Нийтлэл 09 сарын 05, 2018

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй Монголын нийгэм

Хүн бүрт өөр өөрийн гэсэн  хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Зарим нэг нь дэлхийд алдараа дуурсгасан  дуучин, тамирчин,  бүжигчин  аль эсвэл инженер, багш болно  гэх мэт харилцан адилгүй зорилгынхоо төлөө тэд өнөөдөр зогсолтгүй  тэмцэнэ. Харин зарим нэг нь зүгээр л эрх чөлөөтэй алхаж бусдад өрөвдүүлэхгүй амьдрахыг хүснэ.  Нэг л өдөр  анхаарал болгоомжгүй хүний үйлдэл, мөн өөрийн санамсаргүй алдаанаас болж хоромын төдийд л хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг гашуун нэрний эзэд болж, мөн  хүсэл тэмүүлийн гал нь бөхсөн иргэд Монголд цөөнгүй байна.

Саяхан л үеийнхэн дундаа авьяас, мэдлэг ухаанаараа манлайлан инээд хөөрөөр бялхаж явсан салбар салбарынхан, мөн бяцхан үрс   өнөөдөр харин бусдын өрөвдөж хөөрхийлөх харцнаас зугтан амьдарч байна. Энэ зовлон дэлхийн бүх улс орны иргэдийг  ялгалгүй тохиох ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ардыг  ойлгох ухаан зөвхөн Монголд л дутмаг байна. Учир нь гадны өндөр хөгжилтэй оронд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь энгийн иргэдтэй  адил боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөн хангалуун амьдралтай хөл залгуулан явах юм.

Гэтэл Монгол улсад амьдарч буй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь сурч боловсрох нөхцөл байдаггүйн улмаас боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж, мөн ядуурлын ирмэгт ирээд байна. Бид уг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний айл өрхийн хаалганы наадах зүйлийг  харж чадах ч цаана нь юу болж өрнөж  байгааг харж мэдэхгүй. Энэхүү хаалганы цаана хичнээн залуус сурч боловсрохыг  хүсч,  тэдний ард хичнээн асран хамгаалагчид шаналан байгааг  таашгүй. Мөн  хүсэл сэтгэлтэй хэдий ч эдийн засгийн боломж тааруу, мөн суралцах орчин бүрдээгүй тул биеэ даан ганцаараа явж чадахгүй гэх мэт ээдрээтэй асуудлуудтай тэд нүүр тулаад байна.

Манайхаас өөр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох эрхийг  нь төдийлөн дэмждэггүй улс орон ховор. Эх орны ирээдүй бол залуус юм хэмээн яридаг. Энэ үг зөвхөн эрүүл саруул залууст зориулагдаагүй нь тодорхой.  Гэрлийн хурдаар үзэгдэх гэнэтийн аюулд өртсөн эдгээр хүмүүсийн  дунд авьяас, оюун ухаан, сэтгэл зүрх зэргээрээ биднээс хавь илүү иргэд ч цөөнгүй бий. Иймээс  манай улсын эрх баригчид уг асуудлыг анхааралдаа аван бодит ажлыг хэрэгжүүлж чадвал олон хүний нүдэнд итгэл, найдвар, баярын оч цацрах болно. 

 

 

 

Зургийн эх сурвалж : mecss.gov.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon