Өнгөрч одсон амьдралынхаа талаар эргэцүүлэн бодож дурсамжийн их цөл дундуур тэнүүчлээгүй зохиолч байдаггүй болов уу. Өнгөрсний тухай боддог, дурсамжийнхаа цөлд хэрхэн тарчилж, шаналсанаа бичсэн зохиолчдын бүтээлүүд “сонгодог” гэх ангилалд зүй ёсоор багтаад байдаг. Үүнийг олон баримтаар нотолж болно. Даанч дэндүү олон зүйлийг нурших шаардлагатай болох учир уншигч таныг чилээхгүйн үүднээс энэ сэдвийг орхиё.
Дурсамж нэг бол хүйтэн, эсвэл халуун, гэрэл цацруулсан цагаан тагтаа, нэг бол сүүдрээс нь гарах аргагүй аварга том тас шувууны дүрээр биежин үзэгддэг.
Эцэстээ эх адаггүй хүйтэн туйл, халуун цөл болж хувирна.
Ч.Баатарын орчуулсан Орос гаралтай Америкийн алдарт зохиолч Владимир Набоковын “Профессор Пнин” романыг уншиж дууссаны дараа ийм нэгэн эмх замбараагүй, эрээвэр хураавар зүйлсийн цуглуулга шиг хачин бодолд автах болов. Гэвч уг роман бол эмх замбараагүй гоёмсог үгсийн цуглуулга огтхон ч биш! Уран зохиолын төгс хэв маяг гэж юу болохыг эл роман бүрнээ төлөөлж чадна.
Дайны дараа үед бичсэн “Лолита” зохиолоороо шуугиан дэгдээж, хоромхон зуурт нэр алдар нь дэлхий даяар цуурайтах болсон эл алдарт эрхмийн өөрийнх нь зан чанар, иргэншил, аж төрөхүй нь зохиолын гол баатар болох профессор Пнины дүрээр илрэн гарчээ. Ихэнх судлаачид Набоковыг зохиол бүтээлээ өөрийн хувийн амьдралаас санаа сэдэл авч бичдэг байсан хэмээн дүгнэсэн буй. Тиймээс гярхай уншигчид “Профессор Пнин”-ыг уншаад Набоковын амьдралын олон нууцыг дэлгэж чадна.
Пнин бол хэт ёсорхуу зантай, байнга эвгүй нөхцөл байдалд ордог, өөрийнхөө талаар болон алдартай лекцүүдээ дахин дүгнэж, алдааг нь засч, бусадтай ажил мэргэжлийнхээ талаар огтхон ч ярьдаггүй. Түүнд авууштай чанар, анхаарах ёстой үйл хөдлөл маш олон.
Набоков эл романыг учир битүүлэг байдалтай болгохын тулд ийнхүү нууцлагдмал боловч хэн бүхэнд ил, эгэл жирийн бүтэлгүй баатрыг сонгосон биз.
Романы эхний бүлгээс авахуулаад л толгой эргэм өгүүлбэрүүдийн нийлэгжилт хуудсаас хуудас дамжин хөврөнө. Романд гарах бүх дүрүүд өөр өөрийн онцлог шинжтэй. Ганц хоромд /ганцхан өгүүлбэрт/ Пнины дурсамж, романы үйл явцад амилах дүрүүд ч олон бий. Нэгээхэн агшинд биежсэн уг дүрүүд дараагийн үйл явдлуудад огтхон ч дурдагдахгүйгээр үл барам ор мөргүй алга болно. Харин Пнины дүрийг хошигнож, егөөдсөн хэлбэрээр бүтээсэн нь гол баатрын давтагдашгүй шинж чанарыг илтгэсэн хэрэг юм. Яг үүн дээр тулгуурлаад уншигчид эл бүтээлийг хошин аястай гэж эндүүрэх нь бий. Үнэндээ бол гол дүрийн өвгөн профсессорын уй гашууг хэн ч анзаардаггүй.
