Саяхан хэд хоногийн өмнө Японы төрөх эмнэлгийн хоолны зураг интернэтээр олон хүнийг гайхшруулсан билээ.
Тэгвэл Японд сургуулийн үдийн хоол ямар байдаг вэ? Жишээ болгон Японы Зүүн хойд бүсэд орших Сэндай хотын улсын сургуулийн хоолны цэсийг сонирхоцгооё.
1. Даваа:
Будаа, сүү, Киото стилээр шарсан загас, төмстэй шөл, ногооны зууш- 625 kcal
2. Мягмар:
Хулуутай талх, сүү, шар буурцагны шоштой крокетт, эрдэнэшиш, өндөгтэй шөл, гуа жимс- 678 kcal
3. Лхагва:
Арвайтай будаа, сүү, далайн карри, сонгины амтлагчтай салат, жимстэй тараг- 702 kcal
4. Пүрэв:
Талх, сүү, дүфүтэй япон гоймонтой шөл, гүнжидтэй битүү шарсан шишямо загас, жүрж- 614 kcal
5. Баасан:
Будаа, шарсан загас, гахайн мах төмстэй шөл, цагаан луувангийн салад, сүү,- 660 kcal
Японд 1954 онд батлагдаж өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа “Сургуулийн хоолны тухай хууль”-д сургуулийн үдийн хоолыг “хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжлийг шим тэжээлийн зохистой хэрэглээгээр дэмжих”-ээс гадна:
• Зөв хооллолтын талаарх ойлголт, дадлыг хөгжүүлэх
• Сургуулийн амьдралыг улам өгөөжтэй, хөгжилтэй болгох, нийтэч зан чанарыг хөгжүүлэх
• Байгаль дэлхийн баялагт талархаж, амьдрал, байгалийг хайрлах, хамгаалах зан чанарыг төлөвшүүлэх
• Хүнс хоол нь маш олон хүний янз бүрийн үйл ажиллагааны хүчээр бүтдэгийг ойлгуулж, хөдөлмөрийг хүндэлж, бахархах хүмүүжлийг олгох
• Өөрийн болон бусад үндэстний хоол хүнсний соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх
• Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн эргэлт, хэрэглээний талаар зөв ойлголтыг өгөх зорилготой гэжээ.
Хуулинд зааснаар асран хамгаалагч хоолны материалын зардлыг (дунджаар 40 доллар) даах бөгөөд өрхийн орлого багатай айл хөнгөлөлт эдлэх буюу чөлөөлөгддөг байна
. “Сургуулийн хоол бэлтгэх төв”-ийн ажилчдын цалин, ус цахилгаан, байр зэрэг зардлыг улсаас гаргадаг аж.
Гал тогоо буюу “Сургуулийн хоол бэлтгэх төв” /тухайн дүүрэг бүсийн сургуулийн хоолыг бэлтгэдэг нэгдсэн гал тогоо/ нь ариун цэврийн стандарт, хүнсний материал хадгалалтын стандартыг нарийн чанд баримталдаг бөгөөд байнга шинжилгээ, шалгалт явагддаг.
Хоолны хордлого гарсан тохиолдолд шалтгааныг тогтооход ашиглах зорилгоор хоолны орц бүрээс 50 гр-аас багагүй хэмжээтэй дээж авч тодорхой хугацаанд зориулалтын хөргөгчинд хадгалдаг байна.
Хүүхэд хоолыг хийснээс хойш хоёр цагийн дотор идэхээр бодож, хоол хийх цаг, хүргэлтийн цагийг нарийн тооцдог.
Хоолны материалыг нарийн шалгуураар сонгодог бөгөөд ихэнхдээ тухайн орон нутгийн шинэхэн, сайн чанарын бүтээгдэхүүнийг авдаг.
Хот бүр Японы БССШУЯ-аас тогтоосон стандартын дагуу хүүхдэд шим тэжээлийн бодисыг зохистой, хангалттай авахуйц хоолны цэс гарган сурагчдад тарааж, мөн вэб сайт зэргээр нийтэд зарладаг ажээ. Зөвхөн япон биш, олон орны төрөл төрлийн хоол орсон нэлээд баялаг меню. Шизүоза мужийн хоёр сургуулийн хоолны цэсэнд монгол хоол-цуйван орсон тухай мэдээгээр гарч байсан. Жил бүр болдог улсын хэмжээний маш алдартай тэмцээнээр муж хотууд сургуулийн хоолны цэс, чанараараа өрсөлддөг.
Харин Монголд
ЕБС-ийн сургуулийн бага ангийн сурагчдад өгдөг үдийн цайны цэс өдөр бүр өөр байдаг бөгөөд хүүхдийн авах элчлэгийг 240 килокалорид тооцож цэсээ зохиодог байна. Сурагчдад өгдөг цай хоолоо нийлүүлэгчээс авдаггүй бөгөөд сургуулийн цайны газрын нарийн боовны цехдээ пирог, кекс, эклер зэргийг хийдэг аж.
Үдийн цай хөтөлбөр Монгол хэрэгжиж эхлээд арав гаруй жил болж байгаа ч төдийлөн ахиц дэвшил гарахгүй байгаа нь манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа юм.
Гэтэл сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа юм. Тухайлбал сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна.
Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай
байна.
Сэтгэгдэл бичих