Хагас сайны өглөө Зайсангийн амны амралтын газар шиг хөл хөдөлгөөн ихтэй газар Улаанбаатарт ховор. Ажлын өдрүүдийн ачаалал, тав дахийн оройны уултандаа ядарсан хотод гудамж зам эл хуль байхад тэнд харин аль хэдийн зогсоол олдохгүй түгжрээд эхэлчихсэн байна. Амралтын газраас хэдхэн алхмын цаана байх модны зах руу өгсөх зам уулын таяг, аяны үүргэвч, хоол цайгаа барьсан хүмүүсээр тасрахгүй. Хүүхэд хөгшчүүлээ дагуулан гэр бүлээрээ явах улс, анги хамт олон найз нөхдөөрөө яваа хүмүүс, эсвэл хэсэг бүлэг гадаадуудын цуваа нар мандах цагаас нар жаргах хүртэл үргэлжилнэ.
Цэвэр агаар, уулын горхи, шувуудын жиргээ, модны үнэр зэрэг нь олон хүнийг энд ийнхүү дууджээ. Зам сул өглөөний цагаар хотын төвөөс 5 минутын дотор л Улаанбаатарын стрессээс ингээд холдчихож болдог нь азтай хэрэг. Тиймдээ ч уулын жимээр алхаж байхад гадуур түгээмэл байдаг уцаартай царайтай хүмүүс дайралдахгүй. Өдөр тутмын хэцүү амьдралтайгаа зууралдан хөмсгөө зангидсан нь хүнд суртал, шударга бус байдал, утаа шороо түгжрэлтэйгээ цуг хотдоо үлдсэн мэт санагдана. Шаардлагагүй стрессийг нийслэлчүүдэд өгдөг эдгээр асуудлуудын оронд харин хүүхэд багачуудын инээд, зарим танихгүй хүмүүсийн мэндийн зөрүү ямар ч хүйтэн өдөр халуун дулаан уур амьсгалыг энд үүсгэнэ.
Алхахаар очсон хүмүүс дунд хотын гудамжинд хааяа явж байдаг яадгаа алдчихсан байдалтай хүнд гарууд ч үгүй. Оюутнуудыг эс тооцвол ихэнх нь гайгүй машин унасан зориулалтын цэвэрхэн гутал хувцас тоноглолтой хүмүүс. Галбир төрхөөс нь харахад ч өөртөө анхаардаг боломжийн давхаргынхан ирчихсэн байгаа нь илт. Урлаг спортын одууд, олны танил бизнесмэн улстөрчид ч цөөнгүй.
Гэвч “Уул усандаа хог хаявал гурван үеэрээ гуйлгачин болж, долоон үеэрээ дордоно. Далай лам” гэсэн бичигтэй самбар тааралдаж гайхшруулна. Ингэж мухар сүсгээр сүрдүүлэх нь татсан тамхины иш, уусан ундааны лааз саваа цонхоороо чулууддаг ямбий машин шигээ ухамсартай хүмүүст ойлгуулах ганц арга байж болох.
Харин манай нийгмийн арай л овсгоотой, ухамсартай хэсэгт Далай ламын нэрийг барин хэлсэн үгүйг нь мэдэхгүй үг ашиглах шаардлага байсан уу гэдэг... Даан ч уулын замд хаясан хог мэр сэр харагдах тул аргаа бараад л ийм самбар зоожээ гэж бодогдоно. Хэрэв ингээд гайгүй монголчууд нь хүртэл хог хаядаг сэтгэхүйтэй, түүнийг нь мухар сүсгээр айлгаад ч дийлэхгүй байвал зѳвхѳн хогны асуудал тѳдийгүй, манай нийгмийн ирээдүй ч бүрхэг биш үү?
Гэхдээ “Нийгмийн гайгүй хэсэг & Хог хаядаг сэтгэхүй & Мухар сүсэг” гурвын энэ холбоосноос мухар сүсгийг хасвал хонгилын үзүүрт гэрэл харагдана.
Шийдэл: Хагархай цонхны онол
Гайгүй ухамсартай хүн ч байгаа орчноо дагаад муу зүйл хийдэг нь олон туршилтаар батлагдсан байдаг. Жишээ нь, нэгэнт бохир гудамжинд ямар ч хүн хогоо тоохгүй хаях нь аль ч улсад байж болох зүйл. Монголчууд гадаадад гарангуутаа соёлтой болоод харин Улаанбаатарт ирэхээрээ шүлс хогоо хаян, очерлох зам тавьж өгөхөө мартаад урдуур дайраад эхэлдэг
нь ч бас үүний нэг жишээ. Тэгэхээр ухамсартай монгол хүн ч нөхцөл байдлаасаа шалтгаалаад “дүрсгүйтэн” хог хаях боломжтой тул “Үүнээс сэргийлэх арга бий юу?” гэдэг л чухал.
Энэхүү асуултад хариу олоход “Хагархай цонхны онол” тусална. Товчхондоо энэ онолоор хагарсан цонхыг хурдхан шиллэхгүй л бол хүмүүс байрны бусад цонхуудыг ч хагалсаар удахгүй үлдсэн бүх цонх хагарч дуусна гэж үздэг. Харин нэгэнт цонхнууд нь хагарсны дараа байрны хаалгыг эвдэж орох гэх мэт дараа дараагийн асуудал ч үүсч магадгүй. Хогны асуудал дээр ч мөн төстэй зүйл ажиглагдана. Жишээ нь, нэг л ширхэг хог байгаа газарт бусад хүмүүс ч нэмж хог хаясаар хогтой орчин үүсэх боломжтой. Улмаар бохир болсон тэр газарт гэмт хэрэг гарах магадлал ихсэх гэх мэтээр асуудал цааш хүндэрнэ. Ѳѳрѳѳр хэлвэл, хүний үйлдэл байгаа орчноосоо ихээхэн хамаардаг тул жижиг зүйлээс том асуудал хялбархан үүсдэг
гэсэн үг.
Иймд эхний цонхыг хагалахгүй байх, эсвэл хагарсан цонхыг хурдан шиллэх нь “Хагархай цонхны онол”-оор том асуудал үүсэхгүй байх нөхцөл болж байна. Харин хогны “суурь шалтгаан” буюу хог хаядаг нөхдүүдийн ухамсар бүрэн өөрчлөгдөхгүй нь тодорхой тул үргэлж хэн нэгний хаясан лааз байх болно. Тэгээд мэдээж хэн ч энэ хогийг түүхийг хүсэхгүй. Ялангуяа монгол хүн.
Жишээ нь, дэлхийн хамгийн цэвэрхэн хотуудын нэг гэгддэг Токио. Гудамжинд хогийн сав ер нь л байхгүй. Хүмүүс огт хог хаядаггүй юу гэвэл яг ч тийм биш. УБ-д байдаг шиг улбар шар хантааз ѳмссѳн хүмүүс ѳглѳѳ болгон замаа шүүрдээд зогсч байдаг уу гэвэл бас л үгүй. Гэхдээ л хоггүй. Магадгүй үүний нууц нь зарим хѳгшчүүл сайн дураараа унасан ганц хоёр хогийг түүгээд явж байдагт байж болох. Тэгвэл Монголд элдэв аянд оролцоод биш харин өөрөө бусдын хаясан хогийг түүгээд явж байгаа хүмүүсийг харахаар дандаа л гадныхан байх.
Манай томоохон компанийн гадаад захирлууд хүртэл уулнаас буухдаа ууттай хог бариад явж байхыг олон харсан. Харин монгол хүн ингээд явж байвал хог түүж амьдардаг нөхдүүд л болж таардаг.
Уул нь харийн хүмүүст Монголын хогны асуудалд зориулах эрч хүч, цаг хугацаа, эрх мэдэл, хөрөнгө санхүү байхгүй, байх ч албагүй. Монгол хүн цэвэрхэн орчинд амьдрахыг хүсвэл хогоо өөрсдөө л түүхээс өөр замгүй.
Тэгвэл хог түүдэг монгол хүнийг хэрхэн бүтээх вэ? Ингэхгүй л бол бид үргэлж хогтой орчинд амьдарна гэдэг нь онолоор батлагдчихаж байна. Гэхдээ азаар хүний үйлдэл орчноосоо хамаарахгүй үед хагархай цонхны онол үйлчлэхгүй байх боломжтой. Хэрэв “Орчныг бохирдуулж шалихгүй мэт харагдах тэр ганц лааз цаашид үүсэх хогийн цэгийн эхлэл болно”
гэдгийг хүн бүр ойлгож байвал нэмж хаях хүн гарахгүй, харин түүж авах хүн олон байх биш үү?
Уул нь бууриа цэвэрлээд нүүдэг, байгальдаа хог хаяадаггүй заншилтай монголчууд бидэнд уул мод, гол ус, хээр талаа цэвэрхэн байлгах боломж бий гэж бодно. Иймд хэрэв хагархай цонхны онолыг түгээн бүгд мэддэг болчихвол хог түүдэг орчин үеийн монгол хүнийг бүтээж бид хоггүй орчинд амьдрах боломжтой.
Түүсэн хогоо хогийн цэг нэртэй байгалийн бас л нэг хэсэг болсон газарт аваачин хаяж бохирдуулдаг. Хүн байгаа цагт хогон овоо байсаар л байх байх.