Нийтлэл 12 сарын 17, 2018

Япон явж ирсэн тэмдэглэл: Хөрөнгө оруулагчид төрд биш хувийн хэвшилд хөрөнгө оруулдаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айчлалыг тохиолдуулан зохион байгуулагдсан Монгол Японы Төр Хувийн Хэвшлийн 9 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт, бизнес форумд оролцоод ирлээ. Миний бие энэ удаа trends.mn биш япон хэл дээрх Монголын тухай мэдээллийн нэгдсэн цонх monnichi.today төслөө төлөөлөн оролцож илтгэл тавьсан. Юун түрүүнд манай төслийн зорилгыг дэмжиж илтгэл тавих боломж олгосон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад Харилцааны яамны Гадаад худалдаа хариуцсан газар, ХАҮТ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

Энд бол нийтлэлчийн хувьд анзаарсан зүйлсээ тэмдэглэн хүргэж байна. Хувь хувьсгал ялгаагүй бид нэг орон, цаашид засч сайжруулах, санаа авах зүйл гарвал болох нь тэр. Миний бие 2016 онд Монгол Японы EPA зурагдахад манай худалдааны баланс Эрээний араас орно гэж бичиж бас л ад болж байлаа, эндээс уншиж болно. Вангадсан ёсоор 2017 оны эцсийн хагасын дүнгээр гэхэд нөгөө талаас импорт 30% өсч, манай талаас экспорт 30% унасан. Гадаад худалдаанд бодит тоон тарифаас илүү чанар, стандарт гэдэг хамгийн том тариф байдаг. Тоон тарифын хязгаарлалтыг буулгахаар гоё бараа хэрэглэх хүсэл, хүний эрэлт хэрэгцээг дагаад чанартай, технологитой талынх нь борлуулалт  буюу экспорт нэмэгддэг нь нэг бодлын мэдээжийн л амьдрал, бодит байдал юм.

Зах зээлийн ийм жам ёсноос урган гарч байгаа хоёр улсын худалдааны балансыг засч сайжруулахын тулд хоёр тал төрөл бүрээр хүчин зүтгэж ирлээ. Энэ жилийн Зөвлөлдөх уулзалт гэхэд 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа. Нэг хуралд хүн цуглуулах гэдэг ямар их ажил гэдгийг хурал зохион байгуулж үзсэн хүн л ойлгоно. Төлөвлөнө, улс амьтны цаг тааруулна, урина, цаг газраа зохицуулна, дэлгэц маикаас өгсүүлээд дэд бүтцээ бэлдэнэ. За тэгээд хоёр улсын дунд бол зочид буудал, нислэг, цаг нар гээд түмэн ажил болно. Ядаж энэ жил Засгийн газар огцруулах улстөр таарсныг хэлэх үү, богино хугацаанд шахаж бэлдээд Зөвлөлдөх уулзалт зохион байгуулсанд бол баяр хүргэх хэрэгтэй.

Гэхдээ ийм олон хүний хүч хөдөлмөр тусмаа бид хүчээ зөв хуваарилж ухаалаг ажиллах хэрэгтэй байна. Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр, хоёр талын төрийн томчууд тулах өдөр. Манай талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нөгөө талаас Эдийн засаг сангийн яамны дэд сайд Сэки Ёшихиро, Гадаад харилцаан яамны улстөрийн бодлогын шадар Цүжи Киёто нарын төлөөлөгчид оролцоод хуралдлаа. Япон талаас байр сууриа илэрхийлэхдээ манай улсыг “Нээлттэй эрх чөлөөтэй Ази тивийг бүтээх манай улсын гадаад бодлогын хувьд Монгол Улс туйлын чухал түнш” гэх юм. Тэгмэгц манай улсын ганц оратор илтгэгч сайд маань яамнаас бэлдэж өгсөн болов уу гэмээр илтгэлээ хараад унших юм. Түүнд нь манай улсын бүс нутагт эзлэх байр суурь, алсын хараа, Япон улстай дипломат харилцааны хувьд ямар бодлого баримталж байгаа тухай юм алга. Манай ДНБ төд боллоо, экспорт тэглээ, төв цэвэрлэхээ ингэж засна гэх ухааны гал тогооны асуудлуудаа тоочих юм. За эсгий таавчигаа л битгий яриасай гэж залбирч суутал яаж тэрийг үлдээх вэ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай эсгий таавчиг гэж ирээд үг хэллээ. Миний хувьд эдийн засаг буюу гадаад худалдаа, экспорт, үйлдвэрлэл ба улстөр буюу гадаад харилцааны яамаа салгах ёстой гэж боддог. Худалдаанд хамаг ухаан нь явсан манай яаманд стратеги, алсын хараа, бүс нутгийн олон улсын харилцааны тэнцвэрт гүйцэтгэх байр сууриа ярьчих сөхөө алга бололтой байв. Д.Цогтбаатар шиг дипломат албанд бэлтгэгдсэн хэдхэн кадраа жорлон морлон ярьтал нь бүү зовоо гэмээр.  За энэ ч дүүрч ямар ч гэсэн төр төлөөлсөн ХАА яамны илтгэл, Үндэсний хөгжлийн газрын илтгэлээс гадна Ноолуурын холбооны илтгэл гэх мэт хэдэн хувийн хэвшлийн илтгэл нэмээд дууслаа. Дарга нарын илтгэл сунжирсан тул цаг хатуу барьдаг япончууд хувийн хэвшлийн илтгэлийг хасч орхиод худалч хүнд хоёр улсын найрсаг харилцаанд сэв суухыг шахав, зуд болох дөхөж дээ гэдэг үлгэр шиг л. Ерөнхий сайд У.Хүрэлсүх онгоцны буудлаас шууд Зөвлөлдөх уулзалт руу ирж хаалтын ёслол хийв.

