Нийтлэл 11 сарын 23, 2018

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж итгэдэг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн ордонд хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тэрээр Засгийн газрын ажлын тайлантай хамт шударга ёс, сахилга хариуцлага, дэг журам, ажлын хариуцлага тогтоох нь Засгийн газар болоод олон нийтийн өмнө тулгамдсан хамгийн чухал даалгавар болоод байна гэж хэллээ.  

Онцлох эшлэлүүд:

М.Энхболд огцрох ёстой, 60 тэрбумын хэрэг үнэн. М.Энхболд хотын газрын наймаа хийсэн нь үнэн.

УИХ-ын дарга бол их эрх мэдэл. Энэ эрх мэдлийг эрүүл хүн атгаж байж парламент ажиллана. М.Энхболдыг үтэр түргэн огцруулах ёстой. 

Шударга ёсны төлөө их цэвэрлэгээ хийх цаг тулж ирсэн. Үүнд миний хүч дутаж байна, эрх мэдэл дутаж байна. Гэхдээ сэтгэл дутахгүй. Олон түмний дэмжлэгтэйгээр хийж чадна гэж бодож байна.

Бослого үймээн болохгүй. Намын байран дээр цуглаан болж байхад очиж үймээн самуун болохгүй талаас ярилцсан. Шударга ёсны төлөө тайван хувьсгал хийж болно. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Шойгу зэвсэг авчирсан гэж маш хариуцлагүй мэдэгдэл хийсэн. Би ард түмнийхээ өмнөөс зэвсэг барьдаг Ерөнхий сайд биш. 

ЖДҮ-гийн зээлийг эргүүлж төлүүлнэ. Уучлал гуйлгана. Албан тушаалын хариуцлага тооцож байна. Зээлийг очих ёстой эздэд нь зээлүүлнэ.  

Н.Алтанхуягийн ярьдаг шударга бусын хонгил байдаг нь үнэн. Би ч энэ шударга бусын хонгилоор алхаж байна. 

Гудамж талбайд гаралгүйгээр асуудлыг шийдэж болно. Төрийн асуудлыг нам дотроо, парламент дотроо шийдэх ёстой. 

Анхны Үндсэн хууль ажлаа хийсэн, одоо гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх болсон байна. Амьдрал дээр өөрчлөх хэрэгцээ мэдэгдэж байна.

Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. Би аж ахуй хийж байх ёстой хүн энд улстөр яриад сууж байхаас өөр аргагүй байдалд байна.

Эдийн засаг аж ахуй талдаа ахицтай байна. Оны эцсээр эдийн засгийн өсөлт 7 хувь болно. Гэхдээ эдийн засгаас гадна хамгийн чухал нь шударга ёс юм байна.

МАН-ын бага хурал удахгүй хуралдана. Нам дотор асуудлуудаа шийднэ. 

Нөхөр Я.Содбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай эсэх нь тогтоогдох юм бол ажлаас нь халах шиг амархан юм байхгүй. 

Намайг цэргийн хүн учраас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж хардаг. Би парламентын засаглал, тэр дундаа хоёр танхимтай хэлбэрийг дэмждэг.

Манайх шиг жижиг улсад парламентын засаглал ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийн баталгаа гэж би үздэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийн хурлын төгсгөлд та бүхэнд өгөх мөнгө алга гэж хэлээд сэтгүүлчдээс шударга ёсны төлөө хамтын ажиллагаа, дэмжлэг хүслээ. 

 

Live видео эх сурвалж: zarig.mn

 

Сэтгэгдэл бичих

arrow icon