Нийтлэл 10 сарын 04, 2018

Эрх чөлөөнд хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ үгүй

Юуны өмнө хувь хүний эрх үүрэг, нийгмийн хариуцлага гэх ойлголтыг философийн болон эрх зүйн харилцааны өнцгөөс харж, утгын хэрэглээний логик дэс дараалатай авч хэлэлцье. Эрх, үүрэг, хариуцлага гэх гурван зүйл хүнтэй хамт эхээс мэндэлдэг. Тэдгээр нь хоорондоо нарийн шүтэн барилдлагатай оршдог зүйлс агаад хүний нийгмийн эрүүл оршин тогтнох, хөгжин дэвших үндэс нь болж өгнө. Иймд нийгмийн сайн сайхны төлөө хувь хүний эрх, үүрэг, хариуцлагыг нарийн төлөвшүүлэх зайлшгүй шаардлага бид бүхэнд тулгарч байгаа юм.

Хувь хүний нийгмийн хариуцлага гэж юу вэ?

 Нийгмийн хариуцлага надад, чамд, бид бүгдэд хамаатай ба бидний үйл хэрэг, нийгмийн хүрээлэл, байгаль орчиндоо хүргэх нөлөөллөөр тодорхойлогдоно. Хэрэв бид бүгд энэ хариуцлага, бидэнд тулгарч буй асуудлуудыг шийдэхээр зоривол юу болох бол? Хэрэв бид хийж буй үйлдэл бүрээрээ эерэг өөрчлөлт гаргах хүнд сорилтоор өөрсдийгөө соривол яах бол? Бизнесийн байгууллагууд байгууллагынхаа нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг зорьдгийн адилаар хувь хүн бүр нийгмийн өмнө өөрийн хүлээх үүргээ ухамсарлаж, түүнийг сахин биелүүлэхийг чармайн өөрийн нийгмийн хариуцлагаа төлөвшүүлэх шаардлагатай юм.

Хүн төрөлхтний нийгмийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг зүйл бол үүрэг хариуцлага. Үүрэг, хариуцлага хоёрыг салгах боломжгүй. Үүргийг дагаж хариуцлага бий болдог. Хариуцлага нь үүргийн биелэлтийн хяналт. Үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой зүйл нь эрх, эрх чөлөө юм.

“Үүргээ биелүүлэхдээ ч баяр хөөрийг амсч буй хүн л жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч байгаа хүн” гэж Цицерон хэлсэн бол Ханс-Петер Репник “Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж, нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийг агуулна” хэмээн тодорхойлжээ.

Хүний эрх нь эрх чөлөөтэй нягт  холбогдож байж сая өөрийн мөн чанараа илэрхийлдэг зүйл. Эрх чөлөө болоод хүний эрх нь салангид байх боломжгүй юм. Түүнчлэн, эрх, эрх чөлөөнд хэмжээ хязгаар бий. Энэ талаар Гегель “Эрх чөлөөнд хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ үгүй” хэмээн товч бөгөөд оновчтой хэлжээ. Цаашилбал, дээрх үгс нь эрх чөлөөний хэмжээ хязгаарыг мэддэггүй, түүнийг үнэлж ойлгож чаддаггүй хэн боловч эрх чөлөөтэй байж эс чадна гэх утгатай. Хүний бүх эрх нь, түгээмэл, хуваагдашгүй, бие даасан байхын зэрэгцээ харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөөсөө тусдаа хэрэгжих боломжгүй байдаг нь хүний эрх, эрх чөлөөг адил тэгш үзэж, хандах шаардлагатайг илэрхийлнэ.
Үүрэг нь хувь хүний бусдын, нийгмийн болон өөрийн өмнө хүлээх хариуцлагын мөн чанарыг илэрхийлнэ. Үүрэг нь хоёр талт ойлголт бөгөөд нэг талаас ёс суртахууны, нөгөө талаас эрхийн тухай хэм хэмжээг агуулна. 
Ёс суртахууны үүрэг нь хувь хүний дотоод болон гадаад эрх чөлөөний нэгдэл юм. Ёс суртахууны үүрэг нь бие хүний түвшинд ухамсарлагдсан үүрэг байдаг бол эрхийн үүрэг нь албадлагын шинжтэй байна. Эндээс үзвэл мууг эсэргүүцэх, сайныг эрхэмлэх ёс суртахууны хүсэл эрмэлзлээс үүдэн гарч байгаа бүхний зайлшгүй биелүүлэхийг үүрэг гэж ойлгоно. Ингэхээр үүрэг хүлээнэ гэдэг нэг талаар ёс суртахууны хувьд дэг журамтай байдлыг сахих явдал гэж үзэж болохоор байгаа юм. Дэг журам сахих үүргийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, баян, ядуу гэлтгүй хүн бүхэн хүлээнэ. Эмэгтэйчүүдийн хүлээх уламжлалт үүргийг орчин цагт тохирохгүй гэж үзэх болжээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүний нийгэмд адилхан үнэ цэнэтэй бодгалиуд ч тус тусын үүрэг, хариуцлагатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг нь зохиомол зүйл биш, харин нийгмийн харилцааны үр дүнд бүрэлдэн бий болсон үүрэг хариуцлагын тогтолцоо юм.
Үүрэг хариуцлага нь нийгэм, түүний гишүүдийн хоорондын харилцааг тогтмолжуулан зохицуулах арга юм. Ёс зүйд үүрэг хариуцлагын тухай ойлголт тун чухал байр суурь эзэлдэг учир ёс зүйг үүрэг хариуцлагын тухай сургаал гэж нэрлэх нь явдал ч байдаг ажээ. Үүрэг хариуцлага нь гагцхүү ёс суртахууны сайныг эрхэмлэх үзэлд суурилах ёстой юм. Нийгмийн зүгээс хувь хүмүүст тодорхой шаардлагуудыг тавьдаг. Эдгээр шаардлага нь тухайн хувь хүмүүсийн нийгмийнхээ өмнө хүлээх үүргийн агуулгыг тодорхойлдог байна. Эндээс үзвэл, хувь хүний нийгмийн үүрэг, нийгмийн байр суурь, тэдгээрийн хэрэгжилт нь тухайн бие хүний болон нийгмийн зан төлвийн шинжүүдээр дамжин илэрдэг. Цаашлаад, нийгмийн өмнө ямар нэг байдлаар үүрэг хариуцлага хүлээхгүйгээр нийгмийн статустай байх, үүргийн биелэлтийг хангаж хариуцлага хүлээхгүйгээр нийгэмд эзлэх хувь хүний байр сууриа ахиулах боломжгүй болж таарч байгаа юм. 
Г.Гегель тодорхойлохдоо,

“Үүрэг, хариуцлага бол нэг юмны хоёр тал. Үүрэг байгаа газар хариуцлага байна. Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл юм. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай байдаг. Тэд хариуцлага алдвал ихээхэн гэмшдэг. Хүнд олон үүрэг хариуцлага бий. Тэдгээрийг өөрийнхөө болон гэр бүл, төр улс, бусдын өмнө хүлээх үүрэг гэж дөрөв ангилна”

гэсэн байна. 
Хариуцлага гэдэг нэр томъёо латин хэлний (respodere) хариуцах, хариулах гэдэг үгнээс гаралтай аж. Эл нэр томъёог буруутай хүн хариулах, хариуцах ёстой гэсэн утгаар XV зуурын хоёр дугаар хагасаас эрх зүйд анх хэрэглэж иржээ. 
Д.Юм болон Ф.Ницще, Герберт нарын үзсэнээр, хариуцлага нь хүний үйлдэл хийх арга, чадварыг агуулдаг ойлголт бөгөөд хариуцлага нь нийгмийн болон хувь хүнийх гэж байна. Хувь хүний ёс суртахууны хариуцлагыг нэг талаас өөртөө тавих шаардлага, үүргээ ухамсарлан биелүүлэх байдал, бусдад нөлөөлөх, ухаалаг байх чадвар, нөгөө талаас зан төлөв, зан суртахууны байдал нь тухайн цаг үеийн үнэт зүйлстэй тохирч байгаагаар нь тодорхойлдог ажээ. Нийгмийн органик бүтэц нь хариуцлагын тогтолцоог сайжруулдаг ба хувь хүний хариуцлага нь нийгмийн органик хөгжлийн эх сурвалж нь болж өгдөг тул хувь хүн хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх байдал болон нийгмийн бүтэц хоёр хоорондоо харилцан хамааралтай, уялдаа зохилдлоготой байх ёстой байдаг аж. Цаашилбал, ёс суртахууны хариуцлага нь нийгмийн бусад төрлийн хариуцлагын үндэс суурь нь болдог. 
Бие хүн өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө л хариуцах ёстой гэж хариуцлагын сонгодог үзэл баримтлалынхан үзэж байсан бол XX зуунд бий болсон сонгодог бус үзэл баримтлал (Хайдегер, Гадамер)-ынхан хүний ахуй нь түүний хүлээх хариуцлагын үндэс болох ёстой, ёс суртахууны хариуцлага нь бие хүний ёс суртахууны үйл ажиллагаа болон үүрэгтэй нь тохирч байгаагийн илэрхийлэл хэмээн тодорхойлсон байна. 
Бие хүний ёс суртахууны хариуцлага нь тухайн хүний нийгмийн ба хувийн ашиг сонирхлыг зохицуулах болон идэвх чармайлттай, ажил хэрэгч байх чадвар юм. Бие хүний ёс суртахууны хариуцлага харилцааны соёлоор илрэх ба ерөнхий мэдлэг, соёлын түвшин, боловсрол, зан байдал зэргээс хамаардаг. Өнөө үед хүний ёс суртахууны хариуцлага нь амьдралын чанарыг тодорхойлдог болжээ. Хариуцлагатай хүнд ямар ч үед итгэж найдах боломжтой гэж үзэх нь хариуцлагатай хүн бага алдаа гаргаж, оновчтой шийдвэр гаргах магадлал их байдагтай шууд холбоотой гэж үзэж болох юм. Хариуцлагаа мэднэ гэдэг үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан байх явдал юм. 
Хариуцлагагүй байдлаас үүдэх хор хохирол агаад сөрөг нөлөө маш их юм. Хариуцлага алдсан, үүргээ ухамсарлаагүй үйлдэл бүрт хариуцлага танд хариу сөрөг нөлөө үзүүлэх болно. Өмнө нь дурдсанчлан хувь бүний нийгэмд эзлэх байр суурь буюу статус нь тухайн бие хүний үнэ цэнэтэй шууд холбоотой асуудал юм. Хүн өөрийгөө удирдах, хянах, биеэ барих, чиглүүлэх чадвар зэрэг нь тухайн хүний үнэ цэнийг тодорхойлоход шууд нөлөө үзүүлнэ. Тухайн хүн өөрийн ёс суртахууны үүргээ үл биелүүлснээр түүний алдар хүндэд сөргөөр нөлөөлж, хүмүүсээс түүнд өгөх үнэлэмж нь багасч, цаашилбал нийгэмд эзлэх байр суурь нь буурахад хүрнэ. 
Бусадтай хариуцлагатай харилцах, биеэ зөв авч явах зэрэг хариуцлага нь бүх нийтийн хариуцлагын зарчимтай холбогддог байна. Биеэ зөв авч явна гэдэг нь бусдад төвөг хүндрэл учруулахгүй байх агаад, бусдад туслах, бусдыг дэмжих чин сэтгэлтэй байхтай салшгүй холбоотой юм. Үүнээс харвал хувь хүн бусадтай харилцаанд орох явцдаа өөрийн хариуцлагыг хөгжүүлэх нь чухал юм. Ингэснээр тухайн этгээд бие хүнийхээ түвшинд илүү хүмүүнлэг агаад энэрэнгүй байх боломж гарч ирэх юм. 
За одоо илүү бодит жишээ, практик тусгал дээр авч үзье.
Хүн бүрийн нийгэмд эзлэх байр суурь, статус харилцан адилгүй боловч нийгэмд хүлээсэн хариуцлага хүн болгонд тодорхой хэмжээгээр байх ёстой. Энэ нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой асуудал юм. 
Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарлаа хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, нийгмийн шаардлага гэж үзэх болжээ. Ёс зүй нь хүний үйлдэл, зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, түүнийгээ нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагааг буюу ёс зүйн боловсролыг зөвхөн боловсролын байгууллагуудад гэлтгүй насанд хүрэгчдэд, хүн бүрт олгон эзэмшүүлэх шаардлага өнөө цаг үед бидэнд хурцаар тавигдаж байна. 
“Компанийн нийгмийн хариуцлага” гэдэг үг сүүлийн үед моодонд их орж байна. Энэ чиглэлийн шагнал, урамшууллын төрлүүд ч алт хэдийн гараад амжжээ. Улсад татвар төлж, олон хүнийг цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, хийж буй бизнес нь хувь хүн агаад түнш, компаниуд, улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа нь өөрөө шууд нийгмийн хариуцлага гэж ойлгогдох байна. Үүнээс гадна, нийгмийн эмзэг бүлэг, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн онцгой салбарууд болон урлаг, спорт зэргийг дэмжин ажиллаж байгаа чинээгээр тухайн компанийн нэр хүнд, бренд нэршлийг нь төгөлдөржүүлэх болжээ.
Дээрхтэй холбогдуулаад хэлэхэд “хувь хүний нийгмийн хариуцлага” гэх асуудлыг бид бүхэн ярьж хэлж, хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм болов уу. Буруу замаар яваа нэгнээ чиглүүлэх, зурагтаар гарч байхдаа чих, хамраа ухахгүй байх, гудамжинд нус, цэр, хог хаяхгүй байх, олон нийтийн газар хараалын үг хэлэхгүй байх, бие зөв боловсон авч явах, гар утсаар харилцах соёл, гарц болоод гэрлэн дохиогоор гарах соёл, хүүхэд хөгшчүүлийн хажууд буруу зуршил, үйлдэл авир гаргахгүй байх, мэндлэх хүндлэх ёс гэхчлэн бидэнд сурсан зүйл бага атлаа сурах зүйл асар их үлдсэн мэт. Монголчуудын нэг онигоо байдаг. Гадаадын нэгэн нислэгийн компаниар анх удаа үйлчлүүлж байгаа нэг нөхөр онгоцны үйлчлэгч бүсгүй түүн рүү байнга инээмсэглэж өнгөрөөд байхаар нь надад талтай, сээтэгнэж байна гэж бодоод маш том андуурч, эндүүрч байсан тухай. Эндээс бид ёс суртахуун болоод харилцааны ямар их доройтол, доголдолд орж бусдаас хоцорсныг харж болно.
Эрх чөлөөтэй байх боол байхаас хэцүү. Хариуцлага гэдэг энэ үг урьд өмнө нь эзний өмнө хүлээх үүрэг, эзнээс албатад ноогдуулах шийтгэл байжээ. Тиймээс эзэн албатдаа хариуцлага тооцдог гэж ойлгохоос хувь хүн өөрөө өөртөө хариуцлага ноогдуулдаг гэж боддоггүй байж.Харин хүмүүс өөртөө эзэн болж, иргэд эрх чөлөөтэй байх болсноор эзний цээрлэлээс ангижирсан ч нөгөө талдаа өмнө нь эздэд хариуцуулж байсан амьдралын хариуцлагаа хувь хүмүүс өөрсдөө үүрэх болжээ. Эндээс “эрх чөлөөтэй байх боол байхаас хэцүү” гэх үг үүсчээ. Боол байхад хүмүүс нэг зүйлд санаа зовдог байжээ. Тэр бол сайн эзэнтэй таарах. Мэдээж үүнд аз хэрэгтэй. Азтай байгаад сайн эзэнтэй таарчих юм бол юу идэж, өмсөх, хаана унтаж амрах, ямар ажил хийх гээд бүгд эзний хайр хишиг болно. Энэ нөхцөлд хувь хүний ёс суртахуун болоод нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар ярих нь утга учиргүй. Харин эрх чөлөөт хүний хувьд хэн нэгний хайр хишиг хэрэггүй. Эзний тухай бодох ч шаардлагагүй. Эндээс, дээр өгүүлсэнчлэн, хүний эрх, эрх чөлөө нь нэг зүйлийн хоёр тал агаад дээрх хоёр зүйл байхгүйгээр хариуцлагын тухай асуудал сөхөгдөх боломжгүй болох нь харагдаж байна. Гэхдээ хувь хүн хэн нэгнээс хамаарч бус зөвхөн өөрөө бие даан шийдвэр гаргахдаа, бусад бүх зүйлийг бодож, шийдэж, сонгохдаа хариуцлагатайгаар хандах шаардлага гарч эхэлж байгаа юм. Үүнд л хувь хүний нийгмийн хариуцлагын мөн чанар агаад эхлэл цэг нь оршин байна. 
Хувь хүн өөрийн хариуцлагыг ухамсарлахад хувь хүний хөгжил мөн чухал үүрэгтэй. Бие хүний хөгжил гэж чухам яг юу вэ? Ер нь хөгжил гэж яг чухам юу вэ? Энэ нь шинэ хариуцлага, ахиц дэвшлийн төлөө хүмүүсийн мэдлэг чадварыг сайжруулах, үр дүнг дээшлүүлэх үйл ажиллагаа, үйл явц юм.
Нэг талаас, хөгжил бол хувь хүнээс эхлэлтэй гэж эрдэмтэд үздэг. Нөгөө талаас, хувь хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, тэрхүү сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж тодорхойлсон байдаг байна. 
Хувь хүний хөгжил, хариуцлага ухамсарласан зөв алхам, шийдлүүдээс бидний гэр бүлий, байгууллагын, цаашлаад бидний амьдарч байгаа нийгэм, улс эх орны хөгжил ирээдүй эхэлнэ гэдгийг хүн бүр ойлгох нь чухал юм. Ингэх явцдаа хэд хэдэн асуултанд хариулт заавал олох шаардлага танд тулгарна. Та хэн бэ? Та хэн болж болох вэ? Та яаж ажиллах вэ? Та бусадтай хэрхэн харилцах вэ? Та ямар амьдралыг цогцлоох вэ? Та ямар нийгмийг бүтээх вэ? 
Хүний ёс суртахууны хувь хэмжээ, асуудалд хандах, хариуцлага, эрсдэл хүлээх, хүмүүс хоорондын харилцааны үед тод илэрч тэдний араншин, дотоод сэтгэлийн мөн чанараас хамааран, нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн түвшинд агшин зуур олон хувилбараар тэсэрч илэрдэг. Хүмүүс хоорондын зөрчил, түгшүүрээс үүдэн хүн өөртөө сэтгэл зүйн хамгаалалтыг дууддаг талтай. Энэ хүнийг зөв ёс суртахуунтай, хариуцлагатай байхад тодорхой хэмжээгээр саад болдог. 
Хүн ёс суртахуунтай, хариуцлагатай биеэ авч явахад хувийн сонирхол, нийтийн буюу бусдын сонирхол гэсэн хоёр зүйлтэй тулгардаг. Заримдаа тухайн хувь хүний маш зөв сэдэлт нь хувийн сонирхолтой хутгалдаад ирэхээр үнэ цэнэгүй болдог. Учир нь харилцагч хүний эрх ашиг, сонирхолд энэ нь илт саад болдог. 
Байгууллагын хүн байхын тулд хувийн зохион байгуулалт сайтай, мэргэжил, ур чадвар, соёлтой харилцаа, хариуцлага, эрсдэл, гавьяа хүлээх чадвар эзэмшсэн байж бусдаас илүү амьдрах, нийгмийн баялгаас ахиу хүртэх бололцоог өөртөө бүрдүүлнэ.
Хүн, ялангуяа залуучууд ёс суртахуунтай, хариуцлагатай байхын тулд сэдэлтээ зөв удирдах, хариу нэхэхгүй хүнийг уучилж ёурах, боломжийн хэрээр шударга байх, хүнийг хайрлах, хүндлэх чадвар, тэвчээртэй байх нь туйлаас чухал бөгөөд хувь хүн бүрийн эзэмшвэл зохих нэг нандин чанар юм. 

Эцэст нь  хэлэхэд, ажил амьдралынхаа чиглэлийг зөв тогтоож түүндээ тууштай хандах, өнгөрсөн замаа заавал эргэн харж дотоод хүнтэйгээ ярилцан дүгнэлт хийж, алдаа оноогоо зөв мэдрэх нь танд нэгийг бодогдуулж, илүү хариуцлагатай, зөв ёс суртахуунтай бие хүн байхад тань тусална.
Харилцаандаа ёс суртахуунтай хандах, ажил амьдралдаа хариуцлагатай байх нь ер нь хүн байхын нэг мөн чанар, бие хүний нийгмийн хөгжлийн түвшний бодит үзүүлэлт юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-03-06

    nice goy bn

arrow icon