Хорвоо дэлхий дээр баяр, жаргал, хагцал гуниг ээлжилдэг нь ертөнцийн жам юм. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Индонез Улсад Азийн зуны 18 дугаар наадмын нээлт болж олон мянган хүн баяр, хөөрж болж байхад Африк тивийн Гана Улсын иргэн НҮБ-ын 7 дахь Нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 80 насныхаа ой дээр нас барьж гунигт явдал болж байх жишээтэй.
Сүүлийн 16 жил энхийг дэмжих ажиллагаа түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн хүний хувьд энэхүү аугаа хүнийг дурсан хэдэн мөр бичих нь зүйтэй гэж бодлоо.
Кофи Аннан 1938 онд Африк тивийн зүүн талд "Алтан эрэг" гэдэг газар омгийн ахлагчийн удамтай "какао"-гийн худалдаачин Хэнрийн гэрт хоёр ихэр хүүхдийн нэг нь болж мэндэлжээ. Түүний төрсөн газар 1957 онд Английн колониос гарч тусгаар тогтноход одоогийн Гана улс мэндэлсэн байдаг. Аав Хэнри нь харьцангуй боловсролтой, бас санхүүгийн боломжтой байсан тул К.Аннан африкийн хэдэн зуун сая хар жаалуудтай харьцуулбал харьцангуй дөт замаар гадаад дотоодод боловсрол эзэмшсэн ба 1962 онд НҮБ-ын Женев дэхь оффист санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ. Тэрбээр 1993 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, 1997-2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2 удаа сонгогдон ажилласан энхийг эрхэмлэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, зохион байгуулагч, дипломатч хүн байлаа.
Түүний дэлхий дахины энх тайван, хүмүүнлэгийн үйлсэд гаргасан хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2001 онд Нобелийн шагнал олгосон. Ер нь Кофи Аннан амьд ахуйдаа маш олон сайн, сайхан зүйлийг хийж бүтээсэн ба түүнийхээ хэрээр ч олон төрлийн шагнал авч байжээ. Жишээлбэл түүнд дэлхийн хамгийн шилдэг 31 их, дээд сургуулиуд өөрсдийн хүндэт доктор, профессорын цол хүртээж хүндэтгэл үзүүлсэн байх юм.
Гэхдээ миний хувьд түүнийг Африк тив болон Гана Улсын төлөө 2 том зүйл хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг юм. Энэ талаар тодруулая.
Нэг. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа ба түүнд 91 мянган цэрэг, цагдаа, энгийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Кофи Аннаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Ази тивээс /голдуу Энэтхэг, Пакистан, Бангладеш, Балба улсаад/ оролцож буй цэргийн тоо, Африк тивээс оролцож буй цэргийн тооноос хоёр дахин их байв.
Энэ ялгааг арилгахын тулд Кофи Аннан олон ажил хийсэн ба түүний нэр хүнд, нөлөө, хүчин чармайлтын үр дүнд Африк тивээс ажиллагаанд оролцож буй цэргийн тоо тогтмол өсөж, 2014 онд Африк, Ази тивийн цэргийн тоо зэрэгцэж ирсэн бол одоо нэгэнт илүү гарчээ. Мэдээж Африк тивийн цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт, чанар, байдал, сургалт бэлтгэл, зэвсэглэл техникийн асуудал тусдаа сэдэв боловч энэ бүхэн Кофи Аннаны "хар" тивийн төлөө хийсэн хамгийн том ажлуудын нэг яах аргагүй мөн
юм.
Хоёр. Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа өөрийн эх орон Гана Улсыг хөгжүүлэхэд нэр хүнд, танил талаа ашиглаж маш их зүйлийг хийсэн билээ. Ганцхан жишээ дурьдахад 2004 онд тэрбээр гадаадын хөрөнгө оруулалт, хандив, тэтгэмжийн тусламжтайгаар 10 сая ам.долларын өртөг бүхий өөрийн нэрэмжит "Кофи Аннаны нэрэмжит олон улсын энхийг сахиулах сургалтын төв"-ийг барьж 2004 онд ашиглалтад оруулсан явдал юм.
Миний бие 2011 онд уг сургалтын төвд очиж тэнд канадын санхүүжилтээр явагдсан НҮБ-ын штабын офицерын дамжаанд багшаар оролцон хичээл зааж явлаа. Тэнд ажиллаж байхдаа Гана Улсын иргэд Кофи Аннаны талаар дандаа магтсан, сайн зүйл ярьж байхыг өөрийн чихээрээ сонсож байв. Өнөөдөр "Кофи Аннаны нэрэмжит олон улсын энхийг сахиулах сургалтын төв" нь гадаад дотоодын 18 мянган энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэснээс гадна НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын чиглэлээр Африк тивдээ нэгт, харин дэлхийд 3-т орох хэмжээнд өргөж хөгжжээ. Сургалтын төвийн нэг онцлог зүйл гэвэл тус улсад суух гадаадын элчин сайдууд уг төвийн удирдах зөвлөлийн гишүүд болдог ба тэр хэрээр төсөвт нь хандив өргөж, санхүүжилтийг нь шийддэг.
Африк тивийн олон сая иргэдийн итгэл найдвар, хүндэтгэлийг хүлээн үлгэр жишээ нь болж байсан ноён Кофи Аннан та тэнгэрт амгалан нойрсдоо.
Сэтгэгдэл бичих