Нийтлэл 11 сарын 15, 2018

Эрүүгийн хуулийн шинэчлэл төсөлд зааснаар хязгаарлагдахгүй

2015 онд Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга) батлагдсан. Эрүүгийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох суурь хууль учраас тогтвортой үйлчлэх, зөрчилгүй байх дээд зэргийн шалгуур, шаардлага тавигддаг. Гэвч тус хуульд нийт 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан, одоо дахин 3 дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “хуулийн төсөл” Улсын Их хуралд өргөн баригдсан байна. 

Хуульчийн хувьд мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” төсөлтэй танилцан улмаар тухайн төслөөр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах буюу улам бүр боловсронгуй болгох зарим асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Ингэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өмнө нь дэвшүүлж байсан санал, үзэл бодлоо бүхэлд нь дахин давтаагүй болно.    

ЕРӨНХИЙ АНГИ   

 Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл. Хөөн хэлэлцэх хугацаа ба их, бага шах Монгол Абдулла нарын хэрэг маргаан 

Зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхыг “төсөл”-ийн үзэл баримтлал[1]-д тусгасан байх боловч төсөлд[2] тухайн асуудлыг зохицуулаагүй байна.    

Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх гэмт хэрэгт нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамааруулах ёстой ба холбогдох зохицуулалт эдүгээ тулгамдсан болох нь [3], [4] Монгол Улсын нийгмийн амьдрал, хөгжлийн өнөөгийн дүр төрх, төрийн гэмт бумтнууд, нам ба төрийн зарим алба, албатууд тойрсон авлига, төрийн өмчийн цөмөлт, цөлмөлттэй холбоотой судалгаа, баримт, мэдээллийн бодит сүлжээнээс илэрхий ойлгогдоно.          

Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчилсөн ч эрүүгийн хэрэг нээхгүй буюу яллагдагчаар татахгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг дуусгах тохиолдлууд элбэг гарах нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт огт эргэлзээтэй биш. Хамгийн энгийн жишээ :

Эрдэнэт үйлдвэр тойрсон 1991 оноос эхлэлтэй гэх төрийн өмчийн эрээ цээргүй цөлмөлт, шахааны бизнесээс тодорсон их, бага шах Монгол Абдулла нарын хэрэг маргаан. Энэ бол Монголын дээд түвшний авлигын пирамидын оройд ёлтойсон цэг төдий өчүүхэн хэсэг аж. Үүнээс цааш илрээгүй олон тооны хэрэг маргаан хэрэг биш болтол нуун далдлагдсан, замхарсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эвлүүлэг, гүтгэлэг гэх зэрэг шалтагаар хаагдсан, шалгагдаагүй, хэрэг бишэд тооцогдсон байгааг таашгүй болно.  

“Нууц биш нууц” болсон улс төрийн авлига, албан тушаалын гэмт хэрэг түүний холбоос сүлжээний эсрэг оновчтой арга хэмжээ авахгүйгээр дасан зохицох, хий үзэгдэл болгон  эзэнгүйдүүлэх, бодит байдалд бодит бус хандах эрх хэмжээ ардчилсан, ухаалаг төрд байх ёсгүй. 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь тулгамдсан асуудал төдийгүй Монголын аюулгүй байдлыг баталгаажуулах, хуулийн засаглал, шударга ёсыг гуйвалтгүй тогтоох, төгөлдөржүүлэхэд чиглэсэн суурь бөгөөд оновчтой бодлого, зохицуулалтад хамаарна. Монголд авлигын тогтолцоот ужигт автагдсан “ухаалаг бус засаг” ноёрхвоос бидний ирээдүй, хөгжил эс шийдвэрлэгдэх “битүү цагираг”-т баглагдан, буруу зүг чигт хий эргэлдэн, эрхэмлэх бүх зүйл тал тал тийш бутран, балран сарнихад хүргэхүйд эргэлзэх юун.   

“Монгол мөнх оршихуй”-н олон талт баталгааг тасралтгүй хангах эх, их түүхт цөм бодлогыг  чанд сахих чиг үүргээ төрийн дээд албатууд онцгой санах, мэдрэх буюу эх орны ирээдүйг төсөөлөх сэтгэхүй, бататгах үйлсийн цар хүрээ, хурдаа нэмэх нь зүй ёсны шаардлага юм.      

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 болон гэмт хэргийн тусгай давтангийн зарим шинжид холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох бус харин эсрэгээр улам бүр боловсронгуй болгох, нарийвчлан зохицуулах 

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн тусгай давтангийн төрөл, хэлбэрт (удаа дараа, давтан, байнга) холбогдох зохицуулалтыг хуульчлаагүй атлаа тус хуулийн тусгай ангийн зарим  зүйлийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнд “удаа дараа, байнга, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, байнга тогтвортой” гэсэн шинжийг заасан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд зарим тохиолдолд хүндрэл үүсгэсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 болон гэмт хэргийн тусгай давтангийн зарим шинжид холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох бус харин эсрэгээр Эрүүгийн хуульд холбогдох нарийвчилсан зохицуулалт хийх бодит үндэслэл, шаардлага болно.    

Хэрэв тухайн төсөлд[5] зааснаар Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 болон зарим гэмт хэргийн : байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, байнга тогтвортой гэсэн шинжийг тус тус хүчингүй болгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн хийдэл, давхардал, зөрчил арилахгүйгээс гадна Эрүүгийн хуульд одоогийнхоос илүү ноцтой хийдэл, зөрчил үүсгэж, жинхэнээсээ хуулийн мухардал, гацаанд орох нь эргэлзээгүй.

Дараах үндэслэлээр тодотгож болно.

Үндэслэл 1 : 2015 оны Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд буюу “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах” үндэслэл, зохицуулалт хуульчлагдаагүй. Учир нь :      

- 2015 оны Эрүүгийн хуульд холбогдох үзэл баримтлал[6], тус хуулийг хэлэлцэх, батлах үеийн хуралдааны тэмдэглэл [7] зэргээс үзэхэд “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах” үзэл санаа, зохицуулалт огт илрэхгүй байна. Харин гэмт хэргийг давтан үйлдсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхийг хасч, өмчийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн бүлэгт заасан гэмт хэргийг урьд нь үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх  нөхцөл байхаар холбогдох өөрчлөлтийг төсөлд оруулсан болохыг танилцуулжээД;[8] 

- 2015 оны Эрүүгийн хуульд “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах”-ыг анхнаасаа зохицуулсан бол тус хуульд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт болон тус хуулийн тусгай ангийн зарим  зүйлийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнд “удаа дараа, байнга, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, байнга тогтвортой” гэсэн шинжийг хуульчлах шаардлага байхгүй ба энэ нь шударга ёс, тэгш эрхийн зарчимтай холбоотойгоор тайлбарлагдана;     

- Хэрэв тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулахаар бол нэмэгдэх ялын нийт нийлбэр буюу дээд хэмжээг хязгаарлан тогтоохгүйгээс гадна ялын нийт нийлбэр хэмжээг ямар хугацааны дараа хэрхэн бууруулах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулах ёстой ба үүнд холбогдох зохицуулалт 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй;   

- Тусгай давтан гэмт хэргийг нийлмэл гэмт хэрэг гэж үзэх холбогдох онолын болон хууль зүйн үндэслэлгүй;        

- Нийлмэл гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт оногдуулсан ялын нийлбэр хэмжээтэй адилтгах боломжгүй. Төсөлд зааснаар холбогдох зохицуулалт хүчингүй болсон гэж үзвэл : жишээ нь, хулгайлах гэмт хэргийг 100 ба түүнээс дээш удаа үйлдсэн ч 20 жил, 10 ба түүнээс дээш удаа үйлдсэн ч 20 жил хорих ял оногдуулах нь хууль  ёсонд нийцэхгүй, шударга, зөв шийдэл биш болно;     

- Нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчмын гол утга агуулга ба тухайн нэг гэмт хэрэгт нь ял оногдуулсан л бол тухайн ял шийтгүүлсэн байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгохгүй байх утга агуулгыг илэрхийлнэ, харин “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах”-ад хамааралгүй;   

- Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш үйлдсэн” гэж заасныг “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах”-ыг зохицуулаагүйтэй холбоотойгоор ойлгож болох юм. Энэ нь өмнө дурдсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, танилцуулгын утга агуулгаас илрэхээс гадна хэрэв Эрүүгийн хуульд “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах”-ыг зохицуулсан бол тус заалтыг “хууль, зарчмын зөрчил”-тэйгээр хуульчлах бодит шаардлагагүй ба үүнийг хууль, шударга ёсны зарчим, бусад шалгуурын хүрээнд тайлбарлах боломжтой.            

Үндэслэл 2 : 2015 оны Эрүүгийн хуульд “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах” зохицуулалтгүйгээс үүссэн хийдэл, хууль хэрэглээний зөрчилдөөнийг аль болохуйц зөв шийдвэрлэхэд тулгуур ач холбогдол бүхий зохицуулалт нь гагцхүү Эүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 гэдгийг онцгой мэдэх, мэдрэх ёстой.       

Жишээ нь 1 : Иргэн Бат нь Дорж болон Дулмаа нарын гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан нийт 51,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ. Энэ тохиолдолд Батын 2 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан “их хэмжээний хохирол” гэсэн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 ял шийтгэл оногдуулна. 

Жишээ 2 : Иргэн Дорж нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тусдаа эхлэл төгсгөлэйгээр 3-с дээш олон удаагийн үйлдлээр үйлдэж, нийт 51000,000 төгрөгийн хохирол учруулан, хэрэгцээндээ зориулсан болох нь тогтоогджээ. Энэ тохиолдолд Доржийн 3-с дээш удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан “их хэмжээний хохирол”, 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж (3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл) амьдралын эх үүсвэр болгосон (өөрийн болон хамаарал бүхий этгээдийн амьдралын төрөл бүрийн хэрэгцээнд) гэсэн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 ял шийтгэл оногдуулна. 

Үндэслэл 3 : Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хэрэглэгдэх боломжгүй тул гэмт хэргийн тусгай давтантай холбоотой асуудлыг нэг мөр иж бүрэн шийдвэрлэх, тодруулбал, үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохгүй “тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах” асуудлыг оновчтой зохицуулах үндэслэлтэй, харин төсөлд зааснаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.          

Эрүүгийн хуулийн тусгайд ангид заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршиг шаардахгүй гэмт хэргийг 2-c дээш удаа үйлдсэн бол үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох эсэхэд нэг  мөр ойлголтод хүрээгүй, маргаан бүхий байна. Жишээ нь : Бат нь А-г тус тусдаа төгсгөлтэйгээр  удаа дараа хүчиндсэн, Дорж нь Л, мөн С нарыг тус тус удаа дараа хүчиндсэн, харин Дондог Т-г хүчиндсэн, харин О-г хүчиндэхээр завдсан нь тогтоогджээ. Энэ тохиолдолд Доржийн хувьд 2 хүнийг хүчиндсэн нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “2 хүнийг хүчиндсэн” гэсэн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 ял шийтгэл оногдуулах үндэслэл бүхий, харин Бат, Дондог нарын хувьд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэглэхэд үндэслэл хангалтгүй ба энэ нь Эрүүгийн хууль хэрэглээний хувьд маргаан, зөрчилдөөн үүсгэж байгаа болно.   

Үндэслэл 4 : Төсөлд[9] зааснаар Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт болон зарим гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, байнга тогтвортой гэсэн шинжийг тус тус хүчингүй болгоход хамаарах үндэслэл нь хангалтгүй, хийсвэр шинжтэй байгаа нь холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох бус эсрэгээр Эрүүгийн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, нотолгоо болно.          

Тус төслийн үзэл баримталалд[10] :...Шүүхийн практикт хуулийг хэрэглэхтэй холбоотой гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор...үргэлжилсэн гэмт хэргийн зохицуулалтыг нарийвчлах, түүнчлэн...зарим зохицуулалтыг жишээлбэл, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зэрэг ойлголт нь практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч байгаа, эдгээр ойлголтыг практикт хэвшүүлэхэд нилээдгүй хугацаа шаардагдахаар байгааг харгалзан хуульд өөрчлөлт оруулах гэж заасан.

Эндээс үзэхэд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хүчингүй болгох бус нарийвчлах ёстой байж. Мөн үргэлжилсэн гэмт хэргийн зохицуулалтаас шууд хамаарахгүй хүндрэл гэвэл өмнө дурдсан “Үндэслэл 3”-т заасан зарим асуудалтай холбоотой боловч энэ нь тухайн зохицуулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

Мөн “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зэрэг ойлголт”-ыг хүчингүй болгох үндэслэл илтэд хангалтгүй буюу практикт хэрэгжүүлэхэд ямар хүндрэл үүссэн, практикт хэвшүүлэхэд ямар хугацаа шаардагдсан, ямар судалгаа, нотолгоонд үндэслэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Тухайлбал, хүн амьд явна гэдэг амьдрах эрхийн асуудал, хүн бүр амьдрахын тулд нэн тэргүүний хэрэгцээт зүйлс (идэх, уух, өмсөх, зүүх, орогнох байр зэрэг) хэрэглэх нь зайлшгүй, харин аль хэрэгцээгээ хэрхэн яаж хангах нь тухайн хүний эрх чөлөө, нөгөө талаас хүн бүр амьдрах эрхтэй учраас “амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг тухайн хувь хүн гагцхүү өөрийн хүссэн хэрэгцээнд эсхүл өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүний эсхүл гэр бүл, найз нөхдийн дундын хэрэгцээнд зориулсан эсэхээр ялган зааглах, ялгаварлал үүсгэх үндэслэлгүй учраас “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх ойлголтыг практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэвшүүлэхэд хугацаа шаардсан гэдэг нь эргэлзээтэй.                   

Үнэхээр хүндрэл үүсгээд бол Эрүүгийн хуульд тухайн асуудлаар тайлбар хийх, эсхүл тухайн зохицуулалтыг боловсронгуй болгон өөрчлөх олон талт боломж, гарц, шийдлүүд байгаа болно.   

Харин “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зэрэг ойлголт” нь хүндрэл үүсгэсэн гэхээс илүүтэйгээр иргэдийг хэтэрхий шоронжуулах буюу хатуу шийтгэхэд хамаарах Эрүүгийн хууль дахь зарим тайлбар (17.1, 17.4 дүгээр зүйл дэх болон бусад), холбогдох бусад зохицуулалтыг өөрчлөх, хүчингүй болгох шаардлагатай. Жишээ  нь : Бусдын 300,000 төгрөгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлсан бол гэмт хэрэг биш захиргааны зөрчил, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй ч бусдын 300,000 төгрөг, түүнээс “ДООШ” 1 төгрөг хүртэлх хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг байнга (3 ба түүнээс дээш удаа) үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон (өөрийн болон хамаарал бүхий этгээдийн амьдралын төрөл бүрийн хэрэгцээнд зориулсан) бол 5-12 жил хорих ялаар шийтгүүлнэ. Сайтар эргэцүүлбэл анхаарах асуудал цөөнгүй бий.[11]  

Үндэслэл 5 : Төсөлд[12] зөвхөн зарим төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “байнга үйлдэж  амьдралын эх үүсвэр болгосон; байнга тогтвортой” гэсэн шинжийг хүчингүй болгосон, харин зарим бусад гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид[13] нэг адил байсаар атал хүчингүй болгоогүй нь ялгаварлал, тэгш бус байдал үүсгэсэнд тооцогдоно.   

Бодит байдал ийм байгаа тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт болон зарим гэмт хэргийн “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, байнга тогтвортой” гэсэн шинжийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн дээр дурдсан холбогдох зохицуулалтуудыг хүчингүй болгохыг урьтал болгохоос илүүтэйгээр зөрчил, хийдэл, маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх гарцыг зөв тогтоож, нарийвчлан зохицуулахад анхаарах нь чухал юм.  

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 буюу “доош” биш “дээш” болгох 

Бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс “дээш” хэмжээг гэж өөрчлөх нь зүйтэй. Ингэснээр бага хэмжээний хохирол ба бусад хохирлын хоорондох логик холбоос ойлгомжтой болохоос гадна зарим төрлийн гэмт хэрэгт хуулийн хүчин чадал, эрх зүйн тогтсон онолоос гажуудсан тайлбар хийснийг залруулах, зарим гэмт хэрэгт хэт шоронжуулсан бодлого хэрэгжүүлэхгүй байх боломж бүрдэнэ.     

Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 буюу урьдчилан амласан эсэх нь гол бус.

