Нийтлэл 12 сарын 18, 2018

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал валютын ханш сулрах эрсдэлтэй

 Судлаачдын үзсэнээр одоо хэлэлцэгдэж буй валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, тус төсөлд тусгагдсан зарим захиргааны хязгаарлалтууд тогтвол  валютын ханш болон эдийн засгийн чухал үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалт, зээл буурч эдийн засагт томоохон шок буюу гэнэтийн цочрол үүсгэх эрсдэл байгааг сануулсан. Энэ нь манай улсад төлбөрийн тэнцлийн хямрал болох цаашлаад ханш 30-50%-иар сулрах, инфляцад өндөр хэмжээний дарамт үзүүлж чадахуйц дүн гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс Монголбанкны зүгээс тус хуулийн төслийн зарим заалтууд дээрээ дахин ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна. Бид энэхүү нийтлэлээрээ валютын ханш хэрхэн тогтдог, ханшийн өөрчлөлтөд юу юу нөлөөлдөг талаар болон дээрх хуулийн төслийн шинэчилсэн найруулгын зарим заалтууд эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар авч үзлээ.

Ханш хэрхэн тогтдог вэ?

Зах зээлийн эдийн засагт эрэлт нийлүүлэлтээр үнэ тогтдог зарчимтай. Үүний нэгэн адил гадаад валют гэдэг барааны үнэ буюу гадаад валютын ханш ч энэ зарчмаар тогтдог. Тэгвэл гадаад валютын эрэлт нийлүүлэлтийг манай улсад хэн хэн бий болгож байгааг сонирхъё.

Дээр дурдагдсан валютын гарах урсгал нь орох урсгалаас их байх нөхцөлд валютын илүүдэл эрэлт үүсч, төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангардаг гэдгийг хялбархан харж болохоор байна. Хэдийгээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр валютын ханш тогтдог ч улс төрийн болон эдийн засгийн дараах хүчин зүйлс ханшинд нөлөөлдөг.

Дээрх хүснэгтээс үзэхэд валютын ханшийг тогтвортой байлгах төр засгийн бодлого нь экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчныг бий болгохоос гадна улс төрийн тогтвортой байдал, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэх хэрэгтэйг харж болно. Тэгвэл одоо хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн шинэчилсэн найруулга нь валютын ханшийн асуудлыг шийдэх шийдэл байж чадах уу гэсэн асуулт гарч ирж байна.

Зарим заалтууд батлагдсан тохиолдолд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ

Тус төсөлд Монголбанк болон СЗХ шаардлагатай тохиолдолд гадаад гүйлгээ валютын арилжаанд хязгаарлалт тогтоох тухай тусгагдсан. Хэрэв энэхүү заалт хэрэгжихээр болбол хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдийн Монголд хөрөнгө оруулах сонирхол буурна. Мөн одоогийн байдлаар татсан байгаа гадаад зээлүүдийн гэрээ зөрчигдөх эрсдэл үүсэх гэх мэт маш олон сөрөг нөлөөллүүдийг дурдаж болохоор байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар хадгаламжийн байгууллагууд гадаадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас 2.3 тэрбум ам.доллар (ДНБ-ий 20 хувь)-ын эх үүсвэрийг зээл, бонд хэлбэрээр татан төвлөрүүлсэн байдаг.

Хэрэв энэхүү хөрөнгө оруулалт энэхүү хуулийн заалтаас болж гэрээгээ цуцлах, хэмжээ буурахад хүрвэл дотоодын зээлийн нийлүүлэлт буурч улмаар зээлийн хүү өсөх, инфляц өсөх төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж ханшийг эсрэгээрээ өсгөх эрсдэл үүсч болзошгүй юм. Мөн түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын урсгалд бууруулах нөлөө үзүүлнэ. 2017 онд 1.4 тэрбум, 2018 оны эхний 8 сард 1.2 тэрбум ам.долларын ГШХО Монгол Улсад орж ирсэн.

Дээрх сөрөг нөлөө үүсч болзошгүйг бид дэлхийн хөгжиж буй орнуудын сургамжаас ч харж болохоор байна. Ийм төрлийн зохицуулалт хэрэглэсэн орнууд үргэлж хохирсон, хөгжил нь хойшилсон, үр дагавар нь дандаа сөрөг байсан байна. Тухайлбал, Бразил, Чили, Малайз, Тайланд, Испани, Колумб, Чех, Мексик, Индонез, Филиппин, Өмнөд Солонгос, Венесуэль, ОХУ, Аргентин, Кипр зэрэг орнуудын бодит сургамж, олон улсын эмпирик судалгаанаас үзэхэд хөрөнгийн урсгал, гадаад гүйлгээ, валют арилжаанд төрөөс хязгаарлалт тогтоосон нь валютын орох урсгалыг бууруулсан бөгөөд ханшийн дарамтыг нэмэгдүүлсэн байдаг.

Хуулийн төсөлд буй өөр нэг заалт нь Монголбанк валютын арилжаа хийдэг болох тухай юм. Энэ зүйл заалт нь Монгол Улсын 2 шатлалт банкны тогтолцоотой зөрчилдөх болно гэдгийг олон улсын байгууллага, эдийн засагч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Төв банк хэрвээ арилжааны банкны зарим үйл ажиллагааг явуулж эхэлбэл энэ нь тогтолцооны хувьд гажуудал үүсгэнэ. Түүнээс гадна энэхүү заалтын зорилго биелэх боломжгүй юм. Учир нь гадны хөрөнгө оруулагч компаниуд олон улсын гэрээг мөрдлөг болгох тул орлогоо заавал Монголд бүрэн оруулах гэсэн асуудалд ямар ч өөрчлөлт гарахгүй бөгөөд үр дүнгүй. Харин ч эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, валютын орох урсгалд сөрөг нөлөөг авчирч валютын нийлүүлэлтэд шок үзүүлэх эрсдэлтэй юм.

 

Эдийн засаг судлаачдын клуб

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-12-19

    valiut changaruulah bodlogooroo mun ch olon jil yawlaa daa. odoo ooroor setgej boldguinmuu ard irgediihee harmaandah mungiig changaruulj dundaj dawhargiin massiig nemj baij ene uls chin hugjinduu.

arrow icon