Бид 2018 онд олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн нийтлэлчдийн онцлох нийтлэлүүдийг цувралаар тоймлон хүргэж байна. Энэ удаа хууль зүйн ухааны доктор нийтлэлч О.Мөнхсайхны 2018 онд хүний эрх, хууль эрх зүйн чиглэлээр бичсэн онцлох таван нийтлэлийг хүргэж байна.
Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хууль дээдлэх ёс хоосон тунхаг болно
Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байгаа бөгөөд энэ нь Үндсэн хууль бүрнээ нийцсэн гэдэг дээр дийлэнх хуульч, судлаач санал нэгддэг. Гэвч, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үүний эсрэг байр суурьтай байгаагаа дээрх шүүх хуралдаан дээр төдийгүй олон нийтэд илэрхийлж байна. Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай учраас энэ тухай хэлэх зайлшгүй шаардлага үүслээ...
Хуульчид болон иргэд “нохой” юм уу? Эрхийнхээ баталгааны төлөө нэгдэцгээе
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр дээрх төслөө хамгаалахын зэрэгцээ захиргааны шүүхийг татан буулгана гэдгээ хэлэв. Мөн, төслийг нь эсэргүүцэж буй олон зуун хуульчид, судлаачид, иргэдийг “нохой” гэж хэлж доромжлов.
Шүүхийг огт асуудалгүй гэж бодохгүй байна (энэ талаар миний хувьд дангаараа болон хамтдаа гурван ном хэвлүүлсэн). Шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгох үндэслэлтэй санал гаргасан бол дэмжих байсан юм. Гэвч, өөрийн Засгийн газрыг дураар авирлуулах, захиргааны шүүхийг татан буулгах төсөл батлуулахаар улайрч буй улс төрчдийг эсэргүүцэгчид бол эрхэм сайдын хэлж байгаа шиг "хэн нэгний нохой" бус харин хууль дээдлэх ёс болон хүний эрхийн баталгааны төлөө өөрсдөө нэгдсэн иргэдийн төлөөлөл...
Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог татан буулгах гэж үү
Хуульчдын холбоог хоёр ангилдаг. Юуны өмнө, хуульчийн зөвшөөрөлтэй этгээд сайн дураараа нэгддэг холбоод байдаг. Хуульч нь энэ холбооны гишүүн биш байж болдог. Манайд Монголын Хуульчдын нийгэмлэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокурорын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хуульчид сайн дурын үндсэн дээр нэгдсэн холбоод өнөөдөр ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Хуульчдын холбоо бол заавал гишүүнчлэлтэй гэдгээрээ сайн дурын холбоодоос арай өөр юм.
Үүнийг “unified bar association” гэж хэлдэг. Монголын Хуульчдын холбоо бол сайн дураараа нэгдсэн төрийн бус байгууллага биш харин бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Яагаад гэвэл хуульчийн мэргэжилтэй холбоотой, өмнө нь төрд байсан зарим чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн...
ЖДҮ-ийн зээлийн хуваарилалтын эсрэг хуулийн хүрээнд хэрэгжүүлж болох 10 арга хэмжээ
Ардчилалтай байгаа учраас ЖДҮ-ийн асуудал зэрэг хууль бус, буруу зүйлс ил болж, иргэд бид мэдэж авч, шаардаж хариуцлага тооцуулж чаддаг болж байна. Ардчилалгүй бол ЖДҮ-ээс илүү ноцтой асуудлыг бид мэдэж, ярьж, хариуцлага шаардаж чадахгүй байх байсан.
Монголын ардчилал төдийгүй тусгаар тогтнолын гол баталгаа бол парламентын засаглал. Парламентын засаглалаа сайжруулж тогтвортой хөгжихийн төлөө ажиллацгаая. Түүнээс биш ЖДҮ-ийн асуудлаар далимдуулж парламентын засаглалыг гутаах нь гүжир гүтгэлэг. УИХ-ыг одоо тараавал тогтворгүй байдал үүснэ
. Үүнийг овжин ашиглаж засаглалын хэлбэрийг өөрчилж дарангуй дэглэм рүү шилжүүлэх эрсдэл өндөр байна...
ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН 70 ЖИЛД: Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалалтын тухай
1992 онд Монгол Улс хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсан Үндсэн хуулиа баталсан. Энэ Үндсэн хууль гадаадын аль нэг улсын үндсэн хуулийг хуулбарласан мэт зарим хүн гүжирддэг нь харамсалтай. Тэр үeийн баримт, протоколыг үзвэл Ардын Их Хурлын гишүүд социалист нийгэмд гарч байсан шударга бус явдлыг давтахгүйн тулд л хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульдаа баталгаажуулж, хүн бүрт эдлүүлэхийг зорьсон байдаг. Жишээлбэл, тухайн үеийн нам засгийн бодлогыг шүүмжилснийхээ төлөө цаазлагддаг, хоригддог, ялгаварлагддаг байсныг болих гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан...
Сэтгэгдэл бичих