Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой маргаан эцэслэхгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Монголын Зэс Корпорац улсад худалдаж авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой өмчлөлийн маргаанд дээд шүүх дээр ялалт байгуулсан. Худалдаа хөгжлийн банкны хуульч асан М.Батсуурь Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимийг тэргүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилгүй хараат бус шүүхийн замаар энэ хэргийг шийдэх боломжтой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Хэрэгт холбогдох зарим баримтыг уншигчдад нэхэн сануулъя.
Б.Шинэбаатар нь Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газрын дарга байсан.
Фото эх сурвалж: gogo.mn
2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээлэл хийхийн өмнөх өдөр буюу 27-ны өдөр Сангийн сайд Б.Болорын нууц тушаал гарсан байдаг. Уг тушаалаар тэр өдрөө хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийг төлөөлөн оролцох төлөөлөгчөөр Б.Шинэбаатарыг томилсныг доорх зургаас харж болно.
УИХГ Ц.Нямдорж 3 сарын дараа буюу 2016 оны есдүгээр сард хэвлэлийн хурал хийж, 27-ны өдрийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн эрх мэдлийг үндсэндээ 49 хувийг худалдан авсан талд шилжүүлсэн талаарх баримтыг олон нийтэд ил болгож байв. 49 хувийг худалдан авсан тал ТУЗ-ийн дарга томилох зэрэг гол эрх мэдлийг үндсэндээ өөрсдийн гарт төвлөрүүлсний дараах зарим гүйлгээний баримтыг дор хавсаргав. Монголын Зэс Корпорацид 2012, 2013 оны ногдол ашиг 47,1 сая доллар, мөн белаз худалдан авсан урдчилгаа нийлээд 58,3 сая доллар зөвхөн эхний 5 сард Эрдэнэт үйлдвэрээс гаргажээ. Мөн оны есдүгээр сарын 27-нд QSC гэх компаниас Эрдэнэт үйлдвэрт белаз худалдах санал Б.Шинэбаатарын нэр дээр бичсэн баримтыг дор харуулж байна.
Өөрөөр хэлбэл төр буюу олон нийт, ард түмнийг гэрийг манаж байсан манаач нь түүнийхээ түлхүүрийг хамсан бусдад өгөхөд ажиллаж, улмаар тэргүүн дэд захирал нь болсон зөвхөн Монголд л байж болох ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын халаа солио явагдсаныг дээрх баримтуудаас харж болно.
QSC компанийг 2014 оны 12 сарын 31-ний байдлаар Күалити стийл корпорэйшн гэх компани 100% эзэмшдэг. Харин мөн үеэр бүртгэгдсэн мэдээллээр Күалити стийл корпорэйшний ТУЗ-ын дарга нь Д.Эрдэнэбилэг.
Зөвхөн Монголд л хийх боломжтой улаан луйвар, төр ба хувийн ашиг сонирхлын холион бантан, төрийн өмчийн дээрэм зогсох эсэх нь энэ мэт асуудлыг шалгаж мухарлах, зохих ёсны хариуцлага ногдуулахаас эхлэнэ.
Хараат бус нөлөөлөлгүй шүүхэд найдах аргагүй болсон өнөө үед мэдээлэлтэй, асуудлын талаар ойлгоцтой иргэдийн хяналт шиг том шүүх байхгүйг дахин нэг сануулъя.