Бидэнд харах нүд заяасан учраас байгаль дэлхийг, нэг нэгийгээ хардаг. Харин нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй асуудлуудыг толгойдоо шингээсэн мэдлэг, зарчим, ойлголтоор дамжуулан хардаг. Мэдлэг нь нүд шиг заяагдмал биш учраас л хүмүүс бид хүн шиг амьдрах, хүний нийгэм шиг байхын тулд унших, хичээх учиртай юм аа.
Хүн гэдэг хэлэхээс наашгүй. Өнөөдөр хажуугаас нь хэлэхгүй бол харах нүд дутаад байгаа юм шиг санагдах хоёр ойлголтын тухай бичье гэж бодов. Hate speech ба Cyber bullying. Hate speech нь нийгэмд хэн нэгнийг онилсон үзэн ядалт түгээх зорилготой үг яриа, пост гэх мэтийг хэлэх бол цахим гадуурхал нь хэн нэгнийг онлаинаар бүлэглэн ичгүүрлэх, доромжлохыг хэлж байна. Монгол хэлээр буулгахад хэцүү, чихэнд ойр бус байгаа нь бидний хэл яриа, ухамсраас төдий чинээ хол байсны шинж юм.
Ойрд гарсан жишээ гэвэл давхраа хийлгэж, хөмсгөө засуулсан ИТХ-ийн төлөөлөгчийг монголчууд бүлэглэн цахим гадуурхсан. Мөн англиар ярьж чадаагүй мисс охидыг, Осоржамааг гээд өөрсдийн нийтлэг хэв маягт таараагүй хэн нэгнийг бүлэглэн гадуурхах үзэгдэл давтагдах болов. Хүний дотор доройг дээрэлхэх, өөрөөсөө өөр төрлийг хажиглах амьтанлаг, харгис чанар мэдээж бий. Христийг араатан биш хүн шонд өлгөсөн. Тэгсэн хэрнээ 2000 жил шүтэж явна. Өөрсдөд нь энэ цаг үеийн гол багаж болох компьютерийг зохион бүтээж өгсөн Тюринийг бэлгийн цөөнх байсных нь төлөө химийн тариа тарьж хэн ч биш болгосон нь мөн л хүний гараар нэг нэгэндээ хийсэн харгислал. Гэхдээ нэгийгээ нийлээд чулуу шидээд алчихдаг байсан хүний оюун санаа, хүмүүнлэг үзэл хаа танихгүй нэг нэгнийхээ төлөө жагсаал хийж хамгаалах хэмжээнд гайхамшигтай өндөр түвшинд хүрсэн. Энэ хөгжил бол тэр мэт араатны араншингаа дарж бурханлаг, хүмүүнлэг харилцахын төлөө шашин, философи, урлаг уран зохиолыг хөгжүүлж ирсний үр дүн юм. Бид өнөөдөр нэгийгээ нийлж буллидэх, ичгүүрлэхээс өчүүхэн ч эмээх эргэлзэх мэдрэмжгүй байгаа нь хүн төрөлхтний мянга мянган жилийн хөгжил, хүчин зүтгэлээс төдий хэмжээнд хойно хаягдсан зэрлэг дээрээ байгаагийн л шинж, өөр юу ч биш.
Миссүүдийг буллидсэнийг Францаас лаив бичлэг хийж эсэргүүцсэн залуу асуусан байсан “Чи яагаад хүнийг шоолж байгаа юм бэ?” Өнөөдөр бид нар хүнээс “Чи яагаад хулгай хийж байгаа юм бэ?” гэж асууж чадна. Болохгүй нь мэдээжийн учраас. Тэрэн шиг л “Чи яагаад хүнийг шоолж байгаа юм бэ?” гэж асууж байгаа хэрэг. Чи яагаад хүнийг шоолж байгаа юм бэ?
Дараагийн нэг асуулт. Чи яагаад хүн үзэн ядаж байгаа юм бэ? Саяхан Ерөнхийлөгчийн хүний эрхийн(хүний эрхийн зөвлөх шүү!) зөвлөх хүний утасны дугаарын эхний 6 орон тавьж ирээд, эсвэл нөгөө нэг нь илт бусдыг бэлгийн цөөнхийн эсрэг турхирах зорилготой Hate speech олон нийтийн сүлжээгээр цацлаа. Бичсэн зүйлийг нь задлаад харвал төрийн ордонд ёс бус зүйл үйлджээ гэхчлэн цуурч, монголчуудын ямар нэг хайрлан хамгаалдаг үнэт зүйл дээр тоглолт хийдэг адгийн аргатай. Тийм аргаар Hate speech-ийг өөр янз бүрийн нийгмийн дүр, бүлэгт давтан хийж амжилт олоод амтшаад байгаа хэрэг. Жишээ нь мүүнийн гэгдэх Насанбаяр төрийн албанд алдаа хийсэн бол шүүлгэх, шүүмжлүүлэх нь мэдээж хэрэг. Гэхдээ монголчууд ажлын шүүмжлэл гэхээс илүүтэй хувь хүн, эрхэм чанар, гэр бүл рүү нь сүрэглэн дайрч байсан нь хүний нийгэм биш зэрлэг амьтны сүрэгт илүү ойр харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Би ажил хэрэг ба хөгжлийн төлөө бүтээлч шүүмжлэл хийж байна уу, эсвэл хэн нэгнийг үзэн ядахын тулд араатны зөнгөөр хараал бичиж хувь хүн рүү дайраад байна уу гэдгээ та өөрөөсөө бас нэг асууж үзэх хэрэгтэй. Бурхан уу? Чөтгөр үү?
Хүний нийгэмд аль нь ялах вэ?
Чөтгөр нь ялж ирээд байгаагийн цаана мэдээж улстөр бий. Саяхан миний бие Монголын төсөв эдийн засгийн бодлого, салбарын хөгжил биш хэн нэгний тухай болж хувирсан талаар нийтлэл ба аудио оруулсан. Улстөр ч ялгаагүй. Үндэсний амбиц, хөгжлийн бодлого, үнэт зүйлийн төлөө дээшээ өрсөлдөж байх ёстой улстөр хэн хэзээ бандааш өмссөн тайлсан, хэн хэнтэйгээ хэзээ унтсан хэвтсэн, хэний хаанахын цус шинжлэхдээ тулж хамгийн бага үзэн ядагдсан нь үлдэх маягийн доошоо чиглэсэн уралдаан болж хувирсан. Өөрт нь олон нийтэд санал болгох бодлого байхгүй, үнэт зүйлээр дээшээ өрсөлдөж чадахгүй улстөрчид бусдыгаа хамгийн их үзэн ядуулах ажил хийдэг. Үүндээ тухайн хүний ажил хэрэг биш хувь хүн, гэр бүл, эрхэм чанарынх нь эсрэг нийгмийг турхирдаг болоод байгаа нь хоёр гарзтай. Нэгд ажил хэргийн өрсөлдөөнгүй улстөр, төр эзгүйрч бодлого үнэт зүйлийн хоосрол үүсгэх. Хоёрт, нийгэм нэгдмэл байдлаа алдаж, үндэстний эв нэгдэл эвдрэх. Нийгэм, улс гэх мэт бүхэллэг яая гэхэв гэхэд хамгийн чухал нь яг чам шиг л бие сэтгэлтэй нэг хүн зовно шүү дээ. Нэг хүний зовлон гэдэг асар том бус уу, өөр дээрээ бодоход.
Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино. Сүүлийн үед нэг нь Hate speech тараах, турхирах замаар амжилт олмогц нөгөө нь дуурайж, хувь улстөрч байтугай 100 жилийн түүхтэй намын дотоод өрсөлдөөн бодлогын биш бандаажны түвшинд унаж ирэх шинжтэй байгаа нь бүр шившигтэй. Нийслэлийн МАН тойрсон улстөр монгол хүн ямар хотод амьдрах тухай биш хэсэг хүний оймс бандаашны тухай болж хувираад байгаа нь энэ нам бодлогын инстүүц байх чадвараа бүрэн алдаж байгаагийн шинж гэж бас харж болно.
Миний хувьд олон орноор очиж үзсэн, олон орны залуустай нөхөрлөж үзсэн. Олон орны түүх соёл, уран зохиолоос уншиж байсан. Олон газар очиж юм үзэж нүд тайлсан хүмүүс бүгд хэлнэ. Монголын хүч, давуу тал нь эв нэгдэл, нэгдмэл байдал, түүхээс заяасан бардам, хүчирхэг үндэстний мэдрэмж юм. Үүнийг нь соошил медиа хэмээх иргэний дуу хоолойд зориулсан либерал талбарыг урвуулан ашиглаж хагалан бутаргах, нэг нэгнийх нь эсрэг эргүүлэх, үзэн ядах соёл түгээж бага багаар мэрж байгаа улстөрчид бол Монголын тусгаар тогтнолыг сууриас нь идэж байгаа үндэсний эрх ашгийн дайснууд гэхэд огт хэтийдэхгүй. Монголчууд эв нэгдэлгүй байх нь тэдэнд л ашигтай. Эвлээд нэг тал болоод өөрсдийг нь эсэргүүцээд ирэхээр өмдөндөө сур харвах нь холгүй болдгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой эсэргүүцлээс ч харж болно.
Эцэст нь дахиад асууя, монголчууд яагаад нэг нэгийгээ үзэн ядаад байгаа юм бэ? Үзэн ядагч болохоороо юу? Улстөрчид яс хаясан болохоор уу?