“Хөөрхий Пнин хамгийн дээд гишгүүрээс ар нуруугаараа гулсан буужээ. Тэгээд нүдээ эргэлдүүлэн ийш тийш харж хором хэртэй тэндээ хэвтэв. Босоход нь тусалцгаалаа. Ямар ч гэсэн яс нь бүтэн үлджээ. Пнин инээмсэглэснээ,"- Толстойн нэг сайхан өгүүллэгт гардаг шиг л юм боллоо. Виктор, та түүнийг заавал уншаарай. Унаснаасаа болж бөөрний хавдартай болсон Иван Ильич Головиний тухай тэнд өгүүлдэг юм.”
Уншигчид энэхүү үйл явдлаас Пнины инээмсэглэсэн царай, Толстойн өгүүллэгийн талаар ярьж байгааг нь л анзаарч хардаг. Харин хөөрхий Пнинийг хором хэртэй нүдээ эргэлдүүлэн хэвтэж асныг хэн ч тоодоггүй. Басхүү Толстойн “Иван Ильичийн үхэл”романыг сонгож авсан нь учиртай. Набоков уг романд хошигносон өнгө аяс шингээсэн боловч Пнины дүрийг уйтгар гунигаасаа болж юу ч хийх хүсэлгүй болсон өвгөний дүрээр зохиомжилсон юм. /Гэхдээ тавь гаруй настай гэдгийг нь бодолцож үзэх хэрэгтэй/
Нэгдүгээр бүлгээс эхлээд л пнинд гэрэл гэгээтэй сайхан зүйл нэг ч тохиолддоггүй.
Пнин Кремонд очиж лекц унших ёстой байсан боловч өөр галт тэргэнд сууж явна. Үүнийгээ мэдээд Кремон орох өөр галт тэргэнд амжиж суух боломжтойг мэдсэн ч уушийн газар орохоор явсан хойгуур чемоданыг нь харгалзан үлдсэн бүртгэгч залуу жирэмсэн эхнэр нь өвдсөн тул яаравчлан оджээ. Хөөрхий Пнин яах ч аргагүйд хүрнэ.
Ингээд эмх замбараагүй бодлууд хөвөрч Набоковын зохиомжилсон толгой эргэм өрөөнд уншигчид орно. “Тусгаарлалт бол амьдралын нэн чухал олон шинжийн нэг мөн гэдгийг урьд нь хэн нэгэн хүн анзаарч тэмдэглэж байсан эсэхийг би мэдэхгүй. Бие гадуураа арьсгүй аваас үхнэ” гэх Пнинийг дурсагч, эл түүхийг өгүүлэгч эрийн номлолууд угтана. “Бие гадуураа арьсгүй аваас үхнэ” хэмээснээр Пнин дурсамжаар тэтгэгдэн амьдарч буйг илэрхийлэх агаад цаашид өрнөх үйл явдлуудтай энэхүү өгүүлбэрийн утга санааг илтгэн харуулсан юм. Харин хамгийн хачирхалтай нь тэр лекц унших газар руугаа буруу галт тэргэнд суун зочилж явсан нь романы зохиомжийг сонирхолтой болгож өгснийг доор дурдах болно.
Хоёдугаар бүлэгт Пнин Франкфуртын нэгэн өвгөнтэй шатар тоглоод хожигдоно. Түүний нэрийг Эрик Винд гэдэг билээ. Пнин хожигдсондоо урамгүйхэн босоод цааш алхах үед Винд араас нь очиж юм уухыг санал болгоход царай нь зэвхийсэн Пнин татгалзана. Гэвч тэр хоёрын ярианы цаана Лиза гэх эмэгтэй нуугдаж байсан нь Винд, Пнинтэй гурав дахь харилцан яриа өрнүүлэх явцад ил болдог. Лиза бол Пниний хуучин эхнэр бөгөөд амь насаа ч зориулахад бэлэн байсан хайртай бүсгүй нь профессорыг орхиж явсан юм. Гэвч шүлэг бичдэг Лиза гэх бүсгүй гэнэт л гарч ирээд оюутан болсон хүүдээ ээжээс нь өгч байгаа мэтээр мөнгө явуулж байгаач гэж гуйна. Манай өрөвч сэтгэлтэй баатар зөвшөөрнө. Гэвч Пнинийг аз жаргалтай болгож буй энэ үйлдэл өөрийг нь хамгаас хүнд байдалд оруулж орхидог.
Гуравдугаар бүлэгт халзан толгойтой, бүдүүн нүсэр биетэй Пниний сэтгэлд нийцэх зүйлс олдохоо больсныг бид мэдэх болно.
“Далай тэнгисийг асга, моддыг тайр Сайн сайханд дахиад юу ч хүрэхгүй” (У.Х.Оден) /орч. Г.Лхагвадулам/
Дээрх шүлэгтэй адилаар түүний сэтгэлд сайхан, гоё ганган зүйлс ч сайхан санагдахаас өнгөрчээ. Басхүү нэг жигтэй хэрэг болсон нь номтой холбоотой. Номын захиалга авдаг хатагтай Файертэй Пнин уулзана. “-Хатагтай Файер, танаас нэг юм асуухыг минь зөвшөөрнө үү. Өчигдөр миний хүлээж авсан ил захидал энэ байна. Тэр нөгөө уншигч гэдэг нь хэн болохыг та надад хэлж өгч болохсон болов уу? –Одоохон үзээдхэе. Хатагтай шалгалаа. Өөр уншигч гэдэг нь Тимофей Пнин юмсанж. Үнэхээр тэр өнгөрсөн Баасан гаригт 18-р ботийг захиалсан болж таарав Гэтэл тэр боть нь Христийн мэндэлсний баяраас хойш өөр дээр нь хадгалагдаж байгаа шүү дээ” хэмээн Пнин дуу алдаж хатагтай Файертэй 19 дүгээр ботийг захиалсан хэмээн зөрчилдөх авч “18 дугаар боть” хэмээн өөрийнх нь бичсэнийг захиалга авагч хатагтай үзүүлнэ.
19 дүгээр боть одоогоор боловсруулалтанд байгаа аж. Тэгэхлээр яалт ч үгүй манай гол баатрын буруу болж байгаа юм. Харин Пнин үүнийгээ хэрхэв ч зөвшөөрдөггүй. Тэрээр ийн будилж явахдаа эзгүй хоосонд тэнүүчлэх шиг өнгөрсөн дурсамжиндаа л хөвсөөр байна.
Дөрөвдүгээр бүлэгт Пнин өөрийг нь орхиж одсон хуучин эхнэрийнхээ хүүд бэлэг авна. Гэвч хүү Виктор хоногоор хоцрох болсноо зурвасаар мэдэгдсэн байдаг. Хүү ирсэн ч Пнинд баяр хөөртэй зүйл тохиолдсонгүй. Пнины шатнаас унаж буйг дээр өгүүлсэн билээ. Тэрхүү үзэгдэл энэ бүлэгт гардаг юм. Нуруу нь өвдөж шаналсан Пнин шөнөжин зүүдэлж, эвтэйхэн хэвтэж амрахыг хичээнэ. “Удалгүй бүгд унтацгаажээ. Үүрийн сэвэлзүүр салхи гэрэл цацруулан тунасан их усыг бидэртүүлж, дотор нь туссан утасны шугамуудыг тэр гэхийн тэмдэггүй тахиралдсан хар зураасууд болгон хувиргаж буй эл хуль гудамжуудыг хэн ч хараагүй нь харамсалтай” гэсэн өгүүлбэрээр уг бүлэг төгсдөг. Утасны шугамууд усанд тусч тэр гэхийн тэмдэггүй хачин дүрс үүсгэж байгаа нь дараагийн бүлэгт өгүүлэгдэх гашуудалт зүйлсийн эхлэл болж өгөх бөгөөд дэндүү нуршсан гэмээр дүрүүдийн зарим үйл хөдлөлүүдийг маш нарийн анхаарч уншихгүй л бол Пнины тухай юу ч мэдэж чадахгүй.
Тавдугаар бүлэгт төсөөлөлдөө жолооддог машинаа замаар унаж яваа машинтайгаа огтхон ч холбож чаддаггүй Вейнделийн Их сургуулийн профессор Тимофей Пнин Эттрикийн орчим дахь ган гүүр, Куковын дэргэдэх модон гүүр болон богинохон гол гурваар хашигдсан ой модот тэгш тал дундуур өнгө үзэмж нь тааруухан “Седан” маркийн машинтай хурдалж явна. Пнин явсаар төөрч их төв зам руу буцаж орох чадваргүй болно. Яг л энд Набоковын илбэ эхэлж уншигчид ч мөн Пнинтэй хамт төөрч орхидог. Пнин явсаар харуулын цамхаг дээр гарвал өөрийнх нь явсан замууд дөрөвдүгээр бүлгийн төгсгөлд утасны шугамнууд усанд тусан эвгүй дүрснүүд үүсгэсэн байсан шиг хачин хээ угалз болон үзэгдэнэ. Гагцхүү тус довцог дээр шоргоолжноос өөр амьд амьтан үгүй аж. Пнины бодол санаа хэрхэн тогтворгүйжиж үймэрснийг Набоков шоргоолжны үймэлдэн гүйлдэх хөдөлгөөнүүдээр давхар илэрхийлчихэж байгаа юм.
Эль хуль, нам гүмийн дунд “Гэтэл гэнэтхэн буун дуу тасхийж, модны мөчир тэнгэр өөд сэрсхийн үсрэв.” Энэ нь удахгүй ой модод, тэгшхэн тал хөндий Пниний төсөөлөлд сүйт бүсгүй нь амиа алдсан Германы хорих лагерь, харанхуй ойгоор солигдох мөчийн өмнөх Набоковын илбэ юм.
Зургаадугаар бүлэг Пнины ажлын өдрүүд ирж буйгаар эхэлнэ. 1954 оны намар. Вэйнделийн их сургуулийн хичээлийн жил эхэлж байна. Пнин энэ бүлэгт өөртөө тохирох боломжийн сайхан сууцтай болж найз нөхдөө гэртээ зочлохыг урина. Энэ үеэр л Пнин их сургуулийн ажлаа орхихоос өөр аргагүй байдалд орсноо мэдэж авна. Доктор Гаген түүнд “…Мэдээж хэрэг Бодо таныг герман хэлний тэнхимд үлдээхгүй гэдгийг би мэднэ, тиймээс миний хийсэн хамгийн түрүүчийн алхам бол таныг бас тэнд авахыг санал болгох явдал байсан ч харамсалтай нь Сибордод тэртэй тэргүй хангалттай олон славян судлаач ажилладаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Блоренжтэй ярьж үзсэн боловч манай франц хэлний тэнхим хүнээр хахчихаад байгаа. Энэ бол тун тааруу хэрэг, яагаад гэвэл оюутнуудын анхаарал сонирхолыг татахаа нэгэнт больсон орос хэлний хоёр гурван дамжаа хичээллүүлсний төлөө танд мөнгө төлнө гэдэг санхүүгийн хувьд дэндүү хүнд дарамт болно гэдгийг Вэйнделийн захиргаа мэдэж байгаа.”
Гэвч Гаген хуучин анд чинь таныг харж үзэх байх хэмээн сануулах ч Пнин тэр хүний удирдлагад ажиллахгүй гэдгээ хэлнэ. Зочид тарсны дараа хоолны үлдэгдлийг нохойд хаяж өгөхөөр боссон Пнин “Хүний зовлон нохойг баярлуулахаас татгалзах шалтгаан болох ёсгүй шүү дээ” гэж дотроо хэлнэ. Тэр маш их харамсч байгаа нь илт. Набоковын толгой эргүүлэм, шууд орж ирэх цавчилт маягийн эл өгүүлбэрүүдээр тэр дүрийнхээ зан чанар, өгүүлэгдэж буй зүйлсийн утгыг тодорхойлоод байгаа юм. Хүний зовлон нохойг баярлуулахаас татгалзаж болохгүй гэсэн нь хуучин анд нь түүнийг ажилд нь авч үлдэж болох ч дэндүү эрсдэлтэй бөгөөд ямарч нөхцөлд ажлаасаа хөөгдөж мэдэхээр тийм үүр лүү Пнин явж орохгүй гэдгээ ухамсарлаж байгааг л илтгэсэн хэрэг.
