Гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулж сурахад тухайн сурч байгаа гадаад хэлнийхээ дүрэм болон үгсийн сангийн мэдлэгийн хувьд нэлээд дөртэй болчихсон, эх хэлээрээ алдаа мадаггүй бичиж найруулдаг хүний тухайд төдийлөн хүнд биш, аяндаа болоод явчих асуудал л даа. Гол нь утгын хувьд зөв зүйтэй илэрхийлэн гаргахад л анхаарах хэрэгтэй. Манай дийлэнх хүмүүс англи хэлийг гайгүй сайн сурсан төлөв ажиглагддаг болохоор тус хэл дээр бичигдсэн гурван өгүүлбэрийг хэрхэн монголоор найруулах дасгал хийж үзье.
01. Eurovision officials even let an Australian group enter the competition last year.
02. The group placed 5th in the finals.
03. In fact, Australia is a favorite to win the event, with Dami Im singing “Sound of Silence.”
Энэ гурван өгүүлбэрийн эхнийхийг:
«Евровижний зохион байгуулагчид өнгөрсөн жил Австралийн нэгэн хамтлагийг тус уралдаанд оролцуулж байсан удаатай.» хэмээн орчуулж болох юм. Угтаа бол officials – албаны хүмүүс, even - тэр ч байтугай гэсэн санаа л даа. Гэхдээ монгол хэлнийхээ найруулгын онцлог, уншигчдын сэтгэлд хэр зэрэг наалдацтай байхыг бодолцож дээрх мэт найруулах учиртай бөлгөө. Харин хоёрдох өгүүлбэрийн тухайд эцсийн шалгаруулалтад тавдугаар байр эзлэсэн гэдэг санааг айрагдсан, айргийн тавд багтсан гэж буулгавал монгол хүний сэтгэхүйд ойр дөт бууж таарна. Гуравдугаар өгүүлбэрийн дотор хүн болгоны дуртай, бахтай гэдэг утгаар сайн мэддэг favorite гэдэг үг favorite to win гэсэн тохиолдолд өнгөлж мэдэхээр гэсэн утгатай болоод явчихаж байгааг анхаарч байна уу? “Sound of Silence” гэдэг дууны нэрийг «Аниргүй аялгуу», «Аниргүй дуурьсал» хэмээн жаахан уянгын халилтай орчуулахад ч гэмгүй юм.
Хэрвээ ийм төвшинд төвөггүй ойлгодог, монгол руу орчуулдаг болсон тохиолдолд монголоос англи хэл рүү орчуулах эрдэмд ханцуй шамлаад дайран орох хэрэгтэй юм. Миний хувьд их сургуулийг онц төгсөөд, сургуульдаа нэг жил багшилчихсан том амьтан Монголын радиод орчуулагч болохоор анх томилогдон очиж байлаа. Тэгээд редакцийн даргынхаа өгсөн тухайн өдрийн мэдээг баахан нухаж оролдож байгаад вьетнам улсаас уригдан ирсэн хятад хэлний мэргэжилтэнд өгсөн ч хэсэг хугацааны дараа улаан балаар эрээчиж сараачсан юм болгоод буцаан өглөө шүү. Тэр улаан эрээн зүйлсийг хараад миний царай түүнээс дутахгүй улайгаад явчихсан байж таарна. «Би чинь их сургуулийг онц төгссөн, тэндээ багшилж байсан хүн шүү.» гэсэн шүү юм бодсон болов уу? Эсвэл «Би их сургуулийн дөрвөн жилд юу сурсан хүн бэ? Багш нар маань надад ийм зүйлийг хэлж сургаагүй гэж үү?» хэмээх бодол ч төрж л байсан байх. Тэгээд цуг ажилладаг хашир туршлагатай орчуулагч нарын орчуулгыг хэрхэн зассаныг харахад нэг хуудсан дээр сайндаа л хоёр гурван удаа үзэг хүрсэн төдийхөн буюу минийхтэй харьцуулах юм биш.
Тэр өдөр ажил тарсаны дараа гэртээ харьсангүй шууд суугаад нөгөө улаан эрээн засварын учрыг олох гээд суулаа. Өөрийнхөө алдааг ажиглаж мэргэжилтэн багшийн зассаныг нягтлан уншаад уйгагүй хуулж бичлээ. Дараачийн нэг сар гаруй хугацааны турш ажлын өдөр болгон тийм дасгал хийх нь миний хувьд хэвшил болон хувирч билээ. Тэгтэл ердөө долоо хоногийн дараачаас эхлээд илт сонин хувирал ажиглаад эхлэв. Тэр нь юу хэмээвээс эхний хоёр гурван өдрийн хугацаанд нөгөө эрээн алаг засварууд хэвээр байсан боловч арай гайгүй шингэрээд явчихсан юм. Тэгээд нэг сарын дараачаас нэг хуудсан дээр сайндаа л тав арван удаа үзэг хүрч засдаг боллоо. Учир нь би өдөр болгон өөрийн гаргасан алдаагаа мэргэжилтний зассаны дагуу нягтлаж засаад дахин тийм алдаа гаргахаа байсан хэрэг л дээ. Тэгээд 3 сар өнгөрөхөд бусад хүмүүсийн адилаар нэг хуудсанд 1-3 удаагийн засвар тэмдэглэгээ байдаг болсон нь боломжийн сайн орчуулагч болж байгааг маань илтгэсэн хэрэг юм. Миний бие уран зохиолын ном түлхүү уншдаг байсан болохоор илүү адармаартай найруулга бүхий зүйлсийг орчуулахад бусдаасаа харин ч давуутай болох нь удалгүй дарга болон найруулга хариуцсан мэргэжилтэнгийн анхааралд өртөж тэр талын материал надад түлхүү ирдэг болсон
нь орчуулгын уран чадварыг улам хурцлахад их дэмтэй зүйл болсон санагддаг юм.
Хичээл нь эхлээд дөнгөж хоёр хонож байгаа англи хэлний ангийн суралцагч нарыгаа би энэ аргаар орчуулгын эрдмийн зүг хөтөлж байна. Анх орчуулга хийж сурах гэж байгаа хүн дүрэм бодоод утгыг дүрмийн хайрцганд хийчих гээд байдаг гэм буй нь нэгэн бодлын «Нялхсын өвчин» бөлгөө.
Тэс хоёр ондоо хэлний ай савд хамаарагддагийн сацуу өгүүлбэрийн бүтэц, сэтгэлгээний хэв загвар зөрүүтэй монгол, англи хэлийг дүрмийн дагуу яв цав харгуулан орчуулна гэдэг бараг бүтэшгүй зүйл болохоор би өчигдөр тэдэнд «Дүрэм бодож монголоос англи хэл рүү орчуулах нь чөдөртэй мориор уралдаж түрүүлэхтэй адил хэрэг шүү» гэж сануулж байсан.
Харин багшийн тавьж өгсөн алдаа мадаггүй өгүүлбэрүүдийн бүтцийг сайтар ажиглан хараад мэдэхгүй шинэ үгнүүдийнхээ утгыг ойлгож авсаны үндсэн дээр орчуулан бичиж үзэх хэрэгтэй. Үүний тулд дээр бичигдсэн гурван өгүүлбэрийг жишээ болгон авч болох юм.
"Eurovision officials even let an Australian group enter the competition last year" гэсэн өгүүлбэрийг монгол руу орчуулахдаа officials, even хэмээх хоёр өгүүлбэрийг зохион байгуулагчид, удаатай хэмээн буулгаж байсан бол монголоос англи хэл рүү буцаан хөрвүүлэхдээ яг яс үндсэн утгаар нь буюу «албаны хүмүүс», «тэр ч байтугай» хэмээн сэтгэлдээ буулган аваад түүний дагуу бичих хэрэгтэй байж таарна. Жаахан том өгүүлбэрийн тухайд орчуулж дууссаны дараа үндсэн бичвэртэйгээ харгуулан тулгаж үзэхэд 5-6 алдаа гаргасан байж мэднэ. Алдаагаа тогтоож хараад гайгүй засч ойлгосны дараа дахин бичиж үзээд тулгаж үз. 2-3 алдаа гарсан байх магадлал байж мэднэ.
Түүнийг нягтлан засаад дахин нэг удаа бичиж үзэхэд 1-2 алдаатай буюу огт алдаагүй бичигдсэн байх вий. Гэхдээ улам баталгаажуулах үүднээс дахин 1-2 удаа бичиж орчуулж үзээд алдаагүй бол дараачийн өгүүлбэр рүү ороорой. Энэ аргаар яваад байхад алдааны тоо цөөрөөд байхын сацуу улам хурдсаад тэр хэрээр сэтгэл хөнгөрөөд урам зоригтой болж эхлэхийг та ажиглах болно.
Ингэж уйгагүй оролдоод байсан хүний хувьд ердөө 10-14 хоногийн дараачаас эхлэн аргадаа бүрмөсөн дасан зохицоод бусдын гар харахгүй бүх асуудлаа шийддэг болно доо. Орчуулж бичсэн бичвэрээ өдөр болгон зав чөлөөгөөрөө 30 минут чанга дуугаар уншаад байвал бага сага дутуу дундуур ойлгосон зүйлс чинь бүрмөсөн шийдэгдээд учиг нь тайлагдаад ирэх вий
. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр монголын радиод 6 сар орчуулагч хийгээд улмаар хятад хэлний нэвтрүүлэгчээр бэлтгэгдэж өөрийн болоод бусад нөхдийнхөө орчуулсныг бэлтгэж уншдаг байсан маань орчуулах эрдмийн хувьд бүр ч хүчирхэг жигүүр ургуулсан гэж боддог юм.
Orchuulgiin tuhai saihan zuvluguu ugsun tand bayarlalaa. Orchuulga hiihed olon taliin medleg heregtei. Tiimees neleen hichej baij l iim tuvshind hureh yum daa.
Яг хэрэгтэй үед. хэрэгтэй цагтаа маш чухал зүйл олж уншлаа, маш баярлалаа. Одоо багшилдаг бол хаана багшилдаг бол, суралцах маш их хүсэл байна.
Философи судал үгийн уг гарал үндэсээ нүдэл