Нийтлэл 08 сарын 22, 2018

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР: Импортын баяжуулсан хүнс заавал баяжуулсан болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байна

Энэ удаагийн "Хуулийг энгийнээр" булангаараа тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-аар батлагдсан баяжуулсан хүнсний тухай хуулийн  талаар болон хууль батлагдсанаар ямар ахиц дэвшил гарах талаар  танилцуулж байна. 

Манай монголчууд эрүүл мэндийн хувьд шим тэжээл буюу анагаахын хэлээр эрдэс, элементийн дутагдалд орох нь түгээмэл. Ялангуяа нийтлэг Д, А витамин, тодорхой хэсгүүдэд төмөр, фолийн хүчил гээд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс, элемент буюу бидний нэрлэж заншсанаар төрөл бүрийн витамин, шим тэжээлийн дутагдалд орж, үүнээсээ болоод өвчин эмгэгт өртөмтгий болдог нь олон судалгаагаар тогтоогддог.  Тиймээс энэхүү хуулийг батлан хэрэгжүүлсэнээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулах зохицуулалт бүхий 4 бүлэг 13 зүйлтэй хууль юм.  

Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний саналыг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тухайн саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.

Улмаар албан журмаар баяжуулах хүнсний төрөл тус бүрээр Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална. 

Үндэсний стандартын хүрээнд тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ баяжуулж үйлдвэрлэнэ. 

 Хууль хэрэгжсэнээр:

  Хүн амын эрүүл мэндийг хамгаалах;

  Амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой иргэд шим Тэжээллэг хүнс хэрэглэх боломж бүрдэх;

  Бага зардлаар хүн амын аминдэмийн хэрэгцээг хангах;

  Улирлын чанартай шим тэжээлийн дутлаас сэргийлэх;

  Хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлөл үзүүлнэ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon