Нийтлэл 10 сарын 09, 2018

Амьд явах эрх ба цаазын ял

Монголын хуульчдын холбоо, "Ананд Адвокатс" хуулийн фирмээс хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг угтаад 15 цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Өнөөдөр энэхүү цувралын хоёр дахь дугаар "Амьд явах эрх ба цаазын ял" сэдвээр хэлэлцсэнийг тоймлон хүргэж байна.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссийн гомдол хяналт шалгалтын ахлах референт Л.Дүгэрсүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор профессор О.Мөнхсайхан,  Эмнести интернэшнл групын удирдах зөвлөлийн гишүүн А.Түвшинтулга нар оролцож хуульч Ж.Эрхэмбаатар хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа.

 Амьд явах эрх Монгол улсад баталгаатай хэрэгжиж байна уу. Энэ талаар иргэд хэр мэдлэг мэдээлэлтэй байна вэ?

Л.Дүгэрсүрэн: Хүний амьд явах эрх гэдэг хэн ч хэзээ ч хөндөж болохгүй жам ёсны эрх байдаг. Яагаад гэвэл энэ нь бусад эрхээ эдлэх суурь хүчин зүйл нь болж байдаг. Манай улсын хувьд амьд явах эрхийг 100 хувь сайн хамгаалж байна гэж болохгүй байна.   Яагаад гэвэл төр өөрөө хүний эрхийг хүндэтгэх хамгаалах гэсэн үүрэгтэй. Гэтэл төр энэ үүргээ биелүүлээгүйгээс болж хүний амь эрстэх зэрэг ийм нөхцөл байдал үүсч байна. Тийм учраас төрөөс хүний амьд явах эрхийн талаар тодорхой бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн иргэдийн эрх зүйн боловсролын хувьд дутмаг байна. Энэ мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар төрөөс тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй.

Төр иргэдийн өмнө ямар үүрэг хүлээсэн талаар Үндсэн хуулинд юу гэж заасан байдаг вэ?

О.Мөнхсайхан: Монгол улсын Үндсэн хуулийн 16.1-д хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүгийн хуулинд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр ялын дээд хэмжээ тогтоосноос бусад тохиолдолд хүний амь насыг хохироож болохгүй гэсэн ийм заалт байгаа.  Энэ заалтыг хуулинд орох үед хүний амьд явах эрхийн тухай маш том хэлэлцүүлэг өрнөсөн байдаг. Зарим депутатууд энэ хуулийг бүр мөсөн халъя үүнд гэм буруугүй маш олон хүмүүсийг хоморголон устгаж байна гэж үзсэн. Нөгөө хэсэг нь энэ хуулийг халах ёстой гэхдээ цаг нь болоогүй гэж үзсэн. Энэ хоёр байр суурь явсаар хоёр дахь нь буюу Монгол улс цаазаар авах ялыг халах ёстой юм байна гэсэн байр сууриар Үндсэн хуулийн заалтад орсон.

Үүнээс хойш хүний амьд явах эрхийг хамгаалах баталгаажуулах чиглэлээр 4 парламент тодорхой алхмуудыг хийсэн байдаг. Жишээлбэл

2000-2004 оны парламент Монгол улсад хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр хийж үүндээ Монгол улс цаазаар авах ялыг ирээдүйд хална гэсэн заалтыг маш тодорхой тусгасан байдаг.

2008-2012 оны парламент иргэний болон улс төрийн тухай хоёрдугаар нэмэлт протоколд буюу цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдэх алхмыг хийж нэгдсэн байдаг. Энэ үед тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн .

2012 онд байгуулагдсан парламент эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг бүр мөсөн халсан.

2016 онд шинээр байгуулагдсан парламент энэ эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахдаа цаазаар авах ялыг халсан.

Эндээс юу харж болох вэ гэхээр цаазаар авах ялыг халах гэдэг нь Үндсэн хууль батлах үеэс явсан үндэсний зөвшилцөл юм. Үүнд   үе үеийн улс төрийн лидерүүд, гол гол намууд  оролцсон.  Мөн маш их судалгаанууд хийгдсэн байдаг. Дэлхийд 142 улс цаазаар авах ялыг хуулиасаа халсан манайх энэ тэргүүн туршлагыг хэрэгжүүлээд явж байгаадаа бахархах хэрэгтэй.

Эмнисти интернэшл байгууллага бол олон улс даяар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр олон улстай харьцуулахад манай улс хүний амьд эрхийг баталгаажуулахыг хэрхэн хангасан гэж үздэг вэ?

А.Түвшинтулга: Монгол улс 1946 онд иргэний болон улс төрийн тухай олон улсын практикийг албан ёсоор мөрдөж хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 2012 онд иргэний болон улс төрийн тухай олон улсын нэмэлт хоёрдугаар протокол  буюу цаазаар авах ялыг халахыг дэмжсэн байдаг. Үндсэн хуулийн өөрийн суурь зарчим нь хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулах. Тийм ч учраас 2017 оноос хүчин төгөлдөр үйлчилж ирсэн эрүүгийн шинэ хуульд цаазаар авах ялыг халсан байгаа.  Мөн НҮБ-ээс хийсэн судалгаагаар дэлхийн улс орнууд цаазаар авах ялыг бүх насаар хорих ялаар сольсноор, цаазаар авах ял байснаар   ямар нөлөөтэй байдаг талаар судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааг харвал ер нь энэ ял байснаар гэмт хэрэг гаралт өсөлтөд шууд нөлөөлдөг нь тогтоогдоогүй. Хоёрдугаарт гэмт хэргийн гарах шалтгаан нөхцөл бол олон хүчин зүйлээс хамаардаг болохоос эрүүгийн хуулинд цаазаар авах ял байхгүй учраас би хөнгөн шийтгэлтэй үлдэнэ гэдэг юм уу эсвэл цаазаар авах ял байснаар би энэ гэмт хэргийг үлдэхгүй гэх ийм сэдэл байдаггүй байна.

Монгол улс 2006 онд тодорхой эрдэмтдийн багтай хамтарч хийсэн судалгаанд 805 орчим шийдвэрийг авч үзсэн байдаг. Эндээс шүүхийн шийдвэр буруу байх магадлал 30 хувьтай гэж гарсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн 30 хувь нь хүчингүй болох өөрчлөгдөх тохиолдол байсан. Тэгэхээр энэ ялын сөрөг үр дагавар нь энэ. Цаазаар авах ялын сөрөг үр дагавар нь  нөхөн сэргээх боломжгүй, шүүх хуулийн системүүд алдлаа гэхэд хүний амьд явах эрхийг эргээд сэргээх боломжгүй.

2002 онд хүнд гэмт хэрэгтэй бол цаазаар авах ял байсан, 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс өршөөл хүссэн тохиолдолд ялыг түдгэлзүүлэх, 2012 онд иргэний болон улс төрийн фактад нэгдсэнээр эрх зүйн орчин бий болсон. Ингэж судалгаа практик дээр үндэслээд цаазаар авах ялыг халах шийдвэрт хүрч. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд зарим нэг судлаачид болон Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар цаазаар авах ялыг нөхөн сэргээх шаардлагатай гэж үзээд байна. Энэ талаар та бүхний байр суурийг сонсъё?

О.Мөнхсайхан: Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 сараас эхлэн цаазаар авах ялыг сэргээх байр сууриа илэрхийлж байна. Энэ байр суурийн үндэслэлийг хоёр хувааж үзэж болно.

Нэгдүгээрт гэмт хэргийн гаралттай холбоотой.

Хоёрдугаарт хуулийн хувьд боломжтой юу гэж. Манайх цаазаар авах ялыг халчихсан гэтэл сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийлэл өсөөд байна гэж  Ерөнхийлөгч  ярьж байна. Үүний шууд бус утга нь цаазаар авах ял байхгүй учраас энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөөд байна гэх ойлголт төрүүлж байна. Тэгвэл Монгол улсын цагдаагийн ерөнхий газраас гаргаж буй статистикийг харвал энэ бол бодитой дүгнэлт биш . Өөрөөр хэлбэл Монгол улсад цаазаар авах ял байж байх үед буюу 2002-2009 оны хооронд гарч байсан онц ноцтой гэмт хэргийн тоо энэ ялыг халснаас хойш буурчихсан байгаа юм. Энэ ялыг халаагүй байх үед жилд дунджаар 194 хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг гардаг байсан. Харин энэ ялыг халсан үеэс буюу 2010 оноос хойг буурсан байгаа юм. Ялтай байх хугацаанд хүчингийн гэмт хэрэг жилд дунджаар 352 гардаг байсан бол энэ ялыг халснаас хойш  жилд дунджаар 325 болж буурсан байгаа юм. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг өсчихсөн юм шиг харагдаад байгаа нь нэгдүгээрт энэ төрлийн хэргийн хууль тогтоомж сайжирч байна гэр бүлийн хүчирхийлэл бэлгийн хүчирхийллийн эсрэг ойлголт сайжирч байна. Хүн бүр цахим хэрэгсэл ашиглаж хэрэг гарангуут цахим ертөнцөөр тарж өмнө нь далд яригддаг байсан зүйл ил яригддаг болж ирж байна.

Ялын бодлогын эцсийн  зорилго бол биднийг гэмт хэргээс  хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд  үр гэмт хэргийн үр нөлөөтэй уялдуулах ёстой. Хоёрдугаарт ял бол өш хонзон авах зориулалттай биш. Гэтэл цахим ертөнцөөр явж буй гэмт хэргийн мэдээллийн сэтгэгдэл дунд цаазаар ав гэх байдлаар ханддаг. Тэгэхээр цаазаар авах ял ер нь хорих ял өс хонзон авах зориулалттай биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй байх?

А.Түвшинтулга: Ял шийтгэлийн хамгийн гол зорилго урьдчилан сэргийлэх.Үнэхээр энэ ял байснаар хүнийг санаатай алах, хүчингийн хэргийг бууруулаад байгаа юм уу үгүй юу гэдэг хамгийн чухал. Үүнтэй холбоотой нэг зүйл ярихад  хүнийг санаатай алах хэргийг 64,1 хувь нь архидан согтуурснаас үүссэн байгаа юм.   Эндээс юу хэлэх гээд байна гэхээр ял шийтгэлийн хатуугаас илүүтэй өөр бусад хүчин зүйлүүдээс хамаарч гэмт хэрэг гарч байна гэдгийг гэмт хэргийн тоо мэдээлэл харуулж байдаг. Монгол улс нэгэнт НҮБ-ийн гаргасан конвенцод нэгдээд орчихсоны хувьд энэ хоёрдугаар нэмэлт фактаас гарах эрх зүй хувьд боломж байхгүй. Харин эсрэгээрээ цаазын ялыг сэргээгээд энэхүү фактаас гарах юм бол Үндсэн хуулийнхаа 19-дүгээр зүйлд заасан хүний эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх хангах төрийн үүргээсээ няцсан алхам болно.

Ерөнхийлөгчийн хувьд арван нэгдүгээр сараас эхлэн цаазын ялыг сэргээх асуудлыг ярьж эхэлсэн. Үүний хүрээнд хууль зүйн байнгын хороонд ажлын хэсэг гаргаж албан ёсоор дүгнэлт гарсан гэсэн. Тэгвэл хүний эрхийн байгууллага энэ судалгаан дээр оролцсон уу. Энэ ямар зорилготой ажлын хэсэг байгуулагдаж ямар дүгнэлтэд хүрэв?

Л.Дүгэрсүрэн: Хууль зүйн дотоод хэргийн яам дээр цаазаар авах ялыг сэргээх нь зөв үү үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүнд хүний эрхийн комиссыг төлөөлж манайхаас хүн оролцсон. Тэгээд цаазаар авах ялыг нөхөн сэргээх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг судалж үзээд ажлын хэсгийн 100 хувийн саналаар цаазаар авах  ялыг халах буюу иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын нэмэлт протоколоос гарах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм байна хууль зүйн хувьд ямар нэгэн зохицуулалтгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн.

Цаазаар авах ялыг нөхөн сэргээх ёстойг гэж үзэж буй судлаачид нэг ийм аргумент яриад байгаа. Амеркийн нэгдсэн улс зэрэг өндөр хөгжилтэй оронд хүртэл цаазаар авах ял байна. Тэгэхээр энэ цаазаар авах ял гэдэг чинь тийм хүмүүнлэг биш юм биш үү гэсэн байр суурь илэрхийлж байна. Энэ талаар?

О.Мөнхсайхан: Дэлхийн улс орны 3,2 нь цаазаар авах ялыг халчихсан гэсэн үг. Эндээс энэ ялыг хэрэглэж байгаа зарим нэг ардчилсан улс байна. Энэ улсууд цаазаар авах ялтай байж болоод байхад манайх цаазаар авах ялыг сэргээснээр ардчилсан улс биш болчихгүй гэсэн асуудал яригдаад байдаг. Тэгвэл бид нар яагаад хүний эрхийг хамгаалах тал дээр Америк Японы өмнө орж болохгүй гэж дандаа араас яваад байна гэсэн ойлголт  байхгүй шүү дээ.  Нөгөө талаараа Америк , Японд цаазаар авах ялыг халаад эхэлчихсэн байгаа. Тухайлбал

Амеркийн 50 муж нэг нийслэл гээд  нийт 51 хуулийн тогтолцооны 19 муж 1 нэг нийслэл гээд 20 муж нь  цаазаар авах ялыг халчихсан байгаа. Энэ мэт бага багаар цаазаар авах ялыг халаад явж байгаа.

Мөн цаазаар авах ялыг халах буюу хоёрдугаар нэмэлт протоголоос Монгол улс гарах боломжгүй. Яагаад гарах боломжгүй вэ гэхээр хоёрдугаар нэмэх протокол Иргэний ба улс төрийн протокол тайлбарладаг энэ талаарх гомдлыг шийдвэрлэдэг НҮБ-ийн хүний эрхийн хороо гэж байдаг. Энэ хороо  26-р ерөнхий тайлбар гэж гаргасан байдаг. Үүнд:

Хоёрдугаар нэмэлт протоколоос  гарах заалт байхгүй энэ протголийг өөрийнх  нь төслийг  бичиж  байхад угаасаа гарах заалтгүй хийсэн.

Тэгэхээр Олон улсын гэрээнээс гарахын тулд олон улсын гэрээнд заасан заалтаар гардаг гэтэл энэ нь гарах заалтгүй. Тэгвэл гарах заалтгүй олон улсын гэрээнээс гарах зохицуулалт гэж байдаг. Энэ нь  Олон улсын гэрээний тухай заасан Веннийн конвенц гэж байдаг үүний  56-р зүйлд хоёр нөхцөл шаарддаг.

  1. Тухайн улс 12 сарын дотор нэгдчихээд буцаад гарахаа илэрхийлсэн бол гэтэл монгол улс 6 жил болчихсон
  2. Гэрээ нь өөрөө тухайн улсын гарахыг зөвшөөрсөн бол гарч болно гэж байгаа гэтэл НҮБ-ийн хүний эрхийн хороо хоёрдугаар нэмэлт протокол өөрөө гарах зохицуулалтгүй.

Ер нь бол олон улсын эрх зүйг зөрчихгүйгээр цаазаар авах ялыг сэргээх ямар ч боломж байхгүй.

Бид өнгөрсөн түүхэндээ олон мянган иргэдийг хэлмэгдүүлж шүүхийн шийдвэртэй болон шийдвэргүйгээр иргэдийн амь насыг хороож байсан гашуун түүхтэй. Мөн түрүүн Түвшинтулгын яриад шүүхийн шийдвэрийн 30 хувь буруу байх магадлалтай ба алдаатай байх тохиолдол байсан гэж байна. Тэгэхээр олон улсын түвшинд ийм хэлмэгдүүлэлтийн түвшин хэр байдаг юм бэ?

А.Түвшинтулга: Монгол улс гэлтгүй бусад улс оронд цаазаар авах ялыг гэм буруугүй хүнд оногдуулчихсан тохиолдол байдаг. Гэхдээ цаазаар авах ялыг байх ёстой үгүй гээд яриад байхаар хүмүүс нэг зүйлийг буруугаар мушгиж ойлгоод байдаг. Тэр нь аливаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцохгүй явууллаа гэж ярьдаг. Гэтэл үнэхээр гэмт хэрэг үйлдсэн л бол түүнд тохирсон ял шийтгэлийг заавал өгдөг зохицуулалт бий.  Үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.

Амьд явах эрхийн хүрээнд ямар нэгэн гомдол санал гардаг уу. Жишээлбэл цаазаар авах ял өгөх ёстой хүнд ял өгсөнгүй гэж ч юм уу эсвэл цаазаар авах ялыг нь хөнгөлж өгөөч ч гэдэг ч юм уу?

Л.Дүгэрсүрэн: Цаазаар авах ял нь өөрөө хүний амьд явах эрхийг  хөнддөг. Үүнтэй холбоотой одоогоор хүний эрхийн коммист гаргасан гомдол санал бол байхгүй байна. Гэхдээ цаазаар авах ялыг оногдуулсан нь буруу байх жишээ кэйс байна. Хүмүүсийн сайн мэдэж байгаагаар Эрдэнэ-Очирын хэрэг байна. Түүнд гурван удаа цаазаар авах ял өгч байсан ч дээд шүүх түүний хэргийг цагаатгасан байдаг.

Тэгвэл  хүнийг хэлмэгдүүлж цаазаар авах ял өгч байгаа нь төр өөрөө буруу шийдвэр гаргаад иргэнээ хохироочихож байна. Тэгвэл үүний сөрөг үр дагаврыг арилгахын тулд төр ямар шийдвэр гаргадаг юм?

Л.Дүгэрсүрэн: Аливаа этгээдэд ял шийтгэл оноосон хохирол маш их байдаг. Хэрвээ төрийн байгууллагын ажилтны буруутай байдлаас болж иргэн хохирсон бол төр үүнийг хариуцаад тухайн иргэний хохирлыг барагдуулдаг.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-10-11

    'Дэлхийн улс орны 3,2 нь цаазаар авах ялыг халчихсан гэсэн үг ' 3,2 гэж гуравын хоёр уу?

arrow icon