй хадгалах үүргийг биелүүлэх хязгаарлалтыг хуульд тусгасан Иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлээр Улсын Их Хурал энэ чуулганы хугацаанд анхаарал хандуулан ажиллаж, тодорхой ажлуудыг хийсэн.

 Зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн

2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсож, цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн.

 Иргэдийн дунд цалингийн, малчны, тэтгэврийн болон ипотекийн зээлийн хүү буурах хүлээлт их байгаа. Мөн “Зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бий гэж бид харж байна. Монголбанкны дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм бол 2018 онд арилжааны банкуудын иргэдэд олгох зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий.

Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн

Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, тус ажлын хэсгийн санал дүгнэлийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан

Энэ чуулганаар хэлэлцсэн гол нэг асуудал бол ард иргэдийн төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан.

 Намрын ээлжит чуулган шинэ дэгээр хуралдана. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болж, бусад гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халсан. Улсын Их Хурлын гишүүд хурууны хээгээр Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болж байгаа юм” байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon