Өнөөдөр бол олон улсын аавуудын баярын өдөр. Аав хүн үр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж, үзгээр зурагдахгүй том ертөнц. Энэ том ертөнцийг элдэв онол баримтлал, зарчим хариуцлагын үүднээс биш бодит хүмүүс, бодит амьдралын өнцгөөс нэг харъя уу гээд эгэл жирийн нэг аав Л.Баатарын тухай түүний бага охин Б.Намуунтай ярилцлаа.
Бидэнд аавыгаа танилцуулаад аавынхаа тухай яриач?
Миний хамгийн хайртай эр хүнийг Л.Баатар гэдэг. Уучлаарай би яагаад ч юм ингэж хэлмээр санагдлаа. Тэр хайр хүрэм таван охины эцэг, сэтгэл татам гурван хүргэний аав, зүггүй зургаан зээгийн өвөө. Бараг л хөлбөмбөгийн баг гарахаар байгаа биз. Халамжит хань, хамгийн сайн зөвлөх гээд их зүйлийг энд хэлж болно.
Аавын тань хамгийн сайхан зан чанар нь?
Миний бодлоор хайр юм шиг байна. Хайрладаг болохоор л ах, эгч, гэр бүлдээ ч бусад хүмүүст ч тусалж өгч, хайрладаг болохоор л хамгийн зөв шийдвэрийг гаргалцахын тулд хамт шаналдаг байх.
Хамгийн их суралцмаар зан бол хөдөлмөрч байдал.
Аавыгаа хэзээ хамгийн их баярлуулж бас гомдоож байсан бэ?
Мэдэхгүй юм аа. Гэхдээ үргэлж баярлуулахыг хичээдэг. Аавыгаа ажлаасаа ирэхэд нь үнсүүлж, инээлгэх нь өдөр бүр хайртай гэдгээ мэдрүүлэх арга гэж боддог.
Аав нар ер нь их чимээгүй, яг уул шиг хааяа нэг дугардаг юм шиг санагддаг. Гэхдээ би амлая, ажлаасаа ирэх бүрт нь үнсүүлэх нь гэрийн уур амьсгалыг аз жаргалтай болгох хамгийн шилдэг арга шүү. Аавыг минь хамгийн их баярлуулах өдөр нь магадгүй миний хуримын өдөр байх.
Аав тань гомдох баярлахдаа ямар үйлдэл гаргадаг вэ анзаарч байсан уу?
Аав баярлавал нүдээрээ инээдэг. Харин гомдвол чимээгүй болчихдог. Энэ үе бол галт уул дэлбэрэхдээ бэлдэх үе. Гомдоочихвол хэзээ ч тэр сорви нь арилахгүй юм шиг санагддаг болохоор гомдоомооргүй л байдаг.
Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ тухтай ярилцсан бэ нууцгүй бол юуны тухай?
Бараг нэг жилийн өмнө юм шиг байна. Ихэнхдээ чухал шийдвэр гаргах үедээ аавтайгаа зөвлөлддөг.
Аав тань чамд чухалчлан захиж хэлдэг үгс байдаг байх. Аавынхаа үгийг хэр биелүүлдэг вэ?
“Чи зөв гэж бодож байвал хийгээрэй” гэж хэлдэг. Энэ үг надад хэр их итгэдэгийг маш их мэдрүүлдэг. Харин сүүлийн үед дасгал хий, булчинтай бол, эрүүл бай гэж хэлээд байгаа. Хүчтэй,зоригтой, чадалтай бай гэж их захидаг. Одоохондоо дасгал тэр бүр хийж чадахгүй л байна.
Аавтайгаа хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжуудынхаа нэгээс хуваалцвал?
Намайг бага байхад аав аяллын компанид ажилладаг байлаа. Заримдаа 14 хоног, 21 хоног, нэг сар гээд л “ алга болчихно”. Аав аяллаасаа ирэх хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг. Гадаа ногоон пурган ирж зогсоод, сигнальдвал аав ирчихсэн байдаг байсан. Ирэхдээ чихэр, амттан, бэлэг, бас дурсгалын зүйлс авч ирдэг. Аавын аяллын зургуудыг үзэж, очсон газрынх нь тухай яриулах их дуртай байсан. Одоо бол аав ажлаасаа ирээд тойрч суугаад хамт хооллох нь хамгийн гоё нь. Илүү олон дурамжийг үлдээх хэрэгтэй бололтой.
Өнөөдөр бол аавуудын баярын өдөр. Аавдаа юу гэж хэлмээр байна?
Ааваа хайртай шүү. Хүн аавдаа хайртай гэж тэр бүр хэлдэггүй бололтой. Надад байгаа сайхан бүхэн аав, ээж, гэр бүлээс минь өвлөсөн хүмүүжил юм шүү.
Taalagdlaa
Taalagdlaa
Uneheer goe heljee