Нийтлэл 09 сарын 23, 2018

Эмэгтэйчүүдийн оролцоо хаана хязгаарлагддаг вэ?

Хүн ямар нэг юмыг туйлын онцгой хэлбэрт нэг харвал ер нь мартдаггүй. Токиод зөвлөх үйлчилгээний салбарт ажилд орох гээд бичгийн шалгалт өгөхөөр очсон өдөр санаанд их тод байдаг юм. Хаалга таттал эртэч япончууд бүгд ирээд надаас бусад нь суудлаа эзэлчихсэн байв. Надаас бусад нь суудлаа эзлэхээс гадна надаас бусад нь бүгд эрэгтэй байсан бөгөөд надаас бусад нь ижилхэн хар костюмтай. Ойрын жилүүдэд хурдтай өөрчлөгдөж байгаа ч зарим талаар “коммунист” маягтай, эрчүүд төвтэй Японы бизнес ертөнцийг туйлын хэлбэрт нь нэгэнтээ харсан нь тэр ээ.

Шалгалт дан эрчүүд байсан нь ажилд орсны дараа ч үргэлжилж багтаа ганцаараа эмэгтэй, зөвлөхөөр очсон компанийн удирдлагууд мөн дан эрчүүд, тэр дундаа ахмад насны эрэгтэйчүүд дунд ажиллах болов. Ганцаараа залуу, эмэгтэй гэхээр давуу эрхтэй юм шиг сонстох ч үнэн хэрэгтээ ганцаардах, нусгайдах гэх мэт амаргүй зүйлс олон гарна. Тэр тухай олныг эс нуршаад гол сэдэвтээ оръё. 
Тийм орчинд ажиллаж байсан хүн Монголд буцаж ирээд нэгд манайх үнэхээр залуу нийгэм гэдгийг, хоёрт эмэгтэйчүүдийн байр суурь шал өөр гэдгийг маш тод мэдэрч билээ. Соёлын шоконд орсон хүн энэ талаар Форбес Монголиад тэмдэглэл хүртэл бичиж байв.

Хаана ч орсон залуус, тэр дундаа эмэгтэй захирал, менежер, удирдлага байна. Ингээд загас усандаа мэт болж амар ажиллах болов. Ялангуяа хүүхэдтэй эмэгтэй карьер хөөх нь хэвийн үзэгдэл байна гэдэг бизнес соёлын маш том дэвшил юм. Энэ бүхэн бидний хувьд мэдээжийн, жирийн зүйл боловч зарим нийгэмд тийм ч мэдээжийн юм биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн зөвхөн миний хувийн туршлага биш бөгөөд ТУЗ-д эзлэх эмэгтэйчүүдийн хувь, гүйцэтгэх захирлуудын хүйсийн харьцаа гэх мэт эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоогоор дэлхийд дээгүүр ордгийг олон улсын жендерийн тухай репортуудаас харж болно.

Гэхдээ цааш хэдэн жил амьдарч үзвэл асуудал бас тийм хялбар, дүр зураг тийм төгөлдөр биш байна. Дунд түвшинд хүчтэй эмэгтэйчүүд улстөр, хууль боловсруулах гэх мэт топ түвшний шийдвэр гаргах ертөнцөд төдийлөн олуул биш байна. Олуулаа бишээр барахгүй цаашид олшрох найдвар ч бага байгааг олж мэдэв. Яагаад? Олон улсын #HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлтээр панелист хийхдээ энэ асуултад өгөх өөрийн хариултаас хуваалцсан юм.

Дунд шатны менежер, бизнесийн удирдлагад харьцангуй ур чадвар буюу hard skill-ээс хамаарч ахидаг бол улстөр, нийгмийн оролцоо зэрэг манлайллын чанартай ажлууд зөвхөн ур чадвараас хамаарахгүй. Ур чадвар, албан боловсролын түвшнээр мөн л эмэгтэйчүүд илүү гарсныг албан тоонуудаас харж болно. Манлайлал бол гүйцэтгэх чанарын ажлуудыг бодвол тухайн хүний амбиц, хүсэл мөрөөдөл зэрэг уян чанарын үзэл хандлагаас ихээхэн хамаарна. Тэгэхээр дунд шатны гүйцэтгэлд сайн хэрнээ топ түвшний өрсөлдөөнд орохгүй байгаа нь эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, оролцоо хийх өөрсдийнх нь шийдвэрээс хэсэгчлэн хамаарч байх магадлалтай.

Ажиглаад байхад феминизмд хандах зарим монголчуудын хандлага ихээхэн сонирхолтой. Бараг л террордуулах гэж байгаа юм шиг бөөн эсэргүүцэл. Нөгөө хүйсээ дарах, үгүйсгэх изм гэж ойлгоод байх шиг. Нэг хүйсийн дарангуйллыг эсэргүүцэх хэрнээ нөгөө хүйсийг дарангуйлах тухай ойлголт угаасаа утгагүй. Гэхдээ дээр дурдсан шиг ур чадварын хувьд ижил түвшинд ирсэн хэрнээ нийгэмд хүлээх үүрэг, манлайллын хувьд дарж тоглоод байх нь бас утгагүй. Өөрсдөө ур чадвартаа дүйцэх хэмжээнд оролцоо хийж, манлайлахгүй хэрнээ хуулинд зөвхөн хүйсээр дөрөөлсөн квот оруулж ирэх нь мөн л жамыг гажуудуулна. Анхан шатнаасаа авахуулаад өрсөлдөх сонголт, хүсэл эрмэлзэлгүй эмэгтэй хүйсийг 30 хувь гэхчлэн өндөр хувиар өөд татмагц өнөөдүүл нь чуулганы танхимд өвөл болохоор хүйтэн болдог гэх ухааны юм яриад, өнчин ядуу нялхсын зургаар ултсөр хийгээд явж байх жишээтэй байна.

Тэгээд тэнд сууж байх чадалтай, чадвартай нь өөрсдөө хаана явна? Хаачсан нь мэдэгдэхгүй байгаад олон зүйл нөлөөлж байж таараа ч ажиглаад байхад манай соёлын орчин нэг шалтгаан нь байж мэдэх. Young Women’s for Change клубээс гаргасан энэ видеод маш сонирхолтой баримтууд дурдсан байх ба телевизийн сурталчилгаанд гарч байгаа эмэгтэйчүүдийн дүр гэхэд 70 хувь нь нэгд залуу гоо сайхан байх, хоёрт гэр ахуйн орчинд дүрслэгдэж байна. Савангийн бөмбөлөг нисээд л залуу сайхан эхнэр бөөн баяр инээмсэглээд л, есийн тос тэврээд л дуулаад л хаха. Эрэгтэйчүүд нь бол костюм өмсөөд л, карьер хөөгөөд л, сүр сүр дэлхий ертөнцийг аварч байгаа дайн байлдааны фронтод алхаад л. Их сонирхолтой. Медиагаар гэр ахуйд, зүс царай бие эрхтний гоо сайхан талаас дүрслээд байгаа ч эмэгтэйчүүд бодит байдал дээр бизнесийн фронтод ажлын голыг нугалаад байдаг. Дунд насны, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн дүр медиад сох дутаж байгаа нь эмэгтэйчүүдийн өөрийгөө үзэх self-awareness буюу үүрэг ролийн ухамсарт гажуудал үүсгэж байж болох юм. Түүний зэрэгцээ манай утга зохиол, ардын хэлц зэрэг соёлын ахуй ч бодит байдлын ард хоцрогдсон хэрнээ оюунсанаанд нөлөөтэй хэвээр. Эмэгтэй хүнийг ухаан зартал бүү зовоо гэх буюу эмэгтэй хүн бол цэцэг, эр хүн услахгүй бол илжиг ирээд идчихдэг гэх маягийн нэг сонсохнээ нэг их уран цэцэн хайр халамж мэт(өгөөмөр сексизм) ч нөгөө талаар ялгавар үзсэн онч үг, онигоо, явган шог шалихгүй юм шиг хэрнээ бидний сэтгэлгээ, хандлагыг хамгийн тод томруун тусган харуулж эргээд залуу үе, эмэгтэйчүүдийнхээ ертөнцийг үзэх үзэл, амьдралын сонголтыг хэлбэршүүлж байдаг.

Юм бүхэн үнэтэй. Хоцрогдол бүр их өртөгтэй. Эмэгтэйчүүд гэдэг нийгмийн нэг тал том нөөц, зөвхөн соёлын болон өөрсдийгөө үзэх үзэл зэрэг сэтгэлгээний хоцрогдлоос потенциалаа бүрэн гаргахгүй байна гэдэг нийгмийн гарзтай. Жишээ нь засгийн газрын талаас дээш хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа Исланд зэрэг орнуудыг нийгмийн капиталаа тултал нь ашиглаж байна гэж харж болно. Энэ тухайд бусад улсууд, манай улс ч ойрын жилүүдэд ач холбогдол өгч хувийн компаниуд гэхэд ТУЗ дахь эмэгтэйчүүдийн хувийг нэмэх, улстөрийн квотыг нэмэх зэргээр хүчин чармайлт гаргаж байгаа ч хараахан хангалтгүй.

Уламжлалт дүр, соёлыг шинэчлэхэд төр дангаараа хүчрэхгүй. Эрэгтэйчүүдийн дэмжлэг, төрийн бус байгууллагууд, мөн хайрцагны гадна нэгэнт гарсан эмэгтэйчүүд салхи зүсч өгнө. Эмэгтэйчүүд нэг нэгийгээ дэмжих, дараа үеийн залууст хамтын нөлөөлөл үзүүлэх нь мэдээж маш чухал.

Хүний нийгэм гэдэг ерөөсөө сэтгэлгээнийхээ тусгал байдаг юм байна. Сэтгэлгээндээ нэг нэгийгээ хүлээн зөвшөөрвөл эн тэнцүү хөгжиж эцэстээ хамт урагшилна. Нэг нь нөгөөгийнхөө эсвэл өөрөө өөрийнхөө дүр төрх, үүрэг хариуцлагаа хязгаарлаж байдаг хоцрогдлоо халах цаг өдгөө нэгэнт болсон мэт ээ.

2018/09/05

arrow icon