Өмнө танилцуулсан Харвард Бизнес Шүүмж дэх сониуч зангийн давуу талын тухай нийтлэлд EQ emotional intelligence ч мөн амьдралын ээдрээ, ярвигтай нөхцөл байдалд давуу тал болдог тухай хөндсөн билээ. Энэ удаа EQ гэж юу болох, түүнийгээ хэрхэн сайжруулж болох тухай мэдээлэл хүргэе.
Хүний нийгэмд амьдарч буйгаас хойш хүний эмоцыг мэдрэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвар хувь, хувьсгалын аль ч талбарт нэн чухлыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. EQ нь яг ийм чадварыг тодорхой бүрдлүүдэд цэгцтэй задлан илэрхийлж индексжүүлсэн ойлголт. IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд мэддэг, гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг гэгдэнэ
. IQ амжилтын 10 хувийг л шийддэг гэх дүн гаргасан судалгаа ч байдаг. Ерөнхийдөө дундаж IQ-тэй хүмүүс асар өндөр IQ-тнуудаас 70 хувь илүү амжилттай байдаг сонин оньсогыг EQ хэмээх ойлголт гарч ирснээр илүү тодорхой хэмжүүрээр тайлж өгчээ. Анх энэ ойлголтын талаар нөлөө бүхий нийтлэл гаргаж олны ойлголтыг гүнзгийрүүлсэн Ж.Майэр нар
Эмоцыг ойлгох, хүлээж авах
Эмоцыг эргэцүүлэл, /асуудал шийдвэрлэхэд ашиглах /
Эмоцын учир шалтгааныг, /утгыг ойлгох/
Эмоцыг удирдах гэсэн дөрвөн талаас тайлж гаргасан байдаг. IQ муутай ахмад хүн байж болно, харин EQ муутай насанд хүрсэн хүн гэж байхгүй. Өөрөөр хэлбэл таны EQ доогуур байвал та харахад хөгширсөн ч “хазахад” хүүхэд хэвээр байна гэсэн үг.
EQ-ийн таван үзүүлэлт:
1.Өөрийгөө мэдэхүй
Ямар эмоц төрж байгааг өөрөө зөв танилгүйгээр эмоцыг удирдана гэж байхгүй. Зөв танихын тулд өөрийнхөө жинхэнэ дотоод мэдрэмжийг сонсож чаддаг, өөрөөр хэлбэл өөрийгөө мэддэг байна гэсэн үг. Өөрийгөө мэдэхүй нь өөртөө итгэлтэй байдалтай салшгүй холбоотой.
2. Өөрийгөө хянахуй
Ихэнх хүн ямар нэг эмоц төрөхөд удирдлагыг гартаа авахаас илүү эмоцод удирдлагаа алдаж ирдэг. Уур, бухимдал, депресс гэх мэт сөрөг эмоцыг сарниах аргаа олсон, шударга, дотоод бие хүн нь нэгдмэл чанартай, хийсэн зүйлдээ хариуцлага үүрч чаддаг, өөрчлөлтөд уян хатан хариу үзүүлдэг, шинэ зүйлст нээлттэй хүмүүс өөрийгөө илүү хянаж, удирдаж чаддаг.
3. Мотивац
Ямар нэг зорилгын төлөө мотивацаа хадгалж чадах эсэх нь зорьсон зүйл чинь тодорхой эсэх, эерэг хандлагатай эсэхээс ихээхэн хамаарна.
Дасгалжих замаар илүү эерэг хандлагатай болж болдог. Мотивацтай байхад мөн хамгийн сайн түвшинг үргэлж зорих, байгууллага хамт олны зорилгод ухамсраараа зөвшиж итгэл үнэмшилтэй байх багтана.
4. Бусдыг мэдрэхүй
Бусдаас ирж буй эмоцын сигналыг сайн уншдаг байх тусмаа тэдний эмоцод илүү зохистой хариу үзүүлэх чадвартай болно. Ийм чадвартай хүмүүс эргэн тойрныхондоо үйлчлэх, бусдыг хөгжүүлэх, олон төрлийн хүмүүстэй харилцаа өргөжүүлэх, хамт олны эмоцыг уншиж улстөрийн балансыг мэдрэх тал дээр илүү чадвартай байдаг.
5. Нийгмийн чадварууд
Бусадтай харилцах хүн хоорондын харилцааны чадвар та болон таны амьдралд туйлын чухал үүрэг гүйцэтгэх болно. Мэдлэг мэдээлэл хүн бүхний гарт холбогдсон өнөө цагт хүнийг ойлгож, хүнтэй ярилцаж, хүнтэй хэлэлцэх чадвар хэзээ хэзээнээс илүү чухал
болж ирлээ. Хамгийн чухал нийгмийн харилцааны уян чадварт: нөлөөлөх ятгах чадвар, коммюникац хийх, манлайлах, трэндийг өөрчлөх, зөрчлийг шийдвэрлэх, ойр дотно харилцаа үүсгэх, хамтрах, багаар ажиллах чадвар орно.
Таны EQ хэр сайн бэ?
Тэст өгөлгүйгээр жирийн амьдралд өөрийгөө ийм таван үзүүлэлтээр шинжээд сул давуу талаа мэдэх авах тийм амаргүй. Гэхдээ дараах шинжүүдээс танд байвал сайны дохио:
Та мэдрэмжээ маш баялаг, янз бүрийн үгээр илэрхийлдэг. Эмоцоо сайн таньдаггүй хүмүүс нэг л тиймхэн байна гээд зогсох бол өөрийгөө сайн мэдэрдэг нь цухалдаад, бухимдаад, гунигийн, тэсвэр алдсан гэх мэт олон өнгөөр илэрхийлнэ.
Та бусдын талаар, бусдыг юу мэдэрч байгаад сониуч байна
Та өөрийнхөө юунд мундагийг, юунд базаахгүйгээ сайн мэддэг
Та бусдын характерыг оновчтой ялгаж харж, үнэлж чаддаг
Таныг хүмүүс тийм амар доромжилж чаддаггүй
Та Үгүй гэж хэлж чаддаг
Та алдааны араас удаан гутардаггүй
Та ямар нэг юм эргэж хариу горьдолгүйгээр өгч чаддаг
Та дургүйцэх, үзэн ядах мэдрэмжийг удаан тээдэггүй
Та заавал бүхнийг төгс байлгах гэж зүтгэдэггүй
Та сөрөг хандлагатай, хар хортой хүмүүсийг тайвшруулж нейтраль болгож чаддаг
Та заримдаа бүхнээс өөрийгөө тусгаарлаад амарч чадна
Та байгаа зүйлдээ талархаж чадна
Та сайн унтаж амардаг
Та бусдын сэтгэгдлээс үл хамааран аливааг таашааж, сэтгэл хангалуун байж чадна
EQ-гээ сайжруулахын тулд
Бусдын эмоцод хэрхэн хариу үзүүлж байгаагаа ажиглаж дадах: Хүний оронд өөрийгөө тавьж үзэх, зохисгүй санагдсан хариу эмоцынхоо учир шалтгааныг тунгааж байвал аяндаа өөрчлөгдөнө.
Ажлын орчноо ажиглах: Та хүүхэд шиг амжилт болгоноо магтуулах гээгүй биз? Яг үнэндээ даруу зан, бусдын амжилтыг илүү ажиглаж магтаж сурах нь хожим бүр илүү үнэлгээг танд авчирна.
Өөрийгөө шинжих: Давуу талаас илүү сул талаа нээж харах, хүлээн зөвшөөрөх, өөрөө хэлбэл ямар ч маскгүй өөрийгөө толинд харж чадвал таны EQ шал өөр болно.
Стресстэхээрээ яаж байгаагаа шинжих: Тайван цагаас илүү стресстэй, хөдөлгөөнтэй үед тайван, хяналтыг гартаа авч чаддаг бол ажил хэрэгт хамгийн их үнэлэгддэг. Ийм болохын тулд эхлээд одоо ямар байгаагаа ажиглах , улмаар өөрчилмөөр тал байвал аргаа бодох нь үр дүнтэй.
Хариуцлага үүрч сурах: Ямар нэг алдаа хийсэн ч хариуцлагаа өөртөө авч дадвал алдаа, сөрөг үр дагаварт хандах өөрийн тань хандлага, анхаарал, мөн бусдын танд хандах хандлага шал өөр болно.
Сэтгэгдэл бичих