Монголын томоохон аж ахуйн нэгж болон япон улсад суралцаж төгссөн боловсон хүчнийг холбох зорилготой “Meet @monnichi career and networking”-ийг 12 сарын 26-нд “Монничи Түдэй” төслийн багаас зохион байгуулах болсонтой холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Г.Оюунтай ярилцлаа.
Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу. Намайг Галсанжаргалын Оюун гэдэг. МУИС-ын Олон улсын харилцааны Их сургуульд сурч байгаад 2-р курсээсээ Японы засгийн газрын тэтгэлэг авч 2004 онд Tokyo university of Foreign studies-д 1 жил япон хэл сураад үргэлжлүүлэн Осакагийн Их сургуульд Хуулийн чиглэлээр суралцаж төгссөн. Их сургуулиа төгсөөд Японд үлдээд магистраар үргэлжлүүлэн сурах эсвэл ажилд орох сонголтууд байсан боловч, би үргэлжлүүлж Японд сурсан бүхэн дээрээ нэмээд шинэ туршлага хайхаар 2009 онд Орос улсын Москва хотыг зорьсон юм. Москвад очоод, өөрийн давуу тал болох Япон, Орос Англи хэлээ ашиглан ажил хайж Москва дахь япон компаниуд руу хандахад, их олон компаниас ажлын санал авж байсан. Тэр дундаас тухайн үед өндөр цалин санал болгож байсан KDDI Moscow branch /Mobicom корпорацийн хөрөнгө оруулагч/ компанид ажилд орж байлаа. Москвагийн ажлын соёл Япон соёлоос маш ялгаатай тул манай орос япон ажилчдын хооронд их соёлын ялгаа гардаг байсан тухайн үед. Би харин аль алийг нь ойлгож чаддаг байсан тулдаа тэднийг холбож өгөх гүүр нь болж өгдөг байлаа Тиймээс ч 2 жилийн дотор багагүй амжилт гаргаад Худалдан авалтын менежер болтлоо дэвшиж чадсан. Ингээд 2011 онд монголдоо ирж KDDI –ийн хөрөнгө оруулалттай Мобиком корпораци-д ажилд орж 2 жил ажилласны дараа, хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдээд 2013 онд тухай үеийн 25-р телевизийн 2-р сувгийг өөрчлөн худалдааны суваг болгосон нь одоогийн Shop Mongolia юм. Үүний зэрэгцээ монгол япон хоёрын бизнесийн харилцааг дэмжиж хамтын ажиллагааг сайжруулах үүднээс 2017 оноос Японд төгсөгч нартайгаа хамтран Монничи Түдэй ХХК-ийг байгуулан ажиллаж байна.
Японд очиж суралцсанаар танд хувь хүний хувьд ямар, ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
Японд сурч байхдаа эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг л сайн олгож авсандаа. Бүх юм үүнтэй холбоотой. Цаг баримтлал, биеэ зөв боловсон авч явах, хичээлээ хийх, найз нөхөдтэйгээ уулзах гээд бүгд өөрөөс чинь л хамаарна. Мөн дээд доод үеийн төгсөгч нараа хүндэлж бие биедээ дэмжиж ажиллахыг сурсан. Ер нь боловсон орчинд амьдрахаар яах аргагүй хүнийг хүндэлж, хүний ажлыг хүндэлж мөн өөрийгөө бас хүндэлж сурдаг юм байна лээ
Харин KDDI-д ажиллаж байхдаа япон дарга, хамт ажиллаж байсан хүмүүсээс их олон юм сурсан. Ер нь хүн ажил дээр гарч байж их сургуульд сурсан бүхнээ амьдрал дээр буулгадаг шүү дээ.
Япон компаниас сурч авсан зүйлүүдээс гэвэл Нэгдүгээрт, клиент буюу харилцагчийг хүндэлж, тэдний сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэж өгөх нь хамгийн чухал. Тиймээс ч хийж байгаа ажлаа гүйцэд хийж, дор хаяж ямар ч алдаагүй хийж, товч, тодорхой, хамгийн ойлгомжтойгоор нь тайлбарлахыг.
Хоёрт япончууд ажлаа гүйцэд сайн хийхээс гадна, заавал хийсэн ажлынхаа тайланг тавьдаг.
Тайлагнаж байна гэдэг бол хийсэн ажлаа өөрөө дүгнэхээс гадна, ажлынхаа хариуцлагыг үүрэх болно гэдгийг илэрхийлдэг. Би ийм ажил хийсэн, ийм явцтай, ингэж хийсэн гэдгээ тайлбарлаж, эргүүлээд ямар нэгэн асуудал гарахад тэр ажлыг би тайлагнаагүй бол эзэнгүй хаана хэн буруу зөв хийсэн нь ойлгомжгүй үлддэг. Ийм их хариуцлага өндөртэй хүмүүсийн дунд өдөр бүр тэр ажлын соёлыг нь даагаад явахаар ямар ч хүн япон чанарыг суралцана. Мэдээж алдаа зөндөө л гаргаж байлаа, аз таарч миний дарга Ито сан маань их сайн хүн байж, надад уйгагүй алдааг минь засаж өгдөг байсан .
Гуравт семпай кохай гэдэг харилцаа. Өмнөх жилийхэнийг нь семпай гэнэ, сүүлд орж ирсэн бол кохай. Би москвад ажиллаж байхдаа дандаа л кохай байлаа. Дандаа хоолонд даалгуулж, бас ажлаа заалгуулдаг. Харин одоо өөрөө семпай болчихсон чинь хариуцлага дагаж ирдгийг мэддэггүй явж. (инээв)
Монничи Түдэй компанийн талаар жаахан ярилцъя. Та бүхний алсын зорилго юу вэ?
Монничи Түдэй бол Монгол, Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр нь болж, хоёр орны бизнес эрхлэгч нарыг холбон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
Мөн Монгол улсад өрнөж буй цаг үеийн мэдээ мэдээллүүдийг япончуудад хүргэж байгаа. Манай багийнхны хувьд япон улсад эдийн засаг, хуулийн чиглэлээр хамгийн сайн сургуулиудыг нь төгсөөд, Японд мундаг компаниудад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн баг ажиллаж эдийн засгийн хандлага, зах зээлийн анализыг хийж байна. Бид Монгол компанийг Япончуудад, Япон компанийг Монголчуудад танилцуулах , холбох , цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гарц нь байхыг нь зорьж байна.
Мөн би түрүүн хэлсэн манай японд төгсөгч нар семпай болон кохай нараа маш сайн дэмжиж ажилладаг гэж. Бид ч бас семпай болон кохай нараа дэмжиж ажиллах үүднээс японд төгсөгч нарт чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь J-grad буюу японд төгсөгчдийг цуглуулж нетворкинг хийхээр бэлдэж байна.
J-grad буюу японд төгсөгчдийг цуглуулна гэлээ. Энэхүү арга хэмжээний талаар дэлгэрүүлбэл?
Бид Монголын томоохон аж ахуйн нэгж болон япон улсад суралцаж төгссөн боловсон хүчнийг холбох зорилготой "Карьер хөгжлийн арга хэмжээ”-г 12 сарын 26-нд зохион байгуулахаар анкетаа аваад эхэлсэн.
Японд төгсөгчид маань өөрсдийн танилцуулгаа англи эсвэл японоор манай цахим хуудас руу илгээгээрэй. Бид танилцуулгуудыг шүүгээд шилдэг анкетуудыг ажил олгогч нарт танилцуулна. Мөн энэ өдөр төгсөгчид маань өөрийгөө сурталчлан, танилцуулах боломжтойгоос гадна үйл ажиллагааны дараа хоорондоо танилцаж, нетворкинг хийх чөлөөт арга хэмжээтэй. Мэдээж удаан уулзаагүй семпаи, кохаи нарт уулзаж сайхан дурсамжаа сэргээнэ гэж бодож байна.
Ямар хаягаар танилцуулгаа илгээх вэ?
Бид японд төгсөгчдийн танилцуулгыг [email protected] хаягаар авч байгаа. Мөн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 75050525 утсаар авах боломжтой.
Энэ арга хэмжээнд японд төгсөгчдийг онцолж танилцуулах юм байна. Чухам яагаад японд төгсөгчдийг онцолж байгаа вэ?
Миний анзаарсанаар япон төгсөгчид бол монгол япон гэх хоёр үндэстний онцлог чанаруудыг шингээсэн шинэ үеийн залуус. Өөрөөр хэлбэл тэд монгол хүний шинийг эрэлхийлэгч, тэмцэгч,дайчин сэргэлэн чанарыг япон хүний ажилч хичээнгүй, тууштай зан чанартай уялдуулж чадсан. Гэхдээ тэд энэ бүхнээрээ бахархаад, өөрийгөө дөвийлгөөд, байдаггүй юм шиг санагддаг. Магадгүй энэ нь япончуудын нэрэлхүү зангаас нь бас суралцаад авчихсан байж болох юм. Уг нь японд суралцаж, боловсрол эзэмшсэн хүмүүс чадварлаг, зөв хандлагатай залуучууд байдаг учраас энэ давуу талаа ашиглаад, хоёр орны дунд гүүр болж эдийн засаг, бизнесийн, соёлын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна, япон улсаас сурсан мэдсэн зүйлсээрээ нийгэмдээ үлгэрлэж, мэдлэг түгээдэг байгаасай гэж хүссэн учраас тэднийг онцолж байгаа юм.
Neeree l japan morald suralcsan baidag uchiraas busad humuusees medlegeeree bish ch gesen japan moralaar yalgarna.
bas goyo songolt hiisen bn shuuu, togsood 3dagch orond yopon company ih goyo songolt shig sanagdlaa
Mundag emegtei baina
good luck oyunaaa