Харвардын бизнесийн сургуулийн профессор К.Кристенсен "How Will You Measure Your Life" бестселлер номынхоо гол санааг Harvard Business Review-д тайлбарлаж бичсэнийг орчуулан хүргэж байна.
2008 оны намар Harvard Business School-д оюутнууд элсэх үед Америкийн эдийн засаг сайн байсан тул MBA-ийн оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд юу хийх талаарх амбиц нь хязгааргүй байв. Гэтэл хэдхэн долоо хоногийн дараа Дэлхийн санхүүгийн хямрал болж, эдийн засаг орвонгоороо эргэсэн юм. Иймд оюутнууд бизнесийн сургуулийн 2 жилийг дэлхийг харах өнцөг, амжилтыг үнэлэх үнэлэмжээ дахин тодорхойлоход зарцуулсан. Тэд дэлхий хэрхэн өөрчлөгдөж буйг маш сайн ойлгож байлаа.
Харвардыг төгсөх хавраа тэд Клей Крсистенсен профессороосоо яриа хийж өгөөч гэж хүсчээ. Гэхдээ тэд багшийнхаа заасан зүйлсийг бизнесийн сургуулийн дараах карьертаа яаж ашиглах вэ гэдэг зѳвлѳгѳѳг хүссэнгүй. Оюутнууд профессорын хичээлүүдийг хувийн амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ гэдгийг мэдэхийг хүсч байлаа.
Профессор өөрийн амьдралын утга учрыг олоход тус болсон хэдэн зарчмын талаар тэдэнтэй хуваалцжээ. Хэдийгээр Кристенсен багшийн бодол нь түүний шашны итгэл үнэмшлээс урган гарсан боловч, бусад хүмүүс ч ашиглаж болох стратеги байв. Иймд тэдгээр зарчмаа Harvard Business Review-ийн уншигчидтай хуваалцахыг хүссэн юм.
“Шинийг санаачлагчийн дилемма” номоо хэвлүүлэхийн өмнөхөн Интел компаний ерөнхийлөгч Эндрю Гров над руу залгасан юм. Тэрээр хуучныг гэнэт халж хаядаг огцом дэвшилтэт технологийн талаар миний өмнө нь бичсэн нэг судалгааг уншсан байв. Тэгээд намайг шууд удирдлаганд нь ажилладаг хүмүүст судалгаагаа тайлбарлаад, энэ нь Интелийн хувьд ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар ярьж өгөөч гэж хүсэв.
Би ч баяртайгаар Цахиурын хөндий рүү нисч, товлосон цагт нь яваад очтол Гров:
“Нэг ийм зүйл болчихлоо. Танд 10 минут л гаргаж чадахаар байна. Иймд огцом дэвшилтэт технологийн талаарх онолын загвараа Интелийн хувьд ямар ач холбогдолтой талаар л ярьчих”
гэж хэлдэг юм байна. Би ингэх боломжгүй, учир нь эхлээд загвараа тайлбарлахад надад 30 минут хэрэгтэй. Ингэсний үндсэн дээр л Интелийн талаар ямар нэг зүйл хэлэхгүй бол утгагүй яриа болно гэв. Ингээд яриагаа эхлээд 10 минут болтол Гров тасалж орж ирээд, “Загвар ойлгомжтой. Одоо харин Интелд ямар ач холбогдолтойг нь бидэнд хэлж өгөөч” гэлээ. Би дахиад 10 минут хэрэгтэй байгаагаа хэлэв. Тэдний багт огцом дэвшилтэт технологи хэрхэн явагддагийг ойлгуулахын тулд гангийн үйлдвэрлэл буюу огт өөр салбарын жишээн дээр өрнөсөн зүйлийг тайлбарлах хэрэгтэй байсан юм.
Ингээд Нюкор гэх мэт жижиг ган хайлуулагчид хэрхэн гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн хамгийн доод шат буюу арматурын зах зээл рүү эхэлж дайрч ороод, харин дараа нь дээш өгсч уламжлалт ган хайлуулагчдыг бут цохисон түүхийг ярьж өглѳѳ. Энэ түүхээ ярьж дуусахад Гров “OK. Ойлголоо!” гэснээ,
“Энэ нь тэгвэл Интелийн хувьд юу гэсэн үг вэ гэхээр...”
гээд цааш ѳѳрѳѳ үргэлжлүүлж яриа хийсэн юм. Интел компани хожим нь алдарт Celeron процессорийг үйлдвэрлэн микропроцессорын зах зээлийн хамгийн доод шат руу дайрч орох стратеги нь ингэж анх төрсөн түүхтэй.
Тэр цагаас хойш энэ талаар би маш олон удаа бодсон. Хэрэв би Энди Гров шиг салбартаа ѳндѳр түвшний мэргэжлийн хүнд “микропроцессорын бизнест ингэх нь зөв” гээд шууд л хэлчихсэн бол, магадгүй газар дээрээ “алуулах” байсан. Түүнд шууд “Яг юу гэж бодох ёстой вэ?” гэдгийг биш, “Яаж бодох хэрэгтэй вэ?” гэдгийг нь зааж өгснөөрөө миний зөв гэж бодож байгаа дүгнэлтэнд тэр өөрөө хүрсэн юм.
Миний хувьд ч энэ туршлага маань гүн нөлөөтэй зүйл болсон. Хүмүүс надаас “Яах вэ?”гэж асуухад би ихэнхдээ асуултанд нь шууд хариулт өгдөггүй. Харин түүний оронд, өөрийнхөө боловсруулсан аль нэг онолын загварыг ашиглаж тухайн асуултанд хэрхэн оновтой хариулт ѳгч болохыг тайлбарладаг. Дараа нь загвар хэрхэн ажиллаж байгааг огт өөр нэг салбарын жишээн дээр ярина. Тэгэнгүүт хүмүүс ихэнхдээ “Ок. Ойлгочихлоо!” гэдэг. Ингэснээр миний шууд өгөх хариултаас хамаагүй гүнзгий хариултыг тэд өөрсдөө олж авдаг.
Харвардын бизнесийн сургуульд заадаг хичээлийн маань үндсэн зорилго бол менежментийн сайн онол гэж юу болох, хэрхэн түүнийг бий болгох вэ гэдгийг ирээдүйн менежерүүдэд ойлгуулах явдал юм. Ингэхийн тулд инноваци, өсөлтийг идэвхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ерөнхий менежер хүний хийдэг ажлын цар хүрээг бодож үзэхэд нь оюутнууддаа туслах зорилгоор олон төрлийн онол, загваруудыг ашиглана. Хичээл болгон дээр бид аль нэг компанийг тэдгээр онолын өнцгөөс харна. Тэгээд тулгарсан нөхцөл байдалд анх яагаад орсон, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд менежер хүний хийсэн аль үйлдэл нь ямар үр дүнтэй байв гэдгийг үнэлдэг. Харин хамгийн сүүлийн хичээл дээр би оюутнуудаа сурсан онолуудаараа өөрийгѳѳ үнэлж дүгнээд, дараах 3 асуултанд заавал хариулт олж ав гэдэг даалгавар өгдөг:
1.Kарьертээ сэтгэл хангалуун байхын тулд би яах хэрэгтэй вэ?
2. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань үргэлж надад аз жаргал өгдөг байхын тулд би яах хэрэгтэй вэ?
3. Хэзээ ч шоронд орохгүй байхын тулд би яах хэрэгтэй вэ?
Гурав дахь энэ асуулт хэтэрхий амархан санагдаж байж магадгүй ч, тийм биш. Учир нь нэр хүндтэй Rhodes тэтгэлэг авсан шилдэг 32 сурагчийн маань 2 нь шоронд орж байсан. Санхүүгийн хамгийн том скандал үүсгэсэн компаниудын нэг Enron-ы захирал Жеф Скиллинг гэхэд Харвардын бизнесийн сургуульд надтай нэг ангид цуг сурч байсан (тэрээр санхүүгийн гэмт хэргээр 14 жилийн хорих ял авсан). Тэд хэдийгээр сайн залуус байсан ч, амьдралд ямар нэгэн зүйл тэднийг буруу зам руу хөтөлсөн юм. Дээрх 3 асуултын хариуг ярилцах зуур би бодит жишээ болгон өөрийн амьдралын талаар оюутнууддаа ярьж өгдөг. Ингэх нь хичээл дээр үзсэн онолуудаа амьдралын замаа сонгох чухал шийдвэр гаргахдаа хэрхэн ашиглах вэ гэдгийг ойлгоход хялбар болгодог юм.
1.Kарьертээ сэтгэл хангалуун байхын тулд би яах хэрэгтэй вэ? гэдэг эхний асуултад хариулахад туслах нэг онолыг Фредерик Херцберг гаргажээ. Тэр онолоор мөнгө бол бидний амьдралыг урмаар тэтгэж, цаашид улам хичээх эрч хүчийг өгч байдаг гол зүйл биш юм. Харин сурч хөгжих боломж, хэн нэгний өмнө хүлээх үүрэг хариуцлага, бусдад тусалж дэм болох бидний хувь нэмэр болон гаргасан амжилтаа бусдаар үнэлүүлэх зэрэг нь биднийг сэтгэл хангалуун байлгадаг зүйлс юм
.
Энэхүү онолыг тайлбарлахдаа би академик карьер хөөхөөс өмнө өөрийн байгуулсан компаниа удирдаж байхдаа юуг зорьдог байсан талаар оюутнууддаа ярьж өгдөг.
Жишээ нь,
менежерүүдийн маань нэг нь өөртөө итгэлтэйгээр нэг өглөөг эхлүүллээ гэж бодъё. Харин 10 цагийн дараа гэртээ харихдаа үл тоомсорлогдсон, бухимдсан, ур чадвараа харуулах боломж олдоогүй, дорд үзэгдсэн мэдрэмжтэй байвал яах вэ гэж би төсөөлнө. Түүний өөрийгөө хүндлэх сэтгэл нь унасан ийм үед хариад хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцах бол? Эсрэгээрээ, өөр нэгэн өдөр гэртээ харихдаа ажил дээрээ олон зүйл сурч, үр дүн гаргаж, үнэт зүйл бүтээснээ үнэлүүлж, баг нь чухал амжилт гаргахад өөрөө багагүй үүрэг гүйцэтгэсэн тул илүү сэтгэл хангалуун байвал ямар байх вэ? Энэ нь түүнийг хариад сайн эхнэр, сайн эх байхад хэрхэн нөлөөлөх бол?
Эндээс би ийм дүгнэлт хийсэн юм. Менежерийн ажил бол зөв хийж чадвал хамгийн өгөөмөр сайхан ажил
. Өөр ямар ч ажил бусдыг сурч хөгжих, хариуцлагыг гартаа авах, амжилтаа үнэлүүлэх, багийн амжилтанд хувь нэмэр оруулахад менежер хүн шиг олон янзаар нөлөөлж чадахгүй. Гэтэл улам л олон MBA-ийн оюутнууд бизнесийн карьер бол авах, зарах, хөрөнгө оруулах л явдал гэсэн бодолтой сургуульд ирдэг нь харамсалтай. Эдгээр бизнесийн хэлэлцээрүүд бусдыг сургаж хөгжүүлснээр бий болдог шиг гүн гүнзгий ханамжийг хүнд өгдөггүй. Оюутнууд маань сургуулиа төгсөхдөө үүнийг л ойлгоосой гэж би боддог юм.
2.Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань үргэлж надад аз жаргал өгдөг байхын тулд би яах хэрэгтэй вэ? гэдэг хоёр дахь асуултад хариулахад тус болох онол болохоор стратегийг хэрхэн тодорхойлж, хэрхэн түүндээ хүрэх тухай юм.
Зорилгоо тодорхойл
Компанийн удирдлага ямар зүйлд хөрөнгө оруулахад илүү төвлөрч байна, компанийн ирээдүйн стратеги тийш л чиглэдэг
гэдэг нь энэхүү онолын үндэс юм. Хэрэв тухайн компанийн нөөцөө хуваарилан зарцуулах үйл явц буруу байвал, анх хүсч байснаас огт өөр үр дүн гарах болно. Ихэнхдээ компаниудад шийдвэр гаргах тогтолцоо нь хамгийн харагдахуйц, хурдан өгөөж өгөх зүйлст хөрөнгө оруулахад чиглэсэн байдаг болохоор урт хугацааны стратегид чухал үүрэгтэй хөрөнгө оруулалтууд орхигддог.
Би 1979 онд Харвардын бизнесийн сургууль төгссөн ангийн залуусынхаа хувь заяа хэрхэн өрнөхийг харсан. Жил ирэх тусам л эхнэр нѳхрѳѳсѳѳ салсан, хүүхдүүдээсээ хөндийрчихсөн аз жаргалгүй хүмүүс ангийн уулзалтанд ирэх нь олширдог байлаа. Тэдний хэн нь ч анх сургууль төгсөх үедээ гэр бүлээсээ салж, тѳрсѳн хүүхдүүдтэйгээ харьцахгүй болно гэсэн төлөвлөгөөтэй байгаагүй гэдгийг би баттай хэлж чадна. Гэтэл итгэмээргүй олон хүн анх огт хүсээгүй яг тэр үр дүндээ хүрчихсэн байв. Шалтгаан нь тэгвэл юу вэ? Тэд өөрт байгаа цаг, ур чадвар, эрч хүчээ зарцуулахдаа “Цаашид амьдралд нь юу чухал вэ?” гэдгийг тооцоогүй байсан юм.
Маш хачирхалтай нь дэлхийн шилдгүүд дундаас шалгараад Харвардын бизнесийн сургуульд ирдэг 90 оюутны дийлэнх нь “Амьдралын зорилго нь юу вэ?” гэдгийг бодож үзээгүй байдаг.
Иймд би оюутнууддаа Харвардын бизнесийн сургууль бол энэ чухал асуултыг дахиж бодож үзэх магадгүй сүүлийн боломж чинь юм шүү гэж хэлдэг юм. Хэрэв тэд дараа нь хэзээ нэгэн цагт энэ талаар бодож үзэх цаг, эрч хүч гарна гэж бодож байвал андуурч байгаа. Моргежийн зээл авна, 7 хоногт 70 цаг ажиллана, гэр бүл хүүхэдтэй болно гээд амьдрал цааш илүү хэцүү л болдог.
Миний хувьд гэвэл амьдралдаа тодорхой зорилготой байх нь маш чухал байсан. Гэхдээ тэр нь яг юу вэ гэдгийг ойлготлоо нэлээн удаан, гүн бодсон. Би Оксфордын их сургуульд оюутан байхдаа үндсэн програмдаа олон нэмэлт хичээл шахаж оруулаад нэлээн ачаалалтай байдаг байв. Гэхдээ орой болгон бурхан намайг яагаад энэ дэлхий дээр авчирсан бэ гэдэг талаар уншиж, бодож, залбирахад яг 1 цаг зарцуулж байхаар шийдсэн юм. Ингэснээр хэрэглээний эконометрикийн хичээлээ хийх цаг маань 1 цагаар хорогдож байсан болохоор мэдээж нэлээд том сорилт байлаа. Тэр нэг цагийг хичээл хийх цагаасаа хумслах нь зөв үү гэдэг зөрчил надад үргэлж байсан ч би болиогүй юм. Үр дүнд нь би амьдралын зорилгоо олж чадсан.
Хэрэв би тэр нэг цагийг регрессийн анализ хийх үед автокорреляци бодох сүүлийн үеийн аргачлал техникийг сурахад зарцуулсан бол амьдралдаа том алдах байлаа. Би эконометрикийн аргачлалуудыг жилдээ хэдхэн удаа л ашигладаг. Харин амьдралын зорилгын талаар олж авсан мэдлэгээ өдөр бүр ашигладаг. Миний амьдралдаа сурсан зүйлсээс хамгийн их хэрэг болсон ганц мэдлэг гэвэл энэ л байна.
Би ч оюутнууддаа хэрэв та нар амьдралын зорилгоо ойлгоход цаг зарцуулж чадах юм бол, эргээд харахад Харвардын бизнесийн сургуульд олж авсан хамгийн чухал зүйл чинь тэр байх болно гэдгийг амладаг. Хэрэв тэд зорилгоо олж чадахгүй бол амьдралын далайд залуургүй гараад ширүүн давалгаанд цохиулцгаах болно.
Амьдралын зорилго тодорхой байх нь “зардлын тооцоо”, “гол өрсөлдөх чадвар”, “шинэ технологи”, “дөрвөн Пи”, “таван хүч” гэх мэт онолын мэдлэгүүдээс хавьгүй чухал.
Миний хувьд зорилго маань шашны итгэл үнэмшлээс урган гарсан хэдий ч, итгэл үнэмшил бол хүмүүст зорилгоо ойлгоход тусалдаг цорын ганц зүйл биш. Жишээ нь, нэг сурагч маань зорилгоо “Шударга ёс, эдийн засгийн хөгжлийг улсдаа авчрахад хувь нэмэр оруулах”, мѳн “Өѳр шигээ ийм хүсэлтэй бѳгѳѳд чадвартай хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх” гэж тодорхойлоод шийдчихсэн байв. Түүний зорилго ч бас яг л минийхтэй адилаар өөрийн гэр бүл болоод бусад хүмүүсийн сайн сайханд төвлөрсөн байв.
Ер нь мэргэжлээ сонгох, амжилттай карьер хөөх нь амьдралын зорилгоо биелүүлэх нэг л арга зам юм. Харин зорилгогүй бол мэргэжил, карьер гэдэг эдгээр арга хэрэгслүүд ч тэр, цаашлаад амьдрал чинь өөрөө хоосон зүйл болж хувирна.
Нөөцөө хуваарил
Өөрт буй цаг, эрч хүч, ур чадвараа хэрхэн зарцуулахаас хамаараад эцсийн дүндээ амьдралын зорилго чинь бүрэлдэж бий болдог.
Жишээ нь миний хувьд, эдгээр нөөцөө хэрхэн хуваарилах вэ гэдэг дээр олон сонголт бий: Эхнэртэйгээ тааламжтай харилцаатай байх, хүүхдээ сайн өсгөх, нийгэмдээ хувь нэмрээ оруулах, карьертээ амжилт гаргах, сүмдээ туслах гэх мэт. Тэгэхээр би ч бас яг л компаниудад учирдаг асуудлуудтай тулгарч байна. Надад байгаа цаг, эрч хүч, ур чадвар бол хязгаарлагдмал. Тэгвэл би ѳѳрт байгаа нѳѳцүүдээсээ гэр бүл, карьер, нийгэм гэх мэт олон сонголтуудынхаа алинд нь хэр ихийг зарцуулах вэ?
Нөөцөө хуваарилах сонголтоо хэрхэн хийхээс чинь хамаараад чиний амьдрал анх төлөвлөж байснаас огт өөрөөр эргэх болно. Заримдаа энэ нь сайн. Хэзээ ч бодож байгаагүй боломжууд гарч ирдэг. Гэхдээ хэрэв чи нөөцөө буруу хуваарилж зарцуулбал үр дүн нь муу ч байж болно. Аз жаргалгүй хоосон хөндий амьдралтай болсон хуучин ангийнхан маань зөвхөн богино хугацааны өнцгөөс харж нөөцөө хуваарилсан ахар бодолтой байсан нь асуудалд орсон гол шалтгаан нь болсон гэж бодогддог.
Харвардын бизнесийн сургуулийнхан бүгд л амжилт гаргах өндөр тэмүүлэлтэй хүмүүс бөгөөд ийм хүмүүс 30 минут цаг гарах, эсвэл илүү жаахан эрч хүч байвал өөрийн эрхгүй шууд л нүдэнд харагдахуйц үр дүн гарах зүйлд зарцуулдаг. Энэ үед карьер бол урагш явж буйг хамгийн тодорхой харуулах баримт болдог: Нэг бүтээгдэхүүн зах зээлд гаргах, шинэ дизайн бэлэн болгох, танилцуулга презентаци хийх, борлуулалтaa амжилттай болгох, хичээл заах, судалгааны ажил хэвлүүлэх гэх мэт зүйл хийгээд л цалин авна, албан тушаал дээшилнэ.
Үүнтэй харьцуулахад жишээ нь, эхнэр нөхөр эсвэл хүүхдүүддээ зарцуулсан цаг хугацаа, эрч хүч чинь шууд л амжилт болж үр дүн нь хурдан мэдрэгдэхгүй. Хүүхдүүд өдөр бүр л дүрсгүйтнэ. Магадгүй 20 жилийн дараа л гараа ташаандаа тулаад “Би сайн хүү эсвэл сайн охин өсгөж хүмүүжүүлжээ!” гэж сая нэг хэлэх боломжтой. Эхнэр эсвэл нөхөртэйгээ харьцах харилцаагаа өдөр тутамдаа үл тоолоо гээд ямар нэгэн зүйл тэгж их дордож байгаа юм шиг санагдахгүй. Байнга оройтоод ирэхэд ч эхнэр чинь гэртээ байж л байна. Иймд хэдийгээр гэр бүлтэйгээ харьцах ойр дотны харилцаа хүнд хамгийн хүчтэй аз жаргалыг мэдрүүлдэг ч, амжилтанд хүрэх өндөр хүсэлтэй хүмүүс гэр бүлдээ бага анхаарал хандуулаад харин карьертээ их анхаарах хандлага байдаг.
Хэрэв бизнес дэх сүйрлийн гол шалтгааныг судлаад үзвэл үр дүн нь түргэн харагдах зүйлсийг эхэнд тавьсанд л гол алдаа нь байдаг. Яг энэ сэтгэлгээгээр өөрийнхөө амьдралыг харвал гайхмаар бөгөөд сэнхрүүлмээр төстэй зүй тогтол ажиглагддаг: Хүмүүс урт хугацаанд хамгийн чухал гэсэн зүйлдээ хамгийн бага нөөцөө зарцуулдаг.
Соёлыг бий болго
Миний заадаг хичээл дээр “Хамтарч ажиллах арга хэрэгслүүд” (Tools of Cooperation) гэдэг нэг чухал онолын загвар бий. Алсын хараатай менежер байх нь тийм ч хэцүү биш гэдгийг тайлбарладаг загвар юм. Бүрхэг ирээдүйг тодоор харж, компанид хийх ёстой өөрчлөлтүүдийг төлөвлөх нь нэг асуудал. Харин ирээдүйг тэгж харж чадахгүй байгаа ажилтнуудыг ятгаад, компанийг шинэ чиглэлд хамтдаа хөтлөх нь нэлээд өөр хэрэг. Ингэхдээ ямар арга хэрэгсэл ашиглаж шаардлагатай хамтын ажиллагааг бий болгох вэ гэдэг бол маш чухал менежментийн ур чадвар юм.
Онол маань тэдгээр арга хэрэгслүүдийг 2 хэмжээст тэнхлэгийн дагуу эмхэлж харуулдаг. Эхний хэмжээс нь, байгууллагын бүрэлдэхүүн гишүүд үйл ажиллагаанд оролцохдоо “Юу хүсч байгаа?” дээрээ хэр санал нэгдэж буй хэм хэмжээг харуулна. Харин хоёр дахь нь, “Ямар зүйлийг хийвэл хүссэн тэр үр дүнг авчрах вэ?” гэдэг дээр хэр санал нэгдэж буй хэм хэмжээг харуулна.
Энэхүү 2 хэмжээсийн аль алин дээр санал нэгдэхгүй үед айлгаж сүрдүүлэх, шийтгэх гэх мэт “хүчний арга хэрэгсэл” ашиглан хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай болдог. Олон компани анх гараагаа эхлэх үед нь энэхүү 2 тэнхлэг дээрх хэмжээс бага утгатай байдаг тул гүйцэтгэх удирдлагын баг юуг яаж хийхийг тодорхойлоход нэлээн идэвхтэй байх хэрэг гардаг. Хэрэв ажилтнууд тэдгээр үүрэг даалгаврыг биелүүлэхдээ хэрхэн хамтарч ажиллаж буй арга барил нь удаа дарааллан амжилттай болвол аяндаа хамтын ажиллагааны арга барил бүрэлддэг.
MIT-ийн Эдгар Шайн энэхүү процессийг байгууллагын соёл бүрдэх механизм гэж тайлбарласан байдаг. Ер нь бол хүмүүс аливаа зүйлийг хийж буй тухайн арга барил нь амжилттай үр дүнд хүргэх эсэхийг тэгтлээ боддоггүй. Тэд ямар нэг тодорхой бодол гэхээсээ ѳѳрийн инстинкт болон суурь төсөөллөө дагаад асуудлын ач холбогдлын зэргийг чухалчилж, хийхдээ тогтсон ямар нэг процедурыг дагадаг. Ингэснээр тэд соёлыг бий болгочихлоо гэсэн үг юм.
Соёл нь олон давтагддаг ямар нэг асуудал тулгарахад батлагдсан, зөвшөөрөгдсөн тодорхой нэг арга барилыг багийн гишүүдэд үр дүнтэйгээр амархан тулгачихдаг зүйл юм. Түүнчлэн соёл нь олон төрлийн асуудлуудын ач холбогдлын дэс дарааллыг ч тодорхойлж өгдөг. Иймд байгууллагын соёл бол хүчирхэг менежментийн арга хэрэгсэл юм.
Энэхүү онолын загварыг Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань үргэлж надад аз жаргал өгдөг байхын тулд би яах хэрэгтэй вэ? гэдэг асуултад хариулахад ашиглах үед оюутнууд маань шууд л нэг зүйлийг ойлгодог—эцэг эхчүүдийн хувьд хүчний арга хэрэгсэл ашиглах нь хүүхдүүдээ үгэнд оруулах хамгийн энгийн арга. Гэхдээ өсвөр насанд ирэх үед нь хүчний арга хэрэгсэл тийм ч үр дүнтэй байхаа больж ирэх үе бий. Тэгэхэд л эцэг эхчүүд хүүхдүүдээ инстинктээрээ бие биеэ хүндэлдэг, үгэнд нь ордог, зөв замаар явдаг болгохын тулд бага наснаас нь эхлэн тулж ажиллахгүй яав даа гэж харамсдаг. Яг л компаниуд байгууллагын соёлтой байдаг шиг, гэр бүлүүд ч өөр өөрийн соёлтой байдаг. Тэрхүү соёлыг зориудаар бүтээж болно, эсвэл зүгээр л санамсаргүй үүсч ч болно.
Хэрэв та хүүхдээ өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг бөгөөд хэцүү асуудлуудыг шийдэх чадвартай болоосой гэж хүсч байвал эдгээр зан чанарууд нь зүгээр л ахлах сургуульд орсон хойно ид шидээр гэнэт бий болчихгүй. Эдгээр зан чанаруудыг та гэр бүлийн соёлдоо шингээх хэрэгтэй бөгөөд, нэлээд эртнээс энэ талаар бодох ёстой юм. Яг л ажилтнууд шиг, хүүхдүүд хэцүү даалгаврын ард гарч, ямар арга барил сайн байдгийг мэдэж байж л өөртөө итгэлтэй зан чанарыг эзэмшдэг.
Ахиуц зардал тооцох нь алдаа
Санхүү болон эдийн засгийн хичээл дээр хөрөнгө оруулах сонголтуудыг харьцуулж үнэлэхдээ бид нэгэнт гаргасан зардал, тогтмол зардлуудыг мартаад боломжит сонголтуудын ахиуц орлого болон ахиуц зардал дээр суурилж шийдвэр гаргах хэрэгтэй гэж заалгадаг. Энэхүү номлолоор бол компаниуд өнгөрсний амжилтыг ирээдүйд чиглэл болгож ашиглах гэхээсээ, тэр чигээр нь шууд ашиглахад хүргэдэг. Хэрэв ирээдүй яг л өнгөрсөн шиг байна гэвэл энэхүү арга барил сайн байж болох. Гэтэл ирээдүй үргэлж өнгөрснөөс өөр байдаг тул ингэх нь буруу шийдвэр болно.
Энэ онол нь 3 дахь асуулт буюу Хэзээ ч шоронд орохгүй байхын тулд би яах хэрэгтэй вэ? гэдэг асуултад хариулахад тусална. Зөв бурууг дэнслэхдээ бид санамсаргүйгээр ахиуц зардлын онолыг ашиглачихдаг юм. Бидний чихэнд хаа нэгтээгээс “Ердийн дүрмээр ихэнхдээ хүмүүс ийм зүйл хийж болохгүй. Гэхдээ онцгой ийм нөхцөлд, ганц энэ удаа бол болно” гэж хэлдэг. Тухайн үед буруу зүйлийг хийх ахиуц зардал маш бага юм шиг санагддаг. Гэхдээ ийм зам руу нэг татагдаж орсноор чи эцсийн дүндээ хаана хүрэх вэ, энэхүү сонголтын үр дүнд учирч болох зардал нь бүхэлдээ юу вэ гэдгийг хардаггүй. Бүхий л хууран мэхлэлт, үнэнч шударга бус байдлын ард “ганц энэ удаа!” гэдэг ахиуц зардлын эдийн засаг үйлчилж байдаг.
“Ганц энэ удаа!” гэдэг зарчим миний өөрийн амьдралд хэрхэн хохирол учруулж болохыг ойлгосон нэг түүхийг яръя.
Би Оксфордын их сургуулийн сагсны багт тоглодог байлаа. Бид маш их хөдөлмөрлөсний үр дүнд улирлаа нэг ч хожигдолгүйгээр дуусгав. Багийнхан маань ч миний амьдралд учирсан хамгийн сайн найзууд болсон.
Бид Британийн NCAA шиг тэмцээнд орж, шөвгийн 4-т үлдсэн юм. Тэгтэл аваргын тоглолт Ням гаригт болж таарлаа. Харин би 16 настай байхдаа бүтэнсайнд хэзээ ч сагс тоглохгүй гэж бурханд амлалт өгсөн байсан юм. Тэгээд би дасгалжуулагчдаа өөрийн энэ асуудлаа тайлбарлахад тэрээр итгэж чадахгүй байв. Багийнхан маань ч бас. Учир нь би гараанд гардаг төвийн тоглогч нь байлаа. Багийн бүх гишүүд намайг чи тоглох хэрэгтэй, өөрийн дүрмээ ганц энэ удаа зөрчиж болохгүй юм уу гэж байв. Би маш гүнзгий шүтлэгтэй хүн тул, ганцаараа залбираад юу хийх ёстой талаараа тунгаав. Би дүрмээ зөрчих ёсгүй гэсэн маш тодорхой мэдрэмж байсан тул аваргын тоглолтонд оролцоогүй юм.
Амьдралд маань олон Бүтэнсайн өдөр тохионо гээд бодоод үзэхээр дүрмээ ганцхан удаа зөрчих нь маш жижиг хэрэг байсан. Онолын хувьд би дүрмээ тэр өдөр зөрчөөд дахиж зөрчихгүй байх боломжтой. Гэхдээ эргээд харахаар, “онцгой нөхцөл байдлаас хамаараад ганц энэ удаа л дүрмээ зөрчье” гэдэг сэдлээ эсэргүүцэж чадсан нь амьдралдаa хийсэн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байв.
Яагаад? Амьдралд маань ѳѳр олон онцгой нөхцөл байдалтай тохиолдлууд байсан. Би анх тэр нэг удаа л дүрмээ зөрчсөн бол, дараа нь дахин дахин зөрчихөөр байсан. Эндээс би юу сурсан бэ гэвэл, өөрийн зарчмаа 100% баримтлах нь 98% баримтлахаас хамаагүй амар гэдэг хичээл байв. Ахиуц зардлын анилиз хийгээд “Ганц энэ удаа!” гэдэг логикт автвал, яг манай ангийн зарим төгсөгчид шиг, эцсийн үр дүнд нь харамсч үлдэх болно. Иймд чи эрхэмлэдэг зүйлээ тодорхойлоод, давж болохгүй тэр аюулгүйн шугамаа ч мөн тод зурах хэрэгтэй.
Төлөв даруу байдлын чухлыг сана
Харвардад төлөв даруу байдлын талаар хичээл заах болох үед надад нэг ийм бодол төрсөн юм. Би бүх оюутнуудаасаа өөрийн мэдэх хамгийн төлөв даруу хүнийг нэрлэхийг хүссэн. Тэдгээр нэрлэсэн хүмүүст бүгдэнд нь онцгой гэмээр нэг нийтлэг шинж чанар байсан бөгөөд тэр нь өөрийгөө хүндэлдэг зан чанар байв. Тэд бүгд өөрийгөө хэн гэдгээ мэддэг, өөрийнхөө талаар сайнаар боддог хүмүүс байлаа. Эндээс төлөв даруу зан гэдэг нь өөрийгөө доош хийх үйлдэл биш, харин бусдад хүндэтгэлтэй хандах хандлага юм гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Ийм төрлийн төлөв даруу зангаас сайн үйлдэл аяндаа л гардаг. Жишээ нь, хэн нэгнийг хүндэлж байгаа хүн түүнээс хулгайлна гэж байхгүй. Мөн худал ч хэлэхгүй.
Нийгэмд гараад хүн төлөв даруу байдлыг эрхэмлэх нь маш чухал.
Жишээ нь, оюутнууд маань Харвард шиг сургуулийн мастерийн програмд элсэх хүртлээ сурсан зүйлсээ эцэг эх, багш, босс гэх мэт дандаа л өөрөөс нь ухаантай, туршлагатай хүмүүсээс олж авсан байдаг. Харин Харвард, ер нь бусад аль ч топ академик институцийг төгсөөд амьдралд гарахад өдөр тутам уулздаг хүмүүсийн дийлэнх нь тийм ухаантай биш байж магад. Иймд зөвхөн өөрөөс чинь ухаантай хүмүүс л чамд ямар нэг зүйл зааж өгч чадна гэдэг хандлагаар хандах юм бол сурах боломж тун хязгаарлагдмал болно. Харин төлөв даруу зангаар хүн бүрээс ямар нэг зүйл сурах хүсэлтэй байвал сурч өөрийгөө хөгжүүлэх боломж хязгааргүй их байх болно.
Ерөнхийдөө, чи өөртөө тун сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байдаг бол төлөв даруу байж чадахаас гадна, бусад хүмүүсийг ч өөртөө итгэлтэй байхад нь тусалж чадна. Дээрэлхүү, онгироо, бусдыг доош хийсэн зан гаргадаг хүмүүсийг сайн ажиглавал энэ зан нь ямар нэг өөртөө итгэх итгэл дутуу байдлын шинж тэмдэг байдаг.
Тэд өөртөө сэтгэл хангалуун байхын тулд заавал хэн нэгнийг доош хийх замаар өөрөө дээр нь гарах дотоод хэрэгцээтэй хүмүүс юм.
Зөв хэмжүүрээ сонго
Өнгөрсөн жил би хорт хавдар тусч, амьдрал маань төсөөлж байснаас эрт дуусах магадлалтай болсон юм. Азаар, одоо би тэр аюулаас аврагдсан бололтой. Гэхдээ тэр туршлага надад амьдралыг өөрөөр харах маш чухал боломжийг нээсэн юм. Эргээд харахаар судалгааны ажлуудыг маань ашигласан компаниудад миний бодож олсон санаанууд маш их хэмжээний орлого оруулж, би тэдэнд нэлээд том нөлөө үзүүлсэн байдаг. Гэтэл би хэцүү өвчинтэй тулгарахад, бизнесүүдэд үзүүлсэн тэрхүү нөлөө маань надад яг үнэндээ хэр чухал вэ гэдгийг харах нь сонирхолтой байв. Би тэр үед, бурхан миний амьдралыг дүгнэх зүйл нь хэр их мөнгө бий болгосон маань биш, харин амьдралд нь нөлөө үзүүлсэн хүмүүсээр хэмжигдэнэ гэдгийг ойлгосон юм.
Ер нь бүх хүмүүсийн хувьд яг энэ зүйлийг хэлж болно гэж бодож байна. Иймд хүрч чадсан, чадаагүй хувийн ялалтуудынхаа талаар бүү санаа зов. Харин хэр олон хүнд илүү сайн хүн болоход нь тусалж чадсан бэ гэдэгт л санаа зов.
Энэ бол миний сүүлийн санал болгох зүйл: Амьдралаа дүгнэх гол хэмжээсийн талаар бодож үзээд, эцсийн эцэст амьдрал маань амжилттай байж гэж дүгнэхэд чухал тэр л зүйлүүдийг өдөр бүр хийх зорилго тавь!
Sain orchuulgjee. Bayarlalaa
Zaluichuudad saihan surgamjtai niitlel bnaa taalagdlaa amjilt
Niitlel orchuulj hurgesend bayarlalaa. Soyoliin nuluu dan gants huvi hun, ger bul, baiguullaga tsaashlaad bodlogo bolovsruulahad mash chuhal baidgiig n Yuval Harari n onoloor tailbarlsaniig davhar todotgoj ugsun n ih hurlee.
wow, bayarlalaa.