Амьдрал сайхан булангийн энэ дугаарт төрөлхийн харааны бэрхшээлтэй ч өөрийн хичээл зүтгэлээрээ МУИС-д элсэн орж, компьютерийн программуудыг сонсгол болон мэдрэмжээрээ эзэмшсэн Б.Гомбодоржтой ярицлаа.
Ээж маань намайг тээж байхдаа мориноос унаснаас болж би төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглохдоо тэднээс ичиж, тэд ч намайг гадуурхаад л надаас шууд чи яагаад ийм төрсөн юм гээд л шууд л асуугаад их хэцүү байсан. Мэдээж хүүхэд байсан болохоор их гомдоно, өөрийгөө хараана, өөртөө гутарна. Энэ бүх бухимдлаа аав ээждээ л гаргаж, амьдрал ямар ч утгагүй юм шиг санагддаг байлаа. Ээжийгээ их ч зовоосон, их ч гомдоосон. Тэгээд 7 настай байхдаа Солонгосын олон ангит Дэ Жангум гэдэг кино үзээд би мэдлэг эзэмшиж бие дааж амьдрахад суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Жангум ээж аавыгаа алдаад л багаасаа ганцаараа үлддэг шүү дээ. Тэгээд би төсөөлж эхэлсэн. Үнэхээр би ингэж хүссэн бүхнээ аав ээжээрээ хийлгэж, өөртөө гутарсаар байгаад аав ээжийгээ алдвал би хэн болох вэ гэж. Тэгээд л өөрийгөө дайчилж хичээсээр байгаад одоо МУИС-ийн түүхийн хоёрдугаар курст суралцдаг.
Нэг үеэ бодвол хүмүүсийн надад хандах хандлага ч өөрчлөгдөж, би ч тэр хэрээр өөрөө нээлттэй болж чадсан.
Би өөрийгөө бусдаас өөр, бусдаас дутуу гэж бодох дургүй. Бусад хүмүүс ч намайг өөрөөр харж намайг өрөвдөж харьцахад дургүй. Тиймээс ирээдүйд маш гоё түүхийн ном бичихийг мөрөөддөг. Энэном бичих мөрөөдөл маань зүгээр ч нэг хүсэл мөрөөдөл биш ээждээ аавдаа бас намайг гэж, миний төлөө байдаг түүхийн багш Дашдулам болон надад тусалж намайг дэмждэг бүх хүмүүст барьж чадах миний сэтгэлийн бэлэг байх болно.
Энэ мөрөөдлөө биелүүлж бусдад бэлэг барихын тулд би компьютер дээр шивж сурсан. Ярилцлагаа дуусгаад танд бичиж харуулъя.
Сэтгэгдэл бичих