Гэмт хэргийн хамжигчийн хувьд заавал урьдчилан амалж биш харин гэмт хэрэг үйлдэгдэх тухайн агшинд “тохиолдлоор дэмжлэг үзүүлэх” нь цөөнгүй байх тул ”урьдчилсан амалж” гэдгийг хасах шаардлагатай.  

Урьдчилан амалсан эсэх нь биш харин гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлийн шинж нь илүү ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дахь заалтыг хүчингүй болгох

Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлж (ялын доод, дээд хэмжээг тодорхой хувиар бууруулж) болно гэж заасан байх боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т ялыг хөнгөрүүлэх асуудал зохицуулагдаагүй, мөн ялыг хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчиг, тус зүйлийн 1.3, 1.4, 1.5-д зааснаар гагцхүү хүнд гэмт хэрэгт оногдуулах хорих ялд хамааралтай байх тул бодит үйлчлэлгүй хийсвэр зохицуулалт болно.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар чөлөөлж болно гэж заасан боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчгаас хөнгөрүүлэх гэсний дараах “хорих” гэснийг хассанаар ялаас чөлөөлөх асуудал нийтлэг үйлчлэлтэй болох тул давхардуулж зохицуулах шаардлагагүй.

Зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар  албадлагын арга хэмжээ авах нь гагцхүү “тэнсэж” гэсэн утга агуулгыг тодотгон илэрхийлнэ, гэвч тэнсэх нь зөвхөн хорих ялыг л оногдуулахгүй байхад шууд хамааралтай тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүй тэнсэх тухай зохицуулалт анхнаасаа зөрчилтэйгээс гадна Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчгаас хөнгөрүүлэх гэсний дараах “хорих гэснийг хассан ч уг ялыг тэнсэх асуудал нь зөрчил, маргаан бүхий байгааг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн хүрээнд хөндсөн болно.   

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 буюу зарчмын зөрчил бүхий асуудал

Тус заалтаар :

“энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохдоо Эрүүгийн хуулийн “зөвхөн нэг бүлэг”-ээр хязгаарласан нь шударга ёс, тэгш эрхийн зарчимд нийцэхээргүй байна.

Санаатай гэмт хэргүүд Эрүүгийн хуулийн зөвхөн нэг бүлэгт биш хэд хэдэн бүлэгт хуульчлагдсан буюу хэд хэдэн бүлэгт заасан санаатай нийлмэл гэмт хэргүүд үйлдэгдэх нь түгээмэл учраас энд ямар нэгэн ялгаварлал, тэгш бус байдал үүсгэсэн байх ёсгүй.      

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл дэх зөрчил, хийдэл бүхий асуудал

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчгаас хөнгөрүүлэх гэсний дараах “хорих” гэснийг хассан [14] тохиолдолд дараах зөрчил, хийдэл үүсэхээр байна :

- Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас чөлөөлөх боломжгүй буюу ялгаварлал үүсгэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл тогтоосноос гадна хорих ял оногдуулахаар заагаагүй “хөнгөн” гэмт хэргүүд тус тус хуульчлагдсан.   

-  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 2-т заасан  “тэнсэж, албадлагын арга хэмжээ” хэрэглэх нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг “тэнсэх” утга агуулгыг илэрхийлэх боловч энэ нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалттай зөрчилдөөн үүсгэж байна. Учир нь тэнсэх асуудлын суурь зохицуулалт бол 7.1 дүгээр зүйл бөгөөд зөвхөн хорих ялыг л оногдуулахгүй байхад хамааралтай, өөр ялд хамааралгүй гэдэг нь энгийнээр ойлгогдоно. 

- хөнгөн гэмт хэрэгт оногдуулж болох бүх төрлийн ял буюу торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус тэнсэх нь эрүүгийн ялын зорилго буюу үнэт зүйлсийг хамгаалах, гэмт хэргийн гаралтыг ихэсгэхгүйгэр тодорхой түвшинд тогтоож барих улмаар бууруулах бодлоготой нийцэхгүйгээр сөрөг үр дагавар дагуулахыг давхар тооцох ёстой.

Cанал : Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчгаас албадлагын арга хэмжээ хэрэглэх гэдгийг хасах, ингэснээр мөн зүйлийн 1.1, 1.2-т заасан “тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-тэй холбоотой тухайн зохицуулалтуудыг хүчингүй болгох, харин мөн зүйлийн 1.1 дэх заалт дахь тогтоосон гэсний дараа “эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй“ гэж нэмэлт оруулах шаардлагатай.  

Үндэслэл : Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, 7.3 дугаар зүйлд албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан учраас 6.7 дугаар зүйлд албадлагын арга хэмжээ, тэнсэх асуудлыг давхардуулан зааж Эрүүгийн хуульд хийдэл, зөрчилдөөн, Эрүүгийн хууль хэрэглээний ойлгомжгүй байдал үүсгэх, Эрүүгийн хууль, ял шийтгэлийн зорилгыг алдагдуулахад хүргэх үндэслэлгүй юм.

Хэрэв хорих ялынх нь дээд хэмжээнээс хамааруулан тэнсэх хугацааг ялгамжтай тогтоох шаардлагатай бол 7.1 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулах боломжтой ба үүнийг ач холбогдолтой гэж үзэхгүй байж болно.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, тухайн эрхийг зөрчих буюу хүнийг ялгаварлах, шударга бус  хандах нь Үндсэн хууль, түгээмэл зарчимд нийцэхгүй учраас хорихоос бусад төрлийн ялаас чөлөөлөх боломжийг хязгаарлах ёсгүй.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл дэх зарим зөрчлийн шинжийг нягтлах    

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааны дээд хэмжээ 5 жил, харин доод хэмжээг тухайн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс багагүй гэж ойлгоно.  

Гэтэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7-д “тэнссэн хугацаанд...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно” гэсэн нь зөрчлийн шинж агуулж байна. Учир нь : Тэнсэх нь хорих ял оногдуулахгүй байх суурь бөгөөд онцлог арга хэмжээний хувьд тэнсэнгийн хугацаа өөрөө суурь хугацаа, харин тухайн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь тэнссэн суурь хугацааны доторх буюу түүнд багтах хугацаа учраас тухайн албадлагын арга хэмжээний хугацаа дуусахаас өмнө ялаас чөлөөлөх асуудал байж болохгүй. Тодруулбал, тэнссэн хугацаа, тэнссэн хугацаа дуусах болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа, уг хугацаа дуусах гэсэн ойлголтуудыг адилтгах боломжгүй, ялгаатай авч үзэх ёстой.   

Мөн нэгэнт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байтал Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар : анх тутам оногдуулаагүй хорих ялыг оногдуулж эсхүл оногдуулахгүйгээр тухайн ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүй тухай прокурорын дүгнэлтийн дагуу хорих ял оногдуулахгүй тухай шүүхийн шийдвэр гаргах нь ач холбогдолтой, оновчтой, зөв зохицуулалт гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. 

Хэрэв тэнсэнгийн хугацаа нэгэнт дууссан бөгөөд тухайн хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй л бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулахгүй буюу ялаас чөлөөлөгдсөнд тооцно” гэж хуульдаа шууд заах нь оновчтой, зөв байж болно. Энд хууль хэрэглээний эргэлзээ, мөн шат дараалсан нэмэлт нүсэр ажиллагаа, зардал, чирэгдэл үүсэхгүй юм. 

Харин тэнссэн нийт хугацааны ½-с (эсхүл 2/3) багагүй хугацаа өнгөрсөн бол тэнссэн хугацааг  дууссанд тооцох эсэх асуудлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн хүсэлт, прокурорын дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэх зохицуулалт байж болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 буюу ялган зааглах асуудал

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хамааруулсан нь тус тусын илэрхийлэх шууд утга агуулга, шалгуур үндэслэл, логикийн хувьд нийцэл, зохицолгүй тул өөрчлөх шаардлагатай. Өөрчилснөөр хийдэл, зөрчил бүхий асуудал үүсэхгүй ба үүсгэхгүйгээр зохицуулах боломжтой.  

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд мөн зүйлийн 8.6 дугаар зүйлийг нэгтгэх

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл нь хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахтай холбоотой асуудлын суурь зохицуулалт бөгөөд энд ойлгож хэрэглэхэд эргэлзээтэй асуудал үүсээгүй тул Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийг анхнаасаа хэлбэрийн төдий, давхардал үүсгэсэн зохицуулалт байсан гэж үзэж болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн болон бусад хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг цогц байдлаар зохицуулсан, гэтэл Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” асуудлыг биш харин Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа (хойшлуулсан тохиолдолд) “албадлагын арга хэмжээ хэрэглэх” эсэхийг хэлбэр төдий тодотгосон байх ба тухайн 8.6 дугаар зүйлийн зохицуулалт бүхэлдээ 7.6 дугаар зүйлийн зохицуулалттай давхардал үүсгэсэн.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 6 сарын 27-ны өдрийн хуулиар “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн” гэснийг анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн” гэсэн өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д оруулсан нь төдийлөн оновчтой бус харин Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй, бас боломжтой гэж үзнэ. Энд өмнө дурдсан үндэслэл нэгэн адил хамаарна. 

Нөгөө талаас “анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн” гэх тухайн үндэслэл, журмыг зөвхөн “өсвөр насны хүн”-ээр хязгаарлахгүйгээр жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт бас хамааруулахыг хүүхдийн эрх, эрх ашгийг тууштай, ялгаварлалгүй хамгаалах, хүмүүнлэг, энэрэнгүй бодлого, зохицуулалтын хүрээнд эргэн нягтлах шаардлагатай. 

2002 оны Эрүүгийн хууль[15]-иар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад насанд хүрээгүй хүнд гэмт хэргийн ангилал харгалзахгүй, харин жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хүндэвтэр, хүнд ангиллын гэмт хэргээр хязгаарлаж байсан бодлого, зохицуулалтыг эсрэгээр өөрчлөн холбогдох этгээдийн эрх зүйн байдал, хүүхдийн эрхийн хамгаалалтыг өмнөхөөс дордуулж, ухралт хийхэд хангалттай үндэслэл, судалгаа, шалтгаан байх ёстой.     

Эрүүгийн хуулийн 8.1 зүйлийн 3 дахь хэсгээс “энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж оногдуулсан ял дээр нэмж” гэснийг болон 4, 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ гэдэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар : “гагцхүү өсвөр насны хүнд ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх” утга агуулгыг эргэлзээгүйгээр илэрхийлж байна, үүнээс өөрөөр ойлгох үндэслэл Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тухайн зүйлээс илрэхгүй байна.   

2002 оны Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд “ял оногдуулахгүй байх” нь зохистой гэж шүүх үзвэл түүнд “дор дурдсан” хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно” гэж  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хэлбэрийг тусгайлан зааж байсан гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хэлбэрийг огт тусгагдаагүй.

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-т “тэнсэж, хянан хүмүүжүүлэх хугацаа”-нд хүмүүжүүлэх үүргийг холбогдох этгээдэд даалгаж болно гэж заасан боловч энэ нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл хэлбэрт хамаарах утга агуулгыг илэрхийлэхгүй байна.

Тодруулбал, “тэнсэж, хянан хүмүүжүүлэх” албадлагын арга хэмжээний утга агуулга, төрөлд хамаарах буюу албадлагын  шинжтэй “хүмүүжүүлэх ямар төрлийн үүргүүд” байж болохыг Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд тусгайлсан хуульчлаагүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй болон таамаглан хэрэглэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь заалт бодит үйлчлэлгүй, хийсвэр шинжийг агуулсан гэж үзнэ.         

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан ба энэ нь оногдуулсан ял дээр нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, утга агуулгыг огт илэрхийлээгүй болно.   

Түүнчлэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад (хүмүүжүүлэх чиг үүрэг, зориулалт бүхий) эдлүүлэх тул “оногдуулсан хорих ял дээр нэмээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг давхар хэрэглэнэ” гэдэг нь логик утга агуулга, үндэслэлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй юм.  

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 8.1 зүйлийн 3 дахь хэсгийн  “энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж оногдуулсан ял дээр нэмж” гэсэн нь, мөн зүйлийн  4, 5 дахь хэсгийн зохицуулалт тус тус бодлого, логик утга агуулгын хувьд үндэслэлгүй, зөрчилтэй, хэрэглэгдэхгүй буюу бодит үйлчлэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй.      

Жишээ нь : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эсхүл 21 насанд хүрээгүй хүнд Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “хорих ял  оногдуулаад үүн дээр нэмээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг давхар хэрэглэнэ” гэхлээр ямар шийдэл гаргах вэ ? 

Харин Эрүүгийн хуулийн 8.1 зүйлийн 5 дахь хэсгийг хүчингүй болгохгүй тохиолдолд оновчтой тодотгол хийж өөрчлөх боломжтой. Тухайлбал :  “Арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүн сэтгэц, бие бялдрын хөгжлийн хоцрогдолтой нь тогтоогдсон тохиолдолд шүүх энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар эрүүгийн харицлага хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэх мэтээр найруулах боломжтой.   

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн зохицуулалтыг боловсронгуй  болгох

Хүмүүжлийн чанартай буюу хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээний төрөл, хэлбэрийг тусгайлан оновчтойгоор зохицуулах шаардлагатай. Мэдээж хэрэг, тухайн төрөл хэлбэр нь өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэхэд чиглэгдсэн байх нь тодорхой.

Мөн өсвөр насны тухайн этгээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан буюу “ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх” хугацаанд хүмүүжүүлэх арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг тохиолдолд эрүүгийн хариуцлага хэрхэн хүлээлгэх эсэх, эсрэгээр тухайн этгээдэд авсан хянан хүмүүжүүлсэн хугацаа дууссан эсхүл тухайн хугацааны дотор сайтар хүмүүжсэн, хүмүүжүүлэх арга хэмжээг сайн биелүүлсэн тохиолдолд хянан хүмүүжүүлэх хугацааг хугацаанаас нь өмнө дууссанд тооцох эсэх асуудлыг тусгайлан зохицуулах шаардлагатай.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсхүл ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх гэсэн хоёр ойлголт нь утга агуулга болон шалгуур үндэслэлийн хувьд ялгаатай учраас Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн бусад холбогдох зүйлд заасан үндэслэл, журмыг хэрэглэх нарийвчилсан зохицуулалт, “холбоос”-ийг тодорхой заагаагүй л бол Эрүүгийн хуулийг төсөөтэй болон таамаглан хэрэглэх үндэслэлгүй.       

Эрүүгийн хуулийн 9.2 дугаар зүйлийн зарим зохицуулалтыг өөрчлөх

Эрүүгийн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар : “татан буулгах” гэдэг нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан “ял дээр нэмж” авах албадлагын арга хэмжээний нэг төрөл.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн “террор үйлдэх, террор үйлдэхэд бэлтгэх, террор үйлдэхийг санхүүжүүлэх” гэсэн 3 төрлийн гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тухайн хуулийн этгээдэд зөвхөн татан буулгах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан нь ял дээр нэмж авах албадлагын арга хэмжээг үндсэн ял мэт хэрэглэсэн буюу ял оногдуулахыг орхигдуулсан байх тул бодлого, зарчим, зохицуулалтын хувьд зөрчилтэй гэж үзнэ. 

Ял дээр нэмж авч болох албадлагын арга хэмжээг ял гэж үзэхгүй. “Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж нэгэнт хуульчилсан бол ял заавал байх ёстой” гэдэг нь хууль ёсны зарчмын үндсэн утга агуулга, энэ нь олон улсад нэгэнт хэвшин тогтсон түгээмэл зарчим [16], ойлголт байдаг.     

Тийм учраас хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөлд “татан буулгах”-ыг оруулах эсхүл торгох ял оногдуулж, татан буулгах албадлагын арга хэмжээг нэгэн зэрэг хэрэглэх асуудлыг зохицуулах шаардлагатай.

 

[1] Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал. Хууль зүй, дотоод хэргийн яам.

[2] Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл. 2018.05.28., Хууль зүй, дотоод хэргийн яам  

[3] Г.Ганбаатар, Ж.Эрдэнэбулган. Эрүүгийн хуучин ба шинэ хуулийн зөрлөгт үүсээн ээдрээ, эмгэг, эсрэгцэл. 2017.08.02.  http://gan-baatar.blogspot.com/2017/08/blog-post.html. “Монголын төр,  эрх зүй” сэтгүүл. УБ., 2018 -№1.  

[4] Г.Ганбаатар. Хуулийн засаглал, өнөөгийн байдал (өгүүлэл, нийтлэл). Хуулийн засаглал, шударга ёсны эрэлд. УБ., 2016. 154-178-р тал

 

Сэтгэгдэл бичих

arrow icon