Эцэст нь Пнин ганцаар аяга тавгаа угааж, цэвэрлэж дууссаны дараа гал зуухны өрөөн дэх ширээний ард суун хямдхан шар цаасан дээр захиа бичиж эхэлнэ. Ингээд л романы үйл явдал эцэслэсэн гэхэд болно. Уншигчдад нэг их гойд сэтгэгдэл төрүүлэхгүй байж мэдэх хэдий ч “хямдхан шар цаас” нь хөөрхий профессорын захиандаа сийрүүлэх гунигтай үгсийг төлөөлж байна.
Үүний дараагаар долоодугаар буюу төгсгөлийн бүлэг эхэлнэ. Ерөнхийдөө романы бүхий л үйл явдлыг эхнээс нь өгүүлсэн хэлбэрээр уг бүлэг бичигдсэн юм. Романыг бичиглэгчийн зүүн нүдэнд үртэс орсноос болоод л Пнины тухай тэр өгүүлэхээр болсон гэнэ. Тэгээд басхүү энэ үйл явдал нь Петербургийн цэлмэг нэгэн өглөө болсон гэж байгаа. Мөнхүү Пнины хайрт амраг Лиза болон бүсгүйн зохиосон шүлгүүдийн амт шимт энэ бүлэгт гарна. Эцэстээ явсаар үйл явдал тавдугаар бүлэг рүү аажмаар гулсан орно. Пнин өнөөх хуучин “Седан” маркийн машинтайгаа хаа нэг тийш давхин одож буйгаар уг роман өндөрлөдөг.
“Харин одоо Пнин, Кремоны хатагтай нарын клубт үг хэлэхээр индэр дээр гарсан хойноо буруу лекцээ аваад гарснаа мэдсэн талаар би та нарт ярьж өгье гэж тэр хэллээ.”
Уншигчдын хүсээгүй төгсгөл байж болох ч зохиол эргээд л эхэлж байна. “…та нарт ярьж өгье” гэдэг бол төгсгөл биш шүү дээ.
Роман дахиад эхний цэг дээрээ ирчихэж байгаа юм. Нэг ёсондоо Набоковын илбийн тойрог энд битүүрч байна. Зохиолын эхлэлд Пнин лекц тавих газраа очихоор явахдаа буруу Вагонд суучихсан байдаг бол төгсгөлд нь тэр буруу лекцээ аваад тайзан дээр гарчихжээ.
Судлаач Жон Апдайк, Набоковыг “Түүнээс хойш ийм аугаа сэтгэгч, төсөөлөхүйн чадварын ид шидийг эзэмшсэн зохиолч удтал тодроогүй болов уу даа” гэж тодорхойлсон байдаг. Үйл явдлуудын хоорондох эмх замбараагүй эргэлтүүд нь сэдвээс сэдэв рүү дамжин орох гайхалтай уран чадварыг нь илтгэн харуулдгаар л Набоков жинхэнэ илбэчин болж таараад байгаа юм. Мэдээж тэр өөрийнхөө төсөөлөхүйн чинадад цөлөгдсөн зохиолч бөгөөд тэндээсээ огт санаанд оромгүй явдлуудыг нээж зохиолдоо маш энгийнээр шигтгэж өгдөг. Утга зохиолын цоо шинэ чиглэлийг үүсгэх түүний хүсэл мөрөөдөл, хэлний төгөлдөржилт нь энэ романд зүй ёсоор биелсэн гэж судлаачид дүгнэдэг.
“Хүний зовлон нохойг баярлуулахаас татгалзах шалтгаан болох ёсгүй шүү дээ” гэдэг шиг л өөрийн “би”-г өдөөж, эрээвэр хураавар зүйлсээс эмх цэгцийг олж нээхийн тулд Набоковын гайхалтай бүтээлүүдийг уншихад бүхий л цагаасаа зарцуулна гэхээс татгалзах шалтгаан хэнд ч байхгүйсэн.
Б.Алтанхуяг
Сэтгэгдэл бичих