Ам.долларын ханш гэнэтхэн л хэдэн долоо хоног дарааллан өсдөгийг бид мэднэ. Үүний цаана ямар ч суурь шалтгаан байхгүй байхад шүү дээ. Учрыг нь ойлгох гэж аргаа барахдаа ямар нэгэн төрийн байгууллагыг эсвэл улсыг буруутгана. Гэтэл үүний цаана нэг далд эдийн засгийн хөдөлгөгч хүч байдаг. Үүнтэй мөн ижил зүйл хувьцааны үнийг дээш доош нь савлуулна. Эдийн засагчид энэхүү үзэгдлийг 100 хүрэхгүй жилийн өмнө судалж эхэлсэн байна. Тэгээд хүлээлт гэх ойлголтын тухай олж мэджээ.
Тэгэхээр санаа нь ийм юм. Иргэдэд ам.долларын ханш ирээдүйд өснө хэмээх хүлээлт үүсвэл өнөөдөр ам.доллар худалдаж авахыг хичээнэ. Ийнхүү зах зээлд эрэлтийг үүсгэж, тэр нь өөрөө ам.долларын ханшийг өсгөх шалтгаан нь болдог байна. Энэ ойлголт эдийн засгийн маш олон үзэгдлийг тайлбарлана
. Өдөр тутмын худалдан авалтад ч нөлөөлж байдаг. Хэрэв удахгүй машины үнэ өснө хэмээн хүлээлт үүсвэл одоогийн худалдан авалт нь нэмэгдэнэ. Гэтэл энэхүү хүлээлт бодитой биш ч байж болно. Тэр ч бүү хэл машин борлуулагчдын гаргасан цуу яриа ч байж болох.
Эдийн засгийн хүлээлтийн тухай ойлголт нь сүүлийн 30 жилийн хугацаанд маш ихээр судлагдаж өнөөгийн удирдах байгууллагууд өөрсдийн бодлогодоо ч ашигласаар байна.
Хамгийн ойрын жишээ нь төв банк зах зээл дээрх суурь хүүг хөдөлгөх талаарх шийдвэрээ жилийн өмнөөс мэдэгдэж эхэлдэг. Ийнхүү зах зээлд хүлээлт үүсгэж, төв банк өөрийн зорилгоо бодитоор өөрчлөлт хийхгүйгээр шийдвэрлэж байгаа юм. Сүүлийн үед үүнтэй ижил зүйлийг АНУ-н ерөнхийлөгч Трамп хийдэг болсон. Өөрийн твиттер хуудсаар дамжуулан зах зээлд төрөл бүрийн хүлээлт үүсгэж дэлхийн эдийн засагт их бага хэмжээгээр нөлөөлж байна. Худалдааны дайн гэх зүйлийг БНХАУ-н эсрэг зарлаад бодитоор тарифф хүчтэй тавигдаагүй байхад л зах зээлд хүчтэй шок үүсээд эхэлсэн. Зэсийн ханш нэг сард 20 хувиар унасан байна. Үүний цаана нь бодитой тарифф бус Трампын хүчтэй мэдэгдэл болон твиттер хуудас дахь жиргээнүүд байсан юм. Өөрөөр хэлбэл бодитой үйл явдал болохоос өмнө хүлээлт үүсгэх замаар эдийн засагт нөлөөлж буй хэрэг.
Хүлээлтийг бүрэн ойлгохын тулд аливаа тоон утганд шилжүүлж харах учиртай. Тэрхүү шаардлагын хүрээнд дэлхийн 1200 гаруй байгууллагын нэгдэл “Conference board”-с 1967 онд хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцож эхэлжээ. Энэхүү судалгаа нь 5000 гаруй өрхөөс сар бүр асуулгын аргаар хүлээлтийг тооцоолдог байна. Манай улсын хувьд 2009 оноос эхлэн Санхүүгийн зах зээлийн холбооноос улирал бүр 1000 гаруй ажил эрхэлж буй иргэдээс тус судалгааг явуулдаг болсон. Одоогийн байдлаар тус судалгаа нь 6 сарын өмнө Монголын эдийн засгийн өсөлтийг таамаглах чадвартай байгаа юм.
Сэтгэгдэл бичих