Та хувьцаанд хөрөнгө оруулмаар байна уу? Тэгвэл эхлэлээ зөв тавих нь маш чухал. Цаг хугацааны шалгуурыг давж, ашиг орлогыг тань тогтмол өсгөж байдаг 9 зөвлөмжийг танд хүргэж байна.
1.Хувьцаа бол урт хугацааны хөрөнгө оруулалт:
Дийлэнхи алдартай хөрөнгө оруулагчид урт хугацаанд ажиллахыг зөвлөсөн байдаг.
Статистик өгөгдөл ч үүнийг баталдаг юм. Жишээ нь бидний сайн мэдэх АПУ компанийн хувьцааг авч үзье. 2006 оны 1 сард 25 төгрөг байв. 2007 оны 1 сард 30 төгрөг буюу дөнгөж 20 хувиар өсч. Энэ үед танд бараг банкинд хийсэн ч дээр байжуу дээ гэсэн бодол төрөх байх. Тэгвэл 2008 оны 1 сард 190 төгрөг болж 7.6 дахин өсчээ. Танд ямар бодол төрж байна вэ? Ашигтай байна уу? Харин өнөөдөр 3900-д хүрсэн байна гэвэл итгэх үү? 156 дахин буюу 15600%-иар өсчээ. Харин энэ хугацаанд банкны хадгаламж хамгийн ихдээ 305%-иар өсгөх байж. Мэдээж энэ хугацаанд хямралын үед ханш унасан. Тэр үед зах зээлээс гарсан бол алдагдал хүлээх нь ойлгомжтой. 1000 төгрөгөөр худалдан авч хямралын үед зарсан бол 50%-ийн алдагдал хүлээх байсан. Ийм л учраас урт хугацаанд хөрөнгө оруулах нь ашигтай байгаа юм. Зарим жил таныг гомдоодог бол зарим жил магнайг тань тэнийлгэнэ.Хувьцааг та хэр удаан барьж хүлээнэ тэр таныг төдий чинээ таныг шагнана.
Мэдээж хэрэг зөв хувьцаагаа сонгосон тохиолдолд шүү дээ. Ромыг нэг өдөрт бариагүйг битгий мартаарай. Нэг шөнийн дотор тэрбумтан болно гэж битгий хүлээ. Аливаа үр ашигтай зүйл ургаж өсөн, ургацаа өгөхийн тулд цаг хугацаа хэрэгтэй.
2. Илүүдэл мөнгөөрөө хөрөнгө оруул:
Хувьцаа бол “өнөөдрийн талхны мөнгөө өсгөж маргааш бялуу авч идэх зорилгоор ашигладаг хэрэгсэл” биш.
Үүнийг хөрөнгө оруулалт гэж нэрлэхгүй. Мөрийтэй тоглоом гэж хэлж болох юм. Ашгаараа утас, хувцас авах гэх мэт урсгал зардлаа санхүүжүүлнэ гэдэг бодлоо бодлоосоо авч аях хэрэгтэй. Хувьцаанд оруулж буй мөнгөний тань эх үүсвэр таны хэрэгцээнээс илүү гарсан мөнгө байх ёстой. Ийм мөнгөөр хөрөнгө оруулсан цагт та хангалттай урт хугацаанд хүлээх чадвартай болдог. Өдөр тутмынхаа санхүүд санаа зоволгүй тайван амьдрах боломжтой болно. Бусдаас зээлсэн мөнгөөр эсвэл автомашин, байраа барьцаалан зээл авч, хувьцаанд хийж болохгүй. Эс бөгөөс хангалттай удаан хүлээж чадахгүй. Эцэстээ дампуурах эрсдэлтэй. Ийм мөнгөөр хувьцаа авч, эрсдэлд орсон хүмүүсийн түүх Монголд цөөнгүй байдаг. Энэ зам таныг санхүүгийн болоод сэтгэлзүйн хувьд дахин сэхэхээргүй хүнд нөхцөлд оруулах аюултай. Мөнгөний эх үүсвэр зөв байх нь таны сэтгэлзүйг тогтвортой байлгаж, оновчтой хөрөнгө оруулалтыг зөв цагтаа хийх боломжоор хангадаг
. Нэг удаад таныг аз түшиж болох ч амьдралынхаа туршид азанд итгэнэ гэдэг байж боломгүй зүйл.
3. Багаар эхэлж, хүүхэд шиг бай:
Хүүхэд алхам алхмаар алхаж сурдаг шиг багаас эхэл.
Хөрөнгө оруулах нэг л салбарыг сонго. Олон төрлийн салбар бий: хувьцаа, бонд, үл хөдлөх, валют, үнэт металл. Сонирхсон нэгийг л сонго. Түүгээрээ гүнзгийр. Гүйхээсээ өмнө алхаж сур. Үндэс яаж ургадагийг мэдэхийн тулд багаар хөрөнгө оруулах нь таныг хаашаа явахыг зааж өгөх болно. Цаг хугацаа өнгөрөхөд ашиг тань нэмэгдэж байвал илүү ихийг хөрөнгө оруул. Ер нь сар бүр цалингийнхаа тодорхой хувийг хувьцаанд хийх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны өмнө авсан хувьцааны ханш унаж алдагдалтай байгаач ирээдүйд нь ханш өснө гэдэгт итгэлтэй байгаа бол бага үнээр нэмж худалдан авах боломжтой болно. Ханш өсөхөд харьцангуй богино хугацаанд ашигтай золгох боломж бүрэлдэнэ. Харин эхэндээ нэг удаа мөнгө хийж дахин мөнгө нэмэхгүй бол анх хувьцаа авсан үнээс дээш өстөл хүлээж цаг хугацаа алдана.
4.
Үргэлж идэвхтэй, сониуч бай, бизнесээ мэдэр:
Амжилттай хөрөнгө оруулагчид дэлхий яагаад эргэдэг, юмс үзэгдэл яагаад мөнх биш байдаг гэх зэргээр үргэлж аливаа зүйлийн мөн чанарт хандаж байдаг
. Үүнтэй ижлээр хувьцааныхаа мөн чанар буюу хувьцаат компанийхаа бизнесийн мөн чанарыг ойлгох нь амжилттай ажиллахад чухал нөлөөтэй. Хувьцаа авч байгаа бол тухайн бизнесийг авч байна гэж ойлго
. Өөрийгөө гүйцэтгэх захирлых нь оронд тавиад яавал бизнес илүү ашигтай ажиллах бол, яавал эрсдэлд орох бол гэж гүн нухацтай бод. Мэргэжилтнүүдээс нь асуу. Таны бодлыг компанийн удирдлагууд хэрэгжүүлж байна уу? Үгүй бол яагаад? Дүгнээд үз. Энэ мэтчилэн хувьцаат компанийхаа бизнесийг ойлгож, мэдрэх нь зөв цагт орох, зөв цагтаа гарахад тань туслана. Үүний тулд үргэлж идэвхтэй, сониуч бай.
5. Өөрийгөө үргэлж хөгжүүлж бай:
Хөрөнгө оруулалтын салбарт өөрийгөө хөгжүүлдэггүй хүн урт хугацаандаа амжилттай байна гэдэг хэцүү.
Учир нь энэ салбар цаг минут тутамд өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Шинэ хандлага, ойлголт үргэлж бий болж, шинэ нөхцөл байдал үүсч байдаг. Энэ бүхнийг хангалттай хэмжээнд хүртэл ойлгохгүйгээр эхэндээ хурдан явж болох ч эцэстээ хол явж чадахгүй. Иймээс өөрийгөө үргэлж хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжихийнхөө хэрээр таны ирээдүйд олох ашиг нэмэгдэнэ. Шинэ мэдээллээр тархиа цэнэглэж, шинэ ойлголтуудыг түргэн мэдэж, шинэ чиг хандлага, судалгааны арга аргачлалыг тогтмол сурж бай. Эхлээд ашиг яаж олох вэ гэж бодохоосоо илүү өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ төлөвлөх нь чухал.
6. Энгийнээр сэтгэ:
Ялагдагчид комплекс систем, маш сайн гэгдэх аргачлалд итгэдэг.
Үнэндээ ялагч болохын тулд хүнд арга, аргачлал, комплекс систем ашиглах шаардлагагүй. Харин өөртөө тохирсон, өөрт тань ашиг өгч чаддаг энгийн, ойлгомжтой, хялбар аргатай л байхад болно. Гэхдээ энэ аргаа олохын тулд багагүй хугацаа, хүч хөдөлмөр, дадлага хэрэгтэй. Ялагчид туршилтаар батлагдсан, өөрт нь эвтэйхэн байдаг тийм л аргыг гартаа оруулж урт хугацаанд тогтмол ашиг олдог.
7. Ашигт бус алдагдалдаа төвлөр
:
Ялагдагчид маргааш ханш өсөх уу? унах уу? хэмээн сэтгэлээ хий хоосон зовиноож байдаг. Үнэн хэрэгтээ маргааш ханш хэд болох бус өчигдөр ханш хэрхэн хөдөлснийг маш сайн дүгнэж, ойлгож, мэдэрч чадвал маргааш ханш хэрхэхийг тоймлон харах боломжтой. Бидний бүх л шинжилгээ судалгаа өнгөрсөн өгөгдөлд үндэслэдэг. Өнгөрснөөс ирээдүйн боломжит өөрчлөлтийг таамаглах замаар ажилладаг. Гэхдээ өнгөрсөн бол ирээдүйн баталгаа биш гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн дэхь алдаагаа үргэлж засч маргаашийн амжилтынхаа эхлэлийг тавь.
8. Өөрөө өөртөө хэт итгэж болохгүй
:
Ялагдагчид энэ бол зөв гэдэгт өөрийгөө итгүүлдэг. Та зах зээлд нөлөөлж чадахгүй учир энэ байдал нь тань таныг эрсдэл оруулна.
Ялагч болъё л гэж байгаа бол өөрийнхөө хүсэлдээ итгэх бус, зах зээлийн сэтгэлзүйг ойлго.
Хүсэл чинь мэдээж хэрэг биелэж болно. Гэхдээ таны хүсэлдээ хүрэх арга, аргачлал тань шинжлэх ухааны үндэслэлтэй байх тохиолдолд шүү дээ. Иймээс зах зээлийн сэтгэлзүйг ойлгож хандлага хаашаа эргэж байгааг тодорхойлдог байх нь маш чухал.
9. Хурдан бай гэхдээ битгий яар
:
Ялагдагчид алдагдалтай арилжаа хийвэл дахин шинээр захиалга өгдөг. Харин ялагчид алдаа гаргавал шууд зогсож, алдаагаа хянадаг. Би зөв цагтаа орсон уу? Юу намайг алдагдалд хүргэсэн бэ? Миний сул тал юу байв? Алдаагаа хэрхэн засах вэ? гэх мэтээр алдааныхаа шалтгааныг олж, засаад, дараа нь ахин арилжаа хийдэг. Үүнийхээ хэрээр тэд амжилтанд хүрдэг. Харин ялагдагчид алдвал улам бүр улайрдаг. Оюун ухаандаа бус сэтгэлзүйдээ удирдагддаг. Нэг бус хэд хэдэн арилжааг зэрэг нээж, эцэстээ хяналтаа тавьж чадахаа больдог. Улмаар өөрт байгаа бүхнээ тавиад туучихдаг. Энэ нь дараагийн удаад арилжаанд орох зүрх,зоригийг нь юу ч үгүй мохоох эрсдэлтэй. Сэтгэлзүйн хувьд ялагдал хүлээх л юм бол танд ямар ч сайн арга, үр дүнтэй арилжааны техник байгаад амжилтанд хүрэх тухай бодох ч хэрэггүй. Мөн ялагдагчид ханшид нөлөөлөгч хүчин зүйлсийг дутуу тооцдог. Ханшид нөлөөлөх бүх хүчин зүйлсийг тооцно гэдэг боломжгүй ч зайлшгүй тооцох ёстой чухал зүйлсээ тооцож чадаж байна уу? Хэрэв үгүй бол энэ маш том алдаа. Иймээс ямагт буурь, суурьтай байж, гол хүчин зүйлсийн нөлөөг бүгдийг нь үнэлж чадсан эсэхээ тодорхойл. Гүн бясалгаж, нягт дүгнэн, бат үндэслэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ бүгдийг хийхдээ хурдан бай. Гэхдээ битгий яар.
Арилжаа бол төлөвлөгөө: Ихэнхи арилжаалагчид ямар ч төлөвлөгөөгүй байдаг.
Харин амжилттай арилжаалагчид хэзээ орох уу? хэзээ гарах уу? яаж орох уу? яаж гарах уу? гэх мэтээр хөрөнгөө оруулж эхлэхээсээ өмнө төгсгөлөө төлөвлөдөг. Таны хөрөнгө оруулалт эхнээсээ дуусах хүртэл төлөвлөгөөтэй байх ёстой. Ингэснээр эрсдэл учрах үед та юу хийх мэднэ гэсэн үг. Боломж гарах үед хэрхэн ашиглахаа харж чадна гэсэн үг. Үр дүнд нь богино хугацаанд зөв шийдвэр гаргах боломжтой болох юм. Сайн төлөвлөлт сайн үр дүнд хүрэхэд нөлөөлнө.
АПУ түүхэндээ 3900 хүрээгүй өнөөдрийн байдлаар 570-тай байна.