Нийтлэл 08 сарын 10, 2018

ХӨРӨГ НИЙТЛЭЛ: Андрей Тарковский

Кафка, Кундера, Памук, Феллини, Тарковский... Уншсан нь гэвэл хамгийн голынх нь юм даа. Цас роман. Авторынх нь хувьд гайгүй мэдэх нь хамгийн сүүлчийнх нь. Тагтаагийн ачаар хүмүүс Андрей Тарковскийг сайн мэддэг болжээ. Сайн л хэрэг. Би хувьдаа түүний 1970-1986 онд бичсэн өдрийн тэмдэглэл хийгээд Оросын болон гадаадын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас бүрдсэн “Хугацаан доторх хугацаа” хэмээх номыг орчуулж, Tagtaa Publishing-ийн эрхлэн гаргаснаар нь танилцаж амжаагүй л явна. Харин түүнийг найруулагчийнх нь хувьд уран бүтээлээр нь дамжуулан мэддэг тул энэ талаараа бага зэрэг хүүрнэх бодолтой байгааг минь хүлээн авна уу. 

Зарим хүмүүс түүнийг зохиолч гэж ойлгоод байх шиг. Угтаа бол Зөвлөлтийн төдийгүй дэлхий дахинаа шилдэгт тооцогддог найруулагчдын нэг юм. Аав нь буюу Арсений Тарковский авьяаслаг яруу найрагч, орчуулагч нэгэн байсан бол ээж нь Горькийн нэрэмжит утга зохиолын хүрээлэнг дүүргэсэн урлагийн хүрээний хүн байв. Нэг ёсондоо Андрей маань урлаг, утга зохиолын уулзвар цэг дээр өсч бойжсон хэрэг. Тавиад оны түрүүчээр Москва дахь ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Дорно дахин судлалын хүрээлэнд араб хэл сурч байгаад сургуулиа орхиж, тухайн үед Красноярск мужийн Туруханск тосгонд ажиллаж байсан экспедицэд орж ажиллах үедээ Андрей кино урлагт хүчтэй татагджээ.

Тэрээр 1962 онд анхны киногоо бүтээснээс хойш нийт карьерынхаа турш ердөө 11 кино бүтээж ихэнх бүтээл нь бүх цаг үеийн шилдэг кинонууд дунд жинтэй байр суурь эзэлдэг юм. Оюутан ахуй насандаа 3 богино хэмжээний кино найруулсан бол түүнээс хойш бүрэн хэмжээний 7 кино найруулаад зогсохгүй, Москвад “Гамлет”-ийг, Лондонд “Борис Годунов”-ын театрын, мөн түүнээс гадна Уильям Фолкнерийн “Морин тойруулга” богино өгүүллэгийн радио найруулгыг тавьж байсан билээ.
Хүйтэн дайны үеийн хэлмэгдүүлэлт” хэмээн оросуудын ярьдаг тухайн цаг үеийнхээ түүчээ нь болсон олон сайхан сэхээтнүүдээ эх нутгаасаа дүрвэхэд хүргэсэн төр засгийн харгис явуургүй бодлого, дарамт шахалт түүнийг ч мөн тойрч гараагүй юм. Цаг төрийн сүүдэр түүний уран бүтээлд ч нөлөө үүргээ зүй ёсоор гүйцэтгэсэн талаар түүний уран бүтээлийг мэдэх хүмүүс ярих нь олонтаа. 1979 онд өөрийн замналын нэгэн сор болсон "Сталкер"-аа бүтээсний дараачаар буюу 1980-аад оны эхээр тэрээр Итали руу дүрвэсэн юм. Зөвлөлтийн төр засаг түүний билиг оюун, авьяас чадлыг нийтийн сэтгэхүйд тохирохгүй бөгөөд цаг үеийн аюултай уран бүтээлч хэмээн нүд үзүүрлэн, 25 жилийн хугацаанд ердөө 5-6 кино хийхийг зөвшөөрсөн нь түүнийг ийн эх орноосоо дайжин зайлж, харь улсаас орогнол хүсэх хэмжээнд очиход хүргэсэн билээ. Зарим киногоо бүтээсэн ч олон түмэнд хүргэхийг нь хорьж байв. Үүний нэг жишээ нь 1965 онд бүтээгдсэн хэдий ч 1971 онд сая Зөвлөлтийн үзэгчдийн хүртээл болсон түүний карьерын хамгийн гэрэлт оч болон гялалзсан “Андрей Рублёв” юм. Уран бүтээлч хүний уран бүтээлд хориг хязгаар тавих нь түүний өөрийнх нь оршихуйг үгүйсгэсэнтэй ялгаа юухан байх билээ дээ.. 1980-аад оны дундуур өөрийгөө уушгины хорт хавдартай болсноо мэдсэн ч хожимдсон байв. Францад бүтэн жилийн турш үхэлтэй тэмцэж тусыг олж эс чадсан тэрээр наян зургаан оны сүүлчээр амьсгал хураахаасаа өмнө "Одоо надад ямар ч тэнхэл алга. Энэ л хүндхэн асуудал байна даа..." хэмээн хүүрнэсэн нь түүний амьдралын хамгийн сүүлчийн тэмдэглэл болсон билээ.

Түүний Андрей Рублёв, Толь, Сталкер зэрэг гурван бүтээлийг бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор оруулан тооцдог юм. Алдарт Ингмар Бергман 1987 онд хэвлэгдсэн гарсан “Шидэт дэнлүү” нэртэй намтартаа Тарковскийн бүтээлийг гайхамшигтай зүйрлэсэн байдаг. Тэрээр “Нэг мэдэхнээ би түлхүүрийг нь эрээд олохгүй байсан өрөөнийхөө босгон дээр зогсож байв. Түүний дотор нь чөлөөтэй хэсдэг тэр өрөөнд орохыг би ямагт хүсдэг байлаа. Миний хэлэх гээд чаддаггүй байсан зүйлийг тэр хүн чөлөөтэй илэрхийлж буйг хараад надад урам зориг төрсөн. Миний хувьд Тарковский шилдэг нь. Тэр киноны мөн чанарыг хамгаас оновчтойгоор илэрхийлдэг шинэ хэл бүтээсэн. Амьдралыг зүүд мэт, толин тусгал мэт харуулдаг кино хэл” хэмээн өгүүлжээ.

Андрей Тарковскийн уран бүтээлийг дэлхийн соёл урлагт жинтэй нөлөө, өвөрмөц хувьсал үзүүлсэнд тооцдог. Түүний кинонуудаас даян дэлхийн ёс суртахууны ачааг нуруун дээрээ авч явах хүний итгэл найдвар, зовлон шаналлыг гайхамшигтай мөчлөг давтамжтайгаар гарган харуулах хосгүй авьяас билиг, өнгө аяс ханхалдаг юм. Мөн түүний үзэл баримтлал, уран сайхны шийдэл нь ер бусын өвөрмөц, гүн гүнзгий утга агуулгатайг энд дурдахгүй байж болохгүй билээ. Киноны үйл явдлууд нь нууцлаг, олон талт утга илэрхийлэн байдаг нь үзэгчдийг хувь хүнийхээ түвшинд өөрийн дотоод зөрчилтэйгөө нүүр тулсан, заримдаа бие биенээ харилцан үгүйсгэсэн янз бүрийн тайлбарууд гаргаж ирэхэд хүргэдэг гэх зэргээрээ онцгой юм.

"Сонирхогч гэж хийж чадахгүй зүйлээрээ оролдож, түүнээсээ таашаал авдаг сониуч хүнийг хэлнэ" хэмээн хэлэхдээ тэрээр магадгүй хүн бүрийг "дайруулж" хэлсэн юм шиг надад санагддаг. Нэг талаасаа егөө, нөгөө талаасаа анхааруулга маягийн зөвлөгөө байх л даа..

Мөн энэ дашрамд, би түүний олон зуун хуудас тэмдэглэл, олон арван ишлэлээс хамгийн дуртай гурвыг хүргэхэд та уран бүтээлчийнх нь үүднээс түүнийг төдийлөн сайн мэдэхгүй ч, харах өнцөг, философийн цар хүрээ талаас нь зүй ёсоор үнэлэх болов уу.

    “Идеалд хүрэх боломжгүй. Үүнийг ухамсарлаж буйгаараа хүний ухаан агуу. Хүрч болохуйц, нэн тодорхой зүйлийг         идеал гэж үзэж байгаа бол тэр яавч эрүүл саруул хүн биш.”

   “Хүн оршин байна гэдэг ерөөс хүн болж төрснийхөө хэргийг гүйцэлдүүлэхийн тулд сайныг хичээж, тэр хэрээрээ          түүхэнд эерэг мөр үлдээх гэсэн ёс суртахууны мөнхийн тэмцэл юм.”

“Цаг хугацаа гэдэг ердөө харилцааны хэрэгсэл. Биднийг хүүхэлдэйн гэр шиг бүчсэн зуун зууны хучлагыг авч хаяад нэгэн цэг, мөч, орон зайд амьдрах амархан гэвэл итгэх үү.”

 

А.БАЛЖИННЯМ

Сэтгэгдэл бичих

arrow icon