2019 оны 1 сарын 1-нээс эхэлж арилжааны банкуудын хэрэглээний зээл дээр 2 тѳрлийн хязгаарлалт тавигдаж буй.
Нэгт, зээлдэгчийн ѳр-орлогын харьцааны дээд хязгаар нь 70% болно. Ѳѳрѳѳр хэлбэл, сар бүрийн эргэн тѳлѳлт нь татварын дараах орлогын 70%-аас хэтрэхгүй хэмжээний зээл, лизингийг хэрэглээний зориулалтаар авах боломжтой болно гэсэн үг. Үүнд цалин тэтгэврийн зээл, автомашин, эд тавилга, гар утас г.м. зүйлсийн банкны лизинг бүгд хамаарна. Хоёрт, хэрэглээний зориулалттай зээлийн боломжит хугацаа нь 30 сар болно. Ѳѳрѳѳр хэлбэл 2.5 жилээс урт хугацаатай хэрэглээний зээлийг банк олгохгүй гэсэн үг.
Ипотекийн зээлийн хувьд тусдаа журмаар ѳр орлогын харьцаа болон зээлийн хугацааг зааж ѳгдѳг үүнд хамаарахгүй.
Энэхүү арга хэмжээний үр дүнд иргэдийн хувьд хэрэглээний зориулалтаар авах зээлийн хэмжээ багасч, хугацаа богиносно. Банкуудын хувьд эргэн тѳлѳлт сайтай, хүү ѳндѳртэй бүтээгдэхүүн нь хязгаарлалтад орно. Харин худалдааны салбарынхны хувьд бараа бүтээгдэхүүнийх нь эрэлт багасах хүлээлттэй. Тэгвэл иргэдэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч, банкуудад ч ингэж "гашуун эм" уулгах нь ямар ач холбогдолтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэхүү арга хэмжээний үр нѳлѳѳг "ойрын хугацаа" болон "алс ирээдүй" гэсэн 2 цаг хугацаанд ангилж тайлбарлаж болно.
Ойрын хэдэн жилийн үр нѳлѳѳг нь авч үзвэл хэрэглээний зээлд дээрх хязгаарлалтыг тогтоосноор ѳрхийн ѳрийн дарамт хэт нэмэгдэхээс сэргийлж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт тогтвортой байх, банкны систем хямралд ѳртѳхгүй байх боломжийг дээшлүүлэх юм.
Яаж вэ? Иргэдийн хувьд, орлогоодоо тохирсон хэрэглээтэй, даахгүй хэмжээний зээл авч ѳрийн тойрогт орохгүй байх нь чухал. Гэвч цалин орлогынх нь 80-90% зээлийн эргэн тѳлбѳрт явдаг, эргээд зээл авч амьдардаг хүмүүс бий. Ийм хүмүүс цаашид ихсэх нь компаниудын борлуулалтад ч сѳрѳг нѳлѳѳтэй. Учир нь сарын орлогынхоо ихэнхийг зээлийн тѳлбѳрт ѳгдѳг хүн тогтвортой худалдан авагч, үйлчлүүлэгч байж чадахгүй. Түүнчлэн, банкны хувьд ч зээлийн эргэн тѳлѳлтѳѳ найдвартай хийдэг зээлдэгч байх аргагүй юм. Хэрэв эдийн засаг бага зэрэг донсолж, цалин нь зогсох эсвэл ажилгүй болоход зээлээр санхүүжиж байсан хэрэглээ нь огцом агших, банкны зээлээ эргэн тѳлж чадахгүй болох өндөр эрсдэлтэй. Тэгээд мэдээж олсон орлогоо зээлдээ өгөөд гар дээрээ мөнгөгүй үлдэх, зээлээс зээлийн хооронд амьдрах нь сэтгэлзүйн хувьд тухайн хүндээ ч том дарамттай.
Хэдийгээр одоо Монголд хэрэглээний зээл хамгийн чанар сайтай зээлийн бүтээгдэхүүн боловч, үргэлж ийм байна гэсэн баталгаа үгүй юм.
2002 оны Солонгосын кредит картын хямрал, эсвэл 2008 оны Америкийн моргежийн хямрал зэрэг нь иргэд үргэлж найдвартай зээлдэгч байдаггүй гэдгий харуулсан үйл явдлууд байв. Харин Монголын хувьд, ѳнѳѳдѳр банкны системийн зээлийн тал орчим нь иргэдийн зээл болсон байна. Гэсэн хэдий ч хэрэглээний зээл ѳнгѳрсѳн нэг жилийн хугацаанд 40% давсан хурдтай ѳсѳлттэй явж байгаа тул одоо "тормоз гишгэх" цаг нь болсон. Үгүй бол, Монгол улсын ѳрийн хэмжээ ч ѳндѳр түвшинд хүрсэн, компаниудын ѳр ч нэмэгдэж банкны салбарт багагүй хэмжээний чанаргүй зээлийг үүсгэсэн энэ үед ѳрхийн ѳрийн дарамт цаашид ѳндѳр түвшинд хүрч нэмэгдвэл эдийн засаг маань маш хүнд байдалд орох эрсдэлтэй болно. Иймд хэрэглээг хязгаарлах энэхүү арга хэмжээ нь одоо гашуун боловч, цаашдын эдийн засгийн эрүүл мэнд, тогтвортой байдлаа бодоод уух ёстой эм юм.
Харин алс ирээдүйн дүр зургийг авч үзвэл энэхүү арга хэмжээ нь санхүүгийн эх үүсвэрийг хэрэглээнээс бизнесийн хѳрѳнгѳ оруулалт руу шилжүүлэх, экспортыг дэмжих эхний алхам юм. Жишээ нь Азийн хурдтай хөгжсөн амжилттай орнуудын түүхийг харахад эдийн засгийн бүтэц нь эхлээд хөрөнгө оруулалт & экспорт дээр төвлөрсөн байдаг. Санхүүгийн бүхий л эх үүсвэрээ тийш нь чиглүүлдэг. Ингэснээр гаднаас орлого олдог салбарууд хөгжиж, ажил эрхлэлт нэмэгдэн иргэдийн амьжиргаа дээшилснээр дараа нь хэрэглээ нь ѳссѳн байдаг. Өөрөөр хэлбэл орлогоороо хэрэглээгээ санхүүжүүлэх чадамжтай болсон гэсэн үг.
Монголын хувьд, орлого бага хэрнээ хэрэглээ хэт өндөр түвшинд байгаа нь манай эдийн засгийн бүтцийн хамгийн гол асуудал болж байна.
Эдийн засгийн төрөлжилт хангалтгүй, экспортын орлого нүүрс зэс алт зэрэг цѳѳн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай эмзэг эдийн засагтай, өрийн түвшин өндөр байгаа нь энэ буруу бүтцийн симптом нь гэж хэлж болно. Улс орны хэмжээнд авч үзвэл нэг талаас санхүүгийн хязгаарлагдмал эх үүсвэрээ гаднаас орлого олдоггүй зүйлд зарцуулж байгаа нь экспортын салбар хөгжихгүй байхад нөлөөлж буй. Хэрэглээ ѳндѳр Монголын одоогийн эдийн засгийн буруу бүтцийн үр дүнд төлбөрийн тэнцлийн ашиг банкны хэрэглээний зээл болоод эргээд импортын бараа болон урсаад гарч буй. Өөрөөр хэлбэл зэс, нүүрс, алтны орлогоороо автомашин, гар утас, гутал хувцас, байр, тавилгаа авч байна гэсэн үг. Эдийн засаг жаахан сэргэхээр л хэрэглээ ѳсч, импорт нэмэгдэж, тѳлбѳрийн тэнцэлд дарамт болсноор ханшийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдалд эргээд сѳрѳг нѳлѳѳ үзүүлсээр ирсэн. Түүнчлэн орлогогүй хэрэглээг зээлээр санхүүжүүлснээр өрийн түвшин хурдтай өсөхөд нөлөөлсөн.
Гэтэл Америк, Япон, Европын ѳндѳр хѳгжсѳн орнууд л хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай, ДНБ-ийн 70-80% ийг хэрэглээ бүрдүүлж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засагтай аварга зах зээл, 800 сая хүнийг ядуурлаас гарган дундаж давхаргын хэрэглэгч болгосон Хятад хүртэл саяхнаас л хѳрѳнгѳ оруулалт, экспорт дээр тулгуурласан эдийн засгаа дахин тэнцвэржүүлж (rebalancing), хэрэглээ рүү шилжих шилжилтийг хийж буй.
Харин манайх шиг орлого багатай 3 сая хүнтэй эдийн засгийн бүтэц ийнхүү хэрэглээнд суурилсан байх нь дараах сѳрѳг үр дагавартай:
1) Kомпаниудад томрох боломжийг олгохгүй. Харин валютын ханшаас борлуулалт нь, санхүү нь бүрэн хамааралтай эмзэг байдалд хүргэнэ;
2) Орлого бага хэрнээ зээлээр хэрэглээгээ санхүүжүүлснээр өрийн дарамтанд орж нэг л өдөр дампуурах ч эрсдэлтэй;
3) Байгалийн баялгаа импорт болгож хэрэглээд, баялаг шавхагдах өдөр эдийн засаг тогтох аргагүй болох эрсдэлтэй;
Тэгвэл хэрэглээнд суурилсан энэхүү буруу эдийн засгийн бүтцийг засахын тулд нэгт, мэдээж санхүүгийн сахилга бат хэрэгтэй.
Түүнчлэн, санхүүгийн эх үүсвэрүүдийг аль болох импорт, хэрэглээ бус харин хөрөнгө оруулалт, экспорт руу чиглүүлэх шаардлагатай. Үүнд хэрэглээ рүү хэт хэвийсэн байгаа банкны зээлийг бизнес рүү чиглүүлэх энэхүү арга хэмжээ ч хамаарах юм. Иймд хэдийгээр энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах Тѳв банкны үндсэн зорилттой нийцтэй макро зохистой бодлогын арга хэмжээ боловч, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох замаар макро эдийн засаг илүү тогтвортой байхад ч дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулах арга хэмжээ болно.
За ёстой Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагч нэг гараад иржээ. Яана даа.