Нийтлэл 09 сарын 04, 2018

ХАРГИС ХУУЛЬ: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хийсэн шинжилгээ

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  тайлбарт хийсэн шинжилгээг хүргэж байна.    

 2015 оны Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1 жилийн ой тохиож байна.     Гэвч шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилт, хэрэглээний явцад тус хуульд бодлого, зохицуулалтын алдаа, хийдэл бүхий асуудлууд цөөнгүй үүссэн нь илэрсээр байна.    

Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох асуудлыг хууль зүйн үндэслэл, судалгаа,  нотолгооны хүрээнд иж бүрэн тогтоосны дараа нэг мөр шийдвэрлэх нь тулгамдсан асуудал боловч энд багагүй цаг хугацаа шаардагдана.    

УИХ-ын зарим гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан хэдий ч Эрүүгийн хуулийн хийдэл бүхий асуудлуудыг бүхэлд нь хамаарч чадаагүй “зөвхөн нэг эсхүл хэд хэдэн зүйл, тэдгээрийн хэсэг”-т хамааралтай байх тул УИХ-аас батлагдах магадлал маш бага болно.     

Тийм учраас УИХ-аас Эрүүгийн хуулийн иж бүрэн шинэчлэлийг хүлээж, цаг хугацаа алдахгүйгээр Эрүүгийн хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйл дэх тайлбараас “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийг хүчингүй болгох асуудлыг бодлогын хурдаар яаралтай горимоор шийдвэрлэх нь нэн тулгамдсан шаардлага болоод байна. Зөвхөн тухайн ганцхан бичвэрийг хүчингүй болгосноор ялимгүй алдсан насанд хүрсэн болон насанд хүрээгүй цөөнгүй иргэд шоронгоос суллагдах төдийгүй иргэдийг ялимгүй алдааных нь төлөө хэт шоронжуулах явдал эрс багасах тул Монголын эрх ашигт нийцсэн оновчтой шийдэлд хамаарна.

Ялимгүй алдсан иргэний ирээдүйг шоронд булшлах нь Монголын эрх ашигт нийцэхгүй.   

Шинэ эрин-эдүгээ цаг дор төрийн буруу бодлогын золиосоор ялимгүй алдааны төлөө шоронд буй нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, ялимгүй алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх нь дэлхийн ардчилсан, ухаалаг төрийн үүрэг, загвар бодлого болсон байх тул бид  түүнээс зожигрон зөрөх, гажих боломжгүй юм. 

Саяхан УИХ-ын зарим гишүүд “гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан” байх тул Эрүүгийн хуулийн 8.6 зүйлийн 1 (өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах), мөн хуулийн 8.7 дугаар дугаар зүйл (хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ)-ийн 1 дэх хэсэгт тус тус заасан “хөнгөн гэмт хэрэг” гэсний “хөнгөн” гэснийг хасах тухай хуулийн төсөл санаачилсан байх ба практикт

14-17 насны хүүхэд хүнсний дэлгүүрээс 110 мянган төгрөгийн талх, боорцог, чихэр гэх мэт хүнсний зүйл хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн” хэмээх зүйл ангид хамаарч, тус зүйл анги нь “хүнд” гэмт хэргийн ангилалд багтах тул дээрх хүүхдүүд хорих ялаар шийтгүүлж байна.

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хорих ял эдэлж буй хүүхдийн тоо эрс өсчээ. 2017.07.01-ний байдлаар 21 хүүхэд гэмт хэрэгт яллагдаж, 9 хүүхэд хорих ангид ял эдэлж байсан бол 2018.05.01-ний байдлаар 59 хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа тухай төслийн танилцуулгад бичжээ.

Энд ганцхан 110,000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан насанд хүрээгүй хүнд хамаарах практик дурдсан нь хангалтгүй бөгөөд 1,000-30,000 төгрөг буюу тийм үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан насанд хүрсэн, хүрээгүй цөөнгүй этгээд тухайн “хүнд гэмт хэрэг”-т хорих ялаар шийтгүүлсэн мэдээ баримтууд байгаа болно.   

Санаачилсан тухайн төслийн “насанд хүрээгүй хүнийг шоронжуулахгүй байх” үзэл санаа зөв байж болох хэдий ч 300,000 төгрөгөөс доош 1 төгрөг хүртэл буюу тийм үнэ бүхий эд зүйлсийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсныг гэмт хэрэгт тооцох буюу хүнийг ялимгүй эд зүйлс хулгайлсны төлөө шоронжуулсан зохицуулалтыг дэмжиж байгааг нь зөвтгөх боломжгүй. Хүн бол хүн, энд насанд хүрсэн эсэх нь огт хамааралгүй. Хүнийг ялгаварлах, тэгш бус хандах, харгис шийтгэх ёсгүй болно.       

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.4 дүгээр зүйл дэх тайлбараас “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэх бичвэрийг УИХ-аар яаралтай горимоор хүчингүйд тооцуулах тухай саналыг дараах үндэслэлээр гаргаж байна.         

Хүний үнэ цэнэ, үнэт зүйлс, шударга ёс, хууль ёсны хэмжүүрээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл, тус зүйл дэх тайлбарыг сайтар шинжлэн судлах нь тулгамдсан ямар асуудал байгааг мэдэх,  шийдвэрлэх арга замыг тодорхойлох суурь нөхцөл болно.

2015 оны 12 сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэж заасан.     

Үнэлэгдэхгүй эд хөрөнгө гэж байхгүй, зайлшгүй үнэлэгдэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирлын хэмжээг “төгрөг”-өөр илэрхийлэн тооцсон ба Төв банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ” гэж заасан, Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бөгөөд өөрийн нэрлэсэн дүн бүхий цаасан дэвсгэрт төгрөгийн доод нэгж нь нэг төгрөг болно.

Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлж авсан эд хөрөнгө” буюу хохирлын хэмжээ нь Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж 1 төгрөг, түүнээс дээш үнэлгээ бүхий эд зүйлс байхаар хуульчлагдсан гэж үзнэ.

Энэ байдал нь бодит утга агуулгаараа тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан буюу иргэдийг хэт шоронжуулахад хүргэсэн гажуудсан бодлогын илрэл, Эрүүгийн хуулийн шинэчлэлт биш харин ухралт болсон юм. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинж болох хохирлын доод хязгаарыг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан) тодорхой заасан   зохицуулалтыг эсрэгээр өөрчилсөн нь ямар ч тохиолдолд шинэчлэлт болж чадахгүй гэсэн үг.  

Хожуу боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан зохицуулалтын ноцтой сөрөг үр дагаврыг анхаарч, саармагжуулахад чиглэсэн нэг алхам нь 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт хийсэн тайлбар юм.

Тайлбар :

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй.

Гэвч тухайн тайлбарт Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийг нэмж хуульчилсан нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлосон”, “1 алхам урагшилж, 2 алхам хойшилсон” утга агуулгын бодит илрэл болсон буюу ялимгүй алдсан иргэдийн ирээдүйг шоронд булшлах бодлого дүр эсгэн хэвээр үлдсэн байна.

Тухайн зохицуулалтын ноцтой сөрөг үр дагаврыг сайтар эргэцүүлцгээе :   

 

Бусдын 300,000 төгрөг, түүнээс доош 1 төгрөг буюу тийм хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан бол гэмт хэрэг биш, зөрчил болно;

Бусдын 300,000 төгрөгөөс дээш 49,999,999 төгрөг хүртэлх буюу тийм хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэрэг болно;

Бусдын 300,000 төгрөг, түүнээс доош 1 төгрөг буюу тийм хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан, түүнчлэн байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон (хүндрүүлэх бүрэлдэхүүн) бол шууд хүнд гэмт хэрэгт хамаарч, улмаар 2-8 жил, 5-12 жил хорих ялаар шийтгүүлнэ.

 

 

Тодруулбал, Иргэн А бусдын халааснаас гар утас хулгайлсан боловч гар утасны үнэ 300,000 төгрөг бол гэмт хэрэг биш зөрчил болно. Иргэн Б бусдын орон байранд нэвтэрч 1000 төгрөг хулгайлсан бол хүнд гэмт хэрэг болох ба 2-8 жил хорих ялаар, харин иргэн В тус тусдаа төгсгөлтэйгээр 3 айлын орон байранд нэвтэрч, тус бүр 1000 төгрөг хулгайлж, өөрийн амьдралын хэрэгцээг хангасан бол 5-12 жил хорих ялаар шийтгэгдэнэ.  

Монголын шүүхийн статистик -аас үзэхэд :  

Гэтэл  2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт ”Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийг хуульчилснаар 2002 оны Эрүүгийн хуулиар захиргааны “хулгайлах зөрчилд”-д хамаарч байсан ихэнхи зөрчил гэмт хэрэгт тооцогдох болсон. Тодруулбал, 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш өмнө дурдсан Захиргааны “хулгайлах” зөрчлөөр шийтгүүлсэн “1099” хүний 50 хувиас дээш тооны хүмүүс 2015 оны Эрүүгийн хуулиар “хулгайлах” хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэх буюу гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхоос төдий хэмжээгээр дахин нэмэгдэх үндэслэл бүрдсэн.   2015 онд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйл буюу “хулгайлах” зөрчлөөр 1099 хүн захиргааны хариуцлага хүлээсэн байна .

Захиргааны “хулгайлах зөрчил” гэдэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн энгийн бүрэлдэхүүнийг хангаагүй, ялангуяа хохирлын бага бус хэмжээ (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ)-нд хүрээгүй хулгайлах зөрчлүүд хамаарч байсан. Мөн 2002 оны Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, түүнчлэн давтан үйлдсэн ч хулгайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангаагүй л бол гэмт хэрэгт тооцдоггүй харин зөрчилд хамааруулж байсан.

Юу гэж ойлгох вэ ? Иргэдээ шоронжуулахын эсрэг Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, шинэчлэл мөн үү ?, Шударга ёс, зөв, сайн бодлогын илрэл мөн үү ?

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийг хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн “хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилго, мөн тус хуулиар хамгаалсан үнэт зүйлс, шударга ёс, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын “хүнтэй...хүнлэг бусаар харьцах буюу шийтгэхийг хориглосон” 7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийг хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан хэв маягийн үзэл баримтлалаар боловсруулж, баталсан гэх боловч үнэн хэрэгтээ хуучин социалист хэв маягийн үндсэн үзэл баримтлалын зарим шинжийг хэвээр хадгалсан, бүр түүнээс ч дордуулсан цөөнгүй зохицуулалт байгаагийн нэг нь Эрүүгийн хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн аутентик тайлбар дахь Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэр мөн.  

Тухайн бичвэр буюу түүний өмнө дурдсан ноцтой үр дагавар нь шударга бус, харгис шийтгэж буй бодлого, зохицуулалтын хэлбэрийг гарцаагүй илэрхийлж байгааг үгүйсгэх үндэслэлгүй.        

Хүнийг амьгүй бөгөөд ялимгүй эд зүйлсээс дорд үзэж, хүнлэг бус шийтгэж, хүний үнэ цэнийг, шударга ёсыг алдагдуулж огт болохгүй.  

Угтаа “хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн  дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” гэдэг нь хүний үнэ цэнийг дээд түвшинд эрхэмлэн дээдэлнэ, хүний хөгжлийг бүх талаар баталгаажуулах, хангах бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг.  

Өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг зэвсгийн хүчээр хамгаалахаас илүүтэй хүний хөгжлөөр хамгаалах буюу хөгжлийн хүн төвтэй үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна. Тийм учраас хөгжил бол хүн төвтэй, хүний нүүр царайтай байх ёстой.   

Монголын хамгийн эрхэм дээд үнэт зүйлс бол Монгол хүн. Монголыг Монгол хүн аварна, Монгол хүнийг Монгол аварна.  

Mонгол төрийн цөм бодлого ямагт Монгол хүн, түүний хөгжил, аюулгүй байдал, ирээдүйн сайн сайхныг баталгаатай хангах, баталгаажуулахад буюу Монголын ирээдүй, эрх ашгийн цөм рүү   чиглэсэн байх ёстой.

Гэтэл  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аутентик тайлбар дахь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийн цаана хүний үнэ цэнэ, шударга ёсыг  алдагдуулсан, амьд хүнийг амьгүй бөгөөд өчүүхэн төдий эд зүйлсээс дорд үзсэн, харгис хэрцгий шийтгэсэн буюу Монгол орон, Монголын залуусыг шоронжуулахад чиглэгдсэн утга агуулга илэрч байна. Энэ бол эрх зүйт төрийн бодлого, хуульд байх боломжгүй харалган үзэл, хоцрогдсон сэтгэлгээ болно.   

Монголын ирээдүй болох залуусыг ялимгүй алдааны төлөө шоронд урт хугацаагаар илгээж, тэдний ирээдүйг шоронд булшилж буй гажуудсан буюу шударга, энэрэнгүй зарчмын утга агуулгатай зөрчилдсөн, харгис шийтгэх бодлого, түүний илрэлтэй эвлэрэх ёсгүй.

Дэлхийд хамгийн цөөхөн хүн амтай орнуудын нэг атлаа хамгийн их шоронжсон, хорих ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнхийг сурч боловсрох, гэрлэх, хөдөлмөрлөх идэр насны залуус эзэлж байна.  

Төрийн үүргийн хангалтгүй хэрэгжилт, буруу бодлогын золиос бол иргэд биш.

Гэмт хэргийн үндсэн гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, хууль, эрх зүйн мэдлэг боловсролгүй байдал болж байна. Эдгээр шалтгаан нь мөн төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх аалзны тор мэт сүлжилдсэн авлигын тогтолцоот ужиг, буруу бодлоготой уялдаж холбогдоно.

Улс төрийн намууд гэх бүлэглэлүүд “Mонгол хүн амаа өсгөнө, залуус, залуу гэр бүлийн хөгжлийг дэмжинэ, иргэдийн амьдралын доройтлыг арилгана, ядуурал, ажилгүйдлийг цэглэнэ” гэсэн уриа лоозонгоор 26 жил алалцах мэт тэмцэлдлээ. Үр дүнд нь юу болов?  

Mонголын ардчилсан шинэ сонголтын 26 жилийн хугацаанд бий болсон засаглал дахь ил ба далд гол аюул бүхий байдал нь ардчилсан, хуулийн засаг бодит утгаар тогтнох биш харин намын ба барьцаалагдсан засгийн шинж бүрдсэн, намын төрөөс төрсөн тэрбумтнуудын түрийвчинд төрийн бодлого явах болсон, улс төрийн нам бол засгийн эрх барих нэрээр халхавчлан бизнес хийх, ашиг олох пирамид тогтолцоо бүхий аппарат, арга, тоглоом гэсэн үзэл хэвшин тогтсон байна.

Монгол Улс дэлхийн улсуудаас ажилгүйдэл, ядуурлын түвшин, амьдралын чанар, авлигын индекс, залуусаа шоронжуулдаг үзүүлэлт зэргээрээ дэлхийн улс орнуудаас жил дараалан сүүлчийн байрт шалгарах болов.

2018 онд Дэлхийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр (улс орнуудын эдийн засаг, ажил эрхлэлт, худалдааны статистик, авлигын түвшин, байгаль орчны асуудал, амьдралын чанар, засаглал гээд нийт 258 хэмжүүрээр) Mонгол Улс Вэнесуэлийн хамт адагт оржээ.

 Ажилгүйдэл, ядуурал, архидалт, авлига, хээл хахуулийн эсрэг зөв бодлого явуулж чадаагүй, чадахгүй байгаа буюу хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж буй төр засгийн зүгээс гэмт хэргийн эсрэг Эрүүгийн харгис бодлого хэрэгжүүлж байгаа нь төрөөс иргэдийг өөрсдийн буруу бодлого, хэрэгжүүлээгүй үүргийнхээ золиос болгон шоронжуулж буй хэрэг буюу нэг ёсны дарангуйлал, гажуудсан бодлогын илрэл болно.

Төрөөс гэмт хэргийн үндсэн шалтгааныг бууруулах бүх талын үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй цагт гэмт хэрэг буурахгүй нь маргаангүй тул тэдгээр шалтгааны улмаас алдаж, эндсэн иргэдийг Эрүүгийн хуулийн харгис ялаар хатуу албадсаар байгаад ёс суртахуунтай иргэн болгоно, гэмт хэргийг багасгана гэвэл энэ нь дарангуйлагч засаг, дарангуйлагч үзэлтний утоп санаа.

 Сократ : “Агуй дахь хүмүүс агуйн ханан дээр туссан сүүдрээр л агуйн гаднах зүйлсийг төсөөлөн ойлгодог” гэдэг шиг “төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх авлигын “нууц биш нууц” агуй мэт системт схемд бугшсан, шимтэн шигдсэн, мансуурсан сэтгэхүйн цар хүрээгээр ард иргэдийн амьдралыг төсөөлөн сэтгэж, ядууруулсан түвшинд нь тогтоон барьж, сөхрүүлэх, ядарсан иргэдээ ялимгүй алдааны төлөө шоронжуулах муйхар, харанхуй бодлого хэрэгжүүлж огт болохгүй.

Энэ бүхэн бол бидний хувьд эмгэнэл бөгөөд Монголын эрх ашигт ноцтой харш үзэгдэл.   Хүчирхийллээс хүчирхийлэл улмаар зэрлэгжсэн, бүдүүлэг, ирээдүйгүй нийгэм цогцолно, алс хэтдээ  Улс орших, эс оршихуйн тухай асуудал үүсэхэд хүрнэ.       

2.Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн

Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”  гэж, 70 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль...бүрнээ нийцсэн байвал зохино“ гэж заасан ба гэмт хэргийн шинжийг гагцхүү Эрүүгийн хуулиар тодорхойлох нь хууль ёсны зарчмын утга агуулга болно.

2.1. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэж хуульчилсан нь аутентик тайлбарын онцлог, шалгуурт нийцэхгүй,  тайлбарт хамааралгүй өөр зохицуулалтыг тусгасан.  

Хууль тайлбарлах гэж юуг хэлэх вэ ? Хуулийн тодорхой нэг зүйл заалтын утга агуулгыг тухайн мэргэжлийн болон ажил мэргэжлийн үүргийн үүднээс тайлбарлан гаргахыг ойлгоно. Тухайлбал, хуулийн заалт (бичвэр), томьёоллын утга агуулгыг задлан шинжилж, хэрхэн ойлгох, хэрэглэхийг нээн харагдуулахыг хууль тайлбарлах гэнэ.

Хуулийн хэм хэмжээг нийтлэг эрх ашгийн үүднээс тайлбарладаг...Ихэнх гол гол эрх зүйн зохицуулалт тодорхой онол, зарчим, үзэл санаанд тулгуурласан байдаг. Түүнийг мэдэхгүйгээр тэр хэм хэмжээг тайлбарлах тухай бодох аргагүй...Хууль зүйн шинжлэх ухаанд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал зэрэг идеалийг цогц байдлаар нь Rule of Law буюу эрх зүйд захирагдах ёс гэсэн стандартын хүрээнд авч үздэг…Хэрэглэх гэж байгаа хэм хэмжээний цаана агуулагдаж байгаа эрх зүйд захирагдах ёсны холбогдох стандартыг ойлгоно гэсэн үг.

Хууль тайлбарлах гэдгийг “эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэхийн тулд тухайн тайлбарлах гэж буй хэм хэмжээний агуулгыг тодотгох, зөв хэрэглэхэд хамаарах зорилт бүхий үйл ажиллагаа” гэж ойлгох нь нийтлэг байна. Аутентик тайлбар дараах нийтлэг онцлог шинжийг агуулдаг байна.

 Үүнд :

 Тайлбарлаж буй хэм хэмжээний утга санааг шууд тайлбарлахад чиглэгдэх ба хэм хэмжээний агуулгын хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй,

 Тайлбар нь тухайн хэм хэмжээний салшгүй хэсэг бөгөөд тухайн хэм хэмжээний агуулгын хүрээнд үйлчлэх хүчин чадалтай,   

Эрх зүй бүтээх ажиллагаанд туслах шинж чанартай буюу тайлбарлуулж байгаа хэм хэмжээнээс салангид хэрэглэгдэхгүй.

Аутентик тайлбарын дээрх утга агуулга, онцлог шинжийн шалгуураар дүгнэхэд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аутентик тайлбар нь  “зорилго чиглэл, утга агуулга”-ын хувьд гагцхүү Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шууд хамааралтайгаар  хуульчлагдсан, тухайн хамаарах хэсгийн хэм хэмжээний хамт хүчин чадалтай байх хэдий боловч тухайн тайлбар дахь “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэрийг “тайлбар“ гэж үзэх боломжгүй, харин эсрэгээр тайлбарт хамаарахгүй өөр зохицуулалтыг тусгасан нь хуулийн тухайн зүйлийн хэсгүүд хооронд зөрчилдөөн үүсгэж, улмаар иргэдийг хуучин Эрүүгийн хуулиас илүүтэйгээр шоронжуулахад чиглэсэн үзэл санааг агуулсан нь илэрхий байна.     

2.2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэж хуульчилсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн “энэ гэмт хэргийг :” гэж хуульчлагдсан Эрүүгийн хуулийн төгөлдөр зохицуулалт буюу Эрүүгийн эрх зүйн онолын үндэслэлийг үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн “энэ гэмт хэргийг :“  гэдэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан тухайн гэмт хэргийг л ойлгодог.

 Тийм ч учраас гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний дараа харин хүндрүүлэх бүрэлдэхүүний өмнө нь “энэ гэмт хэргийг :гэж Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн 2, 3 дахь (хэдэн ч хэсэгтэй байж болно) хэсэг болгон тусгайлан хуульчлан заадаг ба тус хэсгийн заалт болгож тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг нарийвчилсан, дэс дараалсан байдлаар зохицуулдаг.     

Дээрх ойлголт, зохицуулалт нь Эрүүгийн эрх зүйн онол болон Эрүүгийн хууль, зарчмууд, Эрүүгийн хуулийн хэрэглээний практикт нэгэнт хэвшиж тогтсон уламжлалт асуудал байдаг.  

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хуулийн бүтэц, хэлбэр буюу хууль зүйн техник, 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан “бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваана”, 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан ”зүйл, хэсэг, хэсгийн заалт нь хоорондоо зөрчилгүй байх” шалгуур шаардлагын дагуу хуульчлагдсан буюу тус тусдаа утга агуулга илэрхийлсэн хуулийн хүчин төгөлдөр зохицуулалт болно.  

Хууль ёсны зарчмын дагуу гэмт хэргийн шинжийг гагцхүү Эрүүгийн хуулиар тодорхойлох ба  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн “энэ гэмт хэргийг :” гэж хуульчлагдсан хүчин төгөлдөр зохицуулалт, түүний онолын үндэслэлээс давсан бөгөөд ноцтой зөрчил үүсгэсэн аливаа бичвэр “аутентик тайлбар”-т байх ёсгүй.

Хуулийн хүчин чадлын хувьд “хуулийн зүйлийн хэсэг” нь тайлбараас давуу эрэмбэтэй тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт буй “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй“ гэсэн бичвэр бол тайлбарт байх ёстой зохицуулалт биш болно.

Өршөөх буюу “казнить нельзя, помиловать” гэсэн байхад таслал өөрчлөн цаазлах буюу “казнить, нельзя помиловать” болгосон гэдэг шиг иргэдийг хэт шоронжуулахгүйд чиглэсэн тайлбар хийсэн атлаа эсрэгээр шоронжуулж бас болно гэсэн хоёрдмол утга агуулгатaй бөгөөд байх ёсгүй бичвэрийг тайлбарт тусгасан нь хуулийн тайлбараар өчүүхэн бөгөөд хэрэглээд хаях эд зүйлсийн төлөө хүний амьдрал, хувь заяаг яллан цаазалж байгаагаас ялгаа юун.      

Ялимгүй алдсан иргэд “хар гэр”-т 2-8 жил, 5-12 жил тарчилна, хар гэрээс гараад насан  туршдаа ялтайд тооцогдон шоовдорлогдож, харанхуй агуйд буй амьд атлаа үхсэн мэт хүн болон хувирна. Энэ нь ухаалаг төрийн үүрэг, загвар бодлогын шалгуур шаардлагад нийцэх эсэх нь энгийн ухамсрын түвшинд илэрхий байгаа болно.  

Товч дүгнэлт

 Монгол Улс хямралын байдалд байна. Улс орны эдийн засаг, олон түмний амьдралын чанар, хөгжлийн байдал шальдир бульдир, зогсонги, дороо хий эргэсэн, дампуурлын ирмэгт тулчихаад байна.  

Монголын өнөөгийн дүр төрх, эргэн тойрон дахь орчин, орчин цагийн үзэл, хандлагыг зөв мэдэрч, оновчтой хууль эрх зүйн бодлого, зохицуулалт хийх нь нэн чухал болоод байна.   

Цаг хугацааны урсгалаар хууль ёс, шударга ёсонд хандах үзэл, хандлага өөрчлөгдөн хөгжсөөр байна.

Олон түмний олноо түгсэн ухаалаг оюуны хүч, хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч улс төрийн идеал болгох нь эдүгээ түгээмэл хандлага болов. Ухаалаг, хуулийн засаг ноёлох шинэ эрин үе айсуй.

“Хууль бол улс төрийн нам, удирдах хэсгийн хүсэл зориг. Хууль бол хууль” гэж механикаар ойлгох, хоцрогдcон сэтгэлгээгээр хандах үзэл түүхийн мухарт гээгдэж байна.   

2015 оны Эрүүгийн хуулийг магтан дуулагсад өнөөдөр шүүмжлэгчийн байр сууринд очсон байна. Ниргэсэн хойно нь хашгирч буй боловч Эрүүгийн хуулийн шоронжуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох асуудлыг хожуу хойно ч ухаарч, мэдэрч буй хэрэг юм. 

Дээдсийн суудлаасаа түр буугаад ялимгүй алдсан иргэдийн дүрд хувираад нэг үзээч, тэдний байр сууринаас асуудлыг бие, сэтгэлээр гүнээ мэдрэн, үгээ хэлээд нэг үзээч. Сайн үр дүнгээс сөрөг үр дагавар нь илүү ноцтой бөгөөд Монголын эрх ашигт нийцэхгүй гэдгийг эргэлзээгүй мэдрэх, мэдэх болно.  

Эрүүгийн хуулийн эмгэгийг эмчлэх ажлыг эрчимжүүлье. Улсын цөм эрх ашгийн төлөөх бодлого, түүний хэрэгжилтийг хангахад “алсан хараа, хурд”-аа нэмэх шаардлагатай байна.

 

 

Г.ГАНБААТАР  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

 

 

 

 

[

Сэтгэгдэл бичих

    • ireedui
    • 2019-04-04

    ene bol yg unen dur torh

    • Баярмаа
    • 2018-12-24

    Тийм шүү. Энэ бол шударга бус хууль байна лээ. Хийгээгүй хүн хүртэл хохироод ижилхэн ял үүрээд амьдралын сайхан мөч хормоо хасуулаад гэр бүлээсээ алслагдаад хэцүү л байна.

    • Г.Цэвэлсүрэн
    • 2018-09-15

    Ер анзаараагүй ч уншаад үнэхээр тийм юм байна гэсэн бодол төрлөө

    • Иргэн
    • 2018-09-10

    Улсаас өчнөөн тэр бумаар хулгайлаад байгаа төрийн луйварчидаа шийтгээгүй байж ийм хууль гаргаад байхдаа ичээч

    • irgediin inder
    • 2018-09-06

    yamar ch buruugui zaluusiig xilseer shorond xorij baina. irgenii uurgee bieluulj xulgain uildliig taslan zogsoogoogui xemeen say turguriin torguuli shuugch onooj, 3 -5 jiliin yal ugch xorj baigaag yu gej oilgox be? gemt uildel xiiswn xumuus ni zugeer ybaad baigaag yu gej oilgox be? munguteid ni uilchilj engiin zaluusiig amidralaar ni xoxirooj baixaar neg musun xuuuligui blchmoor um.

arrow icon