Нийтлэл 09 сарын 20, 2018

Би аав ээждээ гомддог

Шүдний эмч Э.Билгүүн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр амны сургуулийн тавдугаар дамжааны оюутан байхдаа ийм нэгэн нийтлэл бичиж socialnet.mn сайтын нийтлэлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн нийтлэлийг хүргэж байна.

Би ЭМШУИС-ийн оюутан. Жил бүрийн зуны амралтаа Монгол Улсын хаа нэгтээ дадлага хийж өнгөрөөдөг. Өнгөрсөн зун Улсын клиникийн төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт дадлага хийсэн юм. Энэ үед 19 нас шүргэж яваа, тал эрүүнээсээ хагацсан нэгэн залуу эмчлүүлж байлаа. Түүнтэй ярилцаж байх үеийн байр байдал, ярьсан хэлсэн үгс, сэргэлэн цовоо хурц үг хэллэг гээд бүхий л зүйл нь сэтгэлд одоо хүртэл тодхон санагддаг. Тэрбээр надад өөрийн өвчний шалтгаанаас эхлээд одоо энэ өвчинтэйгөө хэрхэн тэмцэж яваагаа ярьж, энэ өвчний талаар эцэг эхчүүдэд сайтар захиж, ойлгуулж явахыг хүссэн юм. Тиймээс энэхүү нийтлэлээ хүндэт уншигч эцэг, эхчүүдэд зориулан бичиж сууна. Тэр надаас олон зүйлийг асууж, тодруулж байсан ч өөрийн өвчний тухай бараг надаас илүү их мэдээлэл цуглуулсан байлаа. Түүний энэ өвчний шалтгаан ердөө л цоорсон /хорхойтсон/ шүд гэвэл та итгэх үү?

Анх таван настайдаа зуны амралтаа өвөөгийндөө өнгөрөөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон гэнэ. Тухайн үед явахдаа л шүд нь өвдөж уйлж эхэлж. Гэтэл аав, ээж нь аманд нь “баралгин” зуулгаад л хацар дээр нь үнсээд унаанд суулган явуулжээ. Хүүгийн шүдний өвчин намдсангүй. “Баралгин” уусаар, давстай усаар амаа зайлсаар...

Энэ маягаар бүтэн нэг сарыг өнгөрөөжээ. Ингээд хүү өндөр халуурсан учир өвөө нь аймгийн төвийн эмнэлэгт аваачихад эмч нар үг дуугүй хэдэн цоорсон, хар шүдийг нь авчихав. Хүүгийн бие сайжралыг олсонгүй, халуурсаар... Буйл нь том хавдаж эцэст нь амарна гээд очсон хүүгийн бие муудан хотод иржээ.

Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд ирж периостит /ясны хальсны үрэвсэл/ гэсэн оноштойгоор үрэвслийн голомттой хэсгээ нээлгэн идээг гадагшлуулсан байна. Мөн өндөр тунтай антибиотек эмчилгээ хийлгэв. Өвчнөө түр ч болов мартаж бусад хүүхдүүдийн адил гадаа тоглож, аав ээждээ эрхлээд л...

Гэвч ахин халуурч эхэлжээ. Ахин эмнэлэгт очиход хүүгийн онош остеомиелит /ясны үрэвсэл/ гэж тавигдав. Хүү хагалгаанд орж ясаа хусуулсан ч үрэвсэл ясыг идэж зөөлрөн хэврэг болгосон байлаа. Энэ зөөлөрсөн бүх хэсгийг авснаар үрэвсэл зогсох учир түүний ясыг тайржээ. Одоо тэр хүү эрийн цээнд хүрсэн. Тал эрүүний ясгүй тэрбээр үсээ урт ургуулж тэр хэсгээ далдладаг. Өөрөөсөө их ичдэг учраас нийгмээс аль хэдийнэ тусгаарлагдаж найз нөхөдгүй, найз охинтой болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй хэмээн ярьж сууна. Одоо тэрбээр олсон бүх мөнгөө дүү нарыхаа шүдний эрүүл мэндэд зориулан зарцуулж, өдөрт гурван удаа шүдийг нь угаалгадаг гэнэ.

Тэгээд тэр:

Би аав ээждээ гомддог. Миний шүдийг өвдөх тэр үед жаахан анхаараад эмчид очсон бол эрүүтэй болох гэж дахин дахин хагалгаанд орохгүй, найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан

гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

Үүнийг сонсоод хамаг биений шар үс босоод ирэх шиг болж, хэлэх үггүй хэсэг суусан юм. Тэр удахгүй хагалгаанд орно. Түүний хагалгаа амжилттай болж эрүүтэй болоосой.

Түүний бусдад хэлж ойлгуулаарай гэсэн хүсэлтийг өдөр бүр өвчтөнүүддээ тайлбарлан өгч жаахан ч болов тус болж байгаадаа баяртай байдаг юм. Уншигч танд жаахан ч гэсэн зүйл бодогдсон бол хүү, охиноо, дүүгээ хөтлөөд эмнэлэгт нэг очоорой.

/Судалгаанаас үзэхэд энэ өвчлөл жил бүр буурч байгаа ч одоо түүнтэй адил шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч бага насныхан байсаар л байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon