Анх их сургуулийн оюутан болоод эхний хичээлдээ суув. Учиргүй утга уран зохиол яриад л тэр дундаа эртний хятад уран зохиол Күнзийн сургаал гээд уйтгартай урт лекц болж өнгөрөв. Мэдээж хэрэг шинэ оюутан багшийнхаа хэлсэн үг бүрийг бичиж тэмдэглэж авахыг хичээн арван жилд цээж бичиг хийж сурсан эрдмээрээ нэг бүрчлэн бичиж тэмдэглэж аваад гэртээ хариад юу болов гэдгийг нэг харав. Гэтэл өнөөх миний мэддэг шүлэг цээжлээд цээжилснээ дуржигнатал уншдаг уран зохиолоос тэс өөр юм.
Зохиолчийн намтар уран бүтээл, түүний амьдрал зохиолтойгоо хэрхэн холбогдож тэрхүү зохиолоороо дамжуулж тухайн цаг үеийн аж амьдралыг дүрслэх хийгээд хүмүүний ааш араншин бүр огт мэдэхгүй ид шийдийн мэт хийсвэр сэтгэлгээ зэрэг зүйлсийн тухай бичсэн лекц маань ихэд сонирхолтой байсныг мэдсэн юм. Бараг ингэж л би хятад уран зохиолтой танилцсан. Хичээлийн маань бараг тал хувь Хятадын уран зохиол байсан учир хятад уран зохиол унших дуртай бөгөөд бусдаас арай дотно санагдах болсон. Магадгүй хятад уран зохиол илүү зөөлөн бас гунигтай болохоор илүү таалагдсан байх.
Өнөөдрийн миний ярих энэ ном ч бас жаргал зовлон уйтгар гуниг хийгээд хүмүүний амьдралын оршихуйн тухай өгүүлэх Амьдрахуй тууж юм. Энэхүү тууж тариачин эр Фу Гүйн тухай болон тариачдын тосгоны тухай өгүүлнэ
.
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин ,гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай
. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан эцэг хүний, бас ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхээс гадна хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байснийг танд хэлж өгнө.
Зохиолын гол утга санаа ердөө амьдрах хүсэл. Минийхээр ядуу ч бай, баян ч бай, өвчтэй ч бай гэр бүлтэйгээ, үр хүүхдийнхээ инээд баяслыг харж түүгээр сэтгэлээ цатгалан байлгаж амьдрах нь чухал мэт.
Зохиолын товч
Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар луу ачигддаг. Мэдээж дайны талбарт амьд үлдэх л чухал. Амьд үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, тэсэж сэтгэлийн тэнхээтэй байх нь мөн чухал. Цагийн өмнө найзалсан найз чинь цагийн дараа ч үхэж магадгүй учир дайны талбарт амьд үлдэхийг л хүснэ. Түүний амьдрах чин хүслийг хэн нэгэн сонссон мэт тэр дайны талбараас амьд мэнд эргэн ирсэн боловч ядуу амьдрал, өвчинд шаналсан гэр бүл нь угтана. Гэвч ийм байсан ч амьд үлдсэн нь, цаашид амьдрах нь, амьдрах итгэл төрүүлэх гэр бүл нь байгаа нь л хамгийн сайхан.
Зохиолчийн хүүрнэл
Дээр дурдсанчлан минийхээр хятад зохиол бол зөөлөн, уян, гунигтай бас их нууцлаг сэжим ихтэй. Гэхдээ энд зохиолчийн бичих арга барил түүний авьяасаас гадна уг туужийг орчуулсан М.Батбаярыг магтмаар байна. Харь хэлний үг хэллэгийг ийм өөриймсүү болгож ингэж ойлгомжтой орчуулсанд үнэхээр талархмаар байна.
Амьдрахуй туужийн зохиолч Үй Хуа баяр гуниг хоёрыг хослуулж гэнэн хөөрүү сэтгэлээр уншвал инээж шоолмоор мэт сэтгэлээ чагнаад тогтож уншвал мэгшиж уйлмаар мэт хэсгийг гайхалтай уралсан байдаг.
Тухайлбал:
Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:
Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.
Энэ хэсэг инээдтэй мэт боловч амьдралд ганцаараа үлдсэн мэт түүний сэтгэлийн гүн дэх ганцаардлыг илтгэнэ. Бас өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавилан. Ингээд бодохоор уйлмаар байгаа биз.
Зохиолын төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.
Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн хөгшин ганц үхэртээ хандаж:
“Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү...”
гэх хэсэг гардаг. Тэр бас л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцана. Бас тэр өөрийгөө хөгширсөнийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.
“Хоромхон зуур гэгээ тасарч, харанхуй шөнө тэнгэрээс бууж ирдгийг би мэднэ. Дэлгэр эх газар ханхар цээжээ өргөж харанхуйг урин дуудах нь даамай үзэсгэлэнтэй. Эгээ л бүсгүй хүн үрээ дуудах шиг эх газар нь түнэр харанхуйгаа элгэмсэж буй нь тэр билээ".
Гоё байлаа
Баярлалаа гоё тууж байна амтархан уншлаа
Зохиолч нь Үй хуа
Чухам номын тэмдэглэл гэж энэ байх. Баярлалаа
ЭНЭ НОМНЫ ЗОХИОЛЧИЙХ НЬ НЭРИЙГ МЭДЭХ ҮҮ?