Нийтлэл 08 сарын 15, 2018

Америкийн батлан хамгаалах салбарын 2019 оны төсөв 717 тэрбум ам.доллар

АНУ-ын санхүүгийн жил 10 дугаар сарын 01-нд эхэлдэг, тул 2019 оны санхүүгийн жил эхлэхэд 2 сар хүрэхгүй хугацаа үлджээ. Ерөнхийлөгч Д.Трамп 2019 онд 4,4 их наяд ам.доллар зарцуулах тухай төсвийн төслийг Конгресст танилцуулсан ба ямарч байсан АНУ-ын Батлан хамгаалах яамны төсөв 717 тэрбум ам.доллараар батлагдсан мэдээ нийтлэгджээ. Энэ нь АНУ-ын 2019 оны нийт төсвийн 16,3 хувийг эзлэж байгаа юм. Гэхдээ хуулийн төсөл дээр ерөнхийлөгч гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болох юм. 

717 тэрбум ам.доллар гэдэг бол маш их мөнгө. Харьцуулбал манай улсын бүхэл бүтэн нэг жилийн төсөв болох 2,5 тэрбум ам.доллароос даруй 300 дахин их мөнгийг америкчууд зөвхөн батлан хамгаалах салбарынхаа ганцхан жилийн хэрэгцээнд зарцуулах ажээ. Ирэх жилийн төсвийн 14,9 хувийг Арми, 12,2 хувийг Тэнгисийн цэрэг/явган цэргүүд нь багтсан/, 14,1 хувийг Нисэх хүчин, бусад цэргүүд 5,0 хувийг тус тус зарцуулна. 

Энэ их мөнгөнөөс 236,7 тэрбум ам.долларыг зэвсэг, техникийн шинэчлэлд зарцуулах ба үүнийг нарийвчлаж харвал:

сансарт суурилсан системд 9,3 тэрбум ам.доллар, нисэх онгоц, түүнтэй холбоотой системд 55,2 тэрбум ам.доллар, шинээр усан онгоц барих, тэнгис далайтай холбоотой системд 33,1 тэрбум ам.доллар, газарт суурилсан системд 15,9 тэрбум ам.доллар, удирдлага, хяналт, холбоо, компьютер, тагнуулын системд 10,0 тэрбум ам.доллар, пуужингийн довтолгооноос хамгаалах системд 12,0 тэрбум ам.доллар, ажиллагааны дэмжлэгт 66,8 тэрбум ам.доллар, шинжлэх ухаан, технологийн зардалд 13,7 тэрбум ам.доллар, пуужин, сум, галт хэрэглэл худалдаж авахад 20,7 тэрбум ам.долларыг тус тус зарцуулахаар байна.

Америкийн Батлан хамгаалах салбарын 2019 оны төсвийг хараад байхад дараах онцлог хэдэн зүйл анзаарагдаж байна. Үүнд: 

- Төсвийн 23,9 хувийг ирээдүйн дайн хэрэглэх цэргийн зэвсэглэл, техник, технологийн судалгаа, хөгжүүлэлт, туршилт, үнэлгээ хийхэд зарцуулна;
- Цэргийн алба хаагчдын цалин, тэтгэмжийг 2,6 хувиар нэмэгдүүлсэн;
- 14,9 хувийг яг одоо шаардлагатай байгаа шинэ зэвсэг, техник худалдаж авахад зарцуулна. Тухайлбал тэнгисийн цэрэг 10 шинэ байлдааны усан онгоц худалдаж авах бол нисэх хүчин 77 нэгж "F-35" хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц худалдаж авах ажээ;
- 8,4 хувийг зэвсэг, техникийн засвар үйлчилгээнд;
- Цэргийн жинхэнэ алба хаагчдын тоог 15,600 нэмнэ/өнөөдрийн байдлаар АНУ-ын Зэвсэгт хүчинд 1,338 сая хүн цэргийн жинхэнэ алба хааж байгаа бол 817,7 мянган цэрэг нөөцөд; 
- Сансарын цэргийн хүчийг байгуулах суурь, бааз байгуулахад мөнгө зарцуулахаар болсон;
- АНУ-ын Кибер командлалын бэлэн байдал, хүчин чадал, боломжийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Мөн батлан хамгаалах төсөв дотор цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн нийгмийн асуудлыг шийдсэн манайд бараг байдаггүй сонирхолтой зардал байна. Тухайлбал цэргийн алба хаагчдын гэр бүл, ар гэрийнхэнийг дэмжих, цэргийн алба хаагчдын 1 сая хүүхдэд санаа тавих, цэргийн алба хаагчдын 78 мянган хүүхэд сурч буй дунд сургуулиудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, 237 нэгж цэргийн дэлгүүр ажиллуулах, цэргийн гэр бүл, тэдний гишүүдэд зөвлөгөө өгөх үйлчилгээ зэрэгт зориулан 8 тэрбум ам.долларыг төсөвтөө суулгаж өгчээ. 

Түүнчлэн 148,2 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй "Цэргийн бие бүрэлдэхүүнд зориулсан сан"-г 12,2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Цэргийн алба хаагчид тэдний гэр бүл амьдарч буй байр, хүүхдүүд нь сурч буй сургууль, үйлчлүүлж буй эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхэд зориулан 10,5 тэрбум ам.доллар, ахмад дайчдад зориулсан үйлчилгээнд 199 тэрбум ам.доллар тус тус зарцуулахаар болжээ. Хамгийн хүчирхэг улс болох америкчууд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулсан хэвээр бүр жил бүр төсвөө нэмэгдүүлж байгаа нь бас нэгэн "дохио" болон бидэнд бууж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon