Нийтлэл 12 сарын 11, 2018

FACEBOOK TRENDING:Дүүг минь л үлдээгээрэй, тэр дэндүү нялх

Сайн байна уу, Утаа ах аа. Таныг ирэх дөхөхөөр л баярлаад алгаа үрээд байдаг хүн улам олон болсоон. Зарим нь бүр хүсэн хүлээдэг гэвэл та баярлах уу. Утааны эсрэг ээж аавууд нэгдээд тэмцсэн чинь тэднийг хүртэл 41 сая төгрөгөөр худалдаад авчихсан гэсээн. Энэ жил Утаа ах танд Монголын төр 54 тэрбум төгрөг өргөх болсон. Цэрэнбат гээд яагаав, өнгөрсөн жил 640 тэрбумын зуухны төсөл шахах гээд Ерөнхий сайдад загнуулсан ах утаа шатаадаг 100 мянган яндан үүрээд урд хилээр орж ирнэ гэж айлгаад байгаа. Ээж үглээд л байна билээ, тэр утаа шүүгч нь цахилгаанаар ажилладаг, маш их ачаалал авчрах учраас хот даяараа тогны гачигдалд орно гэж ярьж байна билээ. Утаа ах аа, та яагаад ийм хүчтэй юм бэ? Таныг ирэнгүүт л хүүхдүүд бидэнд цэцэрлэг, гэр хорооллынхонд хямд өртөгтэй орон сууц барьж болох зөндөө их мөнгийг зөвхөн Утаа ах танд л зориулаад байх юм. Бас тэр Цэрэнбат гэдэг ах авчирсан утаа шатаагч нь таныг энэ хотоос хөөж чадахгүй бол сайд гэнэ үү, саад ч бил үү, тэр сандлаа хүлээлгэж өгнө гэсэн. Тийм өндөр үнэтэй юм чинь, гоё л сандал байгаа даа. Манай хотынхон харин Утаа ах таныг дээдсийн найз, улстөрч хүмүүсийн анд гээд байх юм. Та байгаа болохоор л тэр хүмүүс хүүхдүүд биднээс ийм их мөнгө хулгайлаад байгаа гэж үнэн юм уу? Би саяхнаас маск зүүж байгаа. Удахгүй зузаан ороолтоо давхарлана. Утаа ам хамраар орж, биднийг зомби болгон хувиргаад байгаа гэж аав ярьсан. Та үнэхээр бидний уушиг зүрхээр хооллодог юм уу? Хэрэв тийм бол утааг угтаж мөнгө иддэг хүмүүс бас тантай хамт хүүхэд бидний уушиг зүрхээр хооллодог гэсэн үг үү? Тэгээд тэд нар яагаад цаддаггүй юм бэ? Хүүхдүүдийн уушиг зүрх тийм гоё амттай юм уу? Би том болоод, Утаан хүн болчихоод хүүхэд, томчуудын уушиг зүрхээр та нар шиг хооллохгүй ээ. Харин Утаан хүн л утааг хөөж чадна гэж би бодож байгаа. Яагаав, Бэтмэн Бэтмэний эсрэг гэдэг шиг л...би адилхан утаа юм чинь та намайг харахгүй, хаанаас дайрахыг минь ч мэдэхгүй. Гэхдээ, сүүлийн үед би цусаар ханиалгаад байгаа болохоор том хүн болж чадах, үгүйгээ мэдэхгүй л байна. Одоо би 11 настай. Ээж минь уйлаад л, аав тайвшруулж байхыг би сонссоон. Бүх юм утаанаас болж байгаа гэж тэд ярьж байсан. Та манай хотыг найз нартайгаа хамжаад залгихаараа миний бяцхан дүүг үлдээчихэж болох уу? Тэр дэндүү жаахан, өрөвдмөөр нялх. Энэ өвөл анх удаа л утаатай танилцаж байгаа юм. Дүүгээ би цэцэрлэгт ороосой, сургуульд сураасай гэж хүсдэг...за унтах болчихлоо. Утаанд нүд аргаж улайгаад, ядраад байна. Бүх хайртай тоглоомоо танд өгөөд дүүгээ л зомби болголгүй үлдээмээр байна, болох уу?

 

Монголхүүгээс илгээв. 2018.

 

Эмүжин

 

Сэтгэгдэл бичих

arrow icon