Өнөөдрөөс дөнгөж 55 жилийн өмнө “I have a Dream” гэж алдарт илтгэлээ Martin Luther King Jr Вашигтон хотод хэдэн сая хүний өмнө тавьж байв.
… I have a dream that one day on the red hills of Georgia the sons of former slaves and the sons of former slave owners will be able to sit down together at the table of brotherhood…
(…Жиоржиагийн улаан толгод дээр өмнө нь боолын эзэд байсан хүмүүс, хуучин боол байсан хүмүүстэйгээ бүгд хамтдаа ахан дүүс адил нэгэн ширээнд суух тэр өдрийг Би Мөрөөдөж Байна…)
55 жилийн өмнө зарим хүмүүсийн ээж аавууд залуухан байсан үе байх, товчхондоо саяхан мэт. Харин өнөөдөр бол өвөг эцэг нь боол байсан Мишэл Обама энэ цаг үеийн хамгийн их хүндлэгдсэн, хүчирхэг дуу хоолойтой өнгөт арьстай бүсгүйчүүдийн нэг болжээ.
Тэгвэл түүнийг хэрхэн бусдад хүндлэгдэж олны талархлыг хүлээсэн тухай “Би хэрхэн өнөөдрийн би болсон бэ?” номын хэсгээс орчуулан хүргэж байна.
АНУ-н үе үеийн тэргүүн хатагтай нарын дундаас дундаж давхаргын гэр бүлээс гаралтай анхны бүсгүй нь Мишээл Обама байж.
Түүний амьдралын түүхийг өгүүлсэн энэхүү номыг яагаад ч юм адал явдлаар дүүрэн зөгнөлт ном шиг байх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. АНУ-н анхны өнгөт арьст тэргүүн хатагтай, энгийн ажилчин давхаргын гэр бүлээс гаралтай бүсгүй, хар арьст хүмүүсийг харах тогтсон үзлийн эсрэг олон шат дамжлагыг давсаар өөрийн дуу хоолойгоо олсон бүсгүй тул түүний амьдралыг тэмцлээр дүүрэн уран зөгнөл шиг л төсөөлж байв.
Гэтэл, эсрэгээрээ тэмцэл гэхээсээ илүү эрэл хайгуул өөрийн хэн гэдгээ алгуур олж буй байдал, хэрхэн өөрөөсөө өөр бусад хүмүүсийн оршихуй байгаа гэдгийг ойлгож буй байдал, бусадтай ижил шалгалтын өмнө айдас төрдөг сурагч охин, бусадтай ижил "би чадах болов уу" гэж өөртөө итгэлгүй дотроосоо асуудаг охин, бусадтай ижил дурлаад, болзож явсан охин, бусадтай л ижил санхүүгийн асуудлаа зохицуулах гэж тооцоотой амьдарч байсан залуу нас...
Ажлын хажуугаар гэр бүлээ зохицуулж буй завгүй эхнэр, хүүхдээ өвдөхөд сандарч гүйдэг ээж хүн…
Гэхдээ тэрээр Барак Обаматай ижил “өнгөт арьстай хүн дөнгөж хагас алхам урагшлахын төлөө бусдаас хоёр дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй
” гэдэг ойлголтоор мэрийдэг байв.
Нэг тийм энгийн, бас шууд л уншиж буй хүнтэй их ойрхон санагдсан ном байв. Яг л Мишэл Обаматай буйдан дээрээ завилж суугаад шөнөжин юм ярьж байгаа юм шиг дотно санагдсан ном байлаа.
Бүхэлдээ “Би хэрхэн өнөөдрийн би болсон бэ?” гэдэг асуултад номоороо хариулахыг оролдож, бага залуу насны үеэсээ эхлээд гэр бүлийн амьдрал болон цагаан ордон дахь амьдралын түүхээ 3 хуваан номоороо илэрхийлжээ.
Номын хамгийн сонирхолтой хэсэг нь эхний 2 бүлэг буюу Цагаан ордонд орохоос өмнөх түүний бага нас, залуу нас болон гэр бүлийн амьдралын хэсэг байв. Цагаан ордонд орсноос хойшхи Мишэл Обамаг бараг бүх хүмүүс гадарлах байх.
Гол нь энэ хүнийг өнөөдрийн Мишэл Обама болох хүртэл юуг туулав, юу нөлөөлөв, түүний ойлгож ухаарсан зүйлс юу байв гэдгийг номоос хайгуул хийхийг оролдлоо.
Түүний түүхээс сургамж авах гол мессежүүд:
ГЭР БҮЛ
Мишэл Обамаг хэн болж төлөвшихөд түүний өссөн гэр бүлийн орчин, уур амьсгал хамгийн том нөлөөлжээ.
Түүний аав станцын ажилчин байсан, ээж нь бага байхад нь гэртээ суугаад Мишэл болон түүний ах Крэйг хоёрыг хардаг байв. Эмээ өвөө, нагацууд гээд олон хамаатантай, тэдэнтэйгээ их ойр дотно, хөгжилтэй байдаг, маш энгийн гэр бүлд өссөн.
Мөнгө, тансаглал түүний бага насанд огт дурдагдсангүй. Харин ч өөрийн гэсэн байргүй, нагацынхаа байрны 2 давхарт гэр бүлээрээ амьдардаг байв
Урлаг хүнийг харгис болгодоггүй, бас хамгийн сайн хүмүүжүүлдэг гэдэг. Тэрээр 4 настайдаа төгөлдөр хуур сурч, нагац ахтайгаа хамт Жааз хөгжмийг их сонсдог байв. Жаахан охин байхдаа диваажинг төсөөлөхдөө жааз хөгжмөөр дүүрэн газар гэж төсөөлдөг байв.
Түүний ээж аав 2 нь хоёр хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг, цагийг хамтдаа өнгөрүүлдэг, хүүхдүүдээ хүсвэл юунд ч хүрч болно гэдгийг харилцаагаараа ойлгуулсан байна.
Хүүхдүүддээ төвөгтэй шийдвэрийг өөрсдөөр нь бие даан гаргахыг багаас нь сургасан
нь Мишэл болон түүний ах Крэйг хоёрыг маш бие даасан, өөрийнхөө өмнө, өөрийн шийдвэрийнхээ өмнө хариуцлага хүлээдэг хүн болж төлөвшихөд нөлөөлсөн байв. Жишээ нь Мишэлийн ах Крэйг өсвөр насандаа анх удаа эмэгтэй хүүхэдтэй гэрт нь хоёулхнаа уулзахаар болов. Ээждээ хаашаа явах гэж байгаагаа хэлэх хэрэгтэй байсан бөгөөд тойруулж ярьсаар эцэст нь үнэнээ хэлсэн байна. Анх удаа эмэгтэй хүүхэдтэй ийм байдлаар уулзаж байгаа учраас өөрөө ч мөн сандарсан байдалтай, битүүхэндээ ээжийгээ намайг хориглох ч юм уу ямар нэг байдлаар заавар өгч сандарсан байдалд минь цэг тавих байх гэж бодож байв. Гэтэл ээж нь үүнийг сонсоод ямарч заавар өгсөнгүй, харин “Чи өөрөө л зөв гэж бодож байгаагаа хий” гэж хэлээд гал тогооны өрөөнөөсөө тайван гараад явсан байна.
Тогтсон ойлголтын эсрэг үзэл бодолтой байж болно, мөн ‘priority’ буюу надад юу хамгийн чухал вэ гэдгээ эрэмбэлж, түүн дээрээ төвлөрч сурахыг түүний ээж аав нь сургаж байсан нь харагдаж байлаа. Жишээлбэл Мишэл таалагддаггүй багшинйнхаа тухай ээждээ ярихад “Багш чинь чамд таалагдах албагүй. Багшийнхаа толгой доторх математикийн мэдлэгийг л чи олж авах нь чухал. Бусдыг нь тоох хэрэггүй” гэж хэлсэн байдаг.
Аав нь 20 гаруй жил станцад ажиллахдаа нэг ч өдөр чөлөө авч байсангүй, яг цагтаа ажилдаа ирдэг нэгэн байсан байна. Тэрээр гэр бүлдээ шинэ байр худалдан авч, моргэйжийн зээлд хамрагдахын оронд цалингаа хуримтлуулдаг байв. Ирээдүйд хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах нь байртай ядуу хүн байснаас дээр гэж үздэг байсан нь Мишээл, Крэйг 2-н амьдралд яах аргагүй эергээр нөлөөлжээ.
БОЛОВСРОЛ
Мишээлийн гэр бүл, өссөн орчин түүнийг “зөв” хүн болоход хамгийн том нөлөөлсөн бол боловсрол түүнд итгэл найдвар (hope), бүхний дээгүүр нисэх бат бэх, томоос том далавчийг бэлэглэжээ.
Тэрээр Принцтоны Их Сургуульд сурч улмаар Харвардын Их Сургуулийн хуулийн факултетийг мөн давхар төгссөн. Гэхдээ эдгээр сургуулиудад тэнцэх, суралцах явдал нэг өдөр ид шидийн мэт бий болчихоогүй, бас л түүний бага нас, хүмүүжил, сурлага, зорилго гээд олон хүчин зүйлийн бүрдэл, үр дүн байв.
Мишэлд сургууль анхнаасаа л таалагддаг байв. Хичээлдээ дуртай, ямар нэг ойлгохгүй зүйлээ заавал ойлгож байж санаа амардаг, мэрийлттэй хүүхэд байсан байна.
Гэхдээ бага ангид байхад нь ажилдаа сонирхолгүй, идэвхгүй багш тэдний ангид хичээл заах болсон байна. Ангийн ихэнх хүүхдүүд задгай, сул болж эхэлсэн байлаа. Мишээл сурсан зангаараа хичээлээ тараад цайгаа уунгаа ээждээ бүх зүйлээ бувтнаж байх хооронд багшийн байдлыг ээж нь гярхай ажиглаж амжсан байна. Ингээд сургуулийнх нь захиргаатай уулзаж Мишээлийг маш сайн багшийн ангид шилжүүлсэн байна. Үүнийг уншаад, хэрэв ээж энэ үед ийм үл ялиг мэт боловч чухал алхмыг хийгээгүй бол Мишээл өнөөдрийн Мишээл байх байсан болов уу гэж бодож суусан уншигчид олон байсан нь лавтай.
Мишээл ахлах сургуулиа төгсөөд Принцтоны их сургуульд өргөдлөө өгөхөөр шийдсэн тэр үед зөвлөх багш нь “You’re just not Princeton material” буюу “Чи Принцтонд байхаар хүн бол бишээ” гэсэн хариуг хэлсэн байдаг.
Гэхдээ тэр Принцтонд тэнцсэн. Принцтоны Их Сургуульд ихэвчлэн цагаан арьстнууд явдаг, эрэгтэй оюутнууд давамгайлсан, удам дамжсан их хөрөнгөтэй бизнесмений хүүхдүүд, улс төрийн томоохон зүтгэлтний хүүхдүүд хүртэл явдаг байсан нь Мишээлийн хувьд тэс өөр ертөнц мэт эхэндээ санагдаж байсан ч маш амжилттай төгссөн, олон ч сайн найзуудтай болсон. Харвардын замнал ч мөн ижил.
Энэ үед тэрээр хүн хүчин чармайлт гаргаад, чадахгүй мэдэхгүй зүйлсээ бусдаас асуух, туслалцаа авахаас санаа зовохгүй бол би юуг ч сурч болох юм байна гэдгийг ойлгосон гэдгээ дурдсан байдаг. (effort/result гэдэг томъёонд одоо ч тэрээр итгэдэг)
ДАХИАД ГЭР БҮЛ
Барак Обаматай хуулийн фермд ажиллаж байхдаа танилцснаас эхлээд түүний амьдрал өөрчлөгдсөн байх.
Тэднийг танилцаж байх үед Барак Обама Харвардад хуулийн чиглэлээр сурдаг байсан тул 2 жил шахам хоёр өөр хотод амьдарч байсан ч завгүй ажил, завгүй сургуулийнхаа хажуугаар дотно харилцаагаа сайн хадгалж чадсан байна. Тэр үед фэйсбүүк зэрэг интернет, сошиалийн хэрэгсэл байгаагүй бөгөөд харилцаагаа ойр байлгах зам нь суурин утас байв. Барак Обама Мишэл шиг бүх зүйлээ ярилцаж, байнга гал цогтойгоор олны дунд байхаас илүүтэйгээр захидлаар харилцах, унших, тунгаан бодох, бичих дуртай хүн байв. Гэхдээ энэ 2 жилийн хугацаанд Барак утсаар ярьдаг болсон, бараг өдөр бүр. Хэн нэгэн нь өөрийгөө бага зэрэг л өөрчилснөөр дотно харилцаа улам бэхжих боломжтой ажээ.
Мишэл Харвард төгссөн хуульч, цалин ч өндөр авдаг байв. Баракийн хувьд төрийн ажил хийдэг, нийгмийн, сайн дурын чиглэлийн ажлууд хийдэг байсан тул түүний цалин хэзээ ч тийм сайн байгаагүй, номоо бичих хүртлээ. Мишэл түүнийг хэзээ ч баян хүн болохгүй гэдгийг удаагүй ойлгосон боловч түүний итгэл үнэмшил, олон нийтийн сайн сайхны төлөө хэрхэн ажиллаж өөрчлөлтийг бий болгоход итгэдэг тэр байдлыг нь маш хүндэлдэг, гол нь түүнд нь итгэдэг, түүний энэ мөрөөдлийнх нь хажууд өөрөө өчүүхэн мэт санагддаг байв.
Мишэл Барак хоёр хүүхэдтэй болохыг хүсч байсан боловч хүссэнээр болоогүй багагүй хугацааг сэтгэл зовнил, эмнэлэг, тарианы дунд өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд Мишэл хамгийн сул дорой болсон бөгөөд зүтгэл гаргаад ч бүтэхгүй зүйл байхын зовлонг мэдэрсэн.
Азаар тэд Малиа болон Саша гэсэн хоёр охинтой болсон. Хүүхэдтэй болсны дараа тэдний амьдрал эрс өөр болж, мөнхийн завгүй эргүүлэг дунд өнгөрдөг болов. Барак Обамагийн ажил Вашингтонд, харин тэдний гэр бүл Чикагод байсаар байв. Хоёр жаахан хүүхдээ бүгдийг өөрөө зохицуулж буй мэт санагдаж, бухимдан нөхөртөө таагүй ааш гаргахын хажуугаар гэр бүлдээ санаа зовниж байв. Салж буй хүмүүс эргэн тойронд зөндөө л байв.
Тиймээс тэрээр зарим шийдвэрүүдийг гаргасан. Амьдралын хэмнэлдээ өөрчлөлт оруулсан. Барак Обамаг оройн хоолонд амжиж ирэхийг хүлээн бухимдах, нөгөө талаас Сенатын гишүүн нөхөр нь орой бүр 6 цагт гэртээ байх боломж хомс зэргээс үл ойлголцол үүсдэг байсныг дараах байдлаар шийдсэн байна. Хүүхдүүдтэйгээ оройн хоолоо иддэг цагтаа идэх боловч Барак ажлаасаа ирж амжвал бидэнтэй хамт хөгжилтэй хооллоно, амжихгүй бол түүний өөрийнх нь асуудал гэдгээр өөртөө шийдсэн байна. Мөн өөрөө өөртөө цаг гарган, долоо хоногийн хэдэн өдөр ээжээрээ хүүхдээ харуулан өглөө 5 цагт фитнесст явж эхэлжээ. Энэ жижиг өөрчлөлтүүдээс тэр маш их тайвшрал, хүчийг олж авсан байдаг.
Аз жаргалтай гэрлэлтэд ч гэсэн асуудалтай үе тохиолддог. Тиймээс яг л гэрээ шиг дахин дахин бага багаар шинэчлэж байх хэрэгтэй, чимээгүйгээр ч хамаагүй, магадгүй хэн нэгэн нь дотроо ганцаараа ч хамаагүй гэрээгээ шинэчлэж байх хэрэгтэй.
ӨӨРИЙГӨӨ ОЛОХ, ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРАХ
Томоохон хувийн хуулийн фермид амжилттай ажилладаг, өндөр цалин авдаг Мишэл гадны хүний нүдээр бол сайхан амьдарч байв. Гэхдээ энэ байдлаасаа таашаал авна гэхээсээ илүү түүнд хоосон санагдах болов. Магадгүй энэ бол түүний амьдрахаас илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн үе нь энэ байх.
Тэр юунд дуртайгаа мэддэг байв. Бага байхад нь нэг гудамжинд өссөн өөртэйгөө ижил бага насыг өнгөрүүлсэн олон хүүхдүүд, эмэгтэйчүүдэд туслах, тэдний дуу хоолойг хүчтэй болгохыг дэмжихийг маш их хүсдэг байв. Гэхдээ энэ хүслээ дагаад явбал гэр бүлийн санхүүгийн асуудалд нөлөөлөх байв. Харин тэр үед түүний нөхөр Мишэлийн шийдвэрийг дэмжиж, зориг өгснөөр тэрээр бага цалинтай сайн дурын ажлаа буюу дуртай ажлаа хийж эхэлжээ.
Тэрээр улс төрд хэзээ ч дуртай байгаагүй.
Нөхрийгөө сонгуульд дэвших тоолонд улс төрд гэхээсээ илүү нөхрийнхөө вижн-д итгэдэг, түүний итгэдэг өөрчлөлтөд Мишэл бас итгэдэг байв. Тиймээс өөрийн үзэл бодлоосоо илүү гарч, нөхрөө дэмжиж байв.
Гэхдээ үүнээс илүү гарах хэрэгтэй гэдгийг тэр нэгэн мөчид Мишэл айдастайгаар ухаарсан байна. Багынх нь “БИ чадах болов уу…” гэдэг дотоод дуу хоолой нь “БИД чадах болов уу…” гэж өөрчлөгдсөн ч нэг л том мэдрэмж буусан байна. Тэр нь ХАРИУЦЛАГА.
Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байхдаа Iowa мужид чухал ялалтыг байгуулсан бөгөөд тус мужийн иргэдийн өмнө гэр бүлээрээ гарах мөч ирсэн. Тэр үед цаг агаар муу байсныг ч хэлэх үү “Хүмүүс энэ хүйтэнд биднийг дэмжих гэж ирэх болов уу… Эцсийн дүнд бид чинь хар арьстнууд ш дээ” гэдэг бодол Мишэлийг тайван байлгахгүй байлаа.
Гэтэл тэр хүйтэнд, тэр олон мянган хүн—цагаан, хар, латино бүхий л үндэстэн ястны америкийн иргэд хэдэн мянгаараа цуглараад хагартал алга ташиж байв.
…. Нэг л том мэдрэмж айдастайгаар буусан- ХАРИУЦЛАГА. Энэ олон мянган хүмүүсийн итгэлийг алдахгүй байх ХАРИУЦЛАГА.
Nomnii gol sanaag mash onovchtoi buguud tovch baidlaar gargaj irsen goy niitlel bna. Daraagiin niitleliig tesen yadan huleej baiy :)