Бяцхан дүү минь өдөржин тоглоод ядарч халууцсандаа “Анай надаа ундаа өг” гэж эрхлэнгүй хошуугаа цорвойлголоо. Би ч дүүдээ ундаа олж өгөхөөр гадагш гарч дэлгүүрийн лангуун дээр нүд эрээлжилтэл өрсөн ундаа, жүүсээс сонголт хийх гэж хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгээд газтай ундаа хүүхдэд муу нөлөөтэй тул зуун настын жүүсийг сонголоо. Жүүсээ барин шатаар өгсөхдөө бас л нэгийг эргэцүүлэв. Жижиг, том бүх л худалдааны төв, дэлгүүр, супермаркетуудаар худалдаалагдаж байгаа ундаа, жүүсний дийлэнхийг хуванцар саванд савласан байдаг нь үнэн хэрэгтээ тийм ч сайн зүйл биш билээ. Бид олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигладаг. Энэ нь хөнгөн, хагарах аюулгүй, хямд төсөр гээд олон давуу талтай байдаг нь ч нөлөөлдөг байх. Гэсэн хэдий ч хуванцар савыг эрүүл мэнд, байгаль орчинд хортой болохыг эрдэмтэд нотолж дэлхий нийт үүнээс татгалзаж эхлээд байна. Хуванцар савыг гадныхан зөвхөн химийн үйлдвэрт л ашигладаг бол манайд зарим айлууд будаг, шохойтой савыг хүртэл угааж ундны усны сав болгон ашигласаар байгаа нь энэ зүйл манай улсад ямар их тулгамдсан асуудал болоод байгааг гэрчилнэ.
Хуванцар сав ямар хор хөнөөлтэй вэ?
Бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцарын бүтцэд бисфенол А гэгч бодис ордог байна.
Энэ химийн бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох талаар нилээд хэдэн судалгааг Америкийн эрдэмтэд гаргажээ. Тухайлбал бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдарыг үүсгэдэг
бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна. Хуванцар сав нь хэдийгээр цэвэрхэн, өөгүй харагдаж байгаа ч хүний биед хор нь аажим аажмаар шингэж хуримтлагддаг аж. Түүнчлэн хуванцраас хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг. Үүнээс үүдэн шихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог талаар холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ талаар бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж, сонсож, уншдаг хэдий ч хуванцар савны хэрэглээ буурсангүй харин ч эсрэгээрээ нэмэгдсээр байна.
Мөн миламин гэх бодис бидэнд 7 жилийн өмнө хүүхдийн сүүний хэргээр дамжин “танил” болсон билээ. Гэтэл тэрхүү миламинаар хуванцар сав үйлдвэрлэдэг гээд бодохоор бид давхар давхар хор хэрэглэдэг гэсэн үг болж таарч байна. Мэргэжилтний хэлж буйгаар хуванцарт байдаг анхааруулгыг бид сайн мэдэхгүйгээр, уншиж танилцалгүйгээр хэрэглэдэг. Гэтэл бидний анхаарах ёстой олон зүйл анхаарлын гадна үлдэж, бидний эрүүл мэндийг доройтуулсаар байдаг аж. Тухайлбалтусгай тэмдэглэгээтэй саванд л халуун зүйлийг хийж болох гэнэ. Бидний байнга хэрэглэдэг ундааны хуванцар саванд халуун бүлээн юм хийж наранд тавьж болдоггүй
. Манайхан нэг удаагийн сав гэдгийг ерөөсөө ойлгодоггүй, ойлголт байдаггүй учираас ундааны саваа сулрангуут сүү айраг хийдэг. Гэтэл энэ нь хамгийн хориотой хэрэглээ аж. Тэрхүү сав нь зөвхөн тухайн бүтээгдэхүүндээ л зориулагдсан байдаг учираас өөр зүйл хийхэд хортой
нэгдлүүдийг дэмжин ялгаруулдаг байна. Мөн бид түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүнүүдийг савласан хуванцар пакеттай нь, эсвэл гялгар ууттай нь шарах шүүгээнд халааж иддэг. Гэтэл энэ нь халуун орчинд урвалд орж, хүний эрүүл мэндэд улам бүр хор хөнөөлтэй бодисуудыг ялгаруулж байдаг.
“Хүүхдээ сургуульд явахад нь зөгийн балтай буцалсан ус, жүүс зэргийг гараар бэлдэж өгч явуулдаг юм. Амьхандаа л дулгүүрийн элдэв ундаа, жүүс зэргийг уулгахгүй гэж тэр. Гэтэл би маш аймшигтай алдаа хийж байгаагаа ойлгосон. Тэрхүү ус, жүүсээ меламин зэрэг хүний биед хортой бодисуудыг агуулдаг хуванцар саванд хийж өгч явуулдаг байсан. Энэ талаар мэдээлэлтэй болсны талаар хуванцар савыг хэрэглэхээ больсон. Харин маш сайн судалж байж хуванцар агуулаагүй, сав олж авч өгсөн. Гэхдээ ийм сав маш ховор байдаг юм билээ” гэж нэгэн эмэгтэй ярьж байсан. Үр хүүхдээ эрүүл орчинд амьдруулахыг хүсдэггүй хэн байхав. Гэтэл бидний хэнд маань ч ийм асуудал тулгарч байгаа.
Хүнс, ахуйн хэрэгцээндээ тогтмол ашиглаж байгаа эдгээр хуванцар савнуудыг бид цаашид хэрэглэсээр л байх уу. Хуванцар сав биш гэвэл түүний оронд юуг хэрэглэж болох вэ? Бид эрт дээр үеэс айргаа малын арьсан хөхүүрт бүлж, сүү цагаан идээгээ модон домбондоо хийж хэрэглэдэг байсан. Одоо яагаад үүнийгээ эргээд хэрэглэж, хэвшүүлж болохгүй гэж. Мод бол байгалийн бүтээл. Хүнд ямар ч сөрөг нөлөөгүй зүйл. Тэгэхээр үйлдвэр байгуулж хэрэглэж болохгүй гэх зүйлгүй. Эрүүл мэндэд хор болох зүйлсийг мэдсэн мөртөө мэдээгүй мэтээр хэрэглэж амьдардаг хэв маягаа нэгэнт өөрчлөх цаг нь болжээ.
Хуванцар савны хорны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй
, харин аажим аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж тухайн хүний биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж байдаг явдал юм. Бид энэ мэтчилэн чанаргүй, хамгийн муу, хортой гэсэн бүхнийг хэрэглэсээр байх юм бол энэ нь хэзээ нэгэн цагт хүний эрүүл мэндийн асуудлаас хальж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Өөрөөр хэлбэл импорт нэмэгдэх тусам бид химийн хорт бодисын аюул заналхийлэлд өртөнө
гэсэн үг. Америкт жилд дунджаар 26 тэрбум литр ус супермаркетуудаар зарагддаг байна. Энэ нь ойролцоогоор 28 тэрбум хуванцар саванд савлагдсан байдаг аж. Дээрхи савнуудын 86 хувь нь хог хаягдал болон үлддэг гэсэн тооцоо гаргасан байна. Үүнээс үзэхэд байгаль дэлхийд эргээд энэ хор тээсэн хог ямар их хор нөлөө учруулж буйг бас анхаарах хэрэгтэй.
Би хувьдаа хуванцар савтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж байна. Таныг ч мөн татгалзаасай гэж хүсэж байна. Хүн нэг бүр энэ асуудалд дуу хоолойгоо нэгтгэх аваас өөрчлөлт ирэх болно. Эрүүл мэндийнхээ төлөө бүхнийг хуванцар савнаас эхлэе.
Сэтгэгдэл бичих