Нийтлэл 10 сарын 23, 2018

Хөдөөний хүү дэлхийн хотын соёлоос суралцсан тэмдэглэл

“Муу сайн хөдөөнийхөн хотод орж ирээд хот заваартуулаад байна” гэх үзэгдэл хүмүүсийн дунд ч, интернэт ертөнцөд ч тэр их харагдах юм. Тэр “хөдөөний” гээд муулдаг хүмүүс чинь буусан бууриа цэвэрлээд явдаг цэвэрч хүмүүс юм шүү дээ. Би ч малчин аавын хөдөөний хүү. Зун болгон хөдөө явж хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил хонь хургатай хөөцөлдөж үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож өссөн юм. Бага байхад сүрхий анзаарч байгаагүй ч одоо бодоход хөдөөний малчин ардын нэгэн соёл одоогийн хотын иргэдэд харин ч дутагдаад байгаа гэлтэй. Хөдөөний бид нар нүүгээд явахдаа буусан буурин дээрээ хог новш юу ч үлдээлгvй хамж аваад, зоосон шон гадсаа сугалж, нүхийг нь хүртэл бөглөөд явдаг байсан юм даа. Энэ ахуйн уламжлалаа хотын соёлд нэвтрэх гэж байгаад гээчидхсэн юм шиг.

Улаанбаатар хот маань “Азийн цагаан дагина” гэж нэрлэгддэг байсан үе уг нь бол саяхан. Ардчилалын үеэр төрсөн бидний үеийнхэн харин “Азийн цагаан дагина” байх үед нь нүдээр үзэж, биеэр мэдэрч чадаагүй азгүй хүмүүс. Ардчилалаас өмнөхөн үеийн зураг сэтгүүл дээрээс үзэхнээ Улаанбаатар маань ч үнэхээр л “Мишээсэн дагина шиг Миний сайхан Улаанбаатар” байсан юм байна лээ. Социализмын үеийн Улаанбаатар хот үнэндээ одоогийнхоос хавьгүй цэвэрхэн байсан талаар тэр үеийн хүмүүсээс их сонсдог шүү. Тухайн үед байн байн нийтийн суботник зарлаад айл бүрээс нэг нэг хүн гарч байрныхаа гаднах орчин тойрныг цэвэрлэдэг байсан юм шиг байгаа юм.

Бид бүгдийн сайн мэдэх Үрлээ, Баяр, Дэлгэр 3-ын тухай гардаг “Би чамд хайртай” гээд кинон дээр хүртэл байрны оршин суугчид суботник хийж байгаа тухай гардаг шүү дээ.

Ингээд бодохоор социалист нийгмийн үеийн хотын хүмүүс өнөөгийн хотынхноос “Хотын соёл” гээч зүйлд хавьгүй илүү суралцаж боловсорсон байжээ гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

Социализмийн үеийн Улаанбаатар

“Азийн цагаан дагина”-аас“Азийн халтар хүүхэн” болтол нь хамт байж, хотын соёл гээч зүйлийн зах зухаас нь бүрэн дүүрэн суралцаж ч амжилгүй арван жилээ төгсөөд дэлхийн хамгийн цэвэрхэн хотоор шалгарч, дэлхийн жишиг хотуудын тоонд ордог Токио хотод таван жилийн өмнө эрдэм номын мөр хөөж анх хөл тавьсан юм. Үнэхээр ч Токио гэлтгүй Японы бүхий л аймаг, хотууд тунчиг цэвэрхэн, эмх цэгцтэй. Энэ жижиг газар нутаг дээр 130 сая хүн үнэхээр яаж эмх цэгцтэй, цэвэрхэн амьдрахыг Япон улс яруу тодоор харуулж чадаж байна.

Үгүй ээ тэгээд яаж ийм цэвэрхэн байгаад байна аа?

Манайд байдаг өвлийн хар хүйтэнд хар шөнөөс эхэлж замын цас мөсөө шүүрддэг ТҮК-ийн ажилтан гэх зовлонтой ажил хийдэг хүн энэ японд чинь харин нэг ч байхгүй. Бас дээр нь алхам тутамд хогийн сав байхгүй мөртлөө яаж ингэж гудамжиндаа хоггүй, ширхэг ч чихрийн цаас, гялгар уут ч хийсэхгүй байгаа нь хачирхалтай. Японд 24 цагийн жижиг дэлгүүрүүдийн(конбини) үүдэнд л хогийн сав харагддаг. Яг харьцуулаад үзвэл манай Улаанбаатар хот харин ч гудамжиндаа хогийн сав ихтэй юм байна лээ шүү. Гэтэл манайхан хогийн сав байхгүй болохоор хот хог ихтэй байна гээд байдаг. Тэгэхээр асуудал хогийн сав цөөхөндөө биш болж таарч байгаа юм.

1960-аад оны Японы орны дүр төрхөөс жаахан танилцуулъя:

 Хүн орох зайгүй шахам нарийн гудамжнуудын тохой булан бүрт гялгар уут, ногооны хальс, хаясан хувцас хунар гээд л энд тэндгүй хөглөрөөстэй. Хүмүүс нь цонхоороо шил лааз, цаас зэрэг элдэв хог хаягдлаа хаа сайгүй шидлээстэй. Гудамж талбай нь тэр аяараа хогийн цэг гэмээр. Ялаа батгана тэр дээр нь бөөгнөрөн шаваастай. Ойр хавьд нь хүмүүс хоол идэж буй “аймшигт” дүр төрх. Мөн ард иргэд нь гэдэсний халдварт өвчин тусч олноор үхэж үрэгдэж байв. Ийм л дүр төрхтэй байж. Интернэтээс хайгаад үзвэл энэ үеийн япон орны тухай баримтат кино болон зургууд зөндөө бий.

Цаг хугацааны хувьд хагас зуун жилийн ялгаатай ч манай өнөөгийн гэр хорооллын дүр төрхтэй нилээд төстэй гэмээр дүр зураг…

Ийм байдалтай байсан ард түмэн 1970 –аад оны эхэн гэхэд л энэ байдлаасаа гарч чаджээ. 10 хүрэхгүй жилийн дотор газар тэнгэр шиг ялгаатай шинэ Япон орныг бий болгож чадсан байгаа юм.

Яаж? Нууц нь юундаа байв?

Нууц ч гэж дээ. Япончуудад хогноосоо салахад хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл бол ерөөсөө л иргэдийн өөрсдийнх нь ухамсар. Эмх замбараагүй хаа сайгүй хаясан хог эргээд эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж байсан нь гашуун туршлага болж өгсөн аж. Дээр нь жижигхэн газар нутагтай тул хог хаях л юм бол амьдрах газар багасч байна гэдгийг ард иргэд нь ухамсарлаж чадсан байна.

Мөн дэлхийд алдартай Панасоник (Panasonic) компанийг үүсгэн байгуулагч, Японд менежментийн бурхан “The God of management” хэмээн хүндлэгддэг Мацүшита Кооносүкэ гэх энэ агуу хүний уриа их нөлөөлсөн аж.
“Япон орноо бүхэлд нь цэвэрхэн сайхан болгоё гэдэг бол сайхан үгнээс цаашгүй. Улс орноо бүхэлд нь сайхан болгохын өмнө эхлээд өөрийн эргэн тойрноо сайхан болго. Өөрийн эргэн тойрноо цэвэрлэж ч чадахгүй бол бүх улс орноо цэвэрлэж чадах уу” хэмээн хэлсэн энэхүү үгийг одоо хүртэл япон хүн бүр мөрдсөөр иржээ. Ингээд хүн бүхэн өөрсдийн эргэн тойрныхоо жижигхэн хэсгийг цэвэрлэж байя гэсэн нэгэн сэтгэлээр шаргуу хичээж эхэлсний үр дүнд хогноосоо маш хурдан салж чадсан түүхтэй.

Би их сургуулийн 2-р курст суралцаж байх үед Японы нэгэн бага болон дунд сургуульд очиж сурагчдад Монголын талаар яриа хийх хүсэлт ирсэн юм. Ингээд л Монголынхоо талаар яриа хийн нэг өдрийг хүүхдүүдтэй өнгөрөөлөө. Тэр үед нэг зүйл их сэтгэлд хоногшиж үлдсэн юм. 12 цаг болж үдийн завсарлагаанаар хүүхдүүд өдрийн хоолондоо орлоо. Ингээд 12:30 болоход нэг ангийн дарга бололтой хүү гарч ирээд “за цэвэрлэгээгээ эхэлцгээе” гэж хэлэхэд бүгд хэд хэдэн хэсэгт хуваагдаад бээлий гартаа углан ариун цэврийн өрөө, анги болон коридороо цэвэрлээд эхэлж билээ. Тэгээд тэсэлгүй ангийн багшаас нь “Танай сургуульд хүүхдүүд нь өдөр бүр ингэж цэвэрлэгээ хийдэг үү?” гэж асуутал өдөр бүр бүх ангиуд 30 минут хэд хэдэн бүлэгт хуваагдаад цэвэрлэгээ хийдэг юмаа гэлээ. Дээр нь бага, дунд, ахлах сургуульд цэвэрлэгч гэж ажилтан байхгүй бөгөөд сурагчид нь өөрсдөө өдөр бүр цэвэрлэгээгээ хийдэг гэдгийг мэдэж авсан юм. Энэхүү цэвэрлэгээний тогтолцоо нь Японы бүх бага, дунд, ахлах сургуулийн сургалтынх нь хөтөлбөрт тугсагдсан байдаг бөгөөд үүнийгээ “Цэвэрлэгээгээр олж авах ёс суртахууны болон хувь хүний боловсрол” хэмээн нэрлэдэг байна. Агуулгаас нь орчуулбал “Сурагчид өөрсдийн гараараа сургуулиа хамтдаа цэвэрлэх энэхүү жижигхэн нэг алхамаас дараах 3 зүйлсийг олж авна.

1.Ирээдүйд өөрийн амьдрах, ажиллах, хэрэглэх орчиноо цэвэрхэн байлгах чадвар;

2.Аливаа юмыг чухалчлах сэтгэл;

3.Нэг зүйлийг бусадтай хамтран гүйцэтгэх хамтач үзэл” гэж тайлбарласан байна;

Мундаг байгаа биз. Зүгээр л сургуулиа өдөр бүр цэвэрлэх 30-хан минутаас Япон хүүхэд маш үнэтэй 3 “үнэт” зүйлсийг олоод авчихдаг юм байна. Бид нар арван жилд байхад цэвэрлэгч шалаа угааж байхад шавартай гутлаараа хэнэггүй алхдаг л байсан. Цэвэрлэгч цэвэрлэчих юм чинь ер нь яасан ч яадаг юм гэсэн л аястай байдаг шүү дээ. Арга ч үгүй юм. Өөрсдөө гартаа бээлий углаад шалны мод бариад цэвэрлэж үзээгүй болохоор үнэндээ бид нар өөриймсөг хандаж чаддаггүй байсан юм байна.

Их сургуульд орох хүртэл нь ингээд Япон хүүхдүүдэд эргэн тойрноо цэвэрхэн байлгах ёстой гэсэн ухамсар суулгаад өгчихөөр нийгэмд гарсан хойноо ч тийм хэвээрээ үлддэг юм байна. Өглөө нохойгоо салхилуулангаа замдаа тааралдсан хогоо түүгээд явж байх эмээ өвөө нар олон харагддаг шүү. Нөгөө “эх оронч” үзэл чинь жинхэнэ энэ байгаа юм даа. Япон хүн эх орон энэ тэр гэж цээжээ дэлдэж амаараа сүрхий сүрхий үг нэг ч хэлдэггүй. Харин үйлдэл дээрээ хангалттай сайн харуулчихдаг юм шиг санагддаг.

Бас нэг жишээ дурдвал, энэ жил болж өнгөрсөн дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр улсаа дэмжих гэж цэнгэлдэх хүрээлэнд ирсэн Япон иргэд өөрсдийн суусан хэсгээ цэвэрлээд хогоо хамж аваад гарч явсан тухай интернэт ертөнцөөр шуугиж, дэлхий даяар Япон хүнийг шагшин магтаж байна. Нөгөө л сургуульд сурч байхдаа сурчихсан зангаараа эргэн тойрноо хэнээр ч хэлүүлэлгүй цэвэрлээд гарсан ганцхан үйлдэл нь ийнхүү дэлхий нийтэд маш том PR болж чадлаа.

За бид одоо яах вэ?

1.Япончуудаас суралцъя

Бас мартсан уламжлалаа эргэн санаж хэрэгжүүлье. Бидний өвөг дээдэс өмнөх үеийнхэн маань дээр үеээсээ л эргэн тойрон буусан бууриа цэвэрлээд, гол усандаа хог хаядаггүй жинхэнэ экологийн үлгэр жишээч ард түмэн байсан юм байна шүү дээ. Тэгэхээр эргэн тойрныхоо хэсэгхэн газрыг л цэвэрлээд сурчихъя.

Мөн хот хоггүй болоход миний оролцоо хэрэгтэй гэсэн сэтгэхүй бидэнд агаар ус шиг хэрэгтэй байгаа юм. Хотыг хоггүй болгоход ТҮК-ийн ажилчид хичнээн цэвэрлээд нэмэргүй гэдгийг ухамсарлах цаг болжээ. Япон улсын жишээнээс харахад хоггүй цэвэрхэн хот болох хамгийн чухал хөшүүрэг бол иргэдийн ухамсар, хүсэл зоригоос шалтгаалдаг гэдгийг харуулж байна. Өөрсдөө хотоо цэвэрлээд эхэлбэл өөрийн цэвэрлэсэн зүйлээ буцаад бохирдуулахыг хэн ч хүсэхгүй нь лавтай.

Саяхан нэгэн нэвтрүүлгээр хотын дарга Бат-Үүл гуайн санаачилгаар хогны уут тарааж байгаа тухай үзсэн. Иргэд нь эхлээд хогоо хаяхгүй байх ухамсар суугаагүй байхад хогны уут тарааж хэдэн тэрбумаар нь мөнгө цацах хэрэгтэй юм болов уу? Нөгөө тараасан уут нь өөрөө хог болж нэмэгдэх юм шиг санагдах юм.

2.Өөрөөсөө эхлэе

Иргэн бүр эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөл үзүүлж чадна. Нэг жишээ дурдъя. Японы нэгэн компаний захирал Кагияама Хидэсабүро гэж хүний бичсэн “Цэвэрлэгээний ёсон”хэмээх алдартай ном байдаг.

Энэхүү номонд өөрөө цэвэрлэгээ хийж эхэлснээр түүний гэр бүл, компани, сургууль, нийгэм хэрхэн өөрчлөгдсөн талаар өгүүлдэг. Энэ хүн өглөө бүр үйлдвэрийн эргэн тойрон болон доторх хогоо өөрөө шүүрддэг байж. Гэтэл удалгүй түүний цэвэрлэж буйг харсан ажилчид нь дагаад түүнд тусалж эхэлсэн тухай гардаг. Тэгэхээр хүн өөрөөсөө эхлээд орчин тойрныхоо хүнд нөлөөлөл үзүүлээд эхэлбэл аяндаа цааш тархаад явах учиртай.
Саяхан нэг таатай бахархмаар зүйл олж уншлаа. Буянхишиг гэж нэгэн хүү “Сэлбэ” голын эрэг дагуух хог, гол доторх хог, архины шилний хагархайг сайн дураараа 3 жилийн турш түүж байгаа аж. Эцэг эх нь түүнд гол, горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй гэж захидаг болсноос хойш түүж эхэлсэн байна. Үнэхээр бахархмаар… Түүний гэр бүлийнхэн болоод ойр орчных нь олон хүн бяцхан хүүгээр бахархдаг нь лавтай.

3. Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуульд сурагчидаар өөрсдөөр нь цэвэрлэгээ хийлгэдэг болгоё

Зүгээр л япончуудыг дуурайчихая л даа. Дэлхийн бусад орон Японы хүүхдүүд нь цэвэрлэгээгээ хийдэг системийг аль хэдийн хуулж аваад хэрэгжүүлээд эхэлчихэж цаана чинь. Хогны уутанд мөнгө зарж байхаар сургуулиудад саван, вок, бээлий зэрэг цэвэрлэгээнд хэрэгтэй зүйлийг нь үнэгүй тараагаад өгчихдөг болчихъё. Мөн хүүхдүүдэд багаас нь хогоо зөв боловсон хаядаг хүмүүжлийг сургууль болон гэр бүлээр нь дамжуулан олгодог болмоор байгаа юм. Бид нарыг 10 жилд байхад тийм хичээл сургалт лав байсангүй.

Улс юу хийх ёстой вэ?

Улс хийх ёстой ажил бол хог дахин боловсруулах үйлдвэр барих явдал.
Хогийг холивол хог, ялгавал баялаг гэдгийн тод жишээг Япон гэлтгүй бусад орнууд харуулж байна. Японд хог хаягдлыг шатаах, дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүй, хүнсний гэж ангилдаг. Шатаах болон дахин боловсруулах боломжгүй хогийг шатааж үнс болгоод газарт булдаг. Хүнсний хог хаягдлыг газар тариаландаа бордоо болгоод ашиглачихдаг. Дахин боловсруулах боломжтой шил, лааз, хуванцар зэргийг тухайн чиглэлийнх үйлдвэрүүдэд илгээчихдэг. Ийм болохоор үндсэндээ хогийг ул мөргүй болгочихож байгаа юм. Манай нийслэлээс гарч буй хогны 60 орчим хувийг дахин боловсруулах боломжтой ч одоогоор огт боловсруулалт хийдэггүй байна.

Ингээд бодохоор бидэнд Улаанбаатар хотоо буцаад “Азийн цагаан дагина” болгох боломж хангалттай байгаа юм. Тэртээ 50 жилийн өмнө Япон улс 10 хүрэхгүй жилийн дотор хогноосоо салчихсан байхад 21-р зууны бид нар чадахгүй байна гэж үгүй. Гагцхүү хүн бүрийн л оролцоо чухал. Дараагийн үедээ, өөрсдийн үр хүүхэддээ цэвэр орчинг хүлээлгэн өгөх нь бид нарын үүрэг.

Н.Баянмөнх

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-10-26

    Яасан сайхан нийтлэл вэ. Хөдөөнийхөн маань одоо ч бууриа цэвэрлээд нүүдэг хэвээрээ л байгаа.

    • Зочин
    • 2018-10-24

    yopond sursan hms mundag mundag uurt urt saihan yum bichih yum aa zalhuugui, manius ni buten unshij ch chaddaggui sorry he he

arrow icon