Нийтлэл 07 сарын 26, 2018

Жамиль-д бичсэн тэмдэглэл

Reader.mn  сайтын нийтлэлч Б.Алтанхуягийн Жамиль номд бичсэн "Сэтгэлд ойрхон дуучин" тэмдэглэллийг   хүргэж байна.

2004 оны хоёрдугаар сар. Шинэхэн цастай өглөөг би мартдаггүй юм. Тэр өдөр аавтай хамт уулнаас хэрээнүүд өнхрөлдөн буухыг үзэж билээ. Цааш нь яривал хэтэрхий үлгэр домог шиг юм болчхож магадгүй учир ингээд орхиё. Юуны учир үүнийг дурсав гэхлээр 2004 оны талд шинэхэн цас орсон тэр л мартагдашгүй өдрүүдийн үеэр Киргизстаны нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Чингиз Айтматов эрүүл саруул, уран бүтээлээ туурвиж явжээ. Магадгүй талын дунд сүндэрлэх ганц уулын оройгоос хэрээнүүд өнхрөлдөн буух зургийг 8 настай хүү бус Айтматов олж үзсэн бол гэх ганцхан бодол тархин дотуур минь хальт харваад өнгөрсөн юм. 

 ҮНЭНИЙ ТУХАЙ

1956 онд М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургууль”-д суралцах болсон Чингиз Айтматов хоёр жилийн дараа “Жамиль” туужаа бичсэн бол 1959 онд сюрреализмын үндэс суурийг тавигчдын нэг Арагон уг бүтээлийг франц хэл рүү хөрвүүлснээр шинэ түүх эхэлжээ. Орчуулагч уг бүтээлийг “Дэлхийн хамгийн сайхан хайрын  түүх” гэж тодотгосон байна. Гэвч үнэндээ “Жамиль” бол миний хувьд яруу үнэний дуулал билээ. Бидний ичиж зовж, айж эмээдэг үнэн гэдэг зүйлийг үзье гэвэл Даниярын дуу, Жамилийн зүрх л хамгийн төгс хэлбэр нь байх боломжтойгоор Чингиз Айтматов туужийг зохиомжилсон байна. 

Тэд бол дэлхийн II дугаар дайны дараах үеийн үнэнтэй нүүр тулан уулзаж, өөрсдийн зүрх сэтгэлээсээ урваагүй баатрууд. Гэхдээ туужаас үзэхэд Данияр хайр сэтгэлийнхээ төлөө, Жамилийг “үгүй” гээд л хэлчихвэл өөрийгөө ураад ч болов өрөөл нэгнийг тайван үлдээж чадах нэгэн. Энэ ч бас эр зориг. 

Хорьдугаар зууны мистикч, зураач, соён гэгээрүүлэгч Николай Рерих (“Азийн зүрх” номыг нь Ж.Нэргүйн орчуулгаар унших боломжтой) “Хүмүүсийн хамгийн сүүлийн дайн бол үнэний төлөө дайн байх болно. Энэ дайн хүн болгоны дотор явагдах болно” хэмээсэн байдаг. Мэдээж “Жамиль” туужид гарах хүн болгоны дотор энэ дайн явагдана.

Туужыг товчилбол: 

 

Киргизстаны тал нутгийн нэгэн тосгонд өрнөнө. Ихэнх алдарт зохиолчдын бүтээлүүд өөрийн төрөлх нутгийн нэгэн тосгонд өрнөсөн байдаг ч тэр нь дэлхийн бүхий л тосгонд, хот балгас дунд явагдах боломжтой хувилбар байдаг хойно доо. Уг тосгонд ажилч хичээнгүй, шударга зантай, үзэсгэлэнт Жамиль бүсгүй суух бөгөөд Германы эсрэг дайнд явсан Садык нөхрийнх нь дүү Сеит болсон бүхнийг хүүрнэн өгүүлдэг. 

 Нэгэн өдөр бригадын дарга Орозмат Жамилийг тариан талбайгаас галт тэрэгний буудал руу цэргийн хүнс буюу буудай зөөхөд туслуулахаар болно. Харин түүнтэй цуг шархадсаны улмаас дайнаас буцаж ирсэн үг дуу цөөтэй, орон гэргүй Данияр хамт ажиллахаар болдог. Ингээд Сеит хүү, Жамиль, Данияр гурвын эгэл мөртлөө олон сая уншигчдын талархлыг хүлээж, сэтгэлийг хөндсөн үнэний тухай яруу дуулал, хайрын түүх эхэлнэ. 

Садык цэргээс ирэх үед Жамиль өөрийн хайрт Данияртайгаа хаашаа ч юм алга болсон байх бөгөөд Осман гэх түүний найз, нутгийнх нь сагсуу эр “... хэн ч мэдэхгүй, хэний ч санаанд ороогүй байтал яваад өгснийг нь бодохоор л гайхах юм. Муу золигийн эм л бүгдийг хийсэн байх!” зэргээр омогддог. Гэтэл Осман ахынх нь эзгүй хойгуур Жамильд хэрхэн санаархаж байсныг Сеит мэддэг ч хэлэхгүй өнгөрнө. 

Үнэнийг мэдэлгүй Жамиль, Данияр хоёрыг зүхэх тосгоныхон, анд нөхрийнхөө гэргийд санаархах Осман, хүүгээ ирэхэд эхнэрийг нь сайн хараагүй хэмээн адлагдахаас айх Садыкийн ээж, “Турж үхвэл үхнэ биз” хэмээн зугтаж одсон гэргийгээ хараах Садык ч цөмөөрөө л өөрсдийн дотор явагдах үнэний төлөөх дайнд ялагдагсад юм. 

Хожим зураачийн мэргэжлээр диплом хамгаалахдаа өөрийн дотрыг олон жил гийгүүлж, басхүү хагацлын хүндийг мэдрүүлэх ч нэг тийм чихэрлэг амт хүртээсэн дурсамжийг марталгүй санаж Жамиль, Данияр хоёрын морин тэрэгтэй зургийг бүтээсэн Сеит магадгүй цорын ганц ялагч байж мэднэ. Учир нь өөрсдийн хайрын төлөө ч гэлээ эцэст нь Жамиль, Данияр хоёр зугтчихдаг шүү дээ.

 

Одоо харин хайрын тухай ярилцъя.

ХАЙРЫН ТУХАЙ

Бурхан, үхэл, хайр. Энэ бол урлаг, уран зохиолын тулгуур гурван сэдэв. Гол үерлэн шуугиж эргээ балбаж байхад ёроолд нь чимээгүйхэн дүнсийх чулууд шиг үргэлж мөнхийн байсаар ирсэн. Бид юуны тулд амьдардаг вэ? Аз жаргалтай байхын тулд. Өдөр бүр л хүмүүс аз жаргалын төлөө л гэж, санаа зовох зүйлгүй, идэх уух, өмсөж зүүхээр элбэг хангалуун байхыг хүсдэг. Тэрхүү хүсэлд нь хайр ч мөн багтана. Гэхдээ хүн сайхан хоол идэж, сайхан орон байрт хэвтэж, гоё ганган хувцас өмсөхдөө жаргалтай болдог ч хэн нэгэнд хайртай болох үед үнэхээр жаргалтай байдаг уу эсвэл шаналал биеийг чинь дүүргэж, нулимсан дуслууд л оршиж байх шиг санагддаг уу? гэсэн асуулт ургана. Хариулт нь мэдээж олон янз.

Фромм, Прехт, Фройд зэрэг онолчдын хувийн үзэл бодлоор бидэнд ойлгогдох зүйл үнэндээ ховор. Тэнд онол, гүн ухаан, сэтгэл зүйн асуудал яригдахаас жинхэнэ хайрын тухай юу ч үгүй санагддаг. Түүний хажууд Л.Толстойн “Крейцерийн сонат” илүү зүйлийг нээж өгч магадгүй. Мэдээж хайрын тухай ихийг мэдэхийг хүсвэл би л хувьдаа Э.Фроммын онолоос бус уран зохиолоос хайхыг л илүү үзнэ. 

Жамиль Зохиолд хайр сэтгэлээ үгээр бус үйлдлээр ихэвчлэн илэрхийлсэн нь энэхүү зохиолыг алдартай болгосон нэг шалтгаан болов уу. 

Ганцхан удаа л Жамиль шөнө дөлөөр бухал дээр хэвтсэн Даниярт дөхөж очоод ийн хэлдэг. 

“-Чамайгаа би түүгээр солино гэж бодоо юу? Үгүй дээ, яагаад ч үгүй! Тэр надад хайргүй байсан. Захидалдаа хүртэл хамгийн төгсгөлд нь намайг цухас дурддаг шүү дээ. Түүний оройтсон хайр надад хэрэггүй. Юу ч гэж ярьцгаавал ярьцгааг! Хайрт минь, чи минь цор ганц, чамайгаа би хэнд ч өгөхгүй!” Энэ үед Данияр ч бас сэтгэлийнхээ үгийг хэлэхдээ дайны талбарт ч чамайгаа бодсоор явсан хэмээдэг. 

Уншигч та энд түр азнаад Сеит хүү шиг тэднийг яриаг анхааралтай чагнаад үз! Магадгүй тэд дайнд Садык, Данияр хоёр мордохоос ч өмнө бие биедээ сэтгэлтэй байсан байж мэднэ. Өсвөр насны мөчүүд нь хэрхэн өнгөрснийг зохиолд өгүүлэлгүйгээр урьдын хайрын дурсамжийг энэхэн мөчид, цутган орох борооны өмнөхөн уншигчдад нээж өгснөөс бусад үед огт дурсаагүйгээрээ Чингиз Айтматов энгийн хэрнээ хамгийн сайхан хайрын түүхийг бүтээсэн хэрэг. 

Үүнийг уншигч та өөрийн ургуулан бодох чадвараар л тунгааж ойлгох учиртай. Ер нь зохиолын өгүүлбэрээр л санаа бодол нь хашигдаж үлддэг уншигчийг сайн уншигч гэхэд хэцүү. 

Дээрх ярианы дараа л тэд ор сураггүй алга болдог. Даниярын дуулсан дуу л Жамильд урьд өнгөрүүлсэн бүхнийг эргэн сануулж, Садыкийг орхиж болохгүй гэх чин хүсэл буй ч өөрийн хайртай хүнийг зовлон шаналан дунд үлдээх учиргүйг ухаарсан болов уу. Энэ бол уншигч нэгэн сүрдмээр суу билгийн нотолгоо бус ч гэлээ зохиол төгсөх мөч хүртлээ намайг ийш хөтөлсөн учир өөрийн гаргалгаанд огт эргэлзэх зүйлгүй билээ. 

Чингиз Айтматов хайрын тухай дуулж байлаа.

Данияр бус Айтматов л хайрын тухай дуулж байх шиг санагдана. 1937 оны Сталины их цэвэрлэгээгээр эцгийг нь буудан хөнөөсөн учир тэрээр хар багаасаа л хатуу зүдүү амьдралыг туулсан гэдэг. Гэвч тэр төрөлх орон гэр, буурал ээж, хамаатан садан, эх болсон Киргизстан нутаг, харцнаас бусад нь туулж үл барам тал нутагтаа хайртай байсан нь мэдээж. 

Чингиз Айтматов Шекерийн орос дунд сургуулийг дүүргэж, 1946 онд Жамбул хотод мал эмнэлгийн чиглэлээр суралцаж дараа нь Бишкек хотод Киргизстаны хөдөө аж ахуйн сургуульд элссэн байдаг. Харин 1956 онд ямар сургуульд элссэнээр бичих их үйлс рүү шунган орсныг дээр өгүүлсэн билээ. 

 Тэрээр улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсныг бүгд мэднэ. Эцгийгээ алдсанаас хойш коммунист намын үзэл сурталд үнэнч үлдсэн Айтматов Франц, Бенилюкс, Люксембургт элчин сайдаар сууж байсан юм. 

Зохиолчийн хувьд үгийн томоохон мастер болохыг нь бид “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, “Цайран харагдах хөлөг онгоц”, “Эхийн тал” зохиолуудаар нь хэдийн мэднэ. Киргизстан улсын тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлан бичиж, тэмдэглэн үлдээсэн нь Айтматовын гавьяа хийгээд үргэлж мөнхөд дэлхийн мянга мянган уншигчдад сонсогдох жамтай жинхэнэ хайрын тухай, сэтгэлд ойрхон дуу юм.

 

  

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon