Нийтлэл 09 сарын 07, 2018

MONNICHI.today: Япон Монголыг холбох дижитал боомт хөгжүүлнэ

Японд суралцаж ажиллаж байсан залуусын төлөөлөл нэгдэн Япон хэл дээрх Монголын бизнес эдийн засгийн платформ бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хоёр улсын хувийн салбарынхан чуулах “MONNICHI TODAY 2019” бизнес форумыг есдүгээр сарын 17-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүлээн авах танхимд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Энэ талаар monnichi.today багийхантай ярилцлаа.

Эхлээд өөрсдийгөө танилцуулна уу?

Б.Болор-Эрдэнэ: Миний хувьд Токиогийн Их Сургууль төгсөөд IT ба менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Зоригоо Хитоцүбаши Их Сургуулийг төгсөөд Доиче, Сити банкиудад хөрөнгө оруулалтаар, Болдмаа мөн Токиогийн Их Сургууль төгсөөд хүний нөөцийн зуучлал гэх мэтээр Японы том 7 гэгддэг сургуулиудыг дүүргэж, бизнесийн зөвлөх ба дэмжих үйлчилгээний салбаруудад ажиллаж байсан онцлогтой мэргэжлийн баг. Одоо Б.Мөнхзул(Токиогийн Их Сургууль) барилгын салбарт Сакура Констракшн  компанийн CEO, Г.Оюун(Осакагийн Их Сургууль) төгсөж ирээд Шоп Монголиаг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа гэх мэтээр тус бүрдээ Монголдоо өөрсдийн бизнесийг эрхэлдэг. Бид түрүү жилээс нэгдэж энэ төсөл дээр ажиллаад энэ намар нээлтээ хийх гэж байна.

MONNICHI.today төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

Б.Болор-Эрдэнэ:  Манай компани JETRO-гийн Улаанбаатар дахь корреспондент буюу албан ёсны оффис төлөөлж байсан юм. Энэ мэт туршлагаас харахад Монгол Японы хамтын ажиллагааны тухайд хоёр зүйл ажиглагддаг. Нэгдүгээрт, монголчуудын хувьд Монголыг өөрсдөө тайлбарлахаас илүүтэй Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт томоохон байгууллагууд Монголыг дандаа гаднаас тайлбарладаг. Гаднын этгээд тайлбарлана гэдэг нь хөндлөнгийн нүдээр объектив харж байгаа давуу талтай боловч нөгөө талаар бусдад өөрсдийгөө бүрэн гүйцэд зөв ойлгуулж чадахгүй асуудал гарч ирдэг. Д.Бум-Очир доктор “Жишээ нь яагаад монгол хүний гол усаа хайрлах сэтгэлийг “байгалийн национализм” гэсэн түлхүүр үгээр илэрхийлж байна вэ? Энэ нь биднийг хэрхэн ойлгох, бидэнтэй хэрхэн харилцахад эргээд нөлөөлнө” гэж ярьж байсантай санал нэг байна. Энэ нь академик түвшинд бид өөрсдийгөө судлах, илэрхийлэх ажил бага хийгдэж байгаагийн шинж. Бизнес ч ялгаагүй, одоо монголчууд өөрсдөө Монголыг олон улсад олон улсын хэлээр нь ойлгуулах цаг нь болсон. Бидэнд боловсон хүчин нь байгаа.  Хоёрдугаарт түрүүн хэлсэнчлэн биднийг гаднаас харж тайлбарлаад байгаа учраас маш энгийн юмнуудыг ойлгоогүй байдгийг бид мэддэггүй. Тэгэхээр манай багийн хувьд хэлийг нь сураад туршлага хуримтлуулаад цаад талаа ойлгодог болоод ирсэн юм бол цаад талдаа ойлгомжтой хэлээр эдийн засаг бизнесийнхээ талаар өөрсдөө мэдээлэл өгье, өгөхдөө нөгөө талдаа манай юу нь ойлгомжгүй байгааг бодолцъё. Манайд ийм бүтээгдэхүүн байна, ийм компани, төсөл, боломж байна мөн ийм саад бэрхшээл байна гэдгийг бодитоор ярья гэсэн зорилго тавьж төслөө эхлүүлсэн.

А.Зориг: Хэрэглэгчид monnichi.today хаягаар ороод танилцах боломжтой, нэгдүгээрт Монголын тухай олон улсад гарч байгаа бүх мэдээг автоматаар шүүж нэг цонхноос унших боломжтой, хоёрдугаарт манай багийн нийтлэх анализ, нийтлэлүүд, гуравдугаарт манайд ямар бизнес, төсөл, бүтээгдэхүүн байна гэдгийг танилцуулах хэсэг. Япончууд зөвхөн ашиг, эд бараа гэхээс илүү цаад харилцагчаа харж “хүн” төвтэй бизнес хийдэг учраас бид ч танилцуулах төсөл, бизнесээ сонгохдоо тэр хэмжээнд шалгуур тавина.

Х.Болдмаа: Монгол Япон хоёр улсын албан харилцаа ч, иргэдийн соёлын харилцаа ч харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Маш их арга хэмжээ болдог. Гэхдээ аливаа арга хэмжээгээр солилцсон мэдээлэл тухайн зааландаа үлдчихдэг. Архив үүсэхгүй,  аливаа арга хэмжээгээр үүссэн боломжийг үргэлжлүүлээд дэмжээд явах систем үүсэхгүй байна гэж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд залуу хүмүүсийн хувьд дэлхий дахин технологиор, соошил медиагаар холбогдож байгаа энэ цаг үеийн давуу талыг ашиглаад  Монголын эдийн засагтаа дижитал датабэис үүсгэе, өөрсдийнх нь хэлээр ярь, тэндээс үүссэн ямар нэг харилцаа хөгжлийг суппорт хийдэг баг байя гэж зорьж байгаа.

Г.Оюун:  Монгол компанийг Япончуудад, Япон компанийг Монголчуудад танилцуулах хөтөч байх, хоёр талын хамтын ажиллагааг дэмждэг схем үүсгэхийн тулд бид дэд бүтцийнхээ зураглал дээр нэлээд ажилласан. Япон хөрөнгө оруулагчдаасаа санал авсан. Жил шахам ажиллаж байж энэ төсөл босож ирж байна. Энэ төслөө Улаанбаатарт болон Монгол Японыхоо дунд байдаг харилцагчдад танилцуулах үүднээс есдүгээр сарын 17-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүлээн авах танхимд Монгол Японы бизнес форумыг зохион байгуулах гэж байна.

Форумаар ямар зорилго тавьж байгаа вэ?

А.Зориг: Форум, төсөл хоёр маань ерөнхийдөө нэг зорилгын дор явна. Форумаар дамжуулаад хоёр улсын харилцаагаа дараа үе гэгдэх бидний залуучууд хэрхэн авч явах алсын хараагаа тогтоож авах нь гол. Мэдээж  өөрсдийн дэд бүтцээ танилцуулахаас гадна нэгэнт өртөг цаг гаргаад япон хэлээр үүсгэсэн мэдээллийг Япондоо бас ямар сувгуудаар тараах боломжтойг танилцуулж, мэдээллийн урсгалын сүлжээ үүсгэх зорилготой. Япон Монголын дунд мэдээллийн метро байна гээд төсөөлбөл ойр тусч магадгүй. Манай орны үзэсгэлэнт байгаль, сумо бөхчүүдийн нөлөө гээд соёлын харилцаа маань сайн хөгжөөд явж байна. Тэндэхийн медиа ч илүү энэ талаас үзүүлдэг. Нөгөө талаар орчин үеийн нийгэм эдийн засаг гэдгээ ч таниулах хэрэгтэй.  

 

Б.Болор-Эрдэнэ:  Бид 1990-ээд  оны үед картын бараанд орж хүнд хэцүү шилжилтийн үеийг туулсан. Японы ард түмнээс хуурай сүү хүртэл тусламжаар авч байсныг хүмүүс санаж байгаа байх аа. Японы ард түмэн манай улсын хувьд хамгийн том туслагч түнш байсаар ирсэн. Одоо  ч манай компанийн түнш харилцагч  буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль барих ажилдаа ороод байна. Цаашид ч тодорхой хэмжээнд тусламж авах, заалгах энэ харилцаа үргэлжлэх нь мэдээж хэрэг.  Гэхдээ шинэ үе, залуу үеийн хувьд тусламж мөнгө гуйгаад байх биш хорин нэгдүгээр зууны өсөлттэй зах зээл, энэ тэнцүү бизнес партнерын хувьд харилцъя, хамтран ажиллъя гэж Монголын бизнесүүддээ хэлмээр байна.

Б.Мөнхзул: Монголд улстөрийн тогтворгүй байдал гэх мэт системийн эрсдэл байдаг, далайд гарцгүй сул тал байдаг. Гэхдээ Европ ч юм уу Япон ч юм уу хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт нь өсөлтийн дунджаараа манайхыг гүйцэхгүй шүү дээ.  Хэр том жижиг гэх мэт абсолют хэмжээнээс илүүтэй өсөлтийнхөө хурдыг авч үзвэл манайх emerging markets буюу өсч яваа залуу зах зээл. 2011 оны үеэр олон улсад “од” болж мандаж ч үзсэн, хэсэг унасан ч одоо түүхий эдийн зах зээл сэргэмэгц буцаад өсөж байна. Өөрсдөдөө итгээд Монголд байгаа боломж, нөөцөө илэрхийлэх, итгэл үзүүлсэн бол дааж чадах юм бол боломж зөндөө бий.

Та бүхэн энэ арга хэмжээнээсээ ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ?

Б.Болор-Эрдэнэ: Зах зээлийн хөгжлийн хувьд Япончууд биднээс ахмад үндэстэн. Олон мянга, олон зуун жилийн өмнөөс газар тариалан, гар урлал хөгжиж ирсэн суурьтай. Тэгэхээр ахмад ба залуу зах зээлийн ялгаа юу байдаг вэ гэхээр  залуу зах зээл нь бизнесийг шууд мөнгө гэж хардаг. Нөгөө тал нь бол түүнээс илүү хандлагыг чухалчлах, хэнтэй харилцахаа шинжих, аливааг хүний төлөө хийх зэргээр илүү хөгжсөн бизнесийн философитой. Шууд мөнгө гэсэн хандлагаар бид япончуудыг их үргээж ирсэн. Япон хүн харахаараа  баян гэж боддог. Бушуухан нэг хөрөнгө оруулалт татах юмсан гэж боддог. Гэхдээ бизнес бол ерөнхийдөө нийгмийн ач холбогдолтой, үнэ цэнэ бүтээх процессыг хэлж байгаа юм. Энэ үнэ цэнэтэй процесс чинь өөрөө хамтын ажиллагаа, итгэлцэл зэрэг мөнгөн бус хөрсөн дээр урт хугацаанд ургаж байдаг том мод шиг л зүйл. Тэгэхээр бид  энэ форумаар учиргүй цэцэглүүлээд, мөөг ургуулаад тэр өдрөө хөрөнгө оруулалтын гэрээ зурахыг хүлээгээгүй. Мэдээж тийм байвал сайн. Хамгийн гол нь Монголын одоо үеийн бизнесүүд хэр хөгжиж байгаагаа харж, цаашид потенциалтай бизнесүүдээ урт хугацаанд дэмжээд явах итгэлцэл, боломж үүсгэхийг зорьж байна. Тэр өдрөө Япон талаасаа үнэгүй зөвлөх үйлчилгээ авах эрхийн уралдаан хөтөлбөрт багтаж байгаа.

Монгол болон Японы экспорт импорт ямар түвшинд байгаа вэ?

А.Зориг: Монгол Японы “ЕPA” зурагдаад бараг л хоёр жил болж байна. “ЕPA” гэдэг нь ерөнхийдөө чөлөөт худалдааны системийг хэлж байгаа юм. Чамд юу байна түүнийгээ аль болох саадгүй зар, надад юу байна би түүнийгээ чамд элдэв саадгүй зарна. Бодит байдал дээр хэн илүү сайныг, хүнд хэрэгтэйг үйлдвэрлэж байгаа нөгөө талдаа зарах нь мэдээж хэрэг. Энэ хугацаанд  нөгөө талаасаа импорт өсөх хандлагатай, харин манай экспорт зогсонги хандлагатай байна. 2015 онд 20 сая орчим байсан экспорт 2017 онд 14 саятай гарсан байна. Системийн боломж үүсээд байхад ахиц гарахгүй байгаа энэ шалтгааныг бид өөрсдөөсөө хайж байж боломжоо бүрэн ашиглана. Тэгэхээр би бизнес эрхлэгчдэдээ нэг юм хэлмээр байгаа юм: “Чанар” бол хамгийн гол тариф. Бид Япон шиг хөгжсөн эдийн засаг бүхий оронтой даруу харилцаж, суралцаж хөгжүүлж байж хамтрагч болно. Гэхдээ бүр боломжгүй гэж бууж өгч болохгүй. Тэртээ тэргүй авахгүй, боломжгүй гэж бүү бод. Нэг хувийн магадлал байсан ч бооцоо тавих хэрэгтэй. Бид энэ форумаар тэр нэг хувийн боломжийг өгөх гэж ажиллаж байна.

Танай багийн цаашдын зорилго юу вэ?

Г.Оюун: Ерөнхийдөө  нэг өрөөг Монголын эдийн засаг гэж үзвэл татаад ордог нэг хаалга нь, шагайгаад хардаг нэг цонх нь байхыг хүсэж байна. Энэ бол том зорилт. Том зорилтыг нэг баг өмчлөөд өндөг дарж байгаа юм шиг дараад байх шаардлагагүй. Бусад залууст ч нээлттэй. Ялангуяа Японд төгссөн залууст. Японд төгсөгчид маань чадварлаг, зөв хандлагатай том арми боловч толгой даагаад ажиллаад явдаг, эсвэл оюутны байгууллагын хэмжээнд байгаа нь бодит байдал. Бидний хувьд эхлүүлж байна.  Цаашдаа залуус бүс нутагтаа Монгол улсаа танилцуулж ажиллаасай гэж хүсэж байна.

Бизнес эрхлэгчид форумд бүртгүүлэхийн тул яах  ёстой вэ?

Б.Мөнхзул: Тус арга хэмжээ нь мэргэжлийн япон хэлээр явагдана.  Японд төгсөж ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн зөвлөхүүд монгол компаниудын илтгэл, материалыг япон хэлээр бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллана. Форумд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгч, компаниуд  хүсэлтээ  https://www.monnichi.today/forum  хаягаар ирүүлээрэй.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon