Энэ сарын 20 буюу өчигдрөөс эхлэн Сэт-Хил нэртэй уран зургийн үзэсгэлэн “Улаанбаатар хотын музей, МУБИС, “Мөнгөн завьяа” зэрэг газруудын нүхэн гарцын зай талбайд дэлгэгджээ. Тус үзэсгэлэнгийн нээлт “Улаанбаатар хотын төв музей”-д болох үеэр үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна.
Өнгө өнгийн будаг хоршиж зурсан зургуудыг харангаа, эргэн тойрны хүмүүсийн фото зургийг дарж, бусадтай ярилцахаар яриа өдөх мэт боловч яг ярилцах гээд очихоор хүнээс дөлөөд, хоёр гуравхан үг арай ядан унагаах тэр залууг Б гэдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт очиж эмчлүүлээд 6 жилийн нүүрийг үзэж буй энэ залууг хүмүүс мангар, тэнэг, галзуу гэж дууддаг ч тэр бүр тоодоггүй. Гэхдээ ганцаараа шаналдаг. Гагцхүү аравхан минутын хугацаанд хийж буй үйлдэл, өөрөөс гарч буй хахир хэрцгий занг өөрийн дураар удирдаж чаддаггүй учир ийм нэр хоч зүүх болжээ. Тэр уурлаагүй үедээ бусадтай энгийн, эелдэг харьцдаг ч нэг л биеэ барьсан, айсан, хурдхан шиг түүнээс холдох юмсан, дахиж битгий надаас асуулт асуугаасай гэсэн шиг сандарч байлаа.
Хэдийгээр тэр хүмүүсийн доромжлол, ялгаварлан гадуурхалтыг тоохгүй, эмзэглэхгүй байгаа мэт боловч дотроо маш их шаналж өөртөө гутардаг
гэнэ. Энэ үедээ тэрхүү шаналал, гутралаа зураг болгон илэрхийлдэг. Түүний 3 зураг үзэсгэлэнд дэлгэгдсэн төдийгүй тэр өөрийнхөө зургийг юуг илэрхийлж байгааг болон тухайн зургийг зурж байхдаа юу бодож байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
Хуй салхи. Өөрийг нь үргэлж ээрдэг тод улаан өнгөтэй салхи. Энэ л салхи түүнийг энгийн ертөнцөөс таслан холын хол аваачдаг. Ямар нэг мухарт гарах гарцгүй болсон мэт мэдрэмжийг төрүүлдэг тод улаан өнгөтэй салхи түүний бусадтай адил гэх бодлыг үргээчихэж.
Толгойд үргэлж ойлгомжгүй олон бодлууд сэтгэл зовнил байдаг учраас түүнийгээ цэгцлэх гэж ядахдаа ийнхүү шуургатай зүйрлэн ярьж байна.
Мөн түүний бас нэгэн гунигтай зураг бол өвдөгөө тэврээд сууж буй хүн. Энэ зургийнхаа тухай “Энэ бол гунигтай хүн, надтай адилхан” гэж хэлэхээс өөр зүйл хэлээгүй. Тэр зургаа тайлбарлаж байхдаа жаргалтай байсан учир тухайн үеийн гунигийг мэдрээгүй эсвэл ярьмааргүй байсан байх.
Тэр зөвхөн гунигтай зураг зурдаггүй. Хамгийн гэгээлгээр, бүүр хамгийн сайнаар мөрөөдөж зурсан хэд хэдэн зураг түүнд бий. Тэдгээрээс үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн “Ягаан машин”.
Энэ зургийг зурж байхдаа Монгол улс маань аюулгүй, сэтгэл амар зорчих замтай болж, хамгийн чухал нь өөрийн гэсэн машин үйлдвэрийн компанитай болох мөрөөдөл тээн зурсан гэнэ. Зураг дээр харагдаж буй ягаан машин бол Б-гийн өөрийнх нь бүтээсэн машин. Тэр үнэхээр техник сэтгэлгээг сайтай гэдэг нь машинаа яаж хийх, яаж зурснаас тайлбарлаж буйгаас л мэдэгдэж байлаа.
Мөн энэ үзэсгэлэнд гарсан өөр нэг сонирхолтой зураг бол “Зүүд” “Мөрөөдөл” гэх цуврал бүтээлүүд. Эдгээр бүтээлийн эзэдттэй уулзаж чадаагүй ч эмчлэгч эмчдээ ярьсан зүйлсээс нь багахан мэдээлэл авсан юм.
Хүний зүүд хэдий хоосон оршихуй ч тэр хоосон, харанхуй, оршихуйд гэрэл ч байж, өнгө будаг, аз жаргал, бас аймшиг ч байж болохыг “Зүүд” бүтээлд тусгажээ.
Эхний зүүдэнд ганц ширхэг нүдийг улаан хүрээтэй дөрвөлжин хар дотор байрлуулсан нь магадгүй их айдас мэдэрснийх гэлтэй. Тэрээр энэхүү зургаа тайлбарлахдаа заримдаа нүд бидний олж хараагүйг, зарим нь харах ёсгүй зүйлсийг хардаг. Харах ёсгүй зүйлсээ харсан нүд шархалж өвддөг гэжээ.
Хоёр дахь зурагт өөрийг нь айлган сүрдүүлэх, сэтгэлийг нь зовоох бүхнийг тамтай зүйрлэжээ. Энгийн, тайван, аз жаргалтай амьдармаар байвч үргэлж сэтгэлийг нь зовоож, шаналгаж там руу татаж байгаа бүхнээс зугтааж бодит амьдралдаа орохыг хүсдэг гэнэ.
Харин гурав дахь зурагт улаан талд олон тэмээ бэлчиж байгааг харвал тэр бага ч гэсэн сэтгэлийн тайтгарал амссан гэмээр. Хар бараан, аймшигтай дүр дүрслэлүүд багасаж, нар жаргаж буй дулаан шаргал туяанд хамгийн тайван бэлчээрлэх тэмээн сүргийг илэрхийлэхдээ тэр сайн сайхныг л мөрөөдөж байсан нь лав.
Хүн бүрт аз жаргалтай мөрөөдөл бий. Гагцхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрөө л хичээх хэрэгтэй гэдгийг “Мөрөөдөл” зургийг зурсан хүн илэрхийлэхийг зорьжээ. Тэрээр эмнэлэгт хэвтэхээсээ өмнө Соёл Урлагийн Их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг байжээ. Түүний ярьж буй бүхэн үргэлж гэгээлэг, аз жаргалтай мөрөөдлөөр дүүрэн байдаг гэнэ.
Энэ мэт хүүхдийн сэтгэл шиг хир буртаггүй, айдсаасаа чөлөөлөгдөхийг хүсэж аврал эрсэн, эрх чөлөөг нэхсэн, аз жаргалдаа бялхсан зэрэг 30 гаруй бүтээл үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Уншигч та тэдний зурсан зургийг харж, тэдний хүсэл мөрөөдлийн ертөнцөөр аялахыг хүсвэл Багшийн дээд, Мөнгөн завьяагийн нүхэн гарч болон Улаанбаатар хотын төв музейг зориороорой.
Сэтгэгдэл бичих