12 сарын 13-ны өдөр. ЖЕТРО буюу Японы Бүс Нутгийн Гадаад Худалдаа хариуцсан агентлагийн танхимд болсон бизнес форум. Өмнөх өдрийг бодвол Япон талаас200 орчим хувийн хэвшлийн төлөөлөл ирсэн арга хэмжээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илтгэлээр эхэллээ. Харизма алга. Манлайлал алга. Урагшаа хараад уриалан дуудах сүнс алга. Доош хараад  хүний бэлдэж өгсөн асар урт тэкст зарим нэг нь шууд унттал уншлаа. Араас нь Гадаад харилцааны сайд илтгэлээ. Тэкст уншихгүй урагшаа хараад уран илтгэж чаддаг ганц улстөрч гэхэд хилсдэхгүй, фэншүй Ганбаатарыг эс тооцвол. Гэхдээ ончтой, цэгцтэй агуулга бас байхгүй. Оноосон цагаас хоёр дахин урт илтгэлд яг хөндсөн асуудал тэр гэхэд хэцүү, ямар нэг асуудал хөндөөгүй гэхэд бас хэцүү. Бүх л юмаа ярилаа. Жишээ нь манай улс потенциалтай залуу боловсон хүчний нөөцтэй, оюун ухаан цээж ойн хамаг рекордыг эзэмшдэг гэдгийг дурдлаа. Энэ давуу талыг олж харсан компани гээд Дэнцү зэрэг компанийн хөрөнгө оруулалтаар жишээ татав.

Ингээд бизнес форум ба урд өдрийн төрийн зөвлөлдөх уулзалттай нийлүүлээд харахад манай төрийн чиг үүрэг өөрсдийнх нь толгой дотор ч алдагдсан байгаа нь улам тодрон харагдаж буй мэт санагдсаныг нуух юун. Эхний өдөр төрийн том бодлого үгүйлэгдсэн бол хоёр дахь өдөр хувийн хэвшил рүү төр орж ирээд холион бантан.  Хөрөнгө оруулагчид засгийн газрын баталгаат бондоос бусдаар бол төрд хэзээ ч хөрөнгө оруулдаггүй. Тэд өсөх ирээдүйтэй гэж үзсэн хувийн хэвшилд хөрөнгө оруулна, хувийн хэвшлээс бизнесийн зорилго, өсөх потенциалтай эсэхийг сонсож, өөрсөдтэй нь хэлцэл хийхийг хүснэ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хагастай тэнцэх төсвийн зардалтай, 5 хувьд тэнцэх төсвийн хөрөнгө оруулалттай,Коммунист шинжээ гээх байтугай улам бүр эргээд төвлөрсөн шинж чанартай болж байгаа төрийн төлөөллүүдэд хамгийн капиталист орны бизнес форум дээр очоод ч хувийн хэвшилдээ цаг өгөх сэтгэл оюун ухаанд нь алга. Нөгөө хэд нь өдөр тутам 180$ зочид буудлын төлбөр, нислэгийн тийз, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд арга хэмжээ зохион байгуулсны төлбөр 300$ нийлээд нэг хүн бүр 5 сая төгрөг давсан зардал гаргаад очсон байдаг. Юунд тийм зардал төлсөн байна гэхээр өнөө л угаартай Улаанбаатартаа хамт амьдардаг сайд дарга нарынхаа илтгэлийг сонсох гэж. Монгол шиг зах зээлд 5 сая төгрөг олох чинь хувийн хэвшлийн хувьд алаан байхгүй юу. Тэрийг ойлгодогсон бол сайд дарга нар ч өөрөөр хандах байсан нь дамжиггүй. Уг нь миний хувьд яамны дэмжлэгээр илтгэл тавиад ажлаа амжуулсан гэдгээ хэлэх нь зүйтэй. Тэглээ гээд дуугүй өнгөрөх нь бас хуншгүй юм болно. Анхнаасаа л бизнес форум юм бол төлбөрөө төлөөд очсон хувийн хэвшилд бүгдэд нь биш юм гэхэд ядаж хэд гуравт нь микрофон өгөх ёстой бус уу? 

Манайд ийм тийм потенциал байгаа гээд хүн унттал нуршиж байхын оронд тэр зааланд сууж байгаа Японы топ их сургуулийн 5 жилийн хөтөлбөрийг 4 жилд багтаагаад номер нэгээр төгсчихсөн, Ази руу бизнес гаргаад амжсан, тэрийгээ танилцуулах гээд очсон байгаа залууд л микрофоноо өгчих хэрэгтэй шүү дээ. Нэг сонсохоор 1000 үз гэдэг. Улстөрчид, төрийн албаныхан 1000 давтахаас илүү тэр залуу гараад бизнесээ ярихад илүү итгэл үнэмшил төрнө, хамтран ажиллах боломж үүснэ. Монголыг өөрөөр харна. Нээрээ л супер потенциалтай залуус бүхий орон юм байна гэж бодно. 5 төрийн байгууллагын илтгэл, 1 Токио дахь банкны илтгэлийн араас Монголын хувийн хэвшлийг төлөөлсөн нь ганц манайх. Тэгээд дууссаны дараа над дээр картын бараанд очерлож байгаа юм шиг нэрийн хуудас солих урт дараалал үүссэн нь нэгийг өгүүлнэ.

Энэ ганц энэ удаагийн асуудал биш. Миний бие хоёр улсын дундах олон арга хэмжээ үзэж, заримаас нь зохион байгуулалцаж ирсэн. Ерөөсөө л манай төр хөрөнгө оруулалт татах гол дүр гэж өөртөө итгэсэн сэтгэлгээнээсээ эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй байна. Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилдээ даатгах юм бол өөрсдийнх нь ачаалал ч багасч, Азийн геополитикт “асар чухал” түнш гэж байхад өөдөөс нь төв цэвэрлэх яриад сууж байхаас арай том бодлогоо ярих сөхөө үүсэх мэт ээ. Тэгсэн хэрнээ Абэ Шинзотой хийсэн хамтарсан мэдэгдэлд бизнес форум манай хоёр улсын гадаад худалдаанд асар нэмэртэй сайхан арга хэмжээ болсон гээд бичнэ, уншсан хүн тархиа угаалгана. Энэ мэтээр хэлбэрдэхээ болихгүй бол сөнөлөө шт. 

Монгол Улсын Японтой хийсэн EPA манай улсын эхний EPA юм. Нийт тарифын 96 хувийг чөлөөлөх буюу хөнгөлнө. Тэгээд ч экспорт нь нэмэгддэггүй залуу зах зээлээс энэ удаа хөөрхий 7 компани Япон явсан. Төрөөс бол худалч хүнд 70 хүн явсан гэвэл арай дэгсдүүлэг болно. Гэхдээ зургийг нь олоод үзээрэй. Яг үнэндээ юу ч хэл мэдэхгүй, орчин үе зах зээл ойлгохгүй, өнөө л мангуу дүйнгэ улстөрчид хэдэн арваараа. Үндэсний хөгжлийн газар гэхэд дарга нь явахад л болно, гэтэл хэд хэчнээнээрээ ч тэнд шаваад явж байдаг юм. Яагаад ч хувийн хэвшил болохоор сая саяар нь өөрсдөө зардал гаргаж яваад ганц үг хэлэх ч шаанс гардаггүй юм. Одоо зах зээл гэж дэвээд 30 жил боллоо, төрийн зардлаар гадаад явж газар үздэг юм үзээгүй байдлаа ядаж боль л доо. Хувийн хэвшилд микрофоноо өгөхгүйгээр хэзээ ч наад коммунист эдийн засаг чинь нар үзэхгүй. 

 

arrow icon