Нийтлэл 10 сарын 03, 2018

Төгс метафор бүхий хүнлэг роман: ӨДРӨӨС ҮЛДСЭН ЗҮЙЛ

Өдрөөс үлдсэн зүйл зохиол бүхэлдээ метафор. Зохиолч өөрөө төгс төгөлдөр хоёр метафор гэж "Өдрөөс үлдсэн зүйл" романаа тодорхойлсон нь тун гайхалтай. Англи ёс журам, хэв маягийг ягштал баримталдаг даамал Стивенс шилтгээний шинэ эзэн америк босстойгоо хэл амаа ололцож чадахгүй арга мухардаж байгаадаа сэтгэл гонсойж урьд нь хамт ажиллаж байсан Кентон авхайг урьж авчрахаар алсын аяндаа мордож буйгаар зохиол эхэлдэг. Америк хүний чөлөөт сэтгэлгээ, англи хүний хэвшмэл сэтгэхүйтэй зөрчилдөж байгаагаас үүдэлтэй хэрэг юм. Зургаан хоног байгалийн сайхныг таашаан аялах зуур өнгөрсөн амьдралынхаа алдаа, оноог шүүн тунгаасан уртын урт эргэцүүлэл хөвөрч байна.

Ажилдаа дур сонирхолтой, эзэндээ үнэнч мань даамал ой санамжаа уудлан амьдралынхаа чухал "эргэлтийн цэг" дээрээ ямар алдаа оноо гаргаснаа лавшруулан бодох бүрийд жижиг сажиг хэрэг явдал хүртэл тэр "эргэлтийн цэг"-т нөлөөлсөн байж таараад амьдралын мөч хором бүхэн "эргэлтийн цэг" гэсэн гаргалгаанд хүрч байна. Амьдрал гэдэг тасралтгүй хөврөх үйл явцын гинжин хэлхээ, нэг нь нөгөөгөөсөө шалтгаалан хувирч өөрчлөгдөж байдаг үр дагаварын парадигм учраас өчүүхэн үл ялих зүйл, ашиг тусгүй мөч хором гэж үгүй болой. Үүнд л амьдралын үнэ цэн, утга учир оршиж байх шиг.

Хүний амьдрал гэдэг цаг хугацааны урсгал учраас бидний амьдрал ямагт өнгөрсөн цагт оршиж, хэсэг бусаг дурсамжаас л бүрдэнэ. Гэтэл нэгэнт болоод өнгөрсөн, засаж залруулахын аргагүй тэр үйл явдлуудын араас сэтгэлээ шаналган, өөрийгөө мэрж суудаг нь хүний араншин юм даа. Хүн нүглээ наманчлах ухамсрыг тээж явдаг гэнэм. Өнгөрсөн алдаандаа харуусах нь наманчлалын нэг хэлбэр мөн боловч хүний ирээдүйд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, сэтгэлээр унахаас цаашгүй хоосон мэдрэмж юм. Чухам энэ "хоосон мэдрэмж"-ээ сэгсэрч хаяад "Өдрийн үлдээсэн бэлэг болох үдэш оройн үр шимийг хүртэн жаргах" ёстой өөдрөг үзэлд биднийг дуудаж байна. Амьдралдаа буруу сонголт хийж, буруу зам мөрөөр одсоноо хожим ухаарч амаа барин гэмших тэр цагт "Энэ миний сонголт байсан. Алдаагаа би хүлээнэ" гээд хүлээн зөвшөөрчих эр зориг, сэтгэлийн тэнхээ байх аваас зовж шаналах сэтгэлийн нажидаас өөрийгөө аврах юм. Цаг хугацааг буцааж болохгүйгээс хойш өдрийнхөө сайн сайхан зүйлд үдэш бүр талархаж сэтгэл амар нойрсох тийм л амьдрал үнэ цэнтэй.

Өнгөрсөнд шаналж, ирээдүйд найдвар тавьж явдаг хүний амьдрал савлагаан дунд тэлчилсээр өдөр тутмын энгийн зүйлээс таашаал авч чадахгүй өнгөрдөгт харамсал нь байна. "Бид хувь тавилангаар заяагдсан бүхэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Бусдын л адил хэний ч дор бус, магадгүй заримаас нь илүү ч амьдарч байгаа байх. Үүндээ талархах хэрэгтэй" гэсэн Кентон авхайн үг нэгийг бодогдуулна. Бид хувь тавилангийнхаа алдаа, оноог дааж хариуцах ёстой амьдрал хэмээх шилтгээний даамлууд. 

Лорд дарлингтоны шилтгээний даамал стивенс аялалаа дуусгахдаа зорьсон хэргээ бүтээж чадаагүй ч хоосон мэдрэмжээсээ салж ирээдүйгээ өөдрөг сайхнаар харах, туулсан амьдралдаа сэтгэл хангалуун үлдэх тийм том "олз"-той буцжээ. 

"Би хамаг сайхан он жилүүдээ лорд Дарлингтонд зориулсан. Хамаг ур чадвараа, байгаа бүхнээ түүнд зориулсан, одоо... одоо ингээд харахад надад өгөх юм өөр үлдээгүй шив дээ" гэж даамал Стивенс бодож буй нь өөртөө сэтгэл хангалуун байгаа хэрэг. "Зохиолын идеа чухал болохоос арын тайз сонин биш" гэж зохиолч хэлсэн нь үйл явдал хөөж биш учир утгыг нь ойлгож, эргэцүүлж унш гэсэн сануулга мэт.

Английн хөдөөх шилтгээний даамлыг Японд ч юм уу, эсвэл бүр дундад зуунд ч шилжүүлж болох бөгөөд ингэлээ гээд зохиолын үндсэн идеа өөрчлөгдөхгүй юм. Тийм болохоор арын тайз бол гоёл чимэглэл, уншигчийн анхаарлыг татах үзэсгэлэнгийн танхим төдий л юм. Төгс метафор бүхий зохиол учраас алдар хүндийн оргилд гарч Бүүкерийн болон Нобелийн нэр хүндтэй шагналын эзэн болсон буй заа. "Уран зохиолыг харах өнцөг хязгааргүй " гэж нэрт постмодернист зохиолч Умберто Эко хэлсэн нь уран зохиол бол чөлөөт сэтгэлгээний өргөн талбар учраас тэр юм.

Даамал Стивенсийн хүүрнэл, эргэцүүллүүд доторх метафорыг тайлж унших аваас зохиолын гүн гүнзгий санааг тэмтэрч чадах юм. Амьдралын мөч хором бүрт гаргаж буй сонголтуудынхаа зөв буруу, гарах үр дагаварыг урьдчилан мэдэж чадахгүйд хүний амьдралын абсурд чанар оршиж байна. Намрын дараа өвөл болох нь тодорхой ч харин би өвлийн эхэн сарыг үзэж чадах уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус. Биднээс шалтгаалах зүйлсээс илүү далд нөлөөллүүд, тооцоолох боломжгүй зүйлс их байдаг нь бидний өөрийгөө зөвтгөх цагаатгал юм.

"Амьдрал хүссэнээр минь өнгөрөөгүй гэж өөрсдийгөө буруутган, өнгөрснийг дурсан гунилаа гээд бид юу хожихсон билээ? гэж зохиолын баатар өгүүлж байна. Ой санамжаа уудлан, дотоод ухамсраа нэрэн байж ийм гаргалгаанд хүрлээ. Эргэж олдохгүй цаг хугацааны мөч хором бүхнийг сэтгэл өөдрөг үдэх тийм сэтгэлийн тэнхээ хүнд дутаж байдаг аж. Захиалж болохгүй хувь тавилан, залруулж болохгүй амьдралын хүрдийг эргүүлж яваа хэн бүхэн санаа авах, сэдэл төрөх тийм гүн гүнзгий эргэцүүлэл бүхий "хүнлэг" роман гэж нэрлэмээр санагдлаа. Мөсөн уулын гайхамшиг нь усан дотроо л байдаг гэнэм.

Сэтгэлзүйн хүүрнэлээс бүрдэх энэ зохиолыг чамбай тунгаан уншиж гэмээ нь "хүн ёс"-ны нандин чанаруудыг олж харан сэтгэлээ тайтгаруулах тийм увдис нуугдаж байна. Нөхрөөсөө гурван удаа салсан Кентон авхай хайр гэдэг цаг хугацааны шалгуур болохыг баталж байна. Харах төдийд л дүрэлзэх дурлалын гал хуял тачаал дээр дөрөөлж байдаг учир эмзэг хэврэг. Харин жинхэнэ хайр цаг хугацааны явцад улам бэхжин түр зуурын саад бэрхшээлд нугардаггүй аж. Өдрийн ажил бүтэлгүй, хүнд хүчир байлаа ч үдэш амарч шинэ эрч хүчээр сэлбэх тийм сэтгэлийн тэнхээ, урам зоригийг уншигчдадаа өгнө гэдэг юутай сайхан. Өдрийн ачаагаа үдэш буулгаж, шинэ өглөөг сэтгэл тэнүүн угтах гэрэл гэгээг сэтгэлд асаалаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon