Нийтлэл 09 сарын 10, 2018

НИЙГЭМ: Улсын хэмжээнд 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялаа

Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх багш нарын суулт жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа аж.

Түүнчлэн цуглаанд оролцогчид болон Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажил хаялтыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хугацаагүй ажил хаялтанд төв, орон нутгийн 130 гаруй сургууль цэцэрлэг оролцож байна. Бид цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд дараах шаардлагыг хүргүүлээд байгаа. Үүнд:

2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсдын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

Ажил хаялтад оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.

Уг шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon