Нийтлэл 10 сарын 04, 2018

Үндэсний үзэл ба үндсэрхэг, харгис үзлийн ялгаа

 Үндсэрхэг ба Үндэсний үзлийн тухай ярихаас өмнө хартай ба харгүй 2 нөхрийн тухай жишээг авч үзье.

Энэ бол Батаа

Батаа эхнэртэй хайртай гэдэг ч тэр аймшигтай хартай. Эхнэрийгээ найзуудтайгаа уулзахыг нь ч огт зөвшөөрдөггүй ба хааяа хааяа хардсандаа бүр гар хүрчихдэг ч үе байдаг. Дээр эхнэр нь таксигаар гэртээ ирж байхыг Батаа олж хараад таксины жолоочтой эхнэрийгээ хардан, ямар ч гэмгүй таксины жолооч залууг хүртэл зодох гэж дайрсан. Тэр эхнэрийнхээ юу хүсдэг тухай сонсдог ч үгүй, мэддэг ч үгүй. Түүний уурлах, бусдад бухимдах, бусдыг дээрэлхэх шалтгаан нь эхнэртэй хайртай гэсэн шалтгаан байдаг.

Энэ бол Болдоо

Харин Болдоо бол эхнэртээ бас л хайртай нэгэн. Эхнэр нь найзуудтайгаа байнга уулзаж, хүссэн цагтаа л гэртээ ирж байдаг. Эхнэрийнхээ ирэх цагт тааруулан тосож аваад, хамт алхангаа өдөр ажил дээр болсон явдал, ойрдоо тулгараад байгаа асуудал, хийхийг хүсэж байгаа зүйлс, хийхийг хүсэхгүй байгаа зүйлс гээд л өөрсдийнхөө тухай бүхий л зүйлсээ ярилцаж байдаг. Түүний ажиллах, өдөр бүрийг урамтай өнгөрөөх, хүмүүстэй эелдэг байх, амжилт гаргах шалтгаан нь Болдоо эхнэртээ, гэр бүлдээ хайртай учраас.

“Бидний нэн тэргүүнд ойлгох шаардлагатай зүйл бол үндэсний үзэл ба үндсэрхэг үзлийн ялгааны тухай юм.  Үндсэрхэг ба үндэсний үзэл гэдэг зүйл нь дээрх хоёр жишээ мэт ялгаатай зүйлс. Бид бүгд эх орондоо хайртай, эх орныхоо төлөө  ямар нэг сайн сайхан зүйлийг хийж өгөх хүсэл эрмэлзэлтэй.Гэвч бид энэ хайрыг буруу  ойлгож, амьдрал дээр хэрэгжүүлвэл хайр биш "ХАР" болж хувирах аюултай”.

Тэгвэл үндсэрхэг ба үндэсний үзлийн ялгаа нь юу вэ?

Үндэсний үзэл гэдэг бодол бахархах, хайрлан хамгаалах зэрэг эерэг санаа. Энэ бол эх орон, эцэг эх, соёл уламжлал, үүх түүхээрээ бахархах сэтгэл бөгөөд, эдгээр бахархсан, бахадсан сэтгэлээрээ өөрийн амьдарч буй нийгэмдээ идэвхитэй зөв оролцоотойгоор аз жаргалтайгаар аж төрөн амьдрах гэсэн санаа ажээ. Үндэсний үзлээс үүдэн эх оронч сэтгэлгээ буюу эх орноо хайрлан хамгаалах, эх дэлхий, уул ус, хүн төрөлхтнийг хүндэтгэх гээд хүний  сайхан чанарууд тодрон бий болно гэж үздэг байна. Үндэсний үзэлд бусдын явдлыг шүүх, бусдад хэт төвлөрөх гэхээс илүүтэйгээр өөрийн хэрэг явдалд ухамсартай хандах, аль болох гэгээлэг, өөрсдөөрөө бахархсан сэтгэлтэйгээр нийгмийн үйл хэрэгт оролцох гэсэн санаа багтдаг.

Харин, Үндсэрхэг үзэл гэдэг бол ялгаварлан гадуурхах, уурсах, үзэн ядах зэрэг сэтгэл зүйн сөрөг өөрчлөлтүүдээр илрэнэ. Бусдыг өөрийн эд зүйлст хүрчихвий гэсэн айдас, аль эсвэл өөрт ямар нэг муу зүйл хийчихвий гэсэн айдсаасаа болж харилцахаас дургүйлхэх, тусгаарлах, үзэн ядах, ялгаварлах зэрэг бол үндсэрхэг үзлийн шинж тэмдэг. Үндсэрхэг үзэл яван явсаар олон харгис хэрцгий гэмт хэрэг, нийгэмд хор уршигтай бослого болон хувирах аюултай байдаг байна.

Үндсэрхэг үзэл бол өөрөөсөө ялгаатай харийн буюу үл танигдахуйгаас хэт айх үзэн ядалтын сэтгэл юм.

Гадаадын хэллэгээр түүнийг ксенофобия (Англи хэл дээр xenophobia, Япон хэл дээр 外国人嫌悪 гэж орчуулагдана) гэх бөгөөд харийнхнаас хорсон айх гэсэн Грек нийлмэл үгнээс гаралтай ажгуу. Ихэвчлэн гаднах төрх байдлаараа эрс ялгаатай өөр овог аймаг, угсаа гаралтан, зочин гийчдийн соёлын болзошгүй аюул заналаас айж ичих, зугтах хандлага юм. Сэтгэл зүйн хувьд өргөн утгаар нь тайлбарлавал ксенофобия бол аливаа харийн зүйлээс айх айдас.

Гарал үүсэл, шашин шүтлэг, итгэл үнэмшил, зан заншил, аж төрөх ёс, хэл зэрэг аливаа нэгэн шалгуур үзүүлэлтээр өөрсдөөсөө зааглан харийнхнаас жийрхэх үйлдлийг агуулдаг. Үндсэрхэг үзэлтэн итгэл үнэмшлээрээ ямар нэг байдлаар гадаадын иргэд, эсхүл цагаачлагчдыг онилж давшилдаг. Ялангуяа олон зуун жил хаяа нийлж амьдарсан болон олон зуун жил дайтаж нэг нь нөгөөгөө эзэлж явсан улс үндэстний эсрэг өширхөл хүчтэй байдаг. Нөгөөтэйгүүр өөрийн хэл, бичиг зэргийн цэвэр байдлыг хамгаалах гэсэн эрмэлзлээр соёлын үндсэрхэг үзэл гарах нь бий.

Үндсэрхэг үзэл нийгэмд үүсэх олон учир шалтгаан байдаг. Хүчирхэгжиж буй томоохон улс орнууд, ялангуяа хөрш үндэстнүүдийн өсөлт, глобалчлал, их гүрнүүдийн геополитикийн стратегээс айх айдас үндсэрхэг үзлийг дэвэргэх үндэс суурь болж өгдөг.

Орчин үеийн нийгмийн задрал, эмх замбараагүй байдал, олигархиуд болон ард түмний хоорондын үл ойлголцол, нийгмийн ядуурал, хил дамнасан гэмт хэрэг үндсэрхэг үзэл газар авах шимтэй хөрс болж байна. Улс орноо зөв хөгжүүлэх үндэсний үзлийн хэрэгцээ шаардлагыг энгийн ухамсрын түвшинд мэдрэмжээрээ бүдүүн тоймоор ойлгохдоо үндсэрхэг үзэл хэмээн ойлгох нь түгээмэл. Үндэсний соёл, уламжлалаа сэргээх гэсэн урлаг соёлын сэхээтний эгнээнээс үндсэрхэг үзлийг дэвэргэх сэтгэлгээ оргилж байдаг.

Үүнээс үзвэл үндсэрхэг үзэл гэдэг бол хэл, соёлоороо нэгдэн нийлсэн нэгээхэн бүлэг хүмүүс, өөр бусад хэл соёлтой бүлэг хүмүүсээс айх, үзэн ядах, жигших, нэг ёсондоо сэтгэл зүйл нэг төрлийн өвчин мэт зүйл гэж тайлбарласан байна.

 Үндэсний үзэл гэж юу болох талаар

Үндэсний үзэл гэдэг бол үүх түүхээрээ бахархах, уламжлал соёлоо алдахгүй хадгалахыг эрмэлзэх, шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэх зэрэг явдал байдаг. Хүмүүс үндсэрхэг үзлийг үндэсний үзэл гэж андуурах явдал олон байдаг байна. Ялангуяа өнөөгийн Монгол оронд үндэсний үзэл бус үндсэрхэг үзэл буюу  бусад улс орноос айснаасаа болж үзэн ядах, дургүйцлээ илэрхийлэх зэргээр илэрч буй үндсэрхэг  харгис үзэл явагдсаар байгаа.

“Социализмын жилүүдэд түүхэн аугаа их уламжлалаараа бахархах, шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэх, улс орноо хөгжүүлэх уламжлалаа сэргээхээр зүтгэгч нам төрийн зүтгэлтэн, урлаг соёлын төлөөлөгчдийг “Чингис ба түүний залгамжлагчдын байлдан дагуулагч түрэмгий бодлогод ангич биш байрнаас үнэлэлт өгч, магтан сайшаагч үндсэрхэх үзэлд автагдан дэлгэрүүлэгчид” хэмээн тас цохиж байлаа.

Энэхүү хязгаарлалт үгүй болсон ардчиллын жилүүдэд Оросоос айх шинжтэй үндсэрхэг үзэл дэлгэрсэн. Түүнчлэн глобалчлалын далбаагаар элдэв төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн, хүний эрх, жендерийн асуудал, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, христийн шашны урсгалуудаар түрэн орж ирж буй өрнийн соёл, капитализм, ардчиллын түрэлт уламжлалт соёл иргэншилд аюул занал учруулах вий гэсэн болгоомжлолтой үндсэрхэг үзэл цухуйж эхэллээ.
Эдгээр үзэгдэл, үйл явц Монголд үндсэрхэг бус, харин үндэсний үзлийг жинхэнэ ёсоор түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгамдаж буйг илтгэн харуулж байна. Монголчуудын нацизм, фашизмаас зайлхийх, үзэн ядалт, дээрэнгүйлэл, дарангуйлал, үндэстэн хоорондын мөргөлдөөн, харийн халдлага аюулаас сохроор айж эмээхийн эсрэг арга зам бол үндсэрхэг үзэл биш, харин үндэсний үзэл байх юм“.

Үүнээс үзвэл өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа үндсэрхэг үзэл гэдэг бол нэг ёсны социализмын үеийнхтэй л төстэй тархи угаалт, сэтгэл зүйн хөөрөл. Харин бид энэ их хүчтэй сэтгэл хөөрлийг өөр зүйлд ашигтайгаар ашиглах боломжтой! Хэрвээ бид эх орон ч үндсэрхэг үзэл гээчийг үндэсний үзэл болгож чадаад, эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, хөдөлмөрлөж, суралцаж, амжилт олж чадвал бидний хүсээд буй эх орны хөгжил өмнө ирэх боломжтой байх нь ээ.

 

(Эх сурвалж:  1. Мэндсайханы Энхсайхан “Үндэсний үзэл” номын 1,2-р бүлэг)

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon