Нийтлэл 08 сарын 07, 2018

КИНО ТЭМДЭГЛЭЛ: The Shape of water

Мексикийн нэрт найруулагч Гильермо Дель Торогийн бүтээл  90 дэх удаагийн Оскарын шагналт “The Shape of water” киноны тухай тэмдэглэлийг хүргэж байна.  

1963 он буюу Хүйтэн дайны цаг үед киноны үйл явдал өрнөх ба Амазон мөрнөөс олдсон газар уснаа амьдрах чадвартай, хүн дүрст хоёр нутагтан болон түүнд туршилт хийх лабораторид ажилладаг хэлгүй цэвэрлэгч эмэгтэй нарын харилцааг харуулсан фантази мелодрам юм. Уг бүтээл Венецийн кино наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-г хүртээд байсан ч, Оскарын наадмаас шагнал авах нь авна, гэхдээ арай ч “шилдэг кино” төрөлд ялахгүй болов уу гэх олонхийн хүлээлтийг эвдэн, тус наадмын хамгийн голлох төрөлд тэргүүлсэн билээ.

Найруулагч Дель Торо киноны үйл явдал өрнөх он цагийг зөвлөлтийн уран зөгнөлт зохиолч Александр Беляевын 1927 онд бичсэн, усан доор амьдрах чадвартай хүний тухай “Человек-Амфибия” роман дэлгэцийн бүтээл болж цацагдсан 1963 оныг сонгосон нь зүгээр нэг тохиолдол биш гэхэд хилсдэхгүй болов уу. Товчхондоо А.Беляевын тус роман “Shape of water” киног бүтээх сэдлийн эх сурвалж нь болсон гэж хэлж болно.

А.Беляевтай зэрэгцээд мөн тухайн үед усны гүнд амьдрах араатнуудын тухай «Тварь из Черной Лагуны» романаа Лавкрафт бичиж байжээ. Тэгэхээр“The Shape of water” бол оргүйгээс үүссэн, цоо шинэ сэдэв бус харин өнгөрөгч зууны хориод онуудад бичигдсэн фантаст зохиолчдын бүтээлийн нэг нь л дүрснээ бууж буйн илрэл юм. Нэг талаараа бүх цаг үеийн хамгийн шилдэг фантази кино болох “Жонон ба гоо бүсгүй”-тэй төстэй ч юм шиг, нөгөө талаараа “Залуу Франкенштейн”-ы түүхтэй адилтгамаар ч юм шиг уг кино өнгөрөгч зууны ийм төрлийн (фантази мелодрам) дэлгэцийн бүтээлүүдийг постмодернист чиг хандлагын үүднээс илүүтэй сайн илэрхийлсэн шинэ зууны эхээр бий болсон шилдэгт зүй ёсоор тооцогдохоор бүтээл болсон гэдгийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Киноны гол санаа нь мэдээж мөнхийн сэдэв болсон хайр дурлал. Гэхдээ гаргаж ирж буй байдал, киноны тавил нь өөрөө их онцгой юм. Юу гэвээс, гол хоёр роль нь хоёулаа ярьж чаддаггүй ч бие биенээ дээд зэргээр мэдэрдэг, нэг нэгнийхээ юу мэдэрч буйг богино хугацаанд ойлгочихдог. Киноны дунд хэр хүртэл гол дүр болох хүн дүрст хоёр нутагтан амьтныг үзэгчид харахгүй. Харин гол дүрийн эмэгтэй болох “загасан хүнтэй загас наадуулагч” Sally Hawkins буюу Elisa-н хувьд түүнтэй (хоёр нутагтан) учирсан цагаас эхлэн хоёр өөр ертөнцөд амьдарч эхэлнэ. Хугацаа өнгөрөхийн хэрээр бүсгүй нь хүн төлөвт бодит амьдрал гэхээс илүүтэйгээр усан төлөвт нууцлаг хэв ертөнцийг таашааж, тэмүүлэх болно. Цаашилбал, хүн хийгээд амьтанд метаморфозис зөвхөн бие физиологийн хүрээнээс гадна оюуны (mental) түвшинд түүнээс ч илүү явагддаг юм байна даа гэх бодол үзэж ахул надад бас төрсөн юм.

Хүний дотоод сэтгэлийг ойлгож мэдрэх, хүн болгоны дотор байх тэрхүү нандин хийгээд нууцлаг ертөнцийг таньж мэдрэхэд гагцхүү тэр хүнийг (заавал хүн ч байх албагүй) ойлгож, хүлээн зөвшөөрөх, бие биенээ харилцан мэдрэх нь чухалбөгөөд ингэж гэмээ нь нэг нь нөгөөгийнхөө дотоод сэтгэлийн орон зай, бусад хэний ч мэдэхгүй нууцлаг ертөнцөөр аялахад хүн эсвэл хоёр нутагтан төлөвтэй байх эсвэл бүр цаашлаад заавал ярьдаг ч байх шаардлагагүй гэх санааг уран гаргалгаа, өвөрмөц тавилттайгаар уг кино нь бидэнд харуулжээ. Үзэж суухад төрсөн бас нэг бодол намайг “Төгс мэдрэмж” киног үзэх үеийн дурсамжид нэхүүлэн аваачсан юм. “Таалагдсан зүйлсээ үгээр илэрхийлэхэд хэцүү ч, мэдрэх их амархан байдаг аж” гэх тэр үеийн сэтгэгдэл шиг мэдрэмж бүхнийг барьж авахаас илүүтэйгээр үгээр л илэрхийлэхэд хэцүү, бүр заримдаа боломжгүй байдаг бололтой юм уу даа гэсэн бодол юм.

Гол дүрийн эмэгтэйгээр дамжуулж хүмүүс хоорондын үгнээс гадуурх (Nonverbal) харилцаа, хайр гэх өнцгийг л бидэнд харуулсан юм. Заримдаа “урам өгөх” гэх шошготой чамин ганган яриа, сургаал үгс мэт зөвлөгөө гэхээс илүү, зүгээр л нэгнээ сонсох орон зай, ямар нэг шалтгаан тайлбаргүй тэврэлт мэт нь бидэнд үгүйлэгддэгшүү дээ. Яг л тэр өнцөг юм. Ертөнц тэгшитгэлд дуртай. Түүн дээр тогтон буй бүхэн тэнцвэртэйгээр оршино.

Тэнцвэр нь төлөв хэв биш харин үйл явц. Урсан буй усан боргио, царцаж тийчилсэн цасан ширхэг, хуйлран нүүх үүлс бүгд тэнцвэр лүү тэмүүлэхийн тулд одоо байгаа төлөвөө сонгосон юм. Юу гэвээс, шингэн, хатуу эсвэл хий хэлбэртэй байгаа нь өөрөө төлөв биш харин үйл явц юм. Усны төлөв ийм л байдаг. Тэнцвэртэй рүү тэмүүлсэн үйл явц буюу хувирал (метаморфозис). Усанд ямар ч хэлбэр байхгүй. Эсрэгцүүлбээс, бид бүхэн устай адил юм. Оюуны түвшин, амьдрах хэв шинж, орчил хөдөлгөөн, бие цогцос, тэр байтугай хүн, амьтан, амьд биет гээд бүгд л өөр төлөвт оршин буй нэгэн бүхэл зүйлийн нэжгээд хэсгүүд гэх бодол төрснийг нэхэн санаж энд сийрүүлсүү.

Ус байхад надад агаар хэрэггүй мэт
Гэвч агаар үгүй сэн бол ус яахин төлөвөө хадгалах билээ...
Урсах усны чимээнээс би чамайг олж сонсох мэт
Гэвч нам гүм байгаагүй сэн бол би чамайг хэрхэн олж сонсох билээ..
Чи ямар ч хэлбэртэй байсан бай 
Би чамайг өөрөөсөө олдог...
Бид өөр төлөвт буй хэдий ч
Ус бидний төлөвийг нэгэн ижил болгодог
Ус бол хайрын төлөв
Ус бол бүхний эхлэл, төлөв ундрах ундарга билээ..
Чи дэргэд минь байхад л
Миний нүд хайраар дүүрдэг..
Чи дэргэд минь байхад л

Миний зүрх цохилно...

                                                                                                                     А.Балжинням  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon