8 жилийн өмнө Англиас эргэн ирээд сургуулийн насны ганц хүүхдээ 115-р сургуульд нэг жил сургав. Тэндхийн цэцэрлэг, сургуулиар явчихсан учир монгол хэл сайн ойлгохгүй, мөн бусад шалтгаанаар дараа нь Хоббид өгөв. Хоёрдох хүүхэд маань сургуульд ороход нэлээд чардайж эхлээд, гуравдах нь сургуульд ороход МУИС-ийн цалингаар хувийн сургуулийн төлбөрийг нь дийлэхгүй болсон учир бүгдийг нь улсын сургуульд оруулав.
1-р ангид дөнгөж орж байгаа учир багыг нь харъяа тойргийн маань 1-р сургууль ямар ч асуудалгүй авчихав. Харин 2-р ангийнхыг нь анги дүүрсэн шалтгаанаар авахаас татгалзав. Хуулиараа бага ангийн хүүхэд сургуульд хамрагдах эрхтэй учир дүүргийн боловсролын газрын дарга Д. Адъяабүрэнд учирлан байж 2-р сургуульд л хуваарилуулж чадав.
Уг дарга болон 1-р сургуулийн захирал Б.Төгсжаргалын зөвлөсний дагуу 2-р ангийн хүүхдээ харъяа сургуульд нь оруулахаар өргөдөл бичиж очерт оруулав. Хоёр хүүхдийг хоёр тийш нь зөөж хоёр хүн ажлаа алдаж байсан учир байнга шилжилт хөдөлгөөн болов уу, бидний очер яаж байна гэж нарийн бичгээс нь очиж асуудаг байв. 1-р сургуулийн жижүүр эгчтэй бараг танил болов.
Сонгуулиар Ардчилсан нам ялагдаж, дараа нь 1-р сургууийн захирал солигдов. Сурснаараа шинэ улирал эхлэхэд очер маань яаж байгааг очиж асуув. Юун очер, тийм юм угаасаа байхгүй байсан гэв. Очиж асуудаг байсан Б.Төгсжаргалын 2 дахь нарийн бичиг бүсгүйн утсыг арайхийн олж энэ тухай асуув (Төгсжаргалын утсыг хэн ч надад үл өгөв). Байлгүй яадаг юм, архивт үз гэж хэлээд нарийн бичгийн дарга хүүхэн утсыг маань блоклов.
Дараа нь шинэ захирал “Би сайдын өөдөөс үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ” гэсэн ярилцлагыг уншаад өөрийн Фейсбүүк хуудаснаа
"Хүн амын орлогын татвар орон нутгийн төсөвт ордог учир миний төлсөн татвараар тойргийн сургуулийн багш нар цалинжина. Гэтэл тойргийнхоо хүүхдэд орон тоо байхгүй гэчихээд дарга нар, багш нарынхаа хүүхдүүдийг аваад байхаар төр ард түмний холбоос сулрахаас яах вэ дээ (өөрийнхөө хийдэг ажилтай жишнэ гэх юм бол дарга нар, МУИС-ийн багш нарын хүүхдүүдийг л шалгалтан дээрээ тэнцүүлнэ гэсэн үг болох юм байна). Ийм байж болохгүй шүү дээ. Албан тушаал авах дуртай, гэхдээ ажлыг нь хийх дургүй хүмүүс очдог л орон тоо юм уу. Өмнө нь байсан захирал хүүхэн нь бол худлаа үнэн таны өргөдөл хүлээлгэнд байгаа, 4 хөн шилжилт хөдөлгөөн гарчихвал гээд байдаг байсан. Энэ залуу бол тийм өргөдөл угаасаа байгаагүй, шинээр өгөөд ч нэмэргүй гэх"
гэж дэмий л гомдоллов.
2018.10.4-нд 1-р сургуулийн захирал Г. Бум-Эрдэнийг авилга авч байхад нь газар дээр нь АТГ барив
. Өөрийн хуудаснаа мөн л “Үүнд үл баярлав. Уул нь өрөөнд нь очиж хэрэлдэж, бараг зодолдох дөхсөн хүн маань. Учир нь Ардчилсан намын үед захирал хийж байсан хүүхнийг нь барьсангүй. Нэг ангид 73 хүүхэдтэй болтол нь хахууль авч оруулсан хүнтэй хариуцлага тооцоогүй болохоор ердөө л хахууль, шахааны бизнесээ булаалдаж, дотроо хэмлэлдэж байгаа
юм байна гэж ойлгов. Уг нь Их Британид бол улсын сургуулийн хүүхдүүд үнэхээр харъяат тойргийнх мөн үү гэдгийг шалгах эрхийг нь тухайн сургуулийн хамрах тойргийн эцэг эхийн зөвлөлд өгсөн байдаг. 73 хүртлээ дүүрчихсэн учир хүүхдийг маань авахгүй байгаа ангид үнэхээр хамрах тойргийн хүүхдүүд байгаа эсэхийг шалгая, хаягийг нь өгөөч гэхэд "Хуцваа" гээд гаргаж билээ. Монгол улсын хуулиар бага ангийн сурагчийн тоо 30-35-аас хэтрэх ёсгүй” гэж мөн л учраа олохгүй бичив.Газрын наймаачдын хар гайгаар хотын төвд шинэ сургууль барих боломжгүй болсон
гэх ч зам гараад л байх Төрийн өмчийн байрыг дарга нар маань хааяа л нэг орж хоол зооглох тусгай зориулалтын ресторан болгон ашиглаж байгааг харав.
Самбар дээрх юм сайн харахгүй байна гэхээр нь 1-р сургуулийн сурагч хүүхдийнхээ багшийнх нь ажиллуулдаг сарын 300 мянган төгрөгийн үнэтэй, түрээсийн жижигхэн өрөөнд 20 хүүхэд авдаг өдөр өнжүүлэхэд нь явуулж хүртэл үзэв. Улсаас авах цалингаас гадна дор хаяж сарын 6 сая төгрөгийн орлоготой уг багш цалин бага байна гэсэн багш нарын ажил хаялтанд оролцохыг харав. 2-р сургуульд 4-р анги хүртлээ явсан хүүг маань багш нь харъяаллын бус хүүхдүүд яваарай гэж дарамтлах болов.
Элдэв мөнгө хураахад нь л мөнгө төгрөгийг нь өгч байснаас зарим эцэг эхчүүдийн нэгэн адил бэлэг сэлт өгч байгаагүйтэй маань холбоотой юм байхдаа гэж бодов. Өглөө болгон 10хан настай хүү маань өнөөдөр багш намайг хүүхдүүдийн өмнө яаж ичээх бол доо гэж стресстэх болов.
1-р сургуулийн хүү маань эвгүй ханиаж эхлэв. Учир мэдэх хүмүүс тийм олон хүүхэд нэг ангид чихэлдэн суухаар уушиг нь гэмтэж байгаа биз гэв. Үтэр түргэн хоёуланг нь улсын сургуулиас гаргаж 4 сая төгрөгийн үнэтэй хувийнхад өгөв. Улсад төлдөг татвараас гадна 4 сар гаруйн маань цалинтай тэнцэх авилгын татварыг төлөхөөр болов. Авилга намайг ялав бас шулав.
Гэхдээ энэ бол 1-р раунд. Авилга, хээл хахууль гэсэн нийгмийн энэ өвчинтэйгөө бид тэмцэхгүй юм бол нэг хоёр үеийн дараа тусгаар Монгол гэж байхгүй болно.
Засгийн газар нь тэмцдэггүй юм бол ард иргэд нь тэмцэх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Эхний алхам бол авилга авахгүй, өгөхгүй гэсэн аян өрнүүлэх. Бүгд авилгажсан газар Хэн ч авилгажаагүй гэсэн үг гэсэн үг байдаг(Where everybody is corrupt, Nobody is corrupt).
Өндөр хөгжилтэй улсууд руу дүрвэчихсэн Монголчууд маань яаж тэмцдэгийг нь бидэнд зааж өгч, бидэнтэй нэгдэх л хэрэгтэй байна. Монгол мөхчихвөл найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс тань танд их л муугаар ханддаг болох байх даа.
Ядаж хүүхдүүд тань танаас юу хийснийг тань асууна.
улсын сургууль маш их менге нэхдэг, тэрийг нь дарааллан бичвэл их юм болно доо...Багш нар хэцvv...
Авилга биш авлига шүү
Авлига гээд бичээд өгөөч. Нийтлэл, мэдээлэл, гаргаж ирсэн аргумент нь их дайжгүй юм даанч зөв бичээд өгөөрэй. Баярлалаа
Энэ бүгд юунаас болсоныг та ер нь бодож үзсэн үү? 1-дүгээр сургуулийн өмнөх захирал МУ-н гаюьяат багш Гүррагчаа надтай таараад ' Бухимдал яасан их байх юм бэ? Б и тэтгэвэртээ гараад л энэ бүхнийг одоо л ойлгож байна. Сайн багш нь байхгүй юм болсон юм уу, сайн сургууль байхгүй болмон юм уу гээд эрээд байхаар тэдгээр нь хувийн сургуулиуд болж байна. Монголоор дүүрэн оюунлаг хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй багш нар байхад орон сууц барих гсэн хэдэн олигархи сургууль барихгүй баахан өндөр үнэтэй орон сууц барьж гэх.... гэж ярихыг сонссон билээ_