Оюутолгойн гэрээ, татвар, эрчим хүч зэрэг сэдвээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.
“Таван толгойн” ЦС-ын төслийн нэгжийг таван жилийн өмнө байгуулсан. Энэ төслийн явц ямар байна вэ?
Саяхан авсан мэдээллээр төслийн нэгж “Оюутолгой” ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах талаар санал солилцож байна. Мөн энэ БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах талаар ярилцаж байна. “Оюутолгой” Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гурван чиглэлээр эрчим хүчээ дотоодоос хангах үүрэгтэй.
- Өөрийн газар дээр цахилгаан станц барина.
- Манай улсын эрчим хүчний системээс худалдаж авна.
- Гурав дахь этгээд буюу Таван толгой ЦС-аас авна.
Хэрвээ тус компани ТТЦС-ын төслийн нэгжтэй хамтран ажилласан бол өдийд энэ станцыг барьчихсан байна. 2014 онд Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээг байгуулсан атлаа юу ч хийгээгүй
.
Гэтэл одоо хаана барих талаар ярьж байгааг би гайхаад байгаа юм. 2012 оны долдугаар сард станц барих газрын зөвшөөрлөө манай яамнаас 5 жилийн хугацаатай авсан. Энэ хугацаанд юу хийв? Зөвшөөрлийн хугацаа өнгөрсөн онд дууссан. Монголын төрөөр ингэж тоглоом хийдгээ болих хэрэгтэй. Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээг байгуулахаас өмнө ч бодитой алхам хийгээгүй. Тэдэнд
сонголт хийх бүх боломж байсан. Адаглаад ТЭЗҮ-ээ боловсруулсан байх ёстой. Юу ч хийгээгүй атлаа бидний ажлыг зогсоолоо гэж болохгүй.
Хэрвээ “Оюутолгой” ТТЦС-аас эрчим хүч худалдан авахгүй гэвэл энэ станцыг барих шаардлага бий юу?
Тэгж үзэж болохгүй. Өмнийн говьд цаашид эрчим хүчний ихээхэн дутагдал үүсэх тул энэ станцыг зайлшгүй барих эрэлт бий. Оюутолгойгоос гадна Таван толгойн нүүрсний бүлэг ордыг ашиглагчид том хэрэглэгч мөн. Эрчим хүчний яам ТТЦС болон “Оюутолгой”-н төслийн аль алийг нь дэмжинэ. Өнөөг хүртэл дотоодоос эрчим хүч аваагүйн хариуцлагаа манай талаар үүрүүлж болохгүй.
Рио Тинто эрчим хүч худалдан авах баталгааг ТТ төслийн нэгжид гаргаж өгөөгүй учир энэ төслийн зарим хөрөнгө оруулагч гарсан.
Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээ хууль бус гэрээ байсан тул энэ гэрээг цуцалснаас хойш дөрвөн жил гэж шинээр тоолж болохгүй.
Тийм зүйл байхгүй.
“Оюутолгой” Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг зөрчсөн бол ямар хариуцлага тооцох вэ?
Рио Тинто группээс авсан зээлийн хүү хэт өндөр, татварын маргаан болон эрчим хүчний асуудлыг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Тэд дүгнэлтээ гаргана. “Оюутолгой” янз бүрийн хувилбар яриад байлгүй одоо ажлаа хийх ёстой.
Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээг дахин байгуулах уу?
Таван толгойн цахилгаан станц тусдаа асуудал юм. Энэ станцыг байгуулах төслийн нэгж бий. “Оюутолгой” ХХК-тай байгуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс дөрвөн жилд багтаан эрчим хүчээ авна” гэж заасан юм. Үүнийг хангаагүй тул энэ заалтыг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл УИХ-аар баталсан гэрээг УИХ-тай зөвшилцөлгүй Засгийн газар дахин байгуулж болохгүй тул бид Өмнийн бүсийн эрчим хүчний гэрээг цуцалсан.
"Рио Тинто" группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Дөрвөн жилийн дотор эрчим хүчээ дотоодоос авахыг шаардвал” гэж их хачин үг хэлсэн байна лээ. Эндээс харахад Хөрөнгө оруулалтын гэрээгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй байна. Энэ гэрээний 7.3-т “Оюутолгой”-д шаардлага хүргүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн. 2017 оны долдугаар сараас Монголоос эрчим хүчээ авах байв.
Iim saidtai baihaar ulam l dordmoor, ajil buteehiin orond hariutslagaas multarch busad ruu buruug chihsen populism hiigeed